Улсын ерөнхий прокурорын газраас Боловсролын зээлийн сангийн асуудлыг өргөн хүрээнд шалгаж буй талаар нийтэд мэдээлсэн нь олны анхаарлыг татаж байна.

Үүнтэй холбоотойгоор Боловсролын зээлийн сангийн мэдээлэл хаалттай байсныг нийтэд ил болгож шүгэл үлээсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан, МАН-ын Нарийн бичгийн дарга О.Батнайрамдалтай ярилцлаа.

 

-Прокурорын байгууллагаас зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээллээ. Шалгалтын үр дүнг юу гэж харж байна вэ? 

 

-Хуулийн байгууллага маш нухацтай маш олон хүнийг хамруулж шалгасан байна. Боловсролын зээлийн сангаас өнгөрсөн 26 жилийн хугацаанд гадаадын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцах 3069 хүнд олгосон 230.1 тэрбум төгрөгийн зээл, 941 суралцагчийн 47.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлийг хуулийн байгууллага нэг бүрчлэн шалгасан байна. Би анх мэдээлэл хүргэсэн хүний хувьд шалгалт удаашралтай байна уу даа гэж бодож байсан. Гэтэл 2288 суралцагчийн хувийн хэрэг, материалтай танилцаж, 1600 гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг авсан байна. Энэ үнэхээр түүхэн гэж хэлж болохоор олон хүнийг хамруулан шалгасан хэрэг гэж харж болохоор байгаа биз. Мөн 1494 суралцагчийн хувийн хэргээс 2500 орчим зөрчлийг илрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт хамааруулан шалгасан материалын 65 хувь нь зөрчилтэй, нэг хувийн хэрэг, материал гэхэд зээлийн бүртгэл, дүрмийн гээд 1.7 зөрчилтэй байна шүү дээ. Мөн улс төр, урлаг соёлын нөлөө бүхий хүмүүстэй хамааралтай 364, үүнээс зөрчилтэй 262 суралцагч байгааг тогтоочихлоо гэж ойлгож байна.

 

Зээлийн эргэн төлөлт муу байгаа. Боловсролын зээлийн сангийн асуудлыг гаргаж ирснээс хойш хагас жил гаруй өнгөрсөн байна. Өнгөрсөн оны эцсийг харвал 1.2 сая ам.доллар буюу дөрвөн тэрбум төгрөг төлөгдсөн байна. Энэ бол маш чамлалттай үзүүлэлт. Уг нь нийтдээ 100 сая ам.доллар буюу 363 тэрбум төгрөг эргэн төлөгдөх ёстойгоос ердөө дөрвөн тэрбум төгрөг л төвлөрсөн байх жишээтэй. Нийт зээлийн хоёр хувь хүрэхгүй байна шүү дээ.Иймд одоо эрх мэдлээ урвуулан ашиглаж, шийдвэр гаргасан хүмүүст хариуцлага тооцож, зээлийг эргэн төлүүлэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байгаа.

 

-УИХ нүүрс, Хөгжлийн банкны хэргээр сонсгол зохион байгуулсан шиг Боловсролын зээлийн сангийн зээл чөлөөлсөн асуудлаар нийтийн сонсгол хийе гэсэн санаачилгыг өрнүүлж байна. Сонсголын ач холбогдол нь юу байх вэ? 

 

-Одоо УИХ олон нийтийн сонсгол хийх ёстой. Боловсролын зээлийн сангийн хөрөнгө бол татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Зээлээр сурсан бол заавал буцааж төлөх ёстой. Дараагийн оюутан, суралцагч зээлээ аваад сураад явна. Иймд хариуцлагатярих цаг нь болсон. УИХ Хөгжлийн банк, нүүрсний асуудлаар сонсгол зохион байгуулсан. Тэгвэл одоо Боловсролын зээлийн сангаар сонсгол хийж, олон нийтэд илүү ил тодорхой мэдээлэл өгөх ёстой гэж үзэж байна. Үнэхээр хаалттай, олон нийт мэддэггүй байсан асуудал учраас ил гаргаж, мэдээлэл хүргэсэн. Тэгвэл сонсгол зохион байгуулж, хэн гэж хүмүүс холбоотойг тогтоож, хариуцлага тооцмоор байна. 30 жил боловсролын салбарт ажилласан сайд, албан тушаалтнууд холбогдож таарна. Хэргийг шалгаад зөрчлийг илрүүлчихлээ.

