М.Цэнгүүн: Өвөө маань одоо ч намайг “мэлхий сэлэлтээ” сайн сур гэдэг
2024/02/09
Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн хошой аварга, “Күнз” сургуулийн 6.1 ангийн сурагч М.Цэнгүүнтэй ярилцлаа. Түүний өвөө Ш.Даваадорж болон М.Цэнгүүн нар нэгдүгээр сард болсон мөстэй усан сэлэлтийн ДАШТ-ээс дөрвөн алтан медальтай ирсэн юм.
-Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хаана, ямархуу болж өнгөрөв?
-Тэмцээн маань АНУ-ын Вашингтон хотод зохион байгуулагдсан. Тэмцээны өдөр гадаа нэмэх найман градус байсан. Би сэлэх усаа 15 градус хэм гэж бодож байсан. Гэвч сэлэх үед маш хүйтэн санагдсан, өмнөх жилийн уснаас илүү хүйтэн шүү. Учир нь өвөө бид хоёр усны температурыг фаренгейтаар хэмжиж байгааг мэдээгүй. Бид хоёр “за яах вэ, 15 градус тийм ч хүйтэн биш” гэж эндүүрсэн. Тиймээс сэлсэн ус маань гурван хэмтэй буюу өмнөх жилийн уснаас илүү хүйтэн байв.
-Хэдэн орноос хүүхдүүд ирж оролцсон бэ?
-Зургаан улс, АНУ-ын есөн мужаас хүүхдүүд ирж оролцсон. Өмнө жил би өвлийн усан сэлэлтийн төрөлд өрсөлдөөд түрүүлсэн харин энэ жил мөстэй усанд сэлэлтийн төрөлд өрсөлдсөн. Энэ жил сэлэхдээ далайн ус биш бассейны цэнгэг усанд сэлсэн. Үүний ялгаа нь юу байдаг вэ гэхээр цэнгэг ус нь далайн уснаас илүү хүйтэн байдаг. Усны хэм ялгаагүй зааж байгаа ч биед мэдрэгдэх хүйтэн илүү байдаг. Мөстэй усанд сэлэлт илүү хүйтэн байдаг. Өмнөх дэлхийн аварга дээр би далайд сэлсэн. Далайд сэлэх үед сэлж байгаа хурдаасаа таван секундээр ч юм уу харьцангуй удаан сэлдэг. Өмнө жил таван градус усанд сэлэхэд хүйтэн санагдаагүй харин энэ жил гурван градус усан сэлэх надад эрс хүйтэн санагдсан.
-Олон орны найзуудтай болж байна уу?
-Манай сургуульд англи хэл сайн заадаг, таван өдрөөс дөрвөн өдөрт нь англи хэл заадаг болохоор тэмцээний үеэр гадаад найзуудтай болдог шүү. Би 15 хүртэлх насны ангилалд оролцдог болохоор олон эгч нартай танилцдаг.
-Өөрөөсөө эгч хүүхдүүдтэй уралдаад мундаг юм аа. Хэдэн настайгаасаа усан сэлэлтээр хичээллэж байна?
-Би таван жилийн өмнө усан сэлэлтээр анх хичээллэсэн. Тэр цагаас хойш усан сэлэлтээр тогтмол хичээллэж байна. Анх хөвүүргүй сэлсэн мөчөө тод санадаг. Яг живэх гэж байгаа юм шиг санагдаж байж билээ. Зуны амралтын үеэр Тэрэлжид их усанд сэлдэг байсан. Өвөө тогтмол сэлдэг болохоор би дагаад сэлэх боломжтой.
-Бэлтгэлээ яаж хийдэг вэ. Хэн дасгалжуулдаг вэ?
-Надад сэлэлтийн арга техникийг өвөөгөөс өөр хэн ч заагаагүй. Тиймээс манай өвөө их мундаг байгаа биз. Ихэвчлэн өвөөгийн шавь нартай хамт бэлтгэлээ хийдэг. Бэлтгэлийн хувьд өдөрт эхлээд 500 метрт мэлхийгээр сэлдэг. Дараа нь 500 метрт ачаатай сэлнэ, сүүлийн 500 метрт гарандаа хөвдөг салбар барьж байгаад хөлний дасгалаа хийдэг. Тиймээс өдөрт нийт нэг километр 500 зуун метрт сэлдэг гэсэн үг. Өвөө байхгүй өөр хүнтэй бэлтгэл хийх үед тоглосоор байгаад л цаг дуусдаг даа. Нэг удаа өвөөгийн шавьтай хамт бэлтгэл хийсэн чинь бид хоёр усанд тоглосоор байгаад уснаас гарч ирсэн(инээв). Сонин зүйл хэлэхэд би зөвхөн мэлхий сэлэлтээр сэлдэг. Маш олон удаа чөлөөт сэлэлт заагаад өг гэж өвөөгөөс гуйсан боловч өвөө маань одоо ч намайг мэлхий сэлэлтээ сайн сур гэдэг. Ирэх гуравдугаар сард тэмцээнтэй түүндээ бэлтгэлээ базааж байгаа.
-Усан спортын тамирчид дэглэм барьдаг уу?
-Хоол идээд нэг цагийн дараа бассейнд орох нь дээр байдаг. Тэгэхгүй бол огих эрсдэлтэй. Манай өвөө намайг хэдэн цагаас сэрэх, хэдэн цагт өглөөний цайгаа уух, хэдээс бэлтгэлээ хийхийг цагийн хуваарийг маань зааж өгдөг. Надад онцгой хоолны дэглэм байхгүй гэхдээ чипс, хийжүүлсэн ундаа, шарсан төмс зэргийг идэж болохгүй. Гэхдээ чипс идэх хүсэл заримдаа төрдөг (инээв).
-Бэлтгэлдээ их цаг зарцуулаад хичээлээ хийх цаг зав гарч байна уу. Анги хамт олон, багш нь дэмждэг үү?
-Тавдугаар ангид маш онц сурдаг байсан. Одоо зургадугаар ангид хичээлүүд нэмэгдээд жаахан толгой эргэх шинжтэй шүү. Ангийн багш маань надад урмын үг их хэлдэг. Манай анги спортлог анги шүү.
-Усан сэлэлтээс өөр хоббитой юу. Ямар мэргэжилтэй болмоор байна?
-Би жижигхэн ноорог зургууд их зурдаг. Би эмээ шигээ эмч болохыг хүсдэг. Манай эмээг Саранчулуун гэдэг, ардын эмч цолтой, маш мундаг хүн бий. Эмч болоод хажуугаар нь усанд сэлэлтээрээ тууштай хичээллэх хүсэлтэй.
-Өвлийн усанд сэлэлтийн онцлог юу вэ?
-Өвлиийн усанд сэлэлтээр хичээллэдэг хүмүүс залуухан харагддаг. Тэмцээний үеэр хүмүүс өвөөг маань миний аав гэж их андуурдаг. “Танай аав хэдэн настай вэ. Танай аав хэдэн медаль авсан бэ” гэж надаас их асуудаг. “Манай аав биш өвөө байгаа шүү” гэж хэлэх үед хүмүүс “ийм залуухан өвөөтэй юм уу” гэж их гайхдаг. Мөн би нэг зүйлийг анзаарсан. Хүйтэн усанд сэлдэг болохоор гадаа хүйтэнд даардаггүй. Би сүүлийн таван жил хоёр, гурван удаа л ханиад хүрсэн.
-Гэр бүлийнхэн нь хэрхэн дэмждэг вэ. Ах эгч, дүүтэй юу?
-Гэр бүл маань намайг үргэлж тусалж дэмждэг. Саяны тэмцээнд ээж маань өвөө бид хоёртой хамт явсан. Би нэг эрэгтэй дүүтэй. Намайг гурван настай байхад дүү маань төрсөн. Нэг нууц хэлэхэд би заримдаа дүүгийнхээ гэрийн даалгаварыг хийчихдэг байсан. Манай дүүгийн ангийнх нь багш миний бичгийг хүртэл таньдаг болчихсон гээч (инээв). Сүүлийн үед дүү маань гэрийн даалгавраа мундаг хийдэг болсон. Одоо нэг хөөрхөн охин дүүтэй болмоор байна.
Өдрийн сонин