Улаанбаатар хот маань жил ирэх тусам иргэддээ ээлгүй болж байна. Дэлхийн судалгааны томоохон байгууллагуудаас гаргадаг хүн амьдрахад хамгийн тааламжтай хотуудын жагсаалтад утаа, шороондоо дарагдсан нийслэл маань нэг ч удаа багтаж байсангүй.

Харин амьдрахад тааламжгүй “хар” жагсаалтад л аль ч үзүүлэлтээрээ цахиур хагалж явлаа. Уг нь “Азийн цагаан дагина” гэх нэртэй боловч хэн ч тоож зорихооргүй хар бараан хот болоход ойрхон байгаа.

Судалгааны байгууллагууд жагсаалтыг гаргахдаа аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, нийгмийн тогтвортой байдал, боловсрол, дэд бүтцийн хөгжил, таваар үйлчилгээний хүртээмж, хүрээлэн буй орчны байдал, амьдралын хэв маяг, соёл гэх мэт олон шалгуурыг авч үздэг байна.

Дэд бүтцийн хөгжил, хүрээлэн буй орчны байдал гээд манай хот хүн амьдрахад үнэхээр тааламжгүй болж байна. Уг нь ямар ч хот төлөвлөлтийнхөө дагуу хөгжих ёстой. Хот төлөвлөлт нь тодорхой норм дүрэм, стандарттай байдаг.

Гэтэл сүүлийн хэдэн жилд энэ бүх норм стандарт, дүрэм журам үгүй болж нийслэл хот маань хөл толгой нь мэдэгдэхээ байчихаад байгаа.

Энэ нь их хотдоо эзний бус хоноцын сэтгэлээр хандаж байсан дарга нартай шууд холбоотой юм. Хотын өмнөх удирдлагуудын ажилдаа хариуцлагагүй, хүнийрхүү хандаж байсныг гэрчлэх олон баримт өдөр болгон нийтэд ил болсоор байгаа бөгөөд нийслэлийн нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэн, явган хүний зам, машин зам дээр хүртэл газар олгочихсон байгаа нь үүнийг гэрчилнэ.

Жишээлбэл, нийслэлийн Сүхбаатар дуүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр “Аса цирк”-ийн хойд талын ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн талбайн газрыг “Роял плаза”, “Аса консалтинг” ХХК-иудад өгчихсөн байж.

Улаанбаатар хотод гэр бүл, найз нөхөдтэйгөө салхилаад суучих газар цөөрсөөр байгаа. “Аса цирк”- ийн хойд талын алдарт “Битлз” хамтлагийн хөшөө, усан оргилуур, сад, ногоон байгууламж бүхий энэ талбай шиг газар хотын төвд ховор байдаг. Тиймээс урин дулааны цагт нийслэлчүүд энд гэр бүлээрээ салхилаж, найз нөхөдтэйгөө элдвийг хөөрч, хосууд болзож байдаг газар юм.

Нийслэлчүүдийн амралтаа өнгөрүүлэх дуртай энэ газрыг хүртэл бусдад шилжүүлэн үгүй хийж авто машины зогсоол барих шийдвэрийг албан тушаалтнууд гаргаж байжээ. Уг цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн нийт хэмжээ нь 8000 метр квадрат бөгөөд энэ газрыг дээрх хоёр компанид эзэмшүүлэх шийдвэрийг 2008 оны есдүгээр сард тухайн үеийн хотын дарга гаргаж байсан аж.

Нийслэлийн өмнөх удирдлага “Инженерийн шийдэлтэй ногоон Улаанбаатар"-ыг байгуулна гэж ярьдаг байсан ч үнэн хэрэгтээ инженерийн байгууламж, нийслэлийн ногоон бүсийн газрыг үгүй хийж байжээ. Улаанбаатар хотын ногоон байгууламж, усан оргилуур, цэцэрлэгт хүрээлэнгүүдийн эзлэх талбайн хэмжээ жилээс жилд багассаар одоо гарын таван хуруунд тоологдохоор цөөхөн болчихсон.

Уг нь нийслэл, дүүрэгт байх ёстой ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн стандарт гэж байдаг юм байна. Гэхдээ дүрэм журам стандартаа нэгэнт гээчихсэн учраас энэ тухай яриад ч нэмэргүй болжээ.

Одоо байгаа хэдэн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгээ л алдчихгүй авч үлдэхэд анхаарах ёстой. Хотын дарга Э.Бат-Үүл газрын хууль бус зөвшөөрлүүдийг цуцалж замбараагүй болсон газрын асуудлыг цэгцлэх ажлыг эхэлсэн нь ногоон байгууламжаа төдийгүй хотоо хот чигээр нь авч үлдэх ажлын эхлэл боллоо.

Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшүүлсэн газрын зөвшөөрлийг шалгах ажил үргэлжилж байгаа бөгөөд цаашид ч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хууль бус зөвшөөрлүүдийг хүчингүй болгож зориулалтынх нь дагуу цэгцэлж хууль бус зөвшөөрлүүдийг хүчингүй болгоогүй бол тун удахгүй бидний ажил, сургуульдаа явдаг зам дээр байшин барилга барихад бэлэн болчихсон байв.

Учир нь нийслэлд явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай дээр газар олгосон хууль бус шийдвэр маш олон байгаа юм.

Тухайлбал Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутагт иргэн Ө.Үнэнбүрэн 364 метр квадрат газрыг үйлчилгээний зориулалтын барилга байгууламж барихаар эзэмшиж байж. Хорооны иргэд нь үүнийг
эсэргүүцсэн учраас эзэмшсэн газраа ашиглаж чадалгүй байсаар хуулийн дагуу зөвшөөрлөө цуцлуулжээ. Явган хүний зам дээр газар олгосон хууль бус шийдвэрийг хотын дарга асан Г.Мөнхбаяр 2010 онд гаргасан бөгөөд өмнө нь энэ газрыг М.Энхболд "Гамма импекс” ХХК-д эзэмшүүлэх захирамж гаргасан байв.

Мөн Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутагт “СН трейд” ХХК машины зогсоол дээр 375 метр квадрат газар эзэмшиж байгаад хураалгасан байна. Мөн л олон нийтийн эсэргүүцлээс болж газраа ашиглаж чадахгүй байсаар хэдэн жил өнгөрсөн аж.

Нийслэлийн өмнөх удирдлагууд хүний ухаанд багтамгүй хууль бус шийдвэрүүдийг гаргаж хотынхоо иргэдийг хохироож байжээ. Цаашид энэ мэтчилэн газар эзэмших, зөвшөөрөл наймаалцдаг хууль бус явдлыг зогсоохын тулд зөвшөөрлийг нь хурааж, хүчингүй болгосон газруудыг төрийн өмчид шилжүүлж хэн нэгэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тухайн барилга байгууламж барьсан тохиолдолд төрийн өмч рүү халдсан гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлага ногдуулдаг болж байгаа аж. Мөн зөвшөөрлийг нь хүчингүй болгосон газруудад “төрийн өмчийн газарт аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн бичигтэй пайз хадахаар болжээ.

Ингэснээр хэн нэгэн дур мэдэн барилга байгууламж барьдаг, хашаа хатгадаг, бусдад шилжүүлдэг асуудал үгүй болох гэнэ.

Н.Санжаасүрэн