Хичээлийн шинэ жил эхэлснээр 108 утсанд дуудлагын ачаалал эрс нэмэгдэж, хоногт 7-8 хүүхэд хамгаалах байранд хүргэгддэг
2023/10/03
Хүүхэд хамгааллын асуудлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр 24 цагийн турш ажилладаг хүүхдийн тусламжийн 108 утсанд хоногт ирдэг дуудлага мэдээллийн тоо, хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж тухай байгаа мэдээллийг өгөв.
Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн захирал н.Отгонгэрэл "Хүүхдийн тусламжийн 108 утсанд хоногт дунджаар хүүхдийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх шаардлагатай 40-50 дуудлага бүртгэгдэж, аймаг, дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын анхан шатны хамтарсан баг руу шилжүүлэгддэг.
2023 оны есдүгээр сарын 30-ны байдлаар хүүхэд хамгааллын үйлчилгээ шаардлагатай 7,096 дуудлага мэдээлэл аймаг, дүүрэг рүү шилжсэн байна. Үүнээс 75% нь нийслэлийн есөн дүүргийн хүүхдийн эрүүл, аюулгүй байдал хангагдах дуудлага бүртгэгджээ.
Нийт дуудлагын 2,501 буюу 35.2% нь гэр бүлийн орчинд бие махбодын хүчирхийлэлд, 23.8% буюу 1,691 нь үл хайхрах хүчирхийлэлд, 1,671/23.5%/ хүүхэд сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн дуудлага эзэлж байна.
Есдүгээр сард боловсролын орчинд хүүхэд бие махбодын болон үе тэнгийн хүчирхийлэлд өртсөн дуудлага өнгөрсөн наймдугаар сараас 2.3 дахин нэмэгдсэн.
Есдүгээр сарын 15-наас хойш хүүхэд хамгааллын шуурхай үйлчилгээ буюу үл хайхрах, бие махбодын хүчирхийлэлд өртсөн хүүхдийн шуурхай тусламжийн үйлчилгээ нэмэгдэж, хоногт дунджаар 7-8 хүүхдийг түр хамгаалах байранд холбон зуучилж байна.
Улсын хэмжээнд хоногт дунджаар түр хамгаалах байранд 30-40 хүүхэд ирж байгаа тоон үзүүлэлт гарлаа. Үүний гол шалтгаан нь эцэг эх, асран хамгаалагчид бага насны болон өсвөр насны хүүхдэдээ тавих анхаарал, халамж сул болсонтой холбоотой.
Бага насны хүүхдийг 10-аас дээш насны хүүхдээр харуулж үлдээх, танихгүй, хамаатны хүнээрээ хүүхдээ харуулж байгаа нь хүүхдийг эрсдэлд оруулах, бие махбодын хүчирхийлэлд өртөх хэв шинж рүү аваачиж байна.
Тухайлбал бага насны хоёр хүүхдийг цоожилж орхисноос цонхоор унаж, амиа алдсан харамсалтай явдал өчигдөр болсон.
Төрийн байгууллагын болон хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн зүгээс өдөр тутамд холбогдох хуулийн хүрээнд үйлчилгээг үзүүлж байгаа ч эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал халамжаа сайжруулж, хүүхдэдээ тохиолдож болох эрсдэлийг өөрсдийн хэмжээнд бууруулах, оршин суугаа хорооны багтай хамтарч ажиллах бүрэн боломж байгааг хэлье" хэмээн ярилаа.
Зочин · 2023/10/04
S XNE80955877TANILTSN40DEESH