Ам.долларын ханш сүүлийн өдрүүдэд эрчимтэй уруудаж байна. Хэдхэн хоногийн өмнө 1900 гарч “галзуурсан” ногоон валют өчигдрийн үдээс хойш гэхэд 1820 хүрсэн байлаа.

Энэ бол “Найман шарга” валютын захын ам.доллар зарсан ханш. Тэнд долларыг 1815 төгрөгөөр худалдан авч 1820 төгрөгөөр зарж байв. Энэ удаа ам.долларын ханш ямар шалтгаанаар ингэж суларч байгааг сонирхлоо. Мөн ирэх өдрүүдэд суларсан хэвээр байх эсэхийг ч тандсан юм.

Долларын ханш суларсан шалтгааныг сонирхохоор зорьсон эхний газар маань “Найман шарга” валютын зах. Биднийг очиход валютын зах хөл хөдөлгөөн багатай байв. Валютын ченжүүд “ногоон 19-д авна”, “ам.доллар 17-д авъя, юань 294” хэмээн гудамжаар яваа хүмүүсийг хоргоох аж. “Найман шарга”-д байрлах банк бус санхүүгийн байгууллагуудын үнэ өөр хоорондоо нэг  их зөрүүгүй байлаа. Үдээс өмнө ам.долларыг  зарах  ханш  1825 төгрөг байсан бол үдээс хойш 1820 төгрөг хүртэл буусан юм.

Урт цагааны “Голомт банк”-тай байранд байрлах банк бус санхүүгийн байгууллагуудаар орж валютын ханш сонирхлоо. Ногоон валют их, бага мөнгө солиулахаас хамаараад үнийн хувьд хэлбэлзэлтэй байв. Ам.доллар авах нь 1815 төгрөг байсан бол зарах нь 1820-1825 төгрөгийн хооронд хэлбэлзэж байлаа. Ингээд нэгэн банк бус санхүүгийн байгууллагын ажилтантай цөөн хором ярилцлаа.

-Ам.доллар авах нь хэдэн төгрөгтэй байна вэ?

-Хичнээнийг солилуулах юм. Одоо бол 1815 төгрөгөөр авна. Их хэмжээгээр бол 1817 төгрөгөөр авъя.

-Зарах нь?

-1824 төгрөг.  Доошоо ярина шүү.

-Сүүлийн өдрүүдэд нэлээд хэдэн төгрөгөөр буулаа. Энэ ямар учиртай юм бол оо?

-Засгийн газраас арга хэмжээ авч зохицуулалт хийгээд байгаа гэж сонссон.

-Өдөрт хэдэн төгрөгөөр бууж байна?

-Өчигдөр манайх 1829 төгрөгөөр авч байсан. Өнөөдөр 1815 төгрөг гээд бодохоор 14 төгрөгөөр буусан байгаа биз. Ер нь сүүлийн өдрүүдэд ханш огцом унаж байна.

-Цаашдаа яах бол?

-Мэдэхгүй. Буух л хандлагатай байна. Энэ хавийн ченжүүдийн яриