Хавдрын эмнэлгийн коридорт шаналсан иргэд шпрот шиг чихцэлдэж байна
2023/01/28
Амандаа тамхи зууж, энгэрээ задгайлсан 40 эргэм насны эр хоёр хөлөөрөө цементэн шал товшиж зогсох агаад тас харанхуй эмнэлгийн цонх руу байн байн өнгөлзөнө. н.Болдсүрэн гэх эр шөнө 03:00 цагт орноосоо босож цай цүйгээ ч уулгүй харайлгасаар өглөөний 06:00 цагт ХСҮТ-ийн үүдэнд ирээд зогсож байгаа нь энэ. Одоохондоо энд тэр бид хоёроос өөр хүн алга. Түүний ээжид хорт хавдрын шинж тэмдэг илэрсэн гэнэ. Таагүй мэдээ дуулсан мань эр цурам ч хийлгүй шөнийг өнгөрөөж эмнэлгийн үүдэнд гүйхээрээ ирж шинжилгээний дугаар авахаар зогсоо юм байна. Ээждээ гэх халуун сэтгэл нь часхийсэн жаврыг ажралгүй сөрж, үүрийн 6:00 цагт л эмнэлгийн үүдэнд авчирсан бололтой.
Хавдрын шинжилгээний дугаарыг эртхэн л олж авахгүй бол хүмүүс адуу шиг чихцэлдэж дайрч, эмх замбараагүй байдал үүсдэг гэдгийг Болдсүрэн сонссон тул тийм эрт гэрээсээ гарчээ. Төд удалгүй увж, цувсаар хүмүүс ХСҮТ-ийн хойд талын төв хаалганд цуглав. Тэдний олонх нь 40 орчим насныхан. Инхэнх нь эцэг эхдээ шинжилгээний цаг авах гэнэ. Өөрсдөө шинжилгээ өгөхөөр ирсэн нь ч бас байна.
ХСҮТ-ийн хаалга нээгдэх хүртэл хүйтэн өглөөний халуун яриа энд өрнөж байна. Цахим монголчууд шинжилгээний цаг авахаар дугаарлаж байгааг тэд дор бүрнээ өөр өөрсдийн өнцгөөс тайлбарлана. Эмнэлгийн байгууллагын хүнд суртлыг жигшсэн хандлага л тэднийг нэгтгэж байна. Эмнэлэг өглөөний 07:00 цагт нээж, үйлчлүүлэгчид ирсэн дарааллаараа орж шинжилгээний дугаараа авах гэнэ. 07:00 цаг дөхөх тусам хөл хөдөлгөөн ширүүсээд, дугаарласан хүмүүсийн дуу нь өндөрсөөд ирж байна. Ойролцоогоор энд 100 орчим хүн цуглажээ. Хоорондоо хар яр гэх дуу хаа сайгүй сонсогдоно. Ингээд хаалга нээв үү, үгүй юү дугаарлаж зогссон нөхдүүд хавдрын эмнэлгийн хаалгаар адуу шиг чихцэлдээд дайрцгаах нь тэр. Хормын төдийд л ХСҮТ-ийн уйтан коридорт шинжилгээний цаг авах иргэд шпрот шиг чихцэлдээд ирлээ. Тэд шинжилгээний дугаар авахаар теллер машин руу амь тэмцэн зүтгэнэ.
ХСҮТ-ийн амбулаторийн эрхлэгч М.Батсанаа: Бид уртасгасан цагаар ажиллаж байна
Нөгөө талд ХСҮТ-ийн ажилтнууд өглөө эрт цуглаж бэлэн байдлаа хангажээ. Төөрдөг байшин шиг ийш, тийшээ салаалсан олон коридортой хавдрын эмнэлгийн булан тохой бүрт л эмч нар зогсож, өвчтөнүүдийг чиглүүлж байна. Шинжилгээний цаг авахаар дээр доороо орон дайрах иргэдэд эмх замбараатай үйлчлүүлэхийг сануулах эмэгтэйг ХСҮТ-ийн амбулаторийн эрхлэгч М.Батсанаа гэдэг. Иргэдэд үйлчилгээ үзүүлэх зуур нь түүнтэй ярилцлаа.
-ХСҮТ-ийн үйл ажиллагаа хэдэн цагт эхэлдэг юм бэ?
