Үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлэн худалдахад хүргэж байна
2014/06/13
Засгийн газрын өчигдрийн хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
-“Дулааны V станц төсөл”-ийн концессийн гэрээг “Фифт Комбайнд Хийт энд Пауэр Плант” ХХК-тай байгуулна-
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулаан, цахилгааны хэрэгцээг хангах 450 МВт-ын хүчин чадалтай Дулааны V станцын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих ашиглах засвар үйлчилгээ хийх, шилжүүлэх нөхцөлтэй концесс олгох уралдаант шалгаруулалтыг 2011 оноос эхлүүлсэн бөгөөд энэхүү төслийг ажил хэрэг болгох шийдвэрийг Засгийн газар энэ хуралдаанаар гаргалаа.
“Дулааны V станц төсөл”-ийн концессийн гэрээг “Фифт Комбайнд Хийт энд Пауэр Плант” ХХК-тай барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрлөө.
Концессийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нүүрс, ус хангамж, үнс зайлуулах, цахилгаан дулааны шугам сүлжээнд холбох, төмөр зам, авто зам бусад барилга байгууламж барих зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хянан баталгаажуулахыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эрчим хүчний сайд М.Сономпил, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарт даалгалаа.
Станцыг барьж ашиглахад шаардагдахад газрыг концесс эзэмшигчид олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд даалгалаа.
Төслийн нийт хөрөгө оруулалт 1,2 тэрбум ам.доллар бөгөөд концессийн гэрээний хугацаа 25 жил, барилгын ажлыг 3 жилийн хугацаанд гүйцэтгэх ажээ.
-Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцээд дэмжлээ-
Тус төсөлд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусгаж, эцэслэн боловсруулахыг Сангийн яаманд зөвшөөрлөө.
Зээлийн батлан даалтын сан нь 2014 оны эхний хагас жилийн урьдчилсан байдлаар нийт 169 иргэн, аж ахуйн нэгжийн 26,4 тэрбум төгрөгийн зээлд 11 тэрбум төгрөгийн батлан даалтыг хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт гаргаж, 500 орчим иргэн ажилтай болсон хэдий ч зээлийн батлан даалтын өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг төдийлөн хангахгүй байна.
Иймд Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг өргөжүүлэх, орон нутаг дахь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэдгээрийн орон нутгийн хөгжлийн талаарх санаачилгыг нэмэгдүүлэх, орон нутагт зээлийн батлан даалтын үйлчилгээг хүргэх боломжийг эрх зүйн хувьд бүрдүүлэх нэн шаардлагатай гэж үзэж байна.
Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зээл, хүсэгч иргэн, аж ахуйн нэгжийн зээлд батлан даалт гаргах зорилгоор тус санд хөрөнгө хуваарилах, хөрөнгийг орон нутгийн зээл хүсэгч иргэдийн зээлд батлан даалт гаргах харилцааг журмаар зохицуулахаар тусгажээ. Тус журмыг тухайн шатны Засаг дарга, Зээлийн батлан даалтын сангийн удирдах зөвлөлтэй хамтран батлах нь зүйтэй гэж үзжээ.
Мөн тус сангийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд банкны холбооны төлөөллийн оролцоог хангах, үүрэг оролцоог нь нэмэгдүүлэх, үүнтэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны төлөөллийг Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс өөрчилж, хуульд заасан чиг үүргийн дагуу сангийн үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих чиг үүргийг нь гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина-
Төлбөр авагч иргэн, бизнесийн байгууллагын хувьд зөрчигдсөн эрхээ сэргээх, алдсан хөрөнгөө түргэн хугацаанд буцаан гаргуулан авах ажиллагааг хэрэгжүүлэхэд саад учруулж буй нэг шалтгаан бол төлбөр төлөгчийн зүгээс зөвхөн төлбөр төлөлтийг хойшлуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны бүхий л шатанд үндэслэлгүйгээр гомдол гаргаж буй явдал юм. Үүний улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг богино хугацаанд хэрэгжүүлэх боломж хязгаарлагддаг, төрийн байгууллагаас гарах ажиллагааны зардал нэмэгддэг байна.
Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхэд гаргах гомдолд тэмдэгтийн хураамж төлүүлэхээр тусгалаа.
Ингэснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай гомдлын тоо буурч, төсөвт улсын тэмдэгтийн хураамжийн орлого төвлөрөх, төлбөр барагдуулах ажиллагаа түргэн шуурхай хэрэгжинэ. Эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгийн урсгал, эрэлт нэмэгдэх ач холбогдолтой гэж үзэж байна.
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов-
Бизнес эрхлэгч иргэн, байгууллагын үйл ажиллагааг дэмжих нэг хөшүүрэг нь шийдвэр гүйцэтгэлийн замаар тэдний бусдаас авах авлагыг түргэн хугацаанд албадан гаргуулах явдал юм. Одоогоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа богино хугацаанд үр нөлөөтэй хэрэгжих боломж хуулийн холбогдох зохицуулалтын улмаас хязгаарлагдмал байгаа тул эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнд хамруулан энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.
Төлбөр авагч иргэн, бизнесийн байгууллагын хувьд зөрчигдсөн эрхээ сэргээх, алдсан хөрөнгөө түргэн хугацаанд буцаан гаргуулах ажиллагааг хэрэгжүүлэхэд саад учруулдаг нэг шалтгаан нь төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны бүхий л шатанд үндэслэлгүйгээр гомдол гаргаж байгаа явдал юм. Шүүхээс гарсан эцсийн шийдвэрийг богино хугацаанд гүйцэтгэх боломжийг бий болгох зорилгоор ажиллагааны эсрэг гомдол гаргах тухай эрх зүйн зохицуулалтыг өөрчилж байгаатай холбогдуулан ажиллагааны төрөлд эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагааг нэмж оруулсан байна.
Төлбөр төлөгч этгээд оршин суугаа хаягаа өөрчилсөн тохиолдолд энэ талаар шийдвэр гүйцэтгэгчид мэдээлэх үүрэг хүлээдэггүйгээс хаяг тодруулах, эрэн сурвалжлах ажиллагаанд их хэмжээний хөрөнгө зарцуулж, ажиллагааг түргэн шуурхай хэрэгжүүлэх боломжийг хязгаарладаг. Хуулийн төсөлд төлбөр төлөгч хаягийн өөрчлөлтөө мэдүүлэх үүрэгтэй байхаар зохицуулжээ.
Төлбөр төлөгч шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийх зорилгоор хөрөнгө орлогоо нуух, бусдад шилжүүлэх явдал түгээмэл байдгаас ажиллагаа үүсгэсэн даруйд төлбөр авагчийн хүсэлтээр эд хөрөнгийн мэдүүлэг авах боломжийг хуульчлан зохицуулсан байна.
-Төсөвт өртөг нь нэмэгдэж батлагдсан ажлыг тухайн төсөл, арга хэмжээний тендерт шалгаран ажиллаж байгаа үндсэн гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулан дуусгана-
Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар төсөвт өртөг нь нэмэгдэж батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэмэлт төсвөөр хэрэгжүүлэх ажлыг тухайн төсөл, арга хэмжээний тендерт шалгаран ажиллаж байгаа үндсэн гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах замаар үргэлжлүүлэн дуусгахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт зөвшөөрлөө.
Тодотгосон төлөвлөгөөний дагуу хөрөнгө оруулалтын 84 төсөл, арга хэмжээний төсөвт өртөг 138.8 тэрбум төгрөгөөр өссөн байгаа нь тэдгээрийн гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний үнийн дүн мөн тийм хэмжээгээр нэмэгдэхэд хүргэж байна. Төсөвт өртөг нь нэмэгдэж байгаа дийлэнх төсөл арга хэмжээний нэмэлт төсөвт өртгийн дүн нь хуулиар тодорхойлогдсон шаардлагыг хангаж чадахгүй байгаа бөгөөд 5 сарын хугацаанд санхүүжилт олгогдоогүй тэдгээр төсөл, арга хэмжээний хувьд нээлттэй тендер зарлан ажлыг бүрэн дуусгах боломж хомс болж байгаагийн дээр гүйцэтгэгч байгууллагын үйл ажиллагаанд ихээхэн хохирол учруулахаар байгаа юм. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Барилгын тухай хуулиар зөвшөөрөгдсөн заалтыг үндэслэн тухайн төсөл, арга хэмжээний тендерт шалгарч гэрээ байгуулан ажлаа гүйцэтгэж байгаа үндсэн гүйцэтгэгчээр нэмэлт ажлыг гүйцэтгүүлэн дуусгах нь зүйтэй гэж үзлээ.
