Интермед эмнэлгээс 50 мянган ам.доллар нэхсэн асуудлыг Тагнуулын Ерөнхий Газар шалгаж байгаа
2024/11/13
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хамгаалах, зөрчилтэй тэмцэх чиглэлээр шийдвэр гаргасан байна. Тус шийдвэрийн талаар ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нэг эмнэлгийн асуудлыг хэд хоног мэдээлээд өнгөрөх бус улсын хэмжээнд онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр тогтолцоо бүрдүүлэх зайлшгүй шаардлага байна.
Монгол Улс нь НҮБ-ын гаргадаг кибер аюулгүй байдлын индексээр 193 орноос 103-т орж байна. Таван үндсэн зүйлээр манай улсын зэрэглэлийг гаргахад хамгийн муу оноо авч байгаа нь техник технологийн ур чадвар, гадаад дотоодын хамтын ажиллагаа юм.
Тиймээс Оксфордын сургуультай хамтарч кибер аюулгүй байдлын эрсдэлийн түвшнийг тогтоох ажлыг эхлүүлээд явж байна.
Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагууд кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй болох чиглэлийг Засгийн газрын хуралдаанаар гаргасан. Мөн улсын төсөв, байгууллагын төсөв батлахдаа мэдээллийн технологийн зардал гэх ерөнхий зүйл ангиллаар бус Кибер аюулгүй байдлын зардал гэх тусгай зүйл ангитай болно.
Ингэснээр кибер аюулгүй байдлын технологийн шинэчлэл, хэрэглэж буй технологи албан ёсны лицензтэй байх чиглэлээр шийдвэр гаргалаа.
Кибер зөрчил, халдлагатай тэмцэхээр манай улсад албан ёсны гурван төв ажилладаг. Тагнуулын Ерөнхий Газрын дэргэд Монгол Улсын Үндэсний кибер аюулгүй байдлын үндэсний төв, Батлан Хамгаалах Яамны дэргэд батлан хамгаалахын чиглэлээр ажилладаг. Харин нийтийн төв нь иргэд, хувийн хэвшлийг энэ төрлийн халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс ажиллаж байгаа" гэв.
"Халдлагын баг Интермед эмнэлгээс 50 мянган ам.доллар нэхсэн асуудлыг Тагнуулын Ерөнхий Газар шалгаж байгаа"
Үргэлжлүүлэн Интермед эмнэлэгтэй холбоотой асуудлын талаар тэрбээр "Өнөөдөр Интермед эмнэлгийн асуудлыг ярьж байна. Кибер халдлагад өртсөн байгууллагыг буруутгахаас илүү дахиж ийм халдлага гаргахгүй байх тогтолцоог яаралтай бүрдүүлэх нь хамгийн зөв арга.
Хэрэв кибер халдлагад өртсөн ямар нэгэн хүн, байгууллагыг буруутгавал дараагийн байгууллага халдлагад өртсөнөө нуудаг. Тиймээс тэмцэж буй хүмүүс хаанаас орж ирж нэвтрээд байгааг олж илрүүлэх явц нь удааширдаг.
Интермед эмнэлгийн барьцаалагдсан есөн серверийг дөрвөн мэргэжилтэн бүрэн нээх, нөхөн сэргээхээр ажиллаж байна. Тус есөн серверийг файлыг барьцаалсан халдлагын баг нь Европын улсуудын олон эмнэлгийн файлыг барьцаалж байсан.
Одоогоор тус эмнэлгийн барьцаалагдсан серверийн файлууд сэргээгдээд эхэлсэн. Хэдэн хүний мэдээлэл алдагдсан тухай дүгнэлт хийхэд эрт байгаа. Ирэх долоо хоног албан ёсны дүгнэлт гарна. Гэхдээ үйл ажиллагаа хэвийн болж, серверүүд ажиллаж эхэлсэн.
Халдлагын баг Интермед эмнэлгээс 50 мянган ам.доллар нэхсэн асуудлыг Тагнуулын Ерөнхий Газар шалгаж байгаа. Би мэдэж байгаа ч хуулийн дагуу мэдээллийг өгөх боломжгүй.
Кибер халдлага манай улсаас хол гэж боддог. Уламжлалт аргаар 2-3 IT мэргэжилтэнтэй байх бус кибер аюулгүй байдлын мэргэжилтнийг зайлшгүй авч ажиллуулах цаг үетэй нүүр тулж байна" хэмээн ярилаа.
Зочин · 2024/11/13
ANUSN80955877