Т.Доржханд: Популистуудын үгэнд итгэн, хоосон хайранд хууртаж 34 жил явсныхаа горыг өнөөдөр бид нийтээрээ амсаж байна
2024/11/04
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандтай эрчим хүчний шинэчлэлтэй холбоотой асуудлаар ярилцлаа.
-Эрчим хүчний реформыг олон жил ярьсан. Үнэхээр өөрчлөлт, шинэчлэлт хийгдэх шаардлага энэ салбарт бий гэдэгтэй хэн хүнгүй санал нэг байх. Гол нь энэхүү өөрчлөлтийг яаж хийх ёстой, юунаас эхлэх шаардлагатай талаар олон талын санал явдаг. Ерөнхийд нь та эрчим хүчний шинэчлэлийн тухайд хамтарсан Засгийн газрын барьж байгаа бодлогын талаар танилцуулахгүй юу?
-Манай улс олон улсын судалгаагаар газар доорх эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд тавдугаар байрт ордог. Харин газар дээрх сэргээгдэх нөөцөөрөө эхний хоёрдугаар байрт ордог улс. Учир нь өргөн уудам газар нутагтай, өндөрлөгт оршдог болохоор салхи нь хүчтэй, нар нь хурц. Гэтэл өнөөгийн Монгол Улс ямар байдалтай байна вэ. Эрчим хүчний салбар нь гацчихсан. Улс даяараа эрчим хүчний чадлын дутагдалд орчихсон. Нэгэнт дутагдалтай эрчим хүчээ хаанаас авах вэ. Мэдээж хоёр хөршөөсөө авна. Ингэж авахдаа өндөр үнээр авдаг. Нөгөөтэйгүүр энэ салбарт хөрөнгө оруулалт болон сүүлийн 40 орчим жил шинэ цахилгаан станц баригдаагүй. Станц барьж чадаагүй явж байтал дэлхийн эрчим хүчний чиг хандлага өөрчлөгдчихсөн. Өөрөөр хэлбэл, 2014 оноос олон улсын хөрөнгө оруулагчид нүүрсний цахилгаан станцыг санхүүжүүлэхгүй гэдгээ зарласан. Хамгийн сүүлд буюу 2019 онд манай өмнөд хөрш бид нүүрсний цахилгаан станц нэмж шинээр барихгүй гэдгээ мэдэгдсэн. Юу гэхээр эрчим хүчний шинэчлэлээ хийж эхлээгүй байхад давхар дарамт ороод ирж байгаа юм. Үр дүнд нь энэ салбарт хөрөнгө оруулалт байхгүй. Нэмээд хамгийн том шалтгаан бол Засгийн газар эрчим хүчний үнэ тарифыг 34 жил барьж ирсэнтэй холбоотойгоор зах зээлийнхээ зарчмаар үнэ тогтдоггүй, ядаж өртгөө нөхдөггүй.
-Төрөөс тогтоож байгаа эрчим хүчний үнэ зах зээлийн үнээс бага байгаа. Үүний үр нөлөөллийг бид өнөөдөр амсаж байна гэсэн үг үү?
-Одоогийн хуулиар эрчим хүчний удирдах газар үнэ тогтоодог. Гэтэл тэр үнэ нь бодит өртгөөсөө бараг хоёр дахин бага байна. Ийм үнэ, тарифаар хувийн хэвшил бизнес хийхгүй. Хөрөнгө оруулалт энэ салбар луу орохгүй. Жишээ нь, талхны цех ажиллуулъя гэхээр үйлдвэрлэсэн талхаа тал үнээр нь борлуулахгүй биз дээ. Тэгэхээр ийм салбар луу хэн орж бизнес хийх вэ гэхээр төр л орно.
-Түрүүн асуусан. Шинэчлэл энэ салбарт хийгдэхийг хэн хүнгүй дэмжиж байгаа. Гэхдээ үнийн өсөлтөд амьдралаа арай ядан болгож яваа иргэдийнхээ нуруун дээр энэ ачааллыг нэмэх шаардлага байсан уу гэдэг асуудал дээр зарим хүмүүс шүүмжлэлтэй хандаж байна л даа…?
