Манай улсын эдийн засгийн байдал утгаараа мөлхөж яваа. Үүнийгээ дагаад ард иpгэдийн амьдрал доройдож, нийгмийн нөхцөл хүндэрсээр байгаа гэдгийг тодоос тод гэрчлэх судалгааг Үндэсний статистикийн хороо долоодугаар сарын тайландаа тусгажээ.

Энэхүү тайланд ганц ч гялтах сайн мэдээ алга. Тухайлбал, хүн амын амьжиргааны үзүүлэлт доройтсон, валютын ханш өсч төгрөгийн худалдан авах чадвар доройтсон, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш өссөн, улсын төсөв алдагдалтай гарсан зэргээр хөвөрнө.

Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны зургадугаар сарын эцэст 10211.2 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 29.3 тэрбум төг буюу 0.3 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 2207.4  тэрбум төг буюу 27.6 хувиар өсчээ. Төгрөгийн ам.доллартай тэнцэх дундаж ханш 25 хувиар уначихсан. Мөн төгрөгийн ханшийн уналтыг зогсоох гэж Монголбанк бодлогын хүүгээ өсгөсөн ч арилжааны банкуудад зарж байгаа доллар өнөөдрийн байдлаар 1900 төгрөгтэй тэнцчихлээ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2014 оны  эхний хагас жилд 2729.4 тэрбум төг, зарлага,  эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2970.0 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 240.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалтай  гарахад зарлагын өсөлт нь орлогын өсөлтөөс 3.6 пунктээр илүү байгаа нь нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ,  улсын хэмжээнд 2014 оны 6 дугаар сард өмнөх сарынхаас 0.5 хувь, оны эхнээс 6.7 хувь, өмнөх  оны мөн үеийнхээс 14.6 хувиар өссөн гэв.

Мөн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2014 оны 6 дугаар сарын эцэст 54.9 мянга болсны 29.4 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 33.9 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 7.9 мян. хүн буюу 18.8 хувиар, өмнөх сарынхаас 4.1  мян.хүн буюу 10.7 хувиар буурсан байна.  Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 18.4 мянга буюу 54.2 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.3 пунктээр өсчээ. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2014 оны эхний хагас жилд ажилгүй 43.6 мян.иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 14.7 мян.иргэн ажилд зуучлагдан орж, 52.5 мян.иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.

Түүнчлэн эрсдэл ихтэй, чанаргүй зээлийн хэмжээ өссөн байна. Амьжиргаагаа залгуулж чадахгүйд хүрсэн иргэд болоод хувийн байгууллагууд яаж зээлээ эргэн төлөх вэ гэдэг дээрээ гацаж чанаргүй зээл нэмэгдэж буй биз. Нэгхэн сарын дотор чанаргүй зээлийн хэмжээ 32 тэрбумаар нэмэгдсэн байна. Тодруулбал, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд  олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2014 оны 6 дугаар сарын эцэст 12302.1 тэрбум төг  болж, өмнөх сарынхаас 237.2 тэрбум төг буюу  2.0 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 3693.8 тэрбум төг буюу 42.9 хувиар өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2014 оны 6 дугаар сарын эцэст 438.3 тэрбум  төг болж, өмнөх сарынхаас 57.0 тэрбум төг  буюу 15.0 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 288.5 тэрбум төг буюу 2.9 дахин өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 3.6 хувийг эзэлж байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй  зээл 2014 оны 6 дугаар сарын эцэст 567.0  тэрбум төг болж, өмнөх сарынхаас 52.8 тэрбум төг буюу 8.5 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 250.1 тэрбум төг буюу 79.0 хувиар  өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн  өрийн үлдэгдлийн 4.6 хувийг эзэлж, өмнөх оны  мөн үеийнхээс 0.9 пунктээр өсчээ.

Эхний хагас жилийн статистик мэдээ үнэхээр эдийн засгийг эргэн сэхээнэ гэсэн горьдлогыг төрүүлэхээргүй үзүүлэлтэй гарсан байх юм. Энэхүү муу мэдээнд итгэхийг хүсэхгүй байгаа ч засгийн газрын дэргэдэх статистикийн хорооноос гаргадаг мэдээ болохоор итгэж, нөхцөл байдал муудаж байгааг хэн хүнгүй хүлээн зөвшөөрч байх шиг. Гэхдээ энэ нь эдийн засгийн хямрал гэдэгтэй хэн ч эвлэрэхгүй байгаа нь сонин.

"ЭЗЭН-100" хөтөлбөр гэж нэрнээс цаашгүй ажил гэж олон хүн тодотгож буй. Эхэлсэн өдрөөсөө л амьтанд ад үзэгдэж байсан эл хөтөлбөр дуусахад 3 хоног үлдлээ. Гэхдээ хөтөлбөрийн эзэд тайлангаа 18-ны дотор гаргаж олон нийтэд зарлах юм. Энэ ажлын үр дүн урт хугацааны дараа харагдана гэж байгаа. Тэрхүү үр шимийн хүртэж чадах үгүйг харж л суухаас...

Х.Даваа