УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас "Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” дөрөвдүгээр сарын 18-ны өдөр нэн яаралтай хэлэлцэх асуудал хэмээн үзэж өргөн мэдүүлэн хэлэлцсэн билээ. Энэхүү төсөл батлагдсан өдрөөс эхлэн "Эдийн засгийг эрчимжүүлэх 100"-хоногийн тоолуур гүйж эхэлсэн.

Өнгөрсөн тавдугаар сарын 10-ны өдрийн уг хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн,  Ажлын хэсгийн ахлагч  Д.Зоригт: "Ам.долларын ханш буурах эерэг хүлээлт байгаа. Гадны хөрөнгө оруулалтыг татах  10 гаруй  заалт тогтоолын төсөлд тусгасан. Гадаад хөрөнгө оруулалт нэмэгдснээр ам.долларын ханш буурах боломжтой" гэсэн. Тэгвэл 100 хоногоос 3 хоног л үлдлээ. Гэтэл ам.долларын ханш буурах нь бүү хэл улам өссөөр байгааг ажлын хэсгийн ахлагч дээрх үгийг хэлэхдээ ийм зүйл тохиолдоно чинээ санаагүй бололтой.

Ам.долларын ханш нэг өдрийн дотор 50 төгрөгөөр нэмэгдэж, 1900 төгрөгтэй тэнцэж эхэлсэн. Д.Зоригтын яриагаар бол уул нь 97 хоногт нь буурах ёстой байсан. Гэтэл буурах нь битгий хэл өсчихлөө. Нэг жилийн дотор ам.долларын ханш 500 төгрөгөөр өссөн тохиолдолд урьд өмнө нь байгаагүй хэмээн эдийн засагчид ярих болсон.

Долларын өсөлтийг экспорт буурсан холбон үзэх ч гишүүн ч бий. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: "Валютын ханшийг сүүлийн нэг жилд огцом өсгөсөн гол шалтгаан нь экспорт буурснаас үүдэлтэй. Үүнээс гадна гадаадын шууд хө­рөнгө оруулалт эрс багассан. Гу­рав­дугаарт, Монголбанкинд ту­шаах алтны хэмжээ багассанаас болж валютын ханш өссөн. Үүнээс болж дээрх эрсдэл эдийн за­сагт үүсч байгаа юм. 

Энэ бүхнээс  үзэхэд, Засгийн газар  ажлаа хийж чадаагүй  болох нь батлагдаж байна.  Ажлаа хийж чадахгүй байгаагийн нэг жишээ нь  Засгийн газраас энэ оны төсвийг батлахад ам.долларын ханш 1384 төг­рөг байна гэж эрх баригчид тайл­бар хийж байсан ч тэд өнөөдөр хэлсэндээ хүрсэнгүй" гэж шүүмжлэгчид байгаа.

Хөл дээрээ дүүжигнэж буй эдийн засагт нэмрээс болсон зүйлүүд эл 97 хоногт олон болов. Тухайлбал, зээлжих зэрэглэл тогтоодог “Moody’s” Монгол Улсын Хөгжлийн банкны зэрэглэлийг нэг төвшнээр бууруулж, B2 болгосон. Үндэсний авиакомпани дампуурлаа зарласан. Хувийн хэвшлийн олон байгууллагууд ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй болсон гэх шалтгаанаар үүдээ хаасан.

Түүнчлэн Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны зургадугаар сарын эцэст 10211.2 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 29.3 тэрбум төг буюу 0.3 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 2207.4  тэрбум төг буюу 27.6 хувиар өсчээ. Төгрөгийн ам.доллартай тэнцэх дундаж ханш 25 хувиар уначихсан.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ,  улсын хэмжээнд 2014 оны 6 дугаар сард өмнөх сарынхаас 0.5 хувь, оны эхнээс 6.7 хувь, өмнөх  оны мөн үеийнхээс 14.6 хувиар өссөн.

Өдийд эдийн засаг нь сэхчихсэн байх байсан. Гэвч эл ажлаа олигтойхон хийсэнгүй эсвэл хэрэгжүүлэлт нь  алдаатай байсан уу? ердөө 3-хан хоног үлдэхэд иргэдийн бухимдал дээд цэгтэй хүрчихлээ. Одоо хичээл эхлэх дөхөөд ирэхээр юмны үнэ өсөөд ирдэг. Үүнд мөнөөх доллар буруутай. Цаас руугаа буруугаа чихэж суухаар ажил хийж чадахгүй, амласан амлалтаа биелүүлж чадахгүй суугаа эрх мэдэлтнүүдээс хариуцлага нэхье!!!

Х.Даваа