Улаанбаатар хотод автомашины дугаар олгох журам зөрчилтэй учир энэ алдаагаа засах ДҮГНЭЛТ хүргүүлжээ
2024/11/15
Улаанбаатар хотын автомашинд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг хүний эрх зөрчсөн, ялгараварлан гадуурхсан гэж үзэн хотын дарга Х.Нямбаатарт энэ журмаа хүчингүй болгох албан бичиг хүргүүлжээ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Х.НЯМБААТАР ТАНАА
Тус яаманд “Нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг батлах тухай" Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А1230 дугаар захирамж батлагдсантай холбогдуулан Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо, Эко авто машин импортлогчдын холбооноос тус тус хүсэлт ирүүлээд байна
Хүсэлтэд “... Захирамж хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хотод оршин суух иргэдийн зүгээс шинээр машин худалдан авч өмчлөх эрх нь хязгаарлагдах, сар бүр машины дугаар авах дараалалд орох, дараалал олгох төрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, дугаарын хууль бус худалдаа, авлига нэмэгдэх, машины худалдаа эрхэлдэг олон иргэд энэ зах зээлд чөлөөт өрсөлдөх боломж хомс болсноор чөлөөт зах зээл хумигдах, том хэдэн компаниудад давамгай байдал үүсгэх зэрэг олон сөрөг үр дагавар үүсэх нөхцөл бүрдсэн нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэд хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг хязгаарлах төдийгүй иргэдийн эдийн засаг, нийгмийн /иргэд тээврийн хэрэгсэл шинээр өмчлөн, улсын дугаар авч бүртгүүлэх/ харилцаанд саад хориг учруулсан, авлига, хүнд суртал гарах нөхцөл бүрдүүлсэн, уг журамтай холбогдуулан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг хийж санал авах ажил хийгээгүй зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байх тул захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэхээс татгалзаж өгнө үү” гэжээ.
"Нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг батлах тухай" Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А1230 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн дагуу хянаад дараах ажиллагааг хийлгэхээр дүгнэлт хүргүүлж байна. Үүнд:
Нэг. Журмын тухайд
1. Захирамжийн тэмдэглэх хэсэгт үндэслэл болгосон ".., Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 дахь заалт" гэснийг. “.., Автотээврийн тухай хуулийн 17 дэх зүйлийн 171.7 дахь хэсэг" гэж, мөн журмын 1.2-т".. Автотээврийн тухай хуулийн 17.2-т" гэснийг"... Автотээврийн тухай хуулийн 17'.2-т" гэж тус тус засах;
2. Журмын 3.2-т дугаар олгох дэс дарааллыг цахимаар олгохоор шалгуур үзүүлэлтийг жагсаасан байх бөгөөд үүний дотор 3.2.5-д "хүсэлт гаргасан иргэн хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлгүй бол эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлтэй иргэн, хуулийн этгээдийн өмнө нь байх" гэж, 3.2.6-д "хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолтой бол эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолгүй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх" гэж заасан нь хүнийг хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхсан шинжтэй байна.
Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна гэж заасантай нийцэхгүй байна;
3. Журмын 4.1-д “...Зам, тээврийн хөгжлийн сайдын баталсан /хуучнаар/ Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хөтлөх, улсын дугаар олгох журам"-ын" гэснийг нь энэ журмын 1,2-т заасан эрх бүхий байгууллагаас баталсан журамд заасны” гэж өөрчлөх;
4. Журмын 4.2-т ".. шинээр эрэмбэлэн, дараалал тогтоон .." гэж заасан нь авлига, хүнд суртал үүсгэхээр байх тул аль болох хүний оролцоогүйгээр системээр эрэмбэлэх, түүнчлэн энэхүү үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй, ил тод байлгах талаарх нөхцөлийг тусгах;
5. Журмын зорилгыг тодорхойлсон заалт нэмж тусгах:
6. Журмын танилцуулгад "Тус шалгуур үзүүлэлтийг даган Зам тээврийн хөгжлийн сайдын баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх журам"-ыг шинээр батлагдсан хууль тогтоомж болон энэхүү журамтай холбогдуулан нийцүүлэх хэрэгцээ, шаардлага үүссэн эсэх, шаардлагатай тохиолдолд ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаарх мэдээлэл байхгүй байгааг анхаарч, нягтлах.
