Монгол Улсад хоол боловсруулах замын өвчлөл нь тэргүүлэх таван өвчний нэг байдаг. Мөн хавдрын шалтгаантай нас баралтад элэгний хавдар, ходоод, улаан хоолойн хавдрууд тэргүүлдэг тул хоол боловсруулах замын өвчлөлд зайлшгүй  анхаарал хандуулах шаардлагатай.

Тиймээс бид Интермед эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлал, дурангийн төвийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, Дотрын ахлах зэргийн эмч Б.Энхжаргалтай уян дурангийн оношилгоо эмчилгээ болон хоол боловсруулах эрхтний өвчлөлөөс хэрхэн сэргийлэх талаар ярилцлаа.

- Хүн өөрийнхөө ходоодыг шархалж буйг яаж мэдэх вэ?

 Хоол боловсруулах эрхтний өвчлөл аль эрхтэн өвдсөн бэ гэдгээс шалтгаалаад харилцан адилгүй шинж илэрдэг. Ихэнхээ аюулхай орчим өвдөх, халуу оргих, гэдэс дүүрч цанхайх, гашуу оргих, цээж хорсох гэсэн зовуурь илрэх хэдий ч зарим тохиолдолд ямар ч зовуурьгүй байхад хавдар, шарх оношлогдох тохиолдол цөөнгүй байдаг.

Хэрвээ өвчин хүнд шатандаа орсон тохиолдолд цусаар бөөлжих, турах, байнгын өвдөлт өгөх, өтгөн хар өнгөтэй гарах шинж тэмдэг илэрдэг. Иймээс өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх шинжилгээг өгч, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх нь чухал.

Мөн ходоод, улаан хоолой, нарийн бүдүүн гэдэсний хавдар, хавдрын урьдал өвчнийг илрүүлэх гол шинжилгээ нь дурангийн шинжилгээ байдаг.

Ходоодны хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд 40-өөс дээш насныхан хоёр жил тутамд нэг удаа ходоодоо заавал дурандуулах ёстой. Учир нь 40-өөс дээш насанд хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг. 

"Ходоодны уян дурангаар төрөл бүрийн нян, өвчин халдварлах эрсдэлтэй"

- Иргэдийн дунд уян дурангийн оношилгоо эмчилгээний явцад В, С вирусийн халдвар дамжих магадлалтай гэсэн болгоомжлол байдаг. Энэ асуудлыг танай эмнэлэг хэрхэн шийдсэн бэ?

- Уян дуран нь нэг удаагийнх байх боломжгүй. Тиймээс нэг дурандсаны дараа стандартын дагуу заавал ариутгаж, халдваргүйжүүлэх ёстой байдаг. Ходоодны уян дурангаар төрөл бүрийн нян, өвчин халдварлах эрсдэлтэй. Гагцхүү энэ эрсдэлээс сэргийлэхийн тулд ариутгал маш чухал. 

Бид хэрэглэж буй уян дурангаа олон улсын стандартад нийцүүлж ариутгаж халдваргүйжүүлдэг. Мөн дурангийн ажилбарын явцад эдийн шинжилгээ хийх шаардлага гардаг. 

Тус ажилбаруудад хэрэглэгддэг багаж төхөөрөмжийг нэг удаагийнхаар ашигладаг. Өмнө нь хүнд хэрэглэсэн багажийг ариутгаад дахиж ашигладаггүй гэсэн үг. Үндсэндээ дурангаар дамжуулж авах халдварт өвчнийг боломжит хэмжээнд бууруулж чадсан. 

"Настай хүмүүс хэт их халуун цай ууж идэх нь улаан хоолойн хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг"

зураг

 

- Жил бүр тогтмол үзлэг оношилгоонд хамрагдах нь хамгийн сайн урьдчилсан хамгаалалт хэмээн ярилаа. Хувь хүн өөрийнхөө амьдралын хэв маягт анхаарч ходоодны хавдраас яаж сэргийлэх вэ? 

- Тогтмол дуран хийснээр архаг өвчин, хавдрыг эрт илрүүлж эмчилгээг шийднэ. Харин архаг өвчин, хавдраас  урьдчилан сэргийлэхийн тулд амьдралын эрүүл хэв маяг зөв хооллолтыг хэвшүүлэх хэрэгтэй. Ходоодыг гэмтээдэг гол хүчин зүйлс нь  хеликобактер, архи тамхины хэрэглээ болон буруу хооллолт, эмийн зохисгүй хэрэглээ байдаг.

