Улс төр судлаач Б.Ариунбаяртай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений айлчлалын талаар ярилцлаа.


-Саяхан манай улсад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен богино хугацаанд хүрэлцэн ирээд буцлаа. Тэрбээр бүс нутгийн улс орнуудаар айлчилж яваа. Энэхүү айлчлалуудынх нь гол зорилго нь юу бол?

-Америкийн нэгдсэн улс Ази тивд онцлон анхаарах болсныг олон улсын харилцааны хүчний шилжилттэй холбож харах нь зүйтэй байх. Сүүлийн 30 гаруй жил олон улсын харилцаанд нэг туйлт систем тогтсон. Тэр систем дэх манлайлагч, жанжлагч нь АНУ байсан. Дэлхий дахинд яригдсан асуудал бүрд голлох үүрэгтэй оролцож, үндсэндээ дэлхийн цагдаагийн үүрэг гүйцэтгэх болсон. Гэтэл сүүлийн жилүүдэд Ази тивээс дэлхийн нөлөө бүхий тоглогчид төрөн гарч байна. Ялангуяа манай урд хөрш болох БНХАУ олон туйлт систем тогтоох тухай идэвхтэй ярьж, улс төр, эдийн засаг, геополитикийн нөлөө нь ч нэмэгдэж байна. АНУ мэдээж манлайлал, жанжлалаа хадгалахын тулд БНХАУ-ын нөлөөг хязгаарлах сонирхолтой байгаа нь илт харагдах болсон. Энэ бодлого Жо Байдены үед эхэлсэн юм биш. Барак Обама анх 2009 онд Ази, Номхон далайд дахин тэнцвэржүүлэх бодлого зарласан.

Дональд Трамп Хятадтай худалдааны дайн өрнүүлж, БНХАУ нөлөөг хязгаарлах бүс нутгийн яриа хэлэлцээг дэмжиж, Энэтхэг-Номхон далайн стратегийг баталсан. Жо Байден ч мөн Хятадын нөлөөг хязгаарлах бодлогыг үргэлжлүүлж, бүс нутгийн түнш болон уламжлалт холбоотнуудтайгаа харилцаагаа хөгжүүлж байна. Зөвхөн БНХАУ-аас гадна Азид улс хоорондын газар нутгийн маргаан, Солонгосын хойгийн цөмийн аюул гээд цөөнгүй асуудал байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга гэдэг тухайн улс орондоо ямар эрх мэдэлтэй хүн байдаг вэ. Гадаад бодлогоо 100 хувь тодорхойлоод, хоёр улсын хамтын шийдвэр гаргахад улс орноо бүрэн төлөөлж чадахаар эрх мэдэлтэй хүн үү гэж олон хүн сонирхон асууж байна лээ. Энэ талаар та тодруулахгүй юу?

-Төрийн нарийн бичгийн дарга гэдэг бол АНУ-ын гадаад бодлогод ямар ч эргэлзээгүйгээр туйлын чухал хүн. Бусад орнуудтай дүйцүүлж тооцвол Гадаад хэргийн сайд. Гэхдээ эрх мэдэл, шийдвэр гаргалтад оролцох байдлаараа бусад салбарыг удирдаж буй хүмүүсээсээ илүү. Ер нь АНУ-ын гүйцэтгэх засаглалын гол хүмүүсийн нэг. Улсаа олон улсад төлөөлнө. АНУ-ын гадаад бодлого ч далайц нь том тул түүнийгээ дагаад Төрийн нарийн бичгийн даргын эрх мэдэл ч их. Тиймээс эрх мэдэл, гадаад бодлого зэрэгт нөлөөлөх хамгийн чухал хүн гэж ойлгох хэрэгтэй.

-АНУбол Монгол Улсын хамгийн том, хамгийн өргөн хүрээнд харилцах боломжтой гуравдагч хөрш. Гуравдагч хөршийн бодлогыг ч энэхүү айлчлалын үеэр онцлон ярилцсан. Ер нь энэ улстай манай улс ямар түвшинд харилцаатай байдаг вэ. Харилцааны түвшингээ ямар болгохыг зорьдог юм бол?

-Бидний гадаад бодлогод сүүлийн жилүүдэд гарсан томоохон ахиц нь гуравдагч хөршүүдийнхээ заримтай стратегийн түншлэлийн түвшинд харилцах болсон явдал. Тэр дунд АНУ мэдээж чухал байр суурь эзэлнэ. Анх гуравдагч хөршийн бодлого манай бодлогын баримт бичгүүдэд албажин тусаж, нэр томьёо нь төлөвшихөд ч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Бэйкер, Олбрайт нарын айлчлал чухал нөлөөлсөн. Бидний хувьд аль нэг эвсэл холбоонд нэгдэхгүй байх бодлоготой. Тиймээс стратегийн түншлэлийн харилцаагаа улам бэхжүүлээд, гол нь бодит ашиг сонирхлыг нь татах, эдийн засгийн үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарах нь чухал байна.

-Айлчлалын үеэр ямар асуудлууд хэлэлцэж, яг юу, юу шийдчихээд буцав. Айлчлалын гол үр дүн юу байв?

