Аливаа дээд хэмжээний уулзалт нь эхлэлийн цаг байдаг. Хуучныг дуусгаж шинийг эхлэе гэж уулздаг. Ямар хуучныг яаж дуусгаж ямар эхлэлийг шинээр тавих вэ гэдэгт л асуудал болоод айлчлалын утга нуугдаж байдаг.
 
Бидний чухал хэрэгтэйг хөрш маань хуучин гээд хаяхыг хүсвэл яана. Бидний ирээдүйд харш шинийг хөрш маань тулгах гэж оролдвол яах вэ зэрэг асуудлууд өмнө нь шийдэгдчихсэн байдаг. Урьдчилсан шийдвэрлэлтэд  яаж оролцов гэдгээс улс төрчдийн нүүр царай харагдах төдийгүй түүхэн үнэлгээ хамт хийгддэг. Хэн нь хэн бэ гэдэг нь мэдэгддэг.
 
Шанзав Бадамдорж шиг  Дундад иргэн улсын ерөнхийлөгчийг биет бусаар авчраад улсаа бэлэглэчих тохиолдол ч байдаг. Ю.Цэдэнбал шиг Брежневийг удаа дараа айлчлуулаад улсаа өөд нь татчихдаг нэгэн ч байх. 
 
Энэ жаяг, жишгээс энэ удаагийн айлчлал ч хазайхгүй нь мэдээж. Айлчлалын хүрээнд гурван улсын ирээдүйг тойрон өрнөх үйл явцын эхлэл тавигдана. Манай талын сэдэл чармайлт,оролцооноос хамааралтайгаар хөршүүд маань аль хэдийн бүхнийг яг таг тохиролцсон.
 
Одоо ёслолын чанартай арга хэмжээнүүд л үлдсэн. Хэлбэрийн хувьд тэгж харагдаж болох хэдий ч утга агуулгын хувьд харилцаа,хамтын ажиллагааны амьд хөдөлгөөнтэй,эрэлт хайлттай үйл явц өрнөхгүй.
 
Харин үүний оронд улс төрийн үндэс угшилтай худалдаа,эдийн засгийн яриа хэлэлцээр явагдаж янз бүрийн гэрээнд гарын үсэг зурагдана. Санхүү,хөрөнгө мөнгөтэй холбоотой төсөл хөтөлбөрүүд яригдана.
     
Харин айлчлал зарим талаараа их гүрнүүд Монголын өөг эгцэлж хараад  өөрсдийнхөөрөө “цэгцэлж “байсны нэг жишээ болон түүхэнд үлдэнэ. Манай улс төрд нөлөөлж дотоодын зарим нэг маргааны ялагчийг тодруулж “зөвтгөнө”. Шинэ төмөр зам, цариг гэх мэт асуудлаарх маргаанд Си дарга хувь нэмэр оруулна. 
 
Үр дүнд нь улс төрчид Си даргыг урдаа барих “эрхтэй”, өөрсдийгөө зөвтгөх үгтэй болно. Хөршөө хүндэтгэх,олон улсын харилцааны зарчмыг баримтлах гэсэн хаяг шошго  тэдэнд хамгаалалт болно. В.Путин Халх голын ялалтын маргаанд хувь нэмэр оруулна. 
 
Энэ дашрамд Халх голын ариун дайныг гутаахыг санаархагчдад сануулахад  өвгөдийн “сүнсийг өвтгөх” гэж оролдох хэрэггүй.Учир нь эх орончид мөнхийн хамгаалалтанд орсон хүмүүс юм.Өөрөө байхгүй ч өөрийгөө өмөөрөх,хамгаалах хүмүүсийг үлдээж чадсан азтай, гавьяатай хүмүүсийг эх орончид гэдэг. 
 
Шинэ харилцааны эхлэл болдог дээд хэмжээний уулзалтын үр дүн нь урт хугацаанд хүчинтэй байдаг. Их уулзалтаас өөрт олдож буй хөршийгөө дахин сонгох боломжийг л монголчууд алдаж болохгүй. Хятад,Орос хоёр гэсэн мөнхийн хөршийг мөрөөдлийн хөрш болгож чадахгүй ч гэсэн цаашдаа дайсагнасан Хятад, далайсан Оростой хөршлөх үү эсвэл? гэдгийг бид сонгох эхлэлийн цэг дээр зогсож байгаа гэдгээ ухамсарлах.
 
Энэ нь тэдний бидэнд хандах хандлага, бодлогод өөрсдийнхөө эрх ашгийн үүднээс чадах хэмжээгээр нөлөөлнө гэсэн үг. Хөршөө сонгоно гэдэг нь тухайн улсын бодлогод нөлөөлөх оролдлого, зүтгэл чармайлт, эр зориг юм. Түүнээс биш Орос Хятад хоёрыг бид хажуу хавирганаасаа хааш нь хөөх вэ дээ. 
 
Харин тэдний бидэнд харш бодлого, үйл ажиллагааг нь манай өвгө дээдэс хөөж чадаж байсны хамгийн том илрэл нь монголын Тусгаар тогтнол.
 
