Хүн сүрэгт, хүний нийгэмд удирдлага, зохион байгуулалт үүсэж, хэрэгжиж ирсэн түүх, түүний сургамж, энэ талаарх орчин цагийн нөхцөл байдал, эерэг болон сөрөг үзэгдлүүд, нийгэм доторх элдэв бүлгүүдийн ашиг, сонирхол, заль мэх, удирдах, зохион байгуулах үйл ажиллагаан дахь харгис технологи, луйвар, авлига, урвалт гэх мэтийн үзэгдлүүдийг судлах, буруу зөвийг нь, хор холбогдлыг нь илчлэх, ард олонд мэдээлэх ажил жилээс жилд бараг бүх улс оронд багассаар байна.

Удирдаж буй хүн, хүч, намууд энэ талын судлаачдыг, сэтгүүлчдийг хавчих, дарамтлах болсон нь ч нууц биш болов. “Дээдсийн” нууцыг илчлэхийн эсрэг төрийн хууль баталж ч мэдэхээр байна. Зарим улс оронд олигархууд, элит гэгдэх давхарга нь нийгмийнхээ бусад бүх бүлэг, давхрааг бараг л мал, амьтан мэтээр үзэх, үнэлэх болов.

 

Дундчууд, доодос бол бүдүүлэг, бохир, соёлгүй гэгдэж, мал амьтан мэт хүмүүс болж үнэлэгдэж, басамжлагдах болжээ. Бүр давраад, онцгой, тусгай угсаатнууд, дээд төрөлтөн, бурхдаар шилэгдсэн үндэстэн, эзэд ба удирдагчид байх заяа тавилантнууд ч гэж ярих, сурталчлах болов.

 

Бурхад болсон барууныхан, боолын тавилантай дорнынхон гэх үзэл, хандлага ч газар авсаар байна. Аль ч улс орон, нийгэмд хүн ам нь олон бүлэг, давхраанд хуваагддаг, бүлэг, давхраа бүр нь бусдаасаа ялгаатай, өвөрмөц онцлогтой байдаг. Гэхдээ энэ байдалд нь суурилаад тэдгээрийг хооронд нь зөрчилдүүлж, шударга бусыг үүсгээд мөлжлөг, дарангуйлал, үзэн ядалт, доромжлол, басамжлал мэтийг гааруулж болохгүй билээ. Хэрэв ийм байдал буй болчихсон бол энэ нь “хоруу чанар өндөртэй өвчин, тахал” гарчээ гэсэн үг. Арьсны өнгөөр гадуурхаж, өвөрмөц зан заншлаар нь гадуурхаж, шашин шүтлэгээр нь гадуурхаж негрүүдийг, улаан арьстнуудыг, Австралийн уугуул ардыг алж хядсан эмгэнэлт түүх бэлхнээ байна. Гэтэл одоо бүр солиорцгоогоод Европынхон Азийнхныг элдвээр басамжлах, Украйнчууд Оросуудыг үзэн ядах зэрэг бусармаг ааш авир, үзэл онол үүсэж, дэлгэрч эхэллээ. XXI зуунд энэ бүхэн нь санаанд багтамгүй муухай үзэгдэл, гэмт хэрэг юм. Байгальд ч тэр, нийгэмд ч тэр орчин тойрондоо хорлолтой амьд биетүүд тодорхой хугацаанд амьдраад л эсвэл сөнөдөг, эсвэл хоруу чанараа алддаг (алдуулдаг) жамтай. Хамгийн ойрын жишээ, баримт гэхэд Ковид-19 хүмүүс бидэн дээр туршилт хийгээд даан их удалгүй хоруу чанар багатай шинжийг олоод (амьд) үлдлээ шүү дээ. Арьс өнгөөр ялгаварлан хөнөөх үзэл, үйлдэл үндсэндээ устсан, фашистуудын эхний том давлагаа, илрэл мөн л мөхсөн, геноцид ба террор ч мөхөх болно. Милитаризм ч байнгад л цохилт, няцаалт авсаар байгаа. Жанжлах, зоргоороо авирлах үзэгдлийн илрэлүүд ч урт насалж байгаагүй.

