“Женко”-гийн хэмээн энэ Засгийн газарт ад үзэгдэх болсон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

“Шинэчлэлийн” хэмээх Засгийн газарт МоАХ-ноос тун цөөн хүн багтаж буй. Төрийн дээд дунд бол бага албан тушаал гээд бүгдэд нь “Алтангадас”, “Шонхор”-ынхон бууриа эзэлсэн байгааг бид бүхэн сайн мэднэ. Тиймээс МоАХ-оос Б.Батзаяа гэгч Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан бол өнөөдөр суудлаа өгчээ. 

     Тодруулбал, Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяагийн тухай хэлэлцэн ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Чөлөөлөх саналыг Засгийн газрын тэргүүн оруулж ирж, хэлэлцүүлсэн гэх мэдээлэл байна. Түүнийг ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр чөлөөлжээ. 
     Харин түүний оронд тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаярыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Тодруулбал, МоАХ-ын энэ суудлыг “Алтангадас”-чууд авлаа. Эх сурвалжийн хэлж байгаагаар Ё.Манлайбаяр нь “Алтангадас” буюу Н.Алтанхуягийн фракцид багтдаг  юм байна. Ийнхүү Н.Алтанхуяг МоАХ-оос суудлаа булааж авлаа. 

        Анхнаасаа Н.Алтанхуяг Б.Батзаяаг жийх сонирхолтой байсан. Өнгөрөгч зургадугаар сард яам агентлагийн удирдлагуудтай сар бүр хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал болж, үүгээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “АЗЗА” компаниудад хуваарилсан зам засвар, арчлалтын мөнгийг хугацаанд нь олголгүй хойшлуулсан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт хариуцлага тооцож цалингийн тодорхой хувийг хасах болсныг мэдэгдэж, байсан. Энэ бол “Алтангадасчууд” МоАХ-оос суудлаа булааж авах эхний алхамаа хийж байсан хэрэг. 
 

А.Гал