-Улс төрийн талаасаа бол хоёр талын харилцаа өндөр түвшинд байгааг нотолсон нь энэ айлчлал болон долдугаар сард манай Гадаад харилцааны сайдын АНУ-д хийсэн айлчлалын үр дүн. Түүнээс гадна Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын үеэр тохиролцсон зарим асуудлыг урагшлуулахад энэ айлчлал чухал үүрэг гүйцэтгэлээ. Олон чухал гэрээ, хэлэлцээрийн дотроос АНУ Монгол Улсад Англи хэлний багш бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх асуудал байлаа. Бид өнгөрсөн онд англи хэлийг хоёрдогч хэл болгох асуудлыг нийтээрээ хэлэлцэж байсныг санаж байгаа байх. Үүний цаана боловсон хүчний асуудал бий. Үүнийг шийдэхэд АНУ-тай хамтран ажиллах нь чухал хөшүүрэг болно гэсэн үг.

Америк бол Ардчиллын эцэг орон. Манай улсад ардчилал бий болоод гуч гаруй жил болж байгаа. Тэгэхээр ардчиллын эцэг орны төлөөлөл, төр засгийн удирдлагууд манай улсад айлчлах нь ардчиллын дархлааг бий болгох нөлөөтэй гэж харж болох уу?

-АНУ-Монгол Улсын харилцаа хурдацтай хөгжсөний хөшүүрэг нь манай ардчилсан өөрчлөлт, шинэчлэл байсаар ирсэн. Анх 1990 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Бэйкер Монгол Улсад айлчилж байлаа. Тэд ч манай ардчиллыг хамгаална, дэмжинэ, бэхжүүлнэ гэдгээ ил тодоор мэдэгддэг. Даян дэлхийд ардчиллыг түгээхэд ч анхаардаг. Мэдээж таны хэлснээр АНУ бол ардчиллын үлгэр жишээ орон. АНУ төдийгүй Ази, Европын ардчилсан, өндөр хөгжилтэй харилцах нь манай ардчиллыг бэхжүүлэхэд мэдээж тустай.

-Ер нь Монгол Улсын хувьд АНУ-тай харилцаагаа илүү өргөжүүлэх нь мэдээж эдийн засгийн хувьд эерэг нөлөөлтэй байна. Харин геополитик талаасаа ямар нэгэн сөрөг нөлөөлөл үүсэх үү. Учир нь манай хоёр хөршийн хувьд АНУ-тай харилцаа тааламж энэ цаг үед сайнгүй байгаа шүү дээ…?

-Үгүй гэж харж байна. Бид 1994 онд анхны гадаад бодлогын үзэл баримтлалаа батлахдаа ч, 2011 онд шинэчлэн батлахдаа ч гадаад бодлогын чиглэлээ тодорхой заасан байдаг. Бидний хувьд хоёр их хөрштэйгөө тэнцвэртэй харилцах нь гадаад бодлогын тэргүүлэх чиглэл, гуравдагч хөршийн бодлого бол удаахь чиглэл. Бид энэ бодлогоо тууштай баримталж байгаа. Их гүрнүүдийн харилцаа хүйтрэх, дулаарах ямар ч үе үүссэн бид өөрсдийн тодорхойлсон чиг шугамаа л дагаж байгаа. Тэгэх ч ёстой. Мэдээж их гүрнүүдийн зүгээс бидэн рүү чиглэсэн шахалт ирнэ. Магадгүй манай гадаад бодлогыг хумих гэж оролдоно. Гэхдээ бид тэр бүхнийг давж олон тулгуурт гадаад бодлогоо үргэлжлүүлэх нь манай ашиг сонирхол.

-Нэг үеэ бодоход Монгол Улсад дэлхийн томоохон улс орнуудын удирдлагууд айлчлах нь эрс нэмэгдсэн байна. Үүгээрээ дэлхий биднийг сонирхож байна гэж ойлгож болох уу. Нэг хэсэг айлчлал гэхээр Монгол Улс тусламж, мөнгө төгрөг гуйх гэж байна гэдэг нүдээр хардаг байсан гэлцдэг. Одоо бол харилцан ашигтай хамтын ажиллагааг гадаад бодлогодоо голлож барьж байгаа байх, тийм үү?

-Манайх руу чиглэсэн өндөр, дээд түвшний айлчлалын давтамж эрс нэмэгдэж байгаа нь мэдээж нэн түрүүнд ярилцлагын эхэнд дурдсан олон улсын харилцааны системийн шилжилттэй шууд холбоотой. Их гүрнүүд жижиг улсуудыг өөртөө татахыг оролдож байна. Нөгөө талаас нь харвал манай улсын 30 гаруй жил баримталсан нээлттэй, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн гадаад бодлогын үр дүн. Үнэхээр таны хэлсэнчлэн урьдын адил гуйдаг, тусламж авдаг байдлаасаа татгалзах гэсэн оролдлого манай шийдвэр гаргагчдаас гарч байж болох юм. Нэг үеэ бодвол манай эдийн засаг ч дээрдлээ. Үүнийгээ дагаад гадаад бодлогын агуулга ч өргөжиж байна.