Монгол улсын хэмжээнд энэ жил 34,000 суралцагч их дээд сургуульд элсэн орж байна. Өнөөдөр албан ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа 111 их дээд сургуульд тэд хуваарилагдсан. Гэвч орон нутгийн элсэгчид мэдээллийн тэнвэргүй байдлаас шалтгаалан сургуультайгаа сайтар танилцахгүйгээр сонголтоо хийсэн тохиолдол элбэг байдаг ажээ. Гоё брошур, сүржин реклам үзээд харанхуй элссэн хөдөөний оюутнууд хотод ирж сургуулиа хараад сэтгэлээр унах явдал гарч байна. Бодит байдал дээр стандартын шаардлага хангахгүй түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг, багшлах боловсон хүчин сул, санхүүгийн хувьд доголдсон дээд сургуульд хүүхдээ өгөхийг эцэг эхчүүд ч хүсэхгүй. Ингээд сургуулиа солих асуудал ихээр тавигдаж байгаа боловч зарим сургууль хүүхдийн бичиг баримт, томилолтыг өгөхгүй эрхийг нь зөрчиж байгаа тохиолдол гарч байгаа ажээ. Монгол улсын үндсэн хуулинд зааснаар иргэн бүр амьдрах, ажиллах, сурч боловсрох орчноо өөрөө сонгох эрхтэй. Гэтэл иргэний язгуур эрх ашгийг хөндөж байгаа энэ асуудал дээр анхаарал тавих шаардлагатай байна. Хэрвээ таны хүүхэд сургуулиа солих асуудал дээр тухайн сургуулиас ямар нэгэн байдлаар хаалт тавьж байгаа бол Боловсрол шинжлэх ухааны яам, Дээд боловсролын магадлан итгэмжлэх төв, Засгийн газрын 1111 дугаарт залгаж гомдол гаргах боломжтой юм байна.

Ер нь санхүүгийн чадавхи муутай, цөөн оюутантай сургуулиуд ойрын жилүүдэд дампуурах магадлал үүсээд байгаа аж. Учир нь дараа жил нийт элсэгчдийн тоо 22,000 болж буурна. Түүний дараа жил буюу 2016 онд 17,000 болж дахин буурах юм байна. Тэгэхээр их дээд сургуулиудын оюутны тоо ойрын таван жилд эрс цөөрөх нь. Энэ бол цөөн оюутантай, тэр дундаа 1000-аас доош оюутантай сургуулиудад маш хүндээр тусна. Одоогийн байдлаар дампуурч хаалгаа барьсан 100 гаруй дээд сургуулийн муу түүхийг давтах сургууль цөөнгүй гарна гэсэн үг.

Дампуурсан сургуулийн оюутнуудын диплом хүчинтэй юу гэдэг асуудал гарна. Цаг хугацаа улирах тусам ямар сургууль байсныг нь хүмүүс мартана. Энэ асуудал дээр зохих байгууллага нь хяналт тавихгүй бол дээд сургуулийн хохирогчид гэх бүхэл бүтэн нэг үе Монголын нийгэмд үүсэх нь ээ.

                Ц.Жигмид