-Үнэ, тариф нэмэхээр иргэд уурлана, дургүйцнэ. Иргэдийн амьдрал хэцүү байгаа гэдэг. Үнэндээ монголчуудын амьдрал өнгөрсөн гуч гаруй жилийн хугацаанд хэцүү байгаа нь үнэн. Гэвч эрчим хүчнийхээ шинэчлэлийг энэ хугацаанд хийж ирээгүйнхээ горыг өнөөдөр бид нийтээрээ амсаж байна. Үр дүнд нь орон сууц нэмж барих боломжгүй болсон. Нөгөөтэйгүүр сүүлийн 40 орчим жил шинээр цахилгаан станц бариагүй болохоор тоног төхөөрөмжүүд нь бүгд хуучирчихсан. Өвөл болохоор л хот хөлдөх вий дээ гэсэн айдастай амьдардаг. Гэтэл нөгөө талдаа эрчим хүчний салбар урт хугацаанд хуримтлагдсан 1.8 их наяд төгрөгийн өртэй байна. Өр, алдагдлаа дагаад энэ салбарын цалин хөлс хамгийн доод түвшинд очсон. Тиймээс энэ салбар луу орж ажиллах хүн байхгүй байна. Улсын хэмжээнд эрчим хүчний инженер болохоор Их, дээд сургуульд элссэн долоохон оюутан байна. Үүнээс л энэ салбарын өнөөгийн дүр төрхийг харж болно. Тиймээс үүнийг өөрчлөхгүй бол Монгол Улс хөгжлийн тухай ярих ямар ч боломжгүй болчихож байгаа юм. Эрчим хүчгүй бол эдийн засгийн өсөлт байхгүй. Ингээд өөрчилье гэхээр үеийн үед иргэд дургүйцнэ гэдэг. Иргэдийн амьдрал хэцүү байгаа гэдэг. Мэдээж амьдрал хэцүү байгаа. Түүнээс илүү иргэдэд хоосон хайр зарласан, популистууд олон байна. Үеийн үед энэ хүмүүс Монгол Улсын хөгжлийг хэдэн арван жилээр хойш татаж ирсэн. Энэ хүмүүсийнхээ үгэнд итгэж, хоосон хайранд нь хууртагдаж 34 жил явсныхаа горыг өнөөдөр бид нийтээрээ амсаж байгаа.
-Эрчим хүчний шинэчлэл хийхгүй, үнэ тариф нэмэхгүйгээр одоо байгаагаараа цаашаа явъя гэвэл юу болох вэ?
-Иргэдийн амьдрал хэцүү байна гээд юу ч хийхгүй сууж бас болно. Тэгвэл бидэнд ганцхан сонголт л гарч ирнэ. Тэр нь улс даяараа тоггүй болох. Өнөөдөр Куба улс дөрвөн хоног тоггүй байна. Яагаад тоггүй байгаа нь маш ойлгомжтой. Эрчим хүчний реформоо энэ улс хийж чадаагүй болохоор нийтээрээ тоггүй болсон. Эсрэгээрээ эрчим хүчний шинэчлэлээ амжилтай хийсэн улс орон цөөнгүй байна. Хамгийн наад захын жишээ гэхэд Узбейкстан улс байна. Энэ улс эрчим хүчний реформоо 2.5 жилийн хугацаанд амжилттай хийснээ зарласан. Хоёр жил гаруй хугацааны өмнө энэ улсад юу болж байв. Яг л өнөөгийн Монгол Улсад үүсээд байгаа асуудал тэнд бодитой байсан. Ялгаа байхгүй цахилгааны хязгаарлалтад орчихсон, мөн ОХУ-аас эрчим хүчний хараат байдалтай л явж ирсэн. Ингээд энэ улс Куба шиг нийтээрээ тоггүй болохгүйн тулд эрчим хүчний шинэчлэлээ эхлүүлсэн. Ердөө 2.5 жилийн хугацаанд энэхүү шинэчлэлээ маш амжилттай хийсний хүчинд өнөөдөр эрчим хүчний салбараа босгочихлоо.
-Узбекистан улсын хувьд манайхтай адилхан төр нь үнэ тарифыг барьчихсан, хувийн хэвшил эрчим хүчний салбар луу орох ямар ч боломжгүй болчихсон байсан гэдэг. Яг л манайхтай адилхан байжээ…?
-Тийм. Юу болсон гэхээр Узбекистан улс гурав хоног тоггүй болсон. Хот нь хөлдчихсөн. Хөлдсөн хотоос иргэд, аж ахуйн нэгжүүдээ нүүлгэж байгаа юм. Ийм зовлон нийтээрээ амсаж байж иргэд нь ойлгоод эрчим хүчнийхээ шинэчлэлийг нэн яаралтай эхлүүлсэн. Үр дүнд нь энэ салбараа зах зээлийн зарчимд нь оруулж, өөрсдийгөө эрчим хүчээр бүрэн хангадаг болсон. Манайх заавал энэ алдааг давтах ямар шаардлага байна. Бэлэн туршлага, боломжууд байхад заавал алдааг нь давтаж байж босгох хэрэг байхгүй. Тиймээс бид эрчим хүчний шинэчлэлийг нэн яаралтай эхлүүлье гэж байгаа юм.
-Хамтарсан Засгийн газраас мега төслүүдээ зарласан. Хэрэгжүүлье гэхээр мэдээж эрчим хүчний нөөц шаардлагатай. Тэгэхээр эрчим хүчний шинэчлэлээ хийж чадахгүй бол мега төслүүдээ хөдөлгөх боломжгүй гэсэн үг үү?
-Тэгэлгүй яах вэ. 14 мега төслөө зарлаад, санхүүжүүлээд, хэрэгжүүлье гээд явж байгаа. Гэтэл энэ мега төслүүдэд эрчим хүч хэрэгтэй. Яаралтай хэрэгжүүлье гэж байгаа найман төсөл дээр л гэхэд 600 МВт-ын хүчин чадал хэрэгтэй байна. Энэ нь манай улсад байхгүй. Засгийн газар 150 мянган айл өрхийг орон сууцанд оруулъя, ипотекийн зээлийг олгоё гэж байгаа. Үүнийгээ Үндэсний баялгийн сангаас асуудлыг нь шийдье гэсэн. Гэтэл тэр 150 мянган айлын орон сууцны цахилгаан, дулаан байхгүй. Шинэ айлын орон сууц битгий хэл өнөөдөр баригдчихсан байгаа барилгууд цахилгаан, дулааны зөвшөөрлөө авч чадаагүй байгаа. Цахилгаан дулаан байхгүй л бол юу ч хийх боломжгүй.
-Эрчим хүчний реформ гэж байгаа. Гэтэл яагаад ард түмнийхээ нуруун дээр эдийн засгийн өсөлтийг нэмж байж энэ реформыг хийх гээд байгаа юм бэ гэдэг байр суурьтай хүмүүс олон байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Дан ганц үнэ, тарифын өөрчлөлт биш шүү дээ. Энэ шинэчлэл бол цогц байдлаар хийгдэнэ. Энгийнээр хэлбэл, хүрэн нүүрснээс ногоон руу орж байгаа шилжилт гэж ойлгож болно. Хоёрдугаарт, дутагдлаас экспорт руу чиглэсэн шилжилт. Гуравдугаарт, төрийн монополиос зах зээл рүү шилжиж байгаа шилжилт. Дөрөвдүгээрт, төвлөрсөн системээс тархмал систем рүү явж байгаа өөрчлөлт. Ерөөсөө бидний эхлүүлж байгаа эрчим хүчний реформ гэдэг зүйл дан ганц үнэ тариф биш ийм цогц өөрчлөлт юм. Хүрнээс ногоон руу гэдэг бол маш ойлгомжтой. Дэлхийн эрчим хүчний шилжилт сэргээгдэх эрчим хүч рүү хүчтэй орсон. Биднээс бусад нь ногоон эрчим хүч ашиглаж байна. Гэтэл бид ганцаараа ногоон руу орохгүй нүүрсээ шатаагаад утаа гаргаад эрчим хүч, дулаанаа хангана гэвэл хэн ч энэ салбар луу, энэ улс руу хөрөнгө оруулалт хийхгүй. Нөгөө талдаа сэргээгдэх эрчим хүчний технологи хөгжөөд мөн үнэ нь түүхэн доод түвшиндээ уначихсан байна. Тиймээс энэ чиглэлийн хөрөнгийг оруулж ирэх зайлшгүй шаардлага манайд бий.
-Эрчим хүчний шинэ эх үүсвэр эхнээсээ баригдаж байгаа гэх юм. Яг өнөөдрийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний чадлын дутагдал ямар байгаа юм бэ?
-Монгол Улсын чадлын дутагдлыг би тоогоор хэлье. Цахилгааны хувьд 994 МВт, дулаан дээр 1427 МВт-ын дутагдалтай байгаа. Энэ дутагдлаа нөхөж чадахгүй явж байгаа атлаа жил болгон хамгийн багадаа 10 хувиар хэрэглээ нь өсөж байна. Ийм байдлаар бид цаашаа хаа хүрнэ гэж явах вэ. Өнөөдөр эдийн засгийн өсөлт уул уурхай, хөдөө аж ахуй, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанаас хамаарч байгаа. Гэтэл энэ бүх зүйл эрчим хүч дээрээ очоод гацчихаад байна. Ажлын байр нэмэгдүүлье гэхээр эрчим хүч байдаггүй. Үйлдвэр барья гэхээр эрчим хүч байхгүй. Хөгжье гэхээр эрчим хүч байхгүй. Ийм байхад цаашаа бид хаана хүрэх вэ. Тиймээс л бид дээрх эрчим хүчний цогц шинэчлэлтийг хамтад нь хийе гэж байгаа юм.
-Эрчим хүчний үнийг 34 жил төр барьж ирсэн гэлээ. Энэ утгаараа хямд үнэ, тарифт нийгэм дасчихсан байгаа шүү дээ. Нөгөөтэйгүүр иргэдийн амьдрал хэцүү байгаа нь үнэн. Цалин хөлс нь үнийн өсөлтөө гүйцэхгүй байгаа. Тэгэхээр үнэхээр эрчим хүчний реформ хийх цонх үе нь энэ гэж үү?
-Иргэдийн амьдрал хэцүү байгаа нь үнэн. Гэхдээ ирээдүйнхээ хөгжил, боломжийн төлөө өнөөдрийн хүндрэлийг бид нийтээрээ л даван туулах цаг үе ирчихээд байна. Үнэхээр эрчим хүчний реформ гэдэг бол цогц асуудал мөн. Монгол Улс бие даасан эрчим хүчний тусгаар тогтносон системтэй болох асуудал. Ийм системтэй болж байж эдийн засгийн өсөлт, тэлэлт, улс орны хөгжил урагшилна. Дахин хэлэхэд, эрчим хүч байхгүй бол эдийн засгийн өсөлт байхгүй. Эдийн засаг өсөхгүй бол иргэдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэгдэхгүй. Нөгөөтэйгүүр Монгол Улсын хувьд энэ бүс нутагтаа хамгийн хямд үнээр цахилгаан хэрэглэж байгаа цор ганц үндэстэн. Үүнээс болоод Монгол Улсын хөгжил удаашралтай байна. Магадгүй хоёр сонголт үүсч байгаа юм. Нэг нь эрчим хүчний шинэчлэлээ хийгээд дунд, урт хугацаандаа өртөг багатай эрчим хүч ашиглаж, хөгжиж явах юм уу. Эсвэл өнөөдөр авдаг цалин хөлсөө ирэх 10 жилд ч адилхан аваад, эрчим хүчний хязгаарлалттай амьдрах уу. Бидний өмнө ерөөсөө ийм л хоёр сонголт тулаад ирчихсэн байгаа гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй байна. Гэтэл реформ ярихаар та нар үнэ нэмэх гээд байна гэж шүүмжилж байна. Үнэндээ энэ том реформын нэг хэсэг нь л энэхүү тарифын өөрчлөлт.
-Дахин хэлэхэд, реформ хийхийг хэн хүнгүй л дэмжиж байгаа байх. Хамгийн гол асуудал нь цаг үе нь мөн үү л гэдэг байна. Өөрөөр хэлбэл, өвөл болж байна. Өвөл монголчуудын хувьд хамгийн их эрчим хүч ашигладаг. Дээр нь үнийн өсөлтөө дийлэхгүй байхад дахиад үнэ тарифыг өсгөх суурь шалтгааныг Засгийн газар хийгээд байна шүү дээ. Үүнийгээ ер нь бодсон байлгүй. Ямар эрсдэл бий болно гэж тооцсон юм бэ?
