Их хотын түгжрэлд цагаа хэмнэх үүднээс иргэд цахилгаан скүүтер унах нь нэмэгджээ. Мөн өсвөр насны хүүхдүүд цахилгаан дугуй буюу Сурроныг унаж замын хөдөлгөөнд оролцох болсон нь аюул дагуулж байна. Энэхүү хоёр төрлийн хэрэгслийг осол гаргавал хэрхэх нарийн зохицуулалт одоогоор дулимаг байгааг онцлоё.

Сурроныг 18 наснаас доош хүүхэд унаж явах үедээ осол гаргавал эцэг эх, асран хамгаалагч нь хариуцагчаар татагдана  гэсэн хуулийн заалтыг замын хөдөлгөөний дүрмийн 25.4-р заалтад тусгажээ. Уг дүрмийн дагуу Тээврийн цагдаагийн албанаас баруун гар тал руугаа шахаж явахыг л зөвлөж байгаа гэв. Хууль тогтоомжоо чангатгаж ямар замаар зорчихыг нь тусгаж өгөх, нөгөөтэйгүүр асран хамгаалагч нар хүүхдийнхээ замын хөдөлгөөний дүрмийг мэдлэгийг дээшлүүлж өөрийн болон бусдын эрүүл мэндэд хохирол учруулахгүй байх талаар зааж сургах нь нэн тэргүүний ажил болоод  байна. Эс бөгөөс та маргааш хүүхдүүдийнхээ өмнөөс хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг л хатуу ухамсарла.

Цахим орчинд сүүлийн өдрүүдэд Сурроныг хурд хэтрүүлэн давхих үзэгдэл гарч, 10 км/цагаас дээш хурдтай явахыг хориглоно гэх заалтыг зөрчсөөр байгаа аж. Жолооч нарын хувьд хүүхдүүдийг машин дундуур сүлжиж явах, гэнэт гараад ирэх, толинд харагдахгүй байгаа нь хаа хаанаа хэцүү байдалд ороод байна. Тэгэхээр зориулалтын замыг нь зохицуулж өгөх хэрэгтэйг хэлэв. Явган хүний зам дээрээ явж байгаад осолд өртөх тохиолдол өнгөрсөн сард зургаа гарчээ. Харин Сурроны осол долоо бүртгэгдсэн байна. Нэмж хэлэхэд сургуулийн орчинд багш нарт басхүү ачаалал нэмэгдүүлээд байгаа гэх. Учир нь сургуульдаа Суррон унаж ирчихээд ардаа хүүхэд суулгаад давхих явдал ихээр гарах болжээ. Сургуулийн орчинд байгаа хүүхдэд багш шаардлага тавьж амь насыг нь хамгаалахаар зарим нь үгийг нь үл тоодог гээд асуудал их гэдгийг ярьж байлаа.Цаашлаад эрдэнэт хүний амь нас яригдах энэ асуудалд холбогдох арга хэмжээгээ шуурхай шийдмээр  байна. Үгүй бол маргааш  жолооч таны урдуур Сурронтой хүүхэд мөргүүлэх, замын хөдөлгөөнд оролцож яваа явган зорчигч ч хохирогч болоход бэлэн байна.

Суррон нь хэдийнээ хүүүхдүүдийн дунд чамирхал болжээ. Тэд бие биенээсээ илүү үнэтэй Суррон эцэг эхээрээ авахуулах гэсэн өрсөөлдөөнийг бий болгоод удаж буй гэнэ. Байхгүй нэг нь бусдаасаа дорд орохгүй гэж аав, ээжээсээ шалах болжээ. Сурроны зах зээлийн үнэ 2-20 гаруй сая төгрөг. Сурронгүй нэгнээ дээрэлхэх, ядуу хэмээн гоочлох ч явдал гардаг байна.

Унадаг дугуйн зам байхгүй тохиодолд зорчих хэсгийн баруун талаар явна. Гэхдээ саадыг тойрохоос бусад тохиолдолд зүүн эргэж эгнээ рүү орохыг хориглодог. Бусад хөдөлгөөнд оролцогч нарт аюул саад учруулахгүйн тулд 10 км/цагаас дээш хурдтай явахыг хориглодог юм байна. Ингээд одоогоор зохицуулагдаж байгаа хуулийн заалтыг дэлгэрэнгүй хүргэе.

Хорин тав. Унадаг дугуй, мопедоор хөдөлгөөнд оролцоход тавих нэмэлт шаардлага

25.1. Унадаг дугуйн тоормос, жолоо, хонх нь бүрэн ажиллагаатай байхын дээр харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хөдөлгөөнд оролцоход урд талдаа цагаан, ар талдаа улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур, хоёр хажуу талдаа улаан буюу улбар шар өнгийн гэрэл ойлгууртай байна.

Мопед нь энэ дүрмийн 4 дүгээр хавсралтаар түүнд хамаатуулан заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байна.

25.2. Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд унадаг дугуй, мопедын жолооч нь бусад тээврийн хэрэгслийн жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино.

25.3. Унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний зам дээр, харин 10-аас 14 хүртэлх насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар унаж хөдөлгөөнд оролцож болно. 16 нас хүрээгүй бол мопед жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.

25.4. Унадаг дугуйг 14-өөс, мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд дараахь тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно:

  • а/ унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд;
  • б/ ачаатай буюу ачаагүй өргөн нь 1 м-ээс илүү бол;
  • в/ зохион байгуулалттай цуваагаар яваа үед.

Тайлбар: Зорчих хэсгийн захаар байрлан явахдаа зохион байгуулалттай цуваагаар яваа тохиолдолд нэг эгнээнд хоёроос илүүгүйгээр зэрэгцэн явж болох бөгөөд бусад тохиолдолд зөвхөн ар араасаа цуварч явна.