 

Муу үзэл, үйлдлийн субъект урт насалдаггүй, “өөдөө шидсэн чулуу өөрийн нь толгой дээр унадаг” жамтай. Энэ жам, хууль таван тив, дөрвөн далайд аж төрж байгаа улс, үндэстэн бүхэнд адилхан л үйлчилсээр иржээ. Далайн дээрэмчид ч урт насалж байгаагүй.

 

Хүчирхэг улс орнуудын элит давхраа жанжлах, дарангуйлах, мөлжих, колоничлох хүсэл, зорилгоо одоо ойлгоход ч бэрх овжин арга, мэхээр хэрэгжүүлдэг болов. Улс үндэстэн, нийгмүүдийн уламжлалт, хэвийн амьдралыг элдэв аргаар бусниулаад, тогтворгүй болгоод, хагалж бутлаад эрхшээлдээ оруулдаг технологи улам бүр төгөлдөржсөөр, улам бүр өргөн хэрэглэгдсээр байна. “Хүний эрх, чөлөөт байдал, ардчиллын төлөө” гэдэг уриа, лоозонтой дүр эсгэсэн, хуурамч ардчилагчид өнөөдөр шинэ колоничлолын үзэл санааг хэрэгжүүлэгчид, нацистууд, фашистуудын хамсаатан, холбоотон болж хувираад байна. Нийгэм дэх аль нэгэн бүлэг давхраа, аль эсвэл эрх баригч нам нь буруу замаар орох аваас тухайн улс орон ихээхэн хохирол үзсэн, зарим нэг нь төр улсын хувьд устсан тохиолдол ч цөөнгүй. Шашин суртал дахь хуваагдал, сөргөлдөөнөөс болоод, эсвэл шашин нь төрийнхөө дээр гарснаас улбаалан дотоод зөрчил нь гүнзгийрч иргэний дайнд идэгдсэн орон ч олон буй. Ойрхны жишээ гэхэд XVII зуунд Төвөдүүд шар малгайтан, улаан малгайтны самуун, иргэний дайнд автаж, монголчууд энэ дайнд хоёр хуваагдан оролцож онцгой томоор хохирсон юм. Өнөө гэхэд л Ислам шашинтнууд ард иргэдээ зуун дамнуулан хохироосоор байна.

 

Төр ба шашныг тусгаарлан байж, санваартнуудыг улс төрөөс холдуулж байж засралыг олсон улс ч олон буй. Жишээ нь Франц, Итали, мөн Англи мэт нь ... Зарим оронд шашны тэргүүн нь дэргэдээ торгон цэрэг, зэвсэгт хүчинтэй байсан тохиолдол ч цөөнгүй.

 

Нийгэм нь задгай (замбараагүй), иргэд нь зоргоороо (анархизм), дотоод нэгдэл нь сул (бүлэг, давхраанууд зөрчил, тэмцэлтэй), түүхэн уламжлал, эх оронч ухамсар, бахархалгүй байх нь тухайн орны элит давхраа, олигархуудад харгис үзэл санаа, мөлжлөг, колоничлох бодлогоо хэрэгжүүлэхэд нь таатай нөхцөл болчихсон хөгжилтэй гэгдэх улс орон ч олон буй. Тийм улс орны эрх баригчид нийгэм дэх хаос байдлыг өөгшүүлж, жолоодлогоо авдаг хаос байдал бол ердийн, байх ёстой нөхцөл хэмээн үздэг, үнэлдэг болчихоод байна. Ийм үзэл, ийм үнэлгээ мэдээжээр хүн амын олонход нь харшилсаар ирлээ. Өнөөдөр ч муу үр дагавар, сөрөг нөлөөг үүдсээр байна. Нийгэм байж болох хэмжээнээсээ хэтэрч задгайрах нь элдэв зүсмийн популизмыг төрүүлж, улс орны дотоод эв нэгдлийг сулруулдаг. Чухам энэ нь мөлжигчид, дарангуйлагчид, шинэ колончлогчид, эдийн засгийн алуурчдад хэрэгтэй байдаг. Энэ урхинд орох, энэ технологид автахаас сэргийлэх нь чухал болчихлоо. Боловсрол багатай, туршлагагүй, хөөргөн хөвсөргөн, доргио хүмүүс, алсыг харах ухаан суугаагүй залуус барууныхны энэ технологид олзлуулаад манкурт боол нь болчихдог ажээ. Ийм үзэгдэл өнөөдөр Монголд маань ч ажиглагдаж эхэллээ.

