Засгийн газар энэ зунжингаа эдийн засгийг эрчимжүүлэх “Эзэн-100” хөтөлбөр гэж иргэдийн тархийг угаав. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаа дуусахад хэн нэгэн хийсэн ажлаа тайлагнасангүйг бодоход хөтөлбөр өгөөж муухан байв уу даа гэж дүгнэхэд хүрч байх шиг байна.

Өөрөөр хэлбэл, дээрх хөтөлбөрийн хэрэг-жилтээр иргэдэд өгөөжөө өгсөн нүдэнд харагдаж, гарт тэмтрэгдэх хэмжээний бүтээн байгуулалт, ажлын байр нэмэгдсэнгүй. Харин ч эсрэгээрээ өргөн хэрэглээний бараа бүтээдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсч, валют, юанийн ханш ард түмний амьдралд ноёлж байв. Ингээд хичээл сургууль эхлэх ойртсон энэ өдрүүдэд хот, хөдөөгүй үнийн өсөлтөд дарлуулсан иргэд Засгийн газрыг “зүхэж” эхлэв. Тухайлбал, сургалтын төлбөр, оюутны байр, цэцэрлэгийн хүртээмж гээд өнөөх л хэдэн хуучин барилгууд хэвээр. Их, дээд сургуулиуд төлбөрөө 10-40 хувь нэмчихсэн байхад шүүмжлэхгүй гээд ч яах билээ. Үүнээс цэцэрлэгийн асуудал хамгийн хурцаар яригдаж байна. Шинэ хичээлийн жилд 243 мянган хүүхэд цэцэрлэгт орох тооцоолол байгаа ч тэдний 193 мянга нь арайхийн цэцэрлэгтэй байх боломж бий гэдгийг албаны хүн хэлж байгаа юм. Нийслэлийн хэмжээнд улсын 195 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Ингэхээр 50 шахам мянган хүүхэд хэрхэн вэ гэдэг асуудал тулгарч байна. Цоожтой хаалганы цаана хүүхдээ үлдээдэггүй л юм бол мөн 50 мянган эцэг, эх ажлын байргүй гэртээ хүүхдээ харах болж байна. Уг нь энэ жил нийслэлийн хэмжээнд 30 цэцэрлэг шинээр барихаар төсөвт суулгасан гэдэг. Гэтэл албаны эх сурвалжийн хэлж буйгаар хичээлийн шинэ жилд 17 цэцэрлэг л шинээр үүд хаалгаа нээх сурагтай. Гэсэн ч цэцэрлэгт хамран сурах хүрээний хүүх дийн тоо өссөн учраас өдий олон хүүхэд мөн л цэцэрлэггүй үлдэж байна. Үүнд ундууцсан эцэг, эхчүүд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл фэйсбүүк, твиттер хуудаснаа “Цэцэрлэгийн хүртээмж үнэхээр муу байна. Маргааш /өнөөдөр/- аас бүртгэл эхэлнэ. Гэхдээ манай хорооны цэцэрлэг 40 хүүхэд л шинээр бүртгэнэ гэж байна. Бид тэгэхэд 10 гаруй хоногийн өмнөөс дугаарлаж одоогоор 300 гаруй эцэг эх байна” гэж фэйсбүүк хуудаснаа бичсэн байх. Гэтэл үүнд хариу өгөх мэт хүүхдийн хүмүүжил, төлөвшлийг дэмжих “Эх орон 36” хөтөлбөрийг санаачлагч УИХ- ын гишүүн С.Одонтуяа твиттертээ “Төсөв хөрөнгөө цэцэрлэг баригдахыг харвал 50 жил хэрэгтэй гэнэ. Хүүхэд харах хуулийг баталж стандартыг өөрчлөхөөс өөр гарц харагдахгүй байна. Төсөв хөрөнгийг нь батлаад өгч байхад тендерээ оройтож зарлаад хугацаанд нь ашиглалтад өгөхгүй хүмүүсийг бухимдуулах юм” хэмээн жиргэсэн нь олны дургүйцлийг хүргэлээ. Тухайлбал, барилгын мэргэжилтэн нэгэн эрхэм “Газар, зураггүй төсөв баталсны гай гарч байна” гэж хариу барьжээ. Үнэхээр цэцэрлэгийн газрыг шийдэхгүй, зураг төсөл гэж гаргаагүй атлаа амаараа тэдэн цэцэрлэг барина гэж яриад яаж барих билээ. Хүүхдийн хүмүүжилд ихээхэн ач холбогдол өгдөг гэх С.