-Өглөө 07:00 цагт хаалгаа нээснээр л үйл ажиллагаа эхэлнэ. Лабораторийн шинжилгээг 07:30 цагаас авч эхэлдэг. Цахим бүртгэлийн ажилтан, лаборантууд ч 7:30 цагт ажил нь эхэлнэ. Харин амбулаторийн үйл ажиллагаа 08:30 цагт эхэлдэг. 2017 оны үед өдөрт 500-600 хүн манай эмнэлгээр үйлчлүүлдэг байлаа. Энэ бодитой тусламж авч байгаа хүмүүсийн тоо шүү. Өвчтөний ар гэр дагаж яваа хүмүүсийг тооцвол 4000 орчим хүн энэ эмнэлгээр орж, гарч байгаа. Энэ нь өөрөө ХСҮТ-ийг өндөр ачаалалтай болгож харагдуулдаг. Гэхдээ хавдрын эмнэлгээр үйлчлүүлэх хүмүүсийн тоо өдрөөс өдөрт л нэмэгдэж байна. Яг одоогийн байдлаар өдөрт 1000 орчим хүн үйлчилгээ авч байна. Хүний нөөцөө бүрэн дайчилж, ажиллах цагаа сунгасан ч үйлчлүүлэгчдийн тоо тасралтгүй нэмэгдэж байгаа учраас нөхцөл байдал амар биш байна. 60 жилийн өмнөх ХСҮТ-ийн энэ барилгыг шинэчлэх, өргөтгөх зайлшгүй шаардлага үүссэн.
-Шинжилгээний цаг авах хүмүүс хүйтэнд гадаа дугаарлаад зогсох юм. Энэ цагийг онлайнаар захиалж болдоггүй юм уу?
-Шинжилгээний цагийг цахимаар авах боломж байхгүй. Анх оношоо тодруулахаар ирж байгаа хүн эмчдээ үзүүлнэ. Үйлчлүүлэгч ямар нэгэн өвчин сэжиглээд ирж байгаа бол тодруулахын тулд бүрэн шинжилгээ өгөх ёстой. Цахимаар авна гэхлээр тухайн хүн ямар шинжилгээ өгөхөө мэдэхгүй шүү дээ. Цахимаар үзүүлэх цагаа л авч болно. Гэхдээ заавал эмч үзэж байж, шинжилгээнүүдийг бүрдүүлнэ гэв.
Ийн ярилцаад булан эргэхэд 08:00 цаг болж байв. Теллер машины үүдэнд хоёр хөтөч зогсоод шинжилгээний дарааллыг үйлчлүүлэгчдэд тарааж байх юм. Энд ойролцоогоор 80 гаруй үйлчлүүлэгч эгнээд зогсчээ. Хөтөч эмчийн хэлж байгаагаар хэвийн ачаалалтай байгаа нь энэ гэнэ. Долоо хоногийн даваа, мягмар гаригуудад бол шинжилгээний дараалал авахаар хамгийн багадаа 300 гаруй хүн дугаарлаж зогсдог аж. Нарийхан коридорт багталцахгүй “дайн” болдог талаар тэд ярьж байна.
Үйлчлүүлэгчид харин бүгд амны хаалт зүүжээ. Дараалал дайрч, орчны уур амьсгалыг хурцатгаж, хөтөч эмчийн аргыг барж байгаа улс гол төлөв буурал толгойтой ахмадууд. Тэдний ялархсан хандлага нь энэ их ачааллын хажуугаар эмч нарт дарамт болдог ажээ.
Энэ эмнэлэг 170 орчим эмч, сувилагчтайгаар 21 аймаг, есөн дүүргийн хавдрын асуудалтай иргэдэд үйлчилгээ үзүүлж ажиллаж байна. Нэг ээлжинд гарч буй сувилагч нарт оногдож буй үйлчлүүлэгчийн тоо стандартаас хэд дахин даваад явчихсан гэдгийг амбулаторийн эрхлэгч М.Батсанаа онцлов. Эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажлаасаа халшрах хам шинж илэрч байгааг эмч нар хэлж байлаа. Үйлчлүүлэгчид хүндрэл учруулахгүйн тулд ажлын цагаа уртасгаж үүдээ 07:00 цагт нээж ажиллаж байгаа гэнэ.