 

“Ухаалаг хаант засаг нь тэнэгдүүхэн ардчиллаас дээр” хэмээсэн үзэл, байр суурь Ойрх Дорнод, булангийн орнуудад чухалчлагдах болжээ. Жирийн иргэдийн реализм, прагматизм ийм үнэлгээнд хүргээд байгаа бололтой. Бодит байдал, нөхцөлийг бид ч мөн тооцох, харгалзах учиртай.

 

Амьдралын бодит үнэн бол хүмүүн заяатын багш билээ. “Булангийн, Арабын орнуудад ардчилсан гэгдэх (дүр эсгэсэн) төр засаг байсан сан бол ард түмэн нь өнөөдрийнх шиг сайхан амьдралтай байж чадахгүй байсан. Хаадууд нь зөв, сайн хүмүүс байж, зөв сайн удирдаж байгаа болохоор л ард түмэн нь аюулгүй, эрүүл, баян чинээлэг аж төрж байгаа юм” хэмээсэн үзэл санаа тэнд ноёрхох болжээ. Энэ нь ч үнэн юм. Элит давхраа нь бусад бүлэг, давхраагаа ядуу, боловсролгүй, гэнэхэн, эв нэгдэлгүй байлгаж, дуртай цагтаа хууран мэхлэх, төөрөлдүүлэх аргаар эрхшээлдээ оруулсаар бүр амташсан, гаршчихсан байх нь олон улс оронд хэвийн үзэгдэл болжээ. “Хагал, бутарга, тэгээд ноёрх, мөлж” гэсэн хуучин технологи одоо “хүний эрх, чөлөөт байдал, ардчилал” хэмээсэн уриа, лоозон, далбааны доор төөрөгдүүлэн хаос төлөвт оруулаад ноёрх, мөлж гэсэн технологиор эдүгээжиж зүсээ хувиргаад байна. Ардчилсан гэгдэх олон оронд нийгмийн баялаг нь өмнөх арга, технологиор л цөөн гэр бүлийн өмч болчихжээ. XXI зуун маань ардчилсан нам нэртэй, үнэндээ бол элитүүд, олигархуудын гар хөл, төлөөлөл болсон улс төрийн хуурамчлалын эрин зуун болж түүхэнд үлдэх бололтой. Энэ технологи өнөөдөр мөн ч олон оронд хэргээ чадварлаг бүтээсээр байна. “Сайн хүний нэрийг гурав худалдаж иддэг” гэдэг бол “Ардчилал” гэдэг нэр, утгыг лав л зуун жилдээ худалдаж идэх нь тодорхой болчихлоо. “Ардын ардчилал, иргэний ардчилал, эрх зүйт төр, засаг, шударга шүүх, чөлөөт хэвлэл мэдээлэл” гэх үнэт агуулгаа жинхэнэ хэрэг дээрээ олох, авах хүртлээ өөрчлөлт, шинэчлэлийн энэ зам харгуй хаа сайгүй л будилсаар байгаа нь үнэн юм. Улс орон бүр, төр засаг бүр, улс төрийн нам бүр өөрчлөлт, шинэчлэлийн энэ арга, замыг өөр өөрийнхөөрөө гуйвуулж, мөн баг өмсгөл болгож, бусармаг далд зорилгоо хэрэгжүүлэх зэвсэг болгож, өргөн олон түмнийг хууран мэхлэх хэрэгсэл болгож ашигласаар нэр хүндийг нь гутааж, үнэт агуулгыг нь хоосолж, эцэс сүүлдээ хог дээр гаргаж хаяж ч мэднэ. Ингэ ингэтлээ л энэ арга, зам бохирдох дог шүү. Гэвч лай ч байна, бас зай ч байна даа! Зөвхөн л муугаар зөгнөх нь эвгүй, хэрэггүй, бас үнэнгүй байдаг билээ...

 

Нийгэм бүр олон бүлэг, давхраанаас бүрдэж байгаа, бүлэг, давхраа нэг бүр нь өөрийн ашиг, сонирхлыг хамгаалах улс төрийн хүчин – нам байгуулж тэмцэж байгаа нөхцөлд “иргэний ардчилал”-ын хэлбэр, агуулга ямар байх боломжтойг улс төрийн шинжлэх ухаан одоо хүртэл тодруулж тогтоогоогүй байгаа нь том алдаа, том дутагдал юм.

