Нийтийн тээвэртээ багтахгүй байгаад "хэн ч буруугүй"
2023/11/10
Дээрх гэрэл зургийг уншигч та ажаад харвал 30 жил болсон ч асуудал шийдэгдээгүй хэвээр байгааг анзаарсан биз. Энэ долоо хоногийн эхээр нийтийн тээвэртээ багтаж сууж чадалгүй алхаж явтал баруун 4 замд ирэв. Хойд талын автобусны буудал дээр нэлээд хэдэн америк нөхөр хоорондоо автобусандаа чихэлдэж буй монголчуудыг хараад толгой сэгсрээд, зарим нь шоолонгуй инээгээд өнгөрч байгааг хараад ихээхэн ичиж, басхүү уур хүрсэн. Бидний энэ дүр зураг нийслэлийнхэнд хэдийнээ дасал болчихсон гадны хүмүүст эмгэнэлтэй, инээдтэй харагдаж.
Нийслэл хотод замын түгжрэлээс үүдсэн тэг зогсолт зөвхөн уржигдар болсон зүйл биш ээ. Өдөр бүр түгжрэл үүсдэг. Харин урагшлах уу, эс явах уу гэдэгт л хамаг учир байгаа юм. Иргэдийг тэг зогсолтоос болж алхсан хэмээж буй. Тэгвэл өдөр болгон төвд ажлын байртай иргэд орой 18:00 цагаас эхлэн алхдаг юм. Тухайлбал, Багшийн дээдийн автобусны буудлаас баруун дөрвөн зам орохоор автобусанд суулаа гэхэд бүтэн цагийг зарцуулдаг. Энэ нь замын түгжрэл гайгүй үеийнх буюу тэг зогсоогүй байхад зарцуулдаг хугацаа. Өөрөөр хэлбэл, орой бүр энэ чиглэлийн зам аль аль талруугаа ачаалал нь ихэсдэг юм. Нөгөөтэйгүүр, ингэж удаан замын түгжрэлд орохгүй нь тулд олон иргэд алхдаг. Өвлийн хүйтэн хэдийнээ орчихсон энэ өдрүүдэд тэдэнд алхахаас өөр сонголт байхгүй.
Учир нь нийтийн тээвэр пиг дүүрэн ирдэг. Дүүрэн зорчигчтой автобусанд удаан хүлээсэн хүмүүс суух ч зай байхгүй. Зөрөх нь бүү хэл, хөл гишгэх ч боломжгүй. Дүүрэн хүнтэй автобусанд агааргүйн улмаас настай хүмүүс цухалдаж, хүүхэд уйлж юм юм л тэнд өрнөнө. Харин эмэгтэй жолооч нар "хүнээ буулгачихаад суугаач ээ. Алив хойшоо яваад шахаад өг. Хүүхэд, хөгшид үлдэх гээд байна чихээд суулгая" хэмээн хоолойгоо сөөтөл бархирна. Эрэгтэй жолооч нар бол "за буу, багтахгүй байна" гээд нэг хашгирч аваад давхин одно.
Үнэхээр гомдмоор, мэдрэмжийг нийтийн тээврээр үйлчлүүлж буй залуус илүү их авдаг байх. Төр засаг нь нийтийн тээврийн парк шинэчлэл хийж өгнө гээд хэдэн тэрбумаар нь идчихээд бараг хог дээр хэвтэж байсан Солонгос автобуснуудыг шинэ гэж оруулж ирчихээд төв талбайдаа иргэдээрээ шалгуулж доог тохуу хийчихсэн.
Нийслэлийн замын тэг зогсолтын талаар, 391 осол гарч ослын тоо энгийн өдрүүдээс 30%-аар нэмэгдсэн. Таван шарын гармыг 28 удаа хаасан, гармын цасыг цэвэрлэхийн тулд 20 минут хөдөлгөөн зогсоосон. Хоёр байршилд ачааны машин эвдэрч 40 минутаас 1:30 цаг зогссон гэх шалтгаануудыг зам тээврийн цагдаагийн албанаас нь хэлсэн юм. Хамгийн их анхаарал татсан зүйл нь ачааны автомашин эвдэрсэн тохиолдолд зөөж, шилжүүлэх тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод байхгүй гэж мэдэгдсэн нь.
Судалгаагаар Улаанбаатар хотод 110 мянган тээврийн хэрэгсэл нэгэн зэрэг замын хөдөлгөөнд оролцвол 25 болон түүнээс дээш км/цагийн хурдтай хөдөлгөөнд оролцох бололцоотой гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх бүрд хөдөлгөөнд оролцож буй хурд багасна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 400 мянган тээврийн хэрэгсэл нэгэн зэрэг замын хөдөлгөөнд оролцвол тэг зогсолт болно. Ачааны машин зогссонтой холбогдуулан бид ачааны автомашиныг тодорхой цагуудад хязгаарлах саналыг нийслэлийн удирдлагуудад хүргүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна хэмээв.
Мөн өчигдөр Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан "Нийт 700 орчим автобус худалдаж авах олон улсын тендерийг зарлах гэж байна. Энэ онд багтаан талыг нь үйлдвэрлэгчээс нь авна. Ногоон автобусны үлдэгдэл мөнгө нийслэлд байгаа. Авто замын түгжрэлийг бууруулах хуулиа баталж, шинэ автобуснуудаа оруулж ирнэ. Бусад шийдлийн тухайд иргэд автобусандаа сууж сурах ёстой. Автобусанд сууж сургах зар сурталчилгаа хийнэ. Автомашинаас нь буулгаж, автобусанд суулгаж сургах хэрэгтэй байна. Нийтийн тээврийн шугамыг өөрчилнө, олон чиглэлийн автобусны давхардлыг болиулна. Нэг буудал дээр олон автобус овооролдож, автобус түгжрэл үүсгээд байна" гэсэн нь бас л иргэдийн бухимдлыг төрүүлээд авав.
Өөрсдөө автобусны явах маршрут чиглэлийг өөрчилсөн. Гэтэл бодит амьдрал дээр зарим чиглэлийн автобус хоосон шахуу явж байдаг. Нөгөө хэсэгт нь ачаалал ихтэй чиглэлд үйлчилдэг автобус нь хүнээ багтааж суулгаж чадахгүй байна.
Машинаасаа татгалзаж байгаа иргэд үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаад хий л дэмий бухимдахаас цаашгүй.
Дээрх албаны хүмүүсийн үгээр бол түгжрэлд хэн ч буруугүй болчихож байгаа юм. Орой бүр автобусандаа багтахгүй алхаж явахдаа эрх баригчид нийтийн тээврийг шинэчлэх нэрээр мөнгө угаагаагүй байсан бол ард түмэн ингэж 30 жилийн өмнөх шигээ амьдрахгүй байсан даа гэж бодогдов.
энхчимэг · 2023/11/10
Нийтийн тээврийн унаанд хөл толгойгоо зөрүүлдээд ачуулж явдаг иргэний нэг нь байна. Монгол хүний зан араншингийн шалгуур болсон энэ нийтийн тээврийг сэтгэлээсээ хандаад шинэчлээд өгдөг ЗГ байвал 2 гараа өргөөд дэмжмээр байх юм. Өдөр бүр бухимдаж хоорондоо хэрэлдэж уралцаж ажилдаа ирж очиж байгаадаа гутарч байна аа
Зочин · 2023/11/10
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh