Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар

  • 2023 оныг “Авлигатай тэмцэх жил болгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилох үлгэрчилсэн журам, 
  • Төрийн өмчит хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журам, 
  • Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг Монголын хөрөнгийн бирж ХК-иар гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл, 
  • Арьс, ширний талаар авах нэг удаагийн арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 50 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Ерөнхий сайдын санаачилгаар 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлахаар боллоо. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт үүрэг өгсөн.

Улсын аварга малчин, саальчин, тариаланч гэх мэт шагналын асуудлыг хэлэлцлээ. Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай, ноолуур бэлтгэлд зориулан олгох зээлийн талаарх тогтоолын төслийг баталсан. 

Түүнчлэн хөрөнгийн биржээр нүүрсний борлуулалт хийхтэй холбоотой Засгийн газрын зарим шийдвэр гарсан" гэдгийг хэллээ. 

Eрөнхий сайдын санаачилгаар 2023 оныг Засгийн газраас авлигатай тэмцэх жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан тогтоолыг баталсан байна. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.

"Авлигатай тэмцэх жилийн хүрээнд ЗГ-ын сайд нар болон харьяа агентлагийн хүрээнд хийж хэрэгжүүлбэл зохих албан даалгаврыг баталлаа. Авлигатай тэмцэх бодлогын ачаар 55 орчим их наядад хүргэх боломж нөөц бий гэсэн тооцоо судалгаа гарсан. Мөн авлигатай тэмцэх бодлогын хүрээнд дэвшүүлсэн зорилтууд үр дүнд хүрсэн тохиолдолд ДНБ-ий нэг хүнд ногдох орлого анх удаа 5000 ам.доллараас дээш гарах боломжтой гэсэн тооцоолол гарсан. Авлигатай тэмцэж үр дүнд хүрсэн орнуудын туршлагыг судалж үзсэний үр дүнд тогтоолын төслийг боловсруулсан.

Авлигатай тэмцэх жилийн хүрээнд ЗГ-ын гишүүд, холбогдох албан тушаалтнуудад дараах таван ажлыг даалгалаа. Үүнд

  • шүгэл үлээх үйл ажиллагааг эрчимжүүлэх
  • шүүр ажиллагааг идэвхжүүлэх. Энэ нь төрд ажиллаж байгаа ч орлогоосоо давсан хэрэглээтэй. Орлогоо нотолж чадахгүй нийтийн болон улс төрийн албан тушаалтнуудыг нийтийн албан тушаалаас шүүрдэн чөлөөлөх ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулна. Төрийн өмчит компанид паразит хэлбэрээр ажиллаж, амьдардаг албан тушаалтнуудыг цэвэрлэх ажиллагаа.
  • шувуу ажиллагаа. Төрийн албанд ажиллаж байхдаа авлига албан тушаалын гэмт хэргээс шалгуулахгүйгээр оргон зайлсан, зугтсан гадаадад байгаа иргэдийг олон улсын цагдаагийн хамтын ажиллагааны хүрээнд эх нутагт нь буцаан авчирч, мөрдөн шалгах ажиллагаа.
  • шилжүүлэн авах ажиллагаа. Оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг буцаан авчрах ажиллагааг эрчимжүүлнэ.

Авлигын эсрэг таван ажиллагаа явуулах болсон талаараа Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулсан. Харин улс төрд нөлөө бүхий этгээд гэж хэнийг хэлдэг болохыг тэрбээр тайлбарлалаа.

Сайд Х.Нямбаатар "Хуульд улс төрд нөлөө бүхий этгээд гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын болон УИХ-ын гишүүд тэргүүтэй бүх албан тушаалтныг томьёолсон. Шүүр ажиллагааны хүрээнд улс төрд нөлөө бүхий этгээдүүдээс гадна нийтийн албан тушаалд ажиллаж байгаа бүхий л этгээд адил агуулгаар ойлгогдоно.

Албан тушаалтнуудын орлого, хэрэглээ нь олон нийтэд ил тод харагддаг. Харин орлогоо нотолж чадахгүй байгаа улс төрд нөлөө бүхий этгээдүүд болон нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлөх кампанит ажлуудыг зохион байгуулна.

Улс төрд нөлөө бүхий этгээдүүд хувьдаа тендер, концесс авахгүй байхаас гадна сургалтын төрийн сангийн зээл, элдэв дэмжлэг, хөнгөлөлт авахыг хуулиар хориглосон. Хууль бус зүйл хийвэл эгүүлэн татах хүртэл асуудал яригдана. УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах, чөлөөлөгдөх гэдэг нь улс төрийн том соёл болж байгаа. 

Сүүлийн хоёр долоо хоногт тодорхой хэрэгт шалгагдаж байгаа УИХ-ын болон Засгийн газрын нэр бүхий гишүүн түдгэлзэх биш, бүрэн эрхээсээ татгалзаж хэргээ шалгуулах хүсэлтээ тавьж байна. Энэ асуудлыг УИХ эцэслэн шийдэх байх.

Т.Аюурсайхан сайдын хувьд Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өчигдөр давхар өгсөн" гэв.

ШУУД ҮЗЭХ: 

Авлигалтай тэмцэх 5Ш

1. "Шүгэл Үлээх" Үндэсний тогтолцоог бий болгох

2. "Шүүр ажиллагаа" Төрийн улс төрийн албан тушаалтан, нийтийн албан хаагч орлогоо нотлох

3. "Шувуу ажиллагаа" Авлига албан тушаалын гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байхдаа оргон зайлсан этгээдүүдийг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж олж авч ирэх

4. "Шилжүүлэн авах" Гэмт хэргийн замаар гадаадын улс орнуудад үүсэн бий болсон оффшор хөдлөх үл хөдлөх хөрөнгүүдийг олж авч ирэх

5. "ШИЛЭН" Төрийн өмчийн засаглалыг ШИЛЭН ил тод нээлттэй болгож, цахимжуулах, зөвшөөрлийн тогтолцоог нээлттэй болгох, Улс төрийн намуудын санхүүжилтийг ИЛ ТОД ШИЛЭН нээлттэй болгох.