Мансууралтай тэмцэх дэлхийн өдрийг жил бүрийн энэ өдөр буюу зургадугаар сарын 26-нд тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ өдрийг тохиолдуулан Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс “Дэлхий нийтээрээ мансууралтай тэмцэх өдөр”-ийн хүрээнд шийдвэр гаргагч болон оролцогч талуудын дунд онол практикийн бага хурлыг өчигдөр Ерөнхийлөгчийн тамгын газрын “Иргэний танхим”-д зохион байгуулсан юм.

Уг хэлэлцүүлгээр “Хар тамхи мансууруулах бодисын гадаад болон дотоодын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага”, “Монгол улс дахь Мансууруулах бодис, сэтгэцэт нөлөөлөх эм, бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэрэгт ногдуулж буй ял шийтгэл, тулгамдаж буй асуудал”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх эм бодисыг хянах хуулийн үзэл баримтлал, товч танилцуулга”, "Өсвөр үеийнхний мансууруулах бодисын хэрэглээг судалсан дүн" зэрэг 10 гаруй сэдвүүдээр илтгэл тавигдаж, хэлэлцүүлэв. Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисын асуудалд салбар бүрийн үүрэг оролцоо ямар түвшинд байна, хууль эрх зүйн орчныг хэрхэн бэхжүүлэх, мансууралд өртсөн, өртөх магадлалтай иргэн, өсвөр үе, залуучуудын дундах хар тамхи мансууруулах бодисын хэрэглээ зэрэг 10 гаруй асуудлын хүрээнд хэлэлцлээ.

НҮБ-ын Мансууруулах Бодис, Гэмт хэрэгтэй тэмцэх газраас өнгөрөгч онд гаргасан судалгаагаар дэлхий дээр 25 сая хүн мансууруулах сэтгэц идэвхт  эм, бодисын хамааралтай байгаагийн 15.6 сая нь хар тамхины хамааралтай болохыг тогтоожээ.

Монгол улсад улс орон хөгжиж, хил гааль чөлөөтэй болж, интернет хөгжихийн хирээр хар тамхи мансууруулах бодисыг хэрэглэх, түүнтэй холбоотой хэрэгт иргэд холбогдох зэрэг нь ихсэж байна. 1999 онд судалгаа явуулахад манай улсад хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг 45 хүн байсан бол өнгөрөгч оны 560 гаруй болж өсчээ.

Нэг хүний ард дөрвөн хүн байх магадлалтай гэж тооцоо гардаг аж. Тэгэхээр 2000 гаруй хүн мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн үг. Үүнтэй холбоотой  элдэв хэрэг зөрчил ч жилээс жилд өссөөр байгаа гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг.

Өнгөрсөн онд л гэхэд манай улсын 34 иргэн хар тамхи зөөвөрлөх, хил гаалиар гаргахыг оролдох зэрэг хэрэгт холбогдон  БНХАУ, Хонгконгт, Какакстан, ОХУ гэх орнуудад хоригдож байна.

Мөн нийслэлийн өсвөр үеийнхний дунд судалгаа НЦГ, НЭМГ зэрэг холбогдох байгууллагуудаас судалгаа явуулахад хамрагдагсдын 44.6% архи, 40.3% тамхи хэрэглэж үзсэн. 2.9 хувь нь бензин цавуу, 1.8 хувь нь каннабис, 0.9 хувь нь экстази хэрэглэж үзсэн гэж хариулжээ. Түүнчлэн тэдний 12.1 хувь нь ойр орчиндоо хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчидтэй хамт байдаг гэсэн байна.

Гэсэн хэдий ч хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүсийг илрүүлэх, эмчлэх, нөхцөл шаардлага хангалтгүй, эмч мэргэжилтэн дутагдалтай.

 

Х.Даваа