-Ард түмнийхээ ирээдүйг бодсон болохоор л бид мега төслүүдээ эхлүүлье гэдгээ зарласан. Гэтэл тэр төслүүдийг эхлүүлэхийн тулд эрчим хүч хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр манай улсад энэ шинэчлэлийг нэг жилээр ч юмуу хэсэг хугацаанд хойшлуулах ямар ч цаг байхгүй. Том төслүүдээ явуулж байж эдийн засаг тэлэх гээд байгаа юм. Эдийн засаг тэлнэ гэдэг таны, миний авч байгаа цалин хоёр, гурав дахин нэмэгдэнэ гэсэн үг. Жишээ хэлье. Таны баруун гарт нэг сая төгрөгийн цалин байна. Зүүн гар дээр чинь эрчим хүчний үнийн өсөлт болох 30-40 мянган төгрөгийн нэмэлт зарлага байна гэж бодъё. Хэрэв зүүн гар дээр байгаа 30-40 мянган төгрөгөө төлөөд явбал баруун гар дээрх нэг сая төгрөгийн цалин чинь хоёр сая, магадгүй гурван сая төгрөг болох боломжтой байна. Өөрөөр хэлбэл, 30-40 мянган төгрөг зарлагадаад орлогоо хэд дахин нэмэгдүүлэх боломж байна гэсэн үг. Ийм боломжийг бид яагаад алдах ёстой гэж. Хамаагүй 30-40 мянган төгрөгийн зардлыг төр таны өмнөөс өгөөд байя гэж бодъё. Тэгвэл таны авдаг цалин яг л хэвэндээ магадгүй бүүр буурахыг ч үгүйсгэхгүй. Ийм бодит эрсдлээс бид ард түмнээ гаргая гэж байгаа юм. Нийтээрээ тоггүй гацаж байснаас улсаараа хөгжөөд явахыг хэн ч л бодно биз дээ. Ердөө энэ.
-Яг тарифын өөрчлөлт хийсний маргаашаас ямар сөрөг нөлөөлөл бий болох вэ. Магадгүй таны хэлж байгаагаар дунд, урт хугацаандаа энэ нөлөөлөл буурч, тогтворжино гэж байна. Гэхдээ иргэдийн хувьд өнөө, маргаашийн орж ирэх орлого, зарлага л чухал байгаа шүү дээ. Цахилгаан, дулааны үнэ нэмэгдлээ гэхэд дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Үүнээс л иргэд болгоомжилж байна?
-Тарифын өөрчлөлтийг хийлээ гэхэд 2.4 хувийн инфляцийн өсөлт үүснэ гэж тооцсон. Аажимдаа энэ өсөлт буурна. Өнөөдөр эдийн засгийн хувьд инфляци буурч байгаа. Төлбөрийн баланс тогтвортой байна. Ийм цаг үед үнэ тарифын өөрчлөлт хийх нөхцөл нь бүрдчихсэн гэж харж байгаа. Нөгөөтэйгүүр улс төрийн нөхцөл нь ч энэ үед бүрдчихсэн байна. Реформ нь өөрөө улс төрийн шийдвэр. Тэр утгаараа шийдвэр гаргаж байгаа талд хэн ч дуртай байх билээ. Ер нь хамтарсан Засгийн газар яах гэж байгуулагдсан билээ?
-Мэдээж том төслүүд дээрээ улс төрийн хувьд нэгдмэл шийдвэр гаргаж явна гэж л байгуулагдсан байлгүй?
-Тэгэхээр 34 жилийн турш гацчихсан, бие биедээ дэгээ тавьдаг улстөржсөн байдлаасаа салъя. Том төслүүдээ хөдөлгөе. Хоосон улстөржилтийн өөдөөс сөрж, Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах асуудал дээр шийдвэр гаргаж явъя л гэдэг өнцгөөр хамтарсан. Түүнээс биш эрх мэдэл, зөөлөн сандлын төлөө ХҮН нам засагт хамтраагүй. Манай үеийнхэнд тэгэх ч шаардлага байхгүй. Бидний хувьд дуртай газраа очиж ажиллаад явах боломжтой. Бидний гол амбиц бол гал атгаад ч хамаагүй ирээдүйд үр өгөөжөө өгөх, улс орны хөгжлийг түргэсгэх тэр асуудлуудаа шийдье. Магадгүй өнөөдөр иргэдэд таалагдахгүй, дарамт болж байж мэднэ. Харин маргааш нийгэмдээ, иргэндээ хэрэгтэй ажлуудыг барьж авч шийдье гэдэг бол бидний хамгийн гол амбиц. Тэгэхээр өнөөдөр нэмэгдэх гэж байгаа үнэ, тарифын асуудлыг 2-3 жилийн дараа эргээд харахад эртхэн ингээд шийдчихгүй дээ л гэж хүмүүс хэлнэ. Тиймээс бидний хувьд өнөөдрийн ирэх галаас айхгүй. Ирээдүйд нийгэмд үзүүлэх үр ашиг ямар байх вэ гэдгийг л бодож шийдвэр, бодлогоо чиглүүлнэ.