 

Боловсролын зээлийн сангаас дотоод болон гадаад гэсэн зээл гарч байгаа. Монголынхоо их, дээд сургуульд суралцаж байгаа хүүхдүүдэд 500 мянган төгрөгөөс хамгийн дээд тал нь найман сая төгрөгийн зээл олгодог. Харин гадаадад сурч байгаа хүүхдүүдэд 100-600 сая төгрөг хүртэлх зээл авах эрх нээлттэй байсан. Энэ хоёр хоорондоо тэнгэр газар шиг ялгаатай байгаа биз. Мөн бас нэг ноцтой зүйл нь дотоодын суралцагчдыг Монгол банкны хар жагсаалтад оруулна гэж сүрдүүлж

 

байгаад төлүүлчихдэг. Гэтэл гадаад руу хэдэн зуун сая төгрөгийн зээл аваад явсан хүмүүсээ зүгээр л орхидог. Төрийн их хэмжээний мөнгийг зээлээд сургуульд сурахдаа эх орондоо ирсэн эсэх ямар ч хамаагүй. Гол нь татвар төлөгчдийн мөнгийг төлүүлэхийн тулд яагаад адилхан араас нь хөөцөлддөггүй, бүгдээс нь эрх тэгш хариуцлага нэхэхгүй байгаа юм гэдэг их сонин. Дэндүү шударга бус байна.

 

-Уг нь Боловсролын зээлийн сантай байх нь зөв юм шиг. Багагүй хугацаанд судалж яваагийн хувьд гарц шийдлийг хэрхэн харж байна вэ? 

 

-Бодитой шийдэл хэрэгтэй. Боловсролын зээлийн сан бол ард түмэнд хэрэгтэй, үр хүүхэд ирээдүй хойчийн боловсролд төрөөс оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт. Тиймээс цаашид боловсролын хөрөнгө оруулалтыг байгалийн баялгийн шударга хуваарилалттай уялдуулах хэрэгтэй. Өнгөрсөн 30 жилд байгалийн баялгаас маш их мөнгө орж ирснийг нийтээрээ энэ их хулгайны дараа ойлголоо шүү дээ. Нийтийн сонсголоос зарцуулалт ямар шударга бус байсныг бүгд харлаа.

 

-УИХ нийтийн сонсгол хийвэл өнгөрсөн 30 жилийн бүх “но” гарч ирнэ. Ер нь боловсролын тэгш бусын ялгааг ямар бодлогоор зохицуулах ёстой вэ? 

 

-Тэгш бус байдлыг халж, тэгш хуваарилалт хийе гэвэл боловсролоосоо эхлэх ёстой.Олон мянган хүүхдийн гадаадад сурах мөрөөдөл бол Монгол Улсын хүсэл юм шүү дээ. Цаашид Боловсролын зээлийн санг татвар төлөгчдийн мөнгөөр төвлөрүүлээд явах уу гэдэг нь шийдэх асуудал болоод байна. Татвар төлөгчийн мөнгийг зарцуулсан бол буцааж төлөх ёстой. Эцэг эхчүүд өнөөдөр хүүхдээ боловсрол эзэмшүүлэхийн тулд цалингийн зээлээс эхлээд байж болох бүхнээ тэмтрээд сургаж байгаа. Бид мөнгөгүй биш баялагтай улс гэдгийг сүүлийн хэдэн нийтийн сонсгол харууллаа. Баялгаар дамжиж маш их орлого орж ирсэн байна л даа. Харамсалтай нь зарцуулалт, хуваарилалтад байж боломжгүй асуудал үүссэн байна. Тэгэхээр өмнөх асуудал гээд орхиж болохгүй. Хариуцлага нэхье. Зээлийн эргэн төлөлтийг шаардах ёстой. Энэ нь тэгш бусын тэнцэтгэл рүү дөхөх алхам юм.

 

 Б.ЦЭЦЭГ