 

Энэ үнэнийг хэлэх судлаач ч алга байна. Энэнд танин мэдэхүйн хийгээд улс төрийн шалтгаан байгаа нь үнэн. Аж төрөх, амьдрах зөв замын эрэлд зөвхөн өндөр боловсрол, өргөн мэдлэгтэй, иргэнлэг ёс зүйтэй, шинжлэх ухаанд, үнэнд үнэнч судлаач л үр дүн, өгөөжтэй ажиллаж, зүтгэж чадна. Одоохондоо бол ардчиллын онол, арга зүй ч, түүхэн туршлага ч, ардчиллын элдэв хэлбэр, илрэл ч, хувьсал хөгжлийнх нь цаашдын төлөв, хандлага ч танин мэдэхүйн болон улс төрийн шалтгаанаар үнэнээс хол, элдэв зүсмийн гуйвуулгаар дүүрэн байна. Жишээ нь өнөөдөр бараг бүх төр, улс өөрийгөө “ардчилсан” гэж нэрлэх шахаад байгаа билээ. Ардчилал нь олон хэлбэр, илрэлтэй, өвөрмөц шинжүүдтэй байхыг ч үгүйсгэх аргагүй. Гэхдээ нийгмийн аливаа үзэгдэлд үндсэн шинж, зайлшгүй хийгээд хүрэлцээтэй нөхцөл, хувьсаж, хөгжиж хүрэх төлөв байдал гэж буй. Ардчиллын төлөө тэмцээд байдаг, он жилүүд хэдэн арваараа өнгөрөөд байдаг, шилжилтийн үеийг туулаад байдаг, гэтэл жирийн иргэдийн амьдралд өөрчлөлт бараг гардаггүй бол юу гэж үзэх, дүгнэх байна аа? Энд нарийн судалгаа, онолын боловсруулалт, шат, түвшний нь тодорхойлолт, шалгуур үзүүлэлтүүд, харьцуулсан үнэлгээ, стандарт шаардлага хэрэгтэй байгаа нь тодорхой юм. Социализм утопи (үл гүйцэлдэх) байлаа. Коммунизм утопи байлаа. Одоо ардчилал бас л утопи болох уу? Утопи биш болохыг онолын үүднээс үзүүлэх, нотлох цэгцтэй сургаал хаана байна вэ? Практик илрэл, хэрэгжилт нь аль улс орон юм бэ? Ардчиллын ард орж нуугдахыг бараг л бүх зүсмийн луйварчид оролдох болов. Ардчилагчид гэж өөрийгөө нэрлэсэн “сайн эрчүүд” таван тив, дөрвөн далайн хаана л бол хаана л байх болжээ.

 

Жирийн иргэд бүү хэл мэргэжлийн судлаачид хүртэл жинхэнэ ардчилагчид нь чухамдаа хэн болохыг нь ялгаж, салгаж чадахааргүй болчихоод байна. Манай Монголд ч мөн л тийм болчихлоо. “Салаа замуудаар орсоор салам төөрөөд ирлээ” хэмээдэг дууны жишгээр орж ч болох юм...

 

“Ардчилал бол ард түмний олонхын, ухвар мөчид олонхын хүчийг овжин ашиглах боломжийг тооцож бүтээсэн загвар, тогтолцоо. Ард олон зуун хувь гэгээрэх, улс төрийн өндөр соёл, мэдрэмжтэй болох хүртэл нь элдэв зүсмийн овсгоотнууд олонхын саналыг хууран мэхэлж авсаар, завшсаар л байдаг. Ийм цаг үе хэдэн ч арван жил үргэлжилж мэднэ.” Энэ шинжийг нь тооцох аваас ардчилал нь төгс загвар биш. Иймээс ардчиллаас буцах, няцах нь байнгын үзэгдэл болов. Ардчиллыг жинхэнээр нь, төгс төгөлдрөөр нь тогтоох, хэвшүүлэх боломж тун бага, энэ хэрэгт нэг мөр зүтгэдэг хүн, хүч ч тун цөөхөн. Одоо ингэж үзэх болоод байна. Өөрөөр үзэх, үнэлэх аргагүй шахам болчихоод л байна шүү дээ! 

 

 

 

Судлаач, профессор Д.Чулуунжав