Хоёр.Нөлөөллийн шинжилгээний тухайд
Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээг энэ зүйлийн 61.6-д заасан аргачлалын дагуу хийх, түүнд тусгах асуудлуудыг тодорхой заасан байна. Гэтэл Танаас ирүүлсэн захиргааны хэм хэмжээний актын нөлөөллийн шинжилгээнд дараах нөхцөл байдлуудыг хангалттай хэмжээнд тусгаагүй, зарим зайлшгүй хийх ёстой ажиллагааг хийгээгүй байна гэж үзлээ. Тухайлбал:
1. Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4.4-д заасны дагуу уг шийдвэр нь хүний эрх, эрх чөлөө, өрсөлдөөнийг хязгаарласан, аль нэг аж ахуйн нэгжид давуу байдал олгосон, эсхүл үйл ажиллагааг нь хориглосон, эдийн засаг нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан, ямар нэгэн саад хориг тогтоосон, аливаа хүнд суртал, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт агуулж байгаа эсэх, хэрэв агуулж байгаа бол тэр хязгаарлалт нь хуульд нийцсэн эсэхийг нөлөөллийн шинжилгээгээр тогтоож, дэд асуултад баримт, тооцоо судалгаанд үндэслэн дэлгэрэнгүй хариулт өгөх байдлаар хийх ёстой байдаг.
Харин танай ирүүлсэн нөлөөллийн шинжилгээний 4 дэх хэсэгт дэд асуултад "тийм”, “үгүй” гэж товч байдлаар хариулт өгсөн мэдээллийг бүрэн гүйцэд авах боломжгүйгээс шаардлага хангахгүй байна.
2. Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т “Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ" гэж заасны дагуу энэ зүйлийн 62.3-т зааснаар аль бүлгийн хүрээнд хэлэлцүүлгийг зохион байгуулсан, ямар санал гарсан, тэдгээрийг шийдвэрт хэрхэн тусгасан, тусгаагүй бол яагаад тусгаагүй талаарх мэдээллийг хийж ирүүлээгүй, харин уг журмын төслийг Ulaanbaatar.mn цахим хуудсаар дамжуулан санал авч санал өгсөн иргэн хуулийн этгээдээс ирүүлсон саналыг нэгтгэсэн товчоог ирүүлсэн байна
Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн гол зорилго нь тухайн хэм хэмжээний актаас үүдэн хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй иргэн, хуулийн этгээдийн эрх ашигт хамгийн бага халдах боломжийг эрэлхийлэх, тэдгээрээс ирүүлсэн саналыг үндэслэл бүхий нотолгоо, тайлбараар хэм хэмжээний актад тусгах эсэхийг шийдэхийг зорих ёстой. Харин тэдгээрийн өгсөн эсрэг саналыг тусгаагүй бол үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлах ёстой буюу Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.5 дахь заалтын дагуу захиргааны байгууллага нь уг шийдвэртэй холбогдуулан ирсэн саналуудыг хэм хэмжээний актад тусгасан эсэх, тусгаагүй бол үндэслэлээ тайлбарлах үүрэгтэй байна.
Иймд дээр дурдсан зөрчлийг арилган, Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо, Эко авто машин импортлогчдын холбооноос ирүүлсэн гомдлыг хянан үзэж, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 62.3 дахь хэсэгт заасан хүрээнд хэлэлцүүлгийг зохион байгуулж, уг шийдвэрийг шинэчлэн баталж, хянуулж бүртгүүлэхээр ирүүлэх нь зүйтэй байна.
Зочин · 2024/11/17
ANUSDI80955877BOOBN XXI
Зочин · 2024/11/15
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/11/15
хэн явуулаад бгаа юмдээ