Иймд гол шалтгаан болох хеликобактерыг бүрэн устган эмчлэх, халдвараас сэргийлэх нь нэн чухал. Дараа нь тамхинаас татгалзах хэрэгтэй. Тамхи зөвхөн уушги гэхгүйгээр зүрх судас гэмтээж, ходоод хавдар үүсгэх гол хүчин зүйл юм. 

Буруу хооллолтын тухайд ходоод гэмтээх архи, гэнэт цочроох халуун ногоотой хоол,  давсалсан даршилсан  хүнсний бүтээгдэхүүнээс аль болох зайлсхийх хэрэгтэй.

Түүнчлэн 45-аас дээш насныханд бүдүүн гэдэс дурандуулах, өтгөнд далд цус алдалтын шинжилгээ хийлгэх хэрэгтэй байдаг  ба дурангийн шинжилгээний явцад ургацаг буюу полип илэрсэн тохиолдолд авахыг зөвлөдөг. Учир эдгээр ургацгууд нь бүдүүн хавдрын үндсэн шалтгааны нэг болдог. Мөн бүдүүн гэдэсний хавдрын өөр нэг шалтгаан нь таргалалт юм.

Үүнээс гадна бид хоол ундыг хэт халуунаар нь хэрэглэхээс татгалзах нь улаан хоолойн хавдраас сэргийлдэг. Ялангуяа настай хүмүүс хэт их халуун цай ууж идэх нь улаан хоолойн хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. 

Тиймээс ходоод улаан хоолойн өвчлөлөөс сэргийлэхийн тулд дараах дадлыг суулгавал зохимжтой. Үүнд: 

  • Дасгал хөдөлгөөн хийх, биеийн жингээ хэвийн байлгахад анхаарах
  • Хоол хүнсийг аль болох зөв хэрэглэх, жишээ нь давсалсан хүнс, амтлагчийг багасгах, хоол цайг бүлээнээр хэрэглэх
  • Архи ба тамхи хэрэглэхгүй байх зэрэг энгийн дадал хэвшлийг өөртөө бий болгосноор энэ төрлийн өвчнөөс сэргийлэх боломжтой

- Интермед эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлал, дурангийн төвийн онцлог юу вэ?

- Манай төв нь 2014 онд байгуулагдаж өдгөө хоол боловсруулах замын эмгэг ба дурангийн тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй,  үндэсний болон олон улсын хэмжээнд амбулатори болон хэвтэн эмчлүүлэх, дурангийн  тусламж үйлчилгээг цаг алдалгүй тасралтгүй үзүүлж байгаа билээ.

Интермед эмнэлэгт нийт дурангийн 80 орчим хувь тайвшруулалттай хийгддэг. Дуранг тайвшруулалттай хийснээр иргэд дурангийн үеийн айдас, тааламжгүй мэдрэмжийг мэдрэхгүй байхаас гадна эмчид оношилгоо, эмчилгээг чанартай хийх нөхцөл бүрдэнэ.

Тухайлбал ходоод гэдэсний хуниас нугалаасыг бүрэн тэлж хийлж, харах нөхцөлийг бий болгож, эмчилгээний ажилбарын шууд хийх нөхцөл бололцоог олгодог байх нь.

Бид энэхүү хугацаанд Монгол улсдаа орчин үеийн дэвшилтэт технологи болох Дурангийн хэт авиан оношилгоо, эмчилгээ (2019), Улаан хоолойн булчингийн хөдөлгөөн үнэлэх улаан хоолойн өндөр ялгаралт манометрийн шинжилгээ, сөргөө өвчнийг ялган оношилгооны алтан стандарт болох 24 цагийн pH метрийн шинжилгээ (2022)-г анхлан нутагшуулж ажиллаж байна.

Мөн хоол боловсруулах замын хавдрын дурангийн эмчилгээ, тухайлбал эрт үеийн хавдрын салст хуулах ,  салстын доорх үүсгэвэр авах, цөсний замын чулуу, бөглөрлийг дурангийн аргаар эмчлэх бүхий л ажилбарууд хийгдэж байна.

2024 онд Интермед эмнэлэг нь олон улсын жишиг стандартынхаа дагуу үйл ажиллагаагаа тэлж шинэ өргөтгөл баригдаж байгаатай холбоотой манай төвийн хүчин чадал тоног төхөөрөмж өргөжиж байна.