-Ирэх сараас эрчим хүчний үнэ нэмэгдлээ гэж бодъё. Магадгүй хэсэг хугацааны дараа дахиад нэмнэ гэх вий дээ. Нөгөөтэйгүүр энэ удаагийн нэмэгдэл эрчим хүчний үнэ тарифыг зах зээлийн шугаманд нь оруулж чадах уу. Орсонгүй, оруулахын тулд дахиад нэмье гээд явбал яах вэ?
-Үнэ, тарифын өөрчлөлт эхний ээлжиндээ бодит өртгөө л нөхье гэж байгаа. Дараа нь томьёогоор индексжээд явна. Энэ бол нэг л удаагийн арга хэмжээ. Цаашдаа зах зээл нь өөрөө зохицуулаад явна. Энэ тарифын өөрчлөлтөөс болоод үнийн өсөлт явагдаж магадгүй. Явлаа ч тийм өндөр өсөлт явагдах учиргүй. Нөгөөтэйгүүр эрчим хүчний реформ үнэ тарифаасаа эхлэх нь буруу. Угтаа бүтцийн өөрчлөлтөөсөө эхлэх ёстой гэдэг. Энэ нь ч зөв. Бүтцийн өөрчлөлтийг бид давхар авч яваа гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Энэ салбарын тогтолцоог цэвэршүүлэх, нээлттэй ил тод болгох асуудлыг давхар хийж байгаа. Хамгийн гол нь энэ салбар луу бид хөрөнгө оруулагчдыг оруулах хэрэгтэй. Хувийн хэвшлийг оруулах хэрэгтэй. Орохын тулд энэ салбар үр ашигтай байх хэрэгтэй биз дээ. Нөгөө талаасаа бүтцийн өөрчлөлт хийнэ гэхээр төрийн өмчит компанийг олон нийтийн компани болгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн компаниудыг бизнес эрхлэгч, олон нийтэд санал болгоно. Ингэхийн тулд эхлээд тухайн компанийн үнэ цэнийг нь өсгөж, үр ашигтай болгож байж олон нийтэд зарах ёстой. Энэ чигээр нь авах нэг ч хүн, хувийн хэвшил байхгүй. Нөгөөтэйгүүр төрийн өмчит компанийг хямдхан зарж болохгүй. Энэ чинь улсын хөрөнгө. Тэгэхээр үүнд хугацаа шаардагдана. Олон улсын жишгээр бүтцийн өөрчлөлт хийгдэх хугацаа дунджаар 2.5-5 жил болдог. Энэ мэт өнөөдөр өргөс авсан юм шиг асуудал шийдэгдэхгүй. Аливаа асуудал зөв жишиг рүүгээ орох хугацаатай, өөрийн процесстой. Хэрэв эхлээд бүтцийн өөрчлөлттэйгөө ноцолдоод араас нь тарифын өөрчлөлт хийнэ гэвэл наад зах нь гурван жилийн хугацаа орно.
Ингээд дараа нь үнэ, тарифын асуудал руугаа оръё гэвэл Монгол Улс аль хэдийнэ эрчим хүчний гүн хомсдолд орчихсон байна. Бидэнд үнэхээр хугацаа алга. Нэн яаралтай энэ шинэчлэлээ бид улс даяараа хамтдаа эхлүүлэхгүй л бол Куба шиг хэдэн хоног, магадгүй хэдэн сар, жилээр тоггүй болно. Тэр үед өнөөдөр хэцүү байгаа амьдрал улам дор болно шүү дээ. Тиймээс л энэхүү шинэчлэл, өөрчлөлтийг зоригтой эхлүүлж байна.
Зочин · 2024/11/05
DYRA XANI80955877
МАН , АН ын тэнэгүүдийн гай · 2024/11/05
Эрчим хүчиндээ анхаардаггүй ТЭНЭГҮҮД төр барьж иржээ. САЙХАНБИЛЭГЭЭС ялгахын аргагүй ерөнхий сайд нар төр барьжээ. Хүрэлсүх ч ялгаа алга.
ИРГЭН · 2024/11/04
төсөв чинь нэмэгдчихээд байна. танай намч ч попуулист амлалт өгч төсөв буруулна гээд байсан яасан бэ төсөв чинь жаран хувь нэмэндчихээд байна.
Зочин · 2024/11/04
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/11/04
URIN SHINGENE AMSI BOOWN XXI ANUSDI80955877