Эмч нарын зүгээс хавдрын өвчлөл өдрөөс өдөрт гэрлийн хурдаар өсч байгааг хэлж
байна. Энэ нь амьдралын буруу хэв маяг, орчны хүчин зүйл, хооллолт гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа аж.
Өндөр настан Ц-тэй ярилцлаа. Тэрбээр Хөвсгөл аймгаас ирж ХСҮТ-өөс үйлчилгээ авч байгаа ажээ.
-Та хэзээ энд ирэв. Эмнэлгийн үйлчилгээ, эмч нарын харилцаа ямар байна вэ?
-Өглөө эрт шинжилгээний цаг авахаар дугаарлах нь хамгийн хэцүү юм. Элэг өвдөөд л хавдар болов уу гэж бодоод өнөөдөр энд шинжилгээ өгөхөөр зогсож байна. Бие өвдөхийн хажуугаар дугаарлаж зогсоно гэдэг амар биш юм. Эмч, сувилагч нар ч зааж зөвлөөд чиглүүлээд байна. Үйлчлүүлж байгаа зарим улс хэл ам хийж бүх хүмүүст чирэгдэл учруулах юм. Хаа хаанаа жаахан хүндэтгэлтэй харьцаад явбал ажил амар бүтнэ дээ.
-Элэгний үйл ажиллагаанд тань хэзээнээс асуудал үүсэв. Орон нутгийн эмнэлэгтээ хандсан уу. Шууд ийшээ ирэв үү?
-Ойролцоогоор хагас жилийн өмнөөс л элэг өвдөж эхэлсэн. Мал дээр байдаг учраас тэр бүр сумын төв орж чадахгүй. Өнгөрсөн сард аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд ХСҮТ-д яаралтай үзүүлэхийг зөвлөсөн юм. Шинжилгээний хариу гайгүй гарах болов уу гэж найдаж байна. Өвчин намдахгүй болохоор асуудал байгаа ч юм болов уу гэж айх юм. Эртхэн л эмнэлгийн бараа хардаг байж ээ л гэж бодож байна гэв. Гал цог нь унтарсан нүднээс нь анзаарвал эрүүл мэндийн байдал тун таагүй байгаа бололтой. Түүний өмнө 30 орчим хүн дугаарлаад зогсож байна. Ээлж нь арай болоогүй байна.
Иргэд асуудал аль хэдийнэ хүндэрсэн хойно эмнэлгийн байгууллагад ханддагийг эмч нар хэлээд толгой сэгсэрч байна. Тээврийн хэрэгсэлдээ улирал бүр үйлчилгээ үзүүлдэг шигээ жилд нэг даа бүтэн биеийн шинжилгээ өгчихвөл хавдрыг эрт үед нь илрүүлэх орчин үеийн тоног төхөөрөмж ХСҮТ-д байгааг амбулаторийн эрхлэгч М.Батсанаа хэлж байна. Гол нь жилд нэг удаа л бүтэн биеийн шинжилгээ өгөөд хэвшчихвэл хавдрыг эрт үед нь илрүүлж, урьдчилан сэргийлэх боломжтой юм байна.
21 аймаг есөн дүүргийн хавдрын асуудалтай иргэд бүгд 60 орчим жилийн өмнө баригдсан ХСҮТ-ийн байранд цуглаж байгаа нь шпрот шиг чихцэлдэх үндсэн шалтгаан болж буйг эмч нар ч, өвчтөнүүд ч дуу нэгтэй хэлж байна.
Хавдрын эмнэлгийн өргөтгөл, шинэ эмнэлэг ус агаар шиг хэрэгтэй байгаа нь ХСҮТ-ийн нэг өдрөөс ил цагаан харагдаж байлаа. Ажлын ачаалал, түүнийг дагасан бухимдалтай холбоотойгоор эмч, сувилагч нар ч ар араасаа ажлаа хүлээлгэж өгөх болсон талаар эмнэлгийнхэн хэлж байна.
Зочин · 2023/01/30
Zavharsiim daaa 30 jil bolj bha emneleg saijirdgui barisan ym bhgui. Angaahiin oyutnuudiig tuluulaachee 1 r emnelgeer uuren holhildson oyutnuud l bn lee
Zochin · 2023/01/28
Huduu ajillaj baisan emch ambulatoriin darga hiigeed bagsh baisan hun dargiin hiiheer yaj ajil n saijrah bilee de shine sergeg yum garahgui shuu de