-Хуулийн төслийн үзэл баримтлалыг баталлаа-
Мэдээллийн технологи, харилцаа холбооны үйлчилгээ нийгэм, эдийн засгийн бүх салбаруудад хурдтай нэвтэрч иргэн, байгууллагын өдөр тутмын хэрэглээ болж байгаа ч олон улсад өргөнөөр ашигладаг зарим төрлийн үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэхэд хууль, эрх зүйн орчин хязгаарлагдмал байна. 1995 оноос үүрэн телефон холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгож эхэлснээс хойш “Мобиком” ХХК, “Скайтел” ХХК, “Юнител” ХХК, “Жи-Мобайл” ХХК гэсэн дөрвөн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүрэн телефон холбооны нийт хэрэглэгчдийн 12.21 хувийг дараа төлбөрт хэрэглэгч, 87.79 хувийг урьдчилсан төлбөрт хэрэглэгч бүрдүүлж байна. 2013 оны жилийн эцсийн байдлаар үүрэн телефон холбооны хэрэглэгчийн тоо 4,247.4 мянгад хүрч, нийт үүрэн холбооны нэвтрэлтийн түвшин 144.9 хувьд хүрсэн нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 51.8 нэгжээр өндөр байна.
Технологи хөгжихийн хэрээр хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлага хувиран өөрчлөгдөж илүү хялбар, ухаалаг, үр дүнтэй байх хэрэглээний орчинг бүрдүүлэх, үүссэн нөхцөл байдалд зохицуулалт хийх шаардлагатай байна. Ялангуяа үүрэн холбооны сүлжээнд “дугаартайгаа шилжих үйлчилгээ”-г нэвтрүүлэх, хэрэгжүүлэх замаар иргэд, хэрэглэгчдэд шинэ тутам үйлчилгээг хүргэснээр, үйлчилгээний соёл, чанарын түвшинг шинэ шатанд хүргэх боломж бүрдэнэ. Энэ үйлчилгээ нь хэрэглэгч үйлчилгээ авч байгаа оператор компаниа өөрчлөх тохиолдолд одоогийн ашиглаж буй дугаараа солихгүйгээр үргэлжлүүлэн ашиглах боломжийг олгодог үйлчилгээ юм. 1990-ээд оны дунд үеэс дугаартайгаа шилжих үйлчилгээг дэлхийн улс орнууд үүрэн болон суурин холбооны зах зээлд нэвтрүүлэн хэрэглэж эхэлсэн бөгөөд 2013 оны байдлаар 78 улс тус үйлчилгээг нэвтрүүлээд байна. Хэрэглэгчдэд дугаараа хадгалан үйлчилгээ эрхлэгчийг сонгох боломжийг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөөнийг зөв хэлбэрээр нэмэгдүүлэх энэхүү үйлчилгээг нэвтрүүлэхэд хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай учраас Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын тухай хэлэлцэн дэмжээд үзэл баримтлалыг батлах нь зүйтэй гэж үзлээ.
-Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ-
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар амжилттай худалдах боломж хуулийн холбогдох зохицуулалтын улмаас хязгаарлагдмал байна. Тодруулбал, анхны дуудлага худалдааны үнийг зах зээлийн үнэд суурилан хэт өндөр тогтоож байгаа учраас дуудлага худалдаа амжилтгүй болж, хоёр дахь дуудлага худалдаагаар анхны үнийн нэхэмжлэлийн шаардлага, зардлыг хангахуйц хэмжээгээр худалдан борлуулж байгаа нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлэн худалдахад хүргэж байгаа юм. Иймээс анхны дуудлага худалдааг зах зээлийн үнээр бус харилцан тохиролцож тогтоосон эсхүл хараат бус мэргэжлийн үнэлгээчийн тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар, хоёр дахь дуудлага худалдааг энэ үнийн 50 хувиар тооцон тогтоох өөрчлөлтийг Иргэний хуульд оруулахаар хуулийн төсөл боловсруулжээ.
Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан харилцан тохиролцсон болон шинжээчийн тогтоосон зах зээлийн үнийг тодорхой хувиар бууруулан доод үнийг тогтоох, дуудлага худалдааны үнэ тогтоох аргачлалыг тодорхой ойлгомжтой болгох, үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь дуудлага худалдааны үнийн доод хэмжээг тодорхой тусгах зэрэг зарчмийн шинжтэй зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.