Монголчууд,Си Зинь Пин,В.Путин хоёрыг ирэхэд нь баахан буудна.Ёслолын буудлага. Буцахад нь бас баахан буудна. Үгээрээ.Онох эсэхийг харин сайн мэдэхгүй. Айлчлалын үеэр нэг дуу тэнгэрт хүрээд нэг дуу газарт унаад байх ёсгүй. Байгаагаараа л байх хэрэгтэй. 
 
Харин айлчлалын дараа л хөл хөдөлгөөн өрнөх ёстой. Ямар түвшинд ямар зэрэглэлд өрнөх вэ гэдэг нь монголын улс төрчид, бодлого тодорхойлогч нараас шууд  хамаарна. Уулзалтын өмнө хийгээд хойно л их зүйл урьтаж бас дагалдаж хийгдэх ёстой. 
 
Өмнө нь юү хийгдсэн нь ил юм шиг хирнээ далд байдалтай байна.Цаашдаа  айлчлалтай холбогдон шинээр гарч ирэх боломж,бололцоонуудыг эрж хайж зөвөөр ашиглах нь гуравдагч хөрш, дэлхийн улсуудтай харилцах харилцаанд ч зохих нөлөө үзүүлнэ.
 
Орос Хятад 2 олон зүйл дээр хэл амаа ололцсоны дараа болж байгаа гэдэг утгаараа үнэтэй бас үнэнтэй айлчлалууд юм. Гурвуулаа сууж байгаад 2 нь гадаа гарч ярьчихаад эргээд ороод ирэхээр үлдсэнд нь нэг юм бодогдоно оо доо. Энэ бодол л алсыг харсан, зөв байх ёстой.
    
Хоёрын айлчлал нь  тэдэнд ч бас биднийг сонгох бололцоо олгож байгаа гэдгийг мартах учиргүй. Хоёр улсын хөршийн тухай ойлголт нэг зэрэг өөрчлөгдөж байна Гэхдээ хамгийн гол нь ижил өнгө төрхтэйгөөр.
 
ШХАБ-тай холбоотой асуудал /Шанхайн хамтын ажиллагааны байгууллага/ хоёуланд нь таалагдаж байгаа нь тэд хөршөө шинэчлэхийг хүсэж байгаагийн нэг илрэл. Хөршүүд маань орчин үедээ зохицуулан хөршөө сонгоод эхэлчихсэн байна. 
 
Тэд удирдагчдынхаа айлчлалыг ашиглан стратегийн ач холбогдол бүхий  зарим нэг асуудлаа ашигтайгаар шийдвэрлэхийг хичээж байгаа нь айлчлалын дараах ажилдаа хэдийн орсон гэсэн үг. 
 
Бид хоцрох ёсгүй.Мөнхийн хөрш гэсэн мөнх ойлголтоосоо салах учиртай.Аль ч улс орон мөнхийн хөршөөс илүүтэй мөнхийн эрх ашгаа дээдэлсээр ирсэн. Бид хөршөө сонгож чадна. Харин улс төрийн нам хүчнүүд айлчлал дээр жижиг улс төр хийгээд хэрэггүй.
 
Эрх баригчдад дургүйгээ харуулах өчнөөн асуудал шалтаг, шалтгаан байна.Түүн дээр улс төрж . Дотор нь дотооддоо, гадар нь гаднаа л байг
       
Улс хоорондын харилцаанд жижиг,ач холбогдолгүй асуудал гэж  байдаггүй.Тийм ч учраас Монголд суугаа Оросын элчин сайд 2 улсын иргэд визгүй зорчихыг түүхэн том үйл явдал гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. 
 
Тэгвэл Хятадын нэгдүгээр хүний амнаас гарах манай улсын бүрэн эрхт байдал тусгаар тогтнолыг хүндэтгэсэн үг нь бүх  хятадын үндсэрхэг үзэлтнүүдэд цохилт болохыг бид шүүрч авах ёстой. Энэ мэт алсдаа хэрэг болох бүхнийг жижиг гэж гололгүй томруулахын төлөө гээлгүй авч явах ёстой. Жижиг чулуугаар том чулууг хөдөлгөх арга бас байна. 
 
Ямар хөрштэй байх вэ гэдэг нь биднээс их  шалтгаална. Хөршөө сонгодоггүй гэсэн Путины үгийг манайхан дан ганц газар зүйн утгаар нь ойлгон зөвшөөрсөн. 
 
Тийм учир зарим нь Си дарга, Путин ерөнхийлөгч хоёр түүх буюу өнгөрснийг ярина гэж эндүүрч байна. Их гүрэн харин улс төрийн утгаар нь хэлнэ. Учир нь улс төр бол түүх ,ирээдүй хоёроо зэрэг бүтээж байдаг гэдгийг тэд сайн мэднэ.
 
Шинэ үе-Шинэ хүчний холбоо.Д.Өрнөхбаяр