Одонтуяа гишүүн “Мөнгө өгөөд байхад цэцэрлэг барьж чадаагүй бол хохь чинь” ухааны юм ярьж суугааг бодоход эрх мэдэлтнүүд зүгээр ард түмний эмзэг сэдвээр сонгуульд санал авдаг болох нь илэрхий. Мөн цэцэрлэгүүд “Цөөн тооны хүүхэд бүртгэнэ” гэсэн нь цаанаа учиртай. Тэд тоо заасан хэдэн хүүхдийг бүтгэсэн нэр хэмээгээд хандивын хүүхэд гэж нэмж бүртгэдэг. Дээрх хандив цэцэрлэгийн эрхлэгчийн цэвэр орлого болдог юм. Үүнийг эцэг эхчүүд мэддэг ч хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд ил, далдгүй мөнгө барьж байгаа нь бодит үнэн билээ. Бүр цэцэрлэгүүд ханш тогтоочихсон байдаг. “Хагас жил бол 200, бүтэн жил бол 400 мянга” гэж байх жишээтэй. Бүртгэл хяналтгүй болдгийн бас нэг илрэл гэж хэлж болно. Танил тал, хандивын мөнгөөр өөр хороо, дүүргийн хүүхэд бүртгүүлж, харьяаны хүүхдүүд цэцэрлэггүй үлдэх нь хэвийн үзэгдэл байдаг. Хууль бус барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоож сургууль, цэцэрлэг ба рина гэж хотын дарга Э.Бат-Үүл нэг хэсэг олны талархлыг хүртэж байв. Харамсалтай нь өнөөдөр буулгасан барилга үгүй. Нэмэгдсэн цэцэрлэг, сургуульгүй л байна. Иймд “Эзэн- 100”-ийнхан ядаж эрүүлээр сэтгэж 100 цэцэрлэг барьчихсан бол олны таашаалыг эрхгүй хүртэх байв. Өөрөөр хэлбэл, дээрх 100 цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдүүдийн заяа тэднийг түших байлаа. Ядаж л ирээдүйгээ харсан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт байх байлаа шүү дээ. Энэ Засгийн газарт мөнгөгүй гэхийн зовлон алга. Ийм л үед бүтээн байгуулалт хийгээд авсан бол “Засгийн газар ард түмний хүүхдийг цэцэрлэгтэй болгохын тулд “Чингис”, “Самурай” бонд авсан гэгдэх байв. Тэд сонгуулиар дүүрэг, хороонд сургууль, цэцэрлэг нэмж барина гэж санал худалдаж авдаг. Ерөнхийлөгч, УИХ, Орон нутгийн сонгууль ялгаагүй. Амны уншлага болсон энэ амлалт л мөрийн хөтөлбөрийнх нь хамгийн түрүүнд цохиж явдаг. Сургууль цэцэрлэгээр харангатсан эцэг, эхчүүд тэдний аманд багтаад саналаа өгчихнө. Тун харамсалтай нь дараагийн сонгууль болтол эрхэм гишүүд амлалтаа умартдаг нь энгийн зүйл. Гишүүд хэвлэл мэдээллээр цэцэрлэгийн бүртгэл эхлэхээс 10 гаруй хоногийн өмнөөс халуун хүйтэн, бороо цасыг үл анзааран дугаарлаж байгаа эцэг, эхчүүдийг харж л байгаа. Гэсэн ч тэд амлалтаа биелүүлдэггүй. Магадгүй амлалтаа биелүүлдэггүй гишүүдийг эргүүлж татдаг хууль хэрэгжиж эхэлбэл яадаг бол.

Б.Дэлгэрцэцэг