БАЙР СУУРЬ: Махны үнийн өсөлтийн талаар хэн, хэн юу өгүүлэв
2 цагийн өмнө

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хаврын тариалалтын бэлтгэл ажил, мал төллөлтийн явцын мэдээ болон цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсов.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл махны үнийн өсөлтийн талаар салбарын сайдаас тодруулсан юм.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Хэрэглээний үнийн индекст том байр эзэлдэг махны үнийн асуудал байна. 2025 оны аравдугаар сарын 20-нд үхрийн ястай мах нэг кг нь 20 мянга гаруй төгрөгийн үнэтэй байсан бол таван сарын дараа буюу өнөөдөр 32 мянган гаруй төгрөгт хүрч, 52.6 хувиар өссөн байна. Бусад бүх төрлийн махны үнэ өссөн. Олон сая малтай ч хот суурин газарт махны эрэлтээ хангаж чадахгүй байна. Үүн дээр ямар бодлого хэрэгжүүлэх гэж байна вэ.
Хоёрдугаарт, хөлдөөж хадгалсан махаар хот сууринд амьдарч байгаа иргэдийн хэрэгцээг хангах боломжгүй байна. Амтгүй, хатсан юм шиг мах байгаад байна. Шинэ технологи оруулж ирэх, түүнийг нь бодлогын түвшинд дэмжих боломж бий юу.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат: Манай яамны үүрэг бол малтай байх, малчинтай байх, хоол ундтай байх талын зохицуулалтыг хариуцах.
Нөөцийн махыг яам биш нийслэл хариуцаад гурван жил болж байна. Улаанбаатар хотын хувьд зах зээлд гаргаагүй байсан 3,000 тн махаа түгээлтийн цэгийг нэмэгдүүлэх замаар иргэдэд хүргэж байгаа.
Амттай, шинэ махыг нийслэлийн эргэн тойронд аж ахуйн нэгжүүд бэлтгээд зах зээлд нийлүүлж байгаа. ХХААХҮЯ-наас махны фермерийн үйл ажиллагаа эрхэлж байгаа газруудад олон төрлийн хөнгөлөлттэй зээл олгодог.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Говь нутагт усгүйдэж, бэлчээр хомсдож байна. Малчид мал сүргээ өсч үржүүлэхэд хүндрэлтэй байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчин над руу мессеж бичиж байна. Зүүн аймгуудад ноолуурын дуудлага худалдааг амжилттай зохион байгуулсан гэж сонссон. Одоо нэг кг ноолуур ямар үнэтэй байна вэ. Мөн хүлэмжийн аж ахуйн эрхлэхэд төрөөс ямар дэмжлэг үзүүлэх вэ. Хүүгүй урт хугацаатай зээл олгох уу?
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Ноолуур бол малчдын орлогын эх үүсвэр. Ноолуурын үнийг аль нэг сайд тогтоохгүй ээ. Зах зээлийнхээ ханшаар явна. Энэ жилийн ноолуурын үнийг нэмлээ гэж ярьж болохгүй. Салбар яамнаас биржээрээ дамжуулан дуудлага худалдааг зохион байгуулж байна. Бүс нутгийн ноолуурын гаралттай холбож зохион байгуулахгүй бол самнаж дуусаагүй байхад нь дуудлага худалдаа хийж, үр дүнгүй ажил болох эрсдэлтэй. Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зуны болон өвлийн хүлэмжийг хөгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталсан. Хүлэмжийн чанараас авхуулаад олон зүйл байгаа учраас бүсчилсэн байдлаар хоршоодтой хамтран ажиллана. Олгох дүрэм журмын хувьд салбар яам маш нээлттэй ажиллана. Малаас гарч байгаа түүхий эд мах, арьс шир, ноолуур, ноос, дайврыг үнэд оруулахад гол анхаарлаа хандуулна. Арьс шир боловсруулах үйлдвэрийн цаасан дээрх төсөл олон байгаа ч Эмээлтийн төслийг яаравчлах тал дээр анхаарна. Дарханы арьс ширний үйлдвэрийн асуудал бүтэхгүй болсон юм билээ. Ард иргэдийг хуурах боломжгүй. Ерөнхийлөгчийн санаачилсан "Цагаан алт" хөтөлбөрийнхөнтэй уулзахад бүтээгдэхүүн хийх тал дээр аж ахуйн нэгжүүд олон ажлыг хийж байна. Гадаад руу экспортлох асуудлыг хэлж, ярьж байна.
УИХ-ын гишүүн Р.Сэддорж: Амьд мал гаргах үйл ажиллагаа явж байгаа юу. Ямар бодлого барьж байгаа вэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх амьд адуу гаргахыг хориглож байсан шүү дээ. Тийм ч сайн зүйл биш байх. Хойшоогоо Эрхүү, Буриадад монгол мал үржүүлж байгаа сураг дуулсан. Махны экспортыг сүүлийн хоёр жил хориогүй. Малчид махнаас 40 хувийн орлого олдог гэх тооцоо бий. Энэ махны үнийн өсөлт малчдад сайнаар нөлөөлж байна. Залуу малчдыг бэлтгэх тал дээр анхаарч байна вэ?
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Монгол Улс байгаа тохиолдолд мал, малчин хоёр зайлшгүй байна. Байж байж улс орон байна. Тийм учраас би сайдын ажлаа авсан даруйдаа махны үнийн талаар шүүмжлэл авсан. Бодит байдлыг ч хэлсэн. Амьд малын экспортын асуудал байна. Салбарын сайдын хувьд махны экспортыг зогсоох, тээг саад тавих зорилго байхгүй. Харин ч махны экспортыг нэмэгдүүлж, орон нутгаасаа экспорт хийх боломжийг бүрдүүлэх нь чухал. Энийгээ амжилттай хэрэгжүүлж чадвал амьд малын экспорт зогсоох байр суурьтай байгаа. Яагаад гэхээр нэмүү өртөг эх орныхоо эдийн засагт шингэх ёстой. Ер нь Замын-Үүдээр үржлийн бус малын 20 хувийг амьдаар гаргаж болно гэдэг Засгийн газрын тогтоолтой юм билээ. Тийм учраас тавдугаар сарын 8-нд махны, ургамлын экспорт зэрэг дөрвөн экспортыг анхаарах хүрээнд БНХАУ-ын Хорио цээрийн албатай хамтран орон нутгийн бүх махны үйлдвэрүүдэд сургалт хийж, экспортын эрхийг нээлгэхээр хичээн ажиллаж байна. Залуу малчдын асуудал бол их яригддаг асуудал. 2000 оны эхээр малчид хүүхдээ сургуульд сургахгүй мал дээр гаргаж байна гэдэг байсан. Мал аж ахуйгаас гарч байгаа ашиг тусыг нэмэгдүүлбэл залуус мал аж ахуй руугаа гарна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Танд амжилт хүсье. Орон нутагт ажиллаж байсан туршлагатай хүн. Махны үнийн судалгааг зах зээл дээр судалж олны хэл ам дагуулах шиг боллоо. Энэ бол буруу биш, зөв байсан. Махны нийлүүлэлт, өртгийн сүлжээтэй холбоотой асуудалд шинэчлэлт хийх цаг болсон. Салбар яаман дээрээ нэг бодлогыг зангидсан байдаг. Урьдны сайд чинь хэл үг огт авдаггүй байсан шүү. Махны өртгийн сүлжээг нэг мөр болгох шаардлагатай. Малчид ойрын махны үйлдвэртээ махаа нийлүүлж, үйлдвэр нь стандартын дагуу бэлтгэж, зах зээл рүүгээ нийлүүлдэг баймаар байна. Улс, орон нутгийн хэмжээнд хэдэн махны үйлдвэр байна вэ. Тэгэхгүй бол бид малчны бэлдсэн мах, ченжийн бэлдсэн мах гээд үнийн хувьд асар зөрүүтэй байх жишээтэй. Махны экспортын үнэ бас нэг өөр байна.
Малынхаа эрүүл мэндтэй холбоотой асуудалд анхаарч, дайн зарлах хэрэгтэй болчихоод байна. Малын өвчингүй бүсээ байгуулж, Мал эмнэлгийн даргаар зоригтойгоор маш сайн хүн томилох хэрэгтэй. Шинэ хоршоогоо маш сайн дэмжих хэрэгтэй. Малчид өөрсдөө трактор авч, хадлангаа хадах боломжтой болсон.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: "Шинэ хөдөө" хөтөлбөрийг санаачлан ажиллаж байсан хүн бол Ж.Бат-Эрдэнэ. Би бол төрийн яамыг тогтвортой байлгаж, янз бүрийн халаа сэлгээ хийхгүй. Сайдын зөв гэдэг муйхар бодлого явуулахгүй. Эрдэмтэн судлаачдын үгийг тусгаж ажиллана. Ченжийн систем бол олон жил урхагшсан байна. Бодлогын том дүр зураглал гаргаж, мал эмнэлгийн салбарт зоригтой шинэчлэл хийж ажиллана. Өнөөдөр 100 гаруй тэрбумын төсөвтэй мөртлөө өмнөх байдлаасаа огт сайжраагүй байна. Эрүүл мах гэж баталж байгаа газар яг үнэндээ алга. Бид ядаж сургууль, эмнэлэг, цэцэрлэгт өгч байгаа махаа шинжилдэг болмоор байна гэж нэг хүн хандаж байсан. Тийм учраас энэ ажилд анхаарч ажиллана.
Газар тариалангийн салбарын өсөлт 570 мянган га талбайгаас 630 мянга болж өссөн. Төмс 16 мянган га, хүнсний ногоо 18 мянган га талбайд тарина. Амжилттай тарьж чадвал улаанбуудай болон төмсний хэрэгцээгээ дотооддоо 100 хувь хангана. Мөн хүнсний ногооныхоо 80 хувийг хангахаар төлөвлөж байна. Цаашдаа дотоодын хэрэгцээгээ 100, 100 хувь хангах Засгийн газрын тогтоолыг өнгөрсөн долоо хоногт гаргасан. Өвлийн хүлэмж ажиллуулдаг хүмүүст цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх гэх мэт олон ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Зуны хүлэмжийн асуудалд газартай, туршлагатай хүмүүст хоршоодоор дамжуулан хамтран ажиллана.







Зочин · 55 минутын өмнө
BOOB XXN BOOW DOLOOJ AL SEXSEER ANUSDI80955877