УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэлийг хэлэлцэж байна. Энэ үеэр голын голдиролд барьсан “Aqua garden” буюу авлига хорооллыг тойрсон асуудлыг гишүүд хөндлөө.

Энэ асуудалд УИХ-ын дарга болон Хууль зүйн сайд нар дараах байр суурийг илэрхийлэв.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Засгийн газрын гишүүд, хотын удирдлагууд энэ газар очихоороо олон нийтэд зориулаад “нураана” гэдэг попорсон мэдээлэл өгөөд яваад байдаг. Хоёр жилийн өмнө Ерөнхий сайд очоод голын голдиролд барилга барьж, үерийн эрсдэл үүсгэсэн учир нураа” гэдэг чиглэл өгсөн . Гэтэл түүнийг хойш нэмж зөвшөөрөл өгсөн асуудлыг ил болго гэдэг асуудлыг гишүүд шаардаж байна.

Тиймээс хотын удирдлагууд ямар бодит ажил хийснээ долоо хоногийн дотор УИХ-д ирүүл. Шаардлагатай гэж үзвэл УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулаад яг энэ үйл явцыг шалгаж болно. Энэ нь нийгэмд шударга ёс гэж байдаг уу, олон нийтийн эрх ашиг чухал уу гэдгийг харуулах учир үүнд онцгой анхаарч ажиллана.

Ялангуяа Ерөнхий сайдыг ажилласан өдрөөс хойш ямар зөвшөөрөл нэмж өгсөн, хэн өгсөн гэдгийг тодорхой болгох шаардлагатай.

УИХ-д ирүүлэх мэдээлэл хангалтгүй гэж үзвэл намрын чуулганы эхэнд энэ асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулах болно.  

Хууль зүйн сайд О.Алтангэрэл: Анх яаж зөвшөөрөл өгсөн, Ерөнхий сайдыг очсоноос хойш нэмж баригдсан уу гэдэг нь цэвэр албан тушаалын асуудал. Тиймээс энэ асуудалд Авлигатай тэмцэх газар оролцох хэрэгтэй байна.

Шүүхийн шийдвэр гарах хүртэл шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх захирамж гарчихсан. Захирамжийг бид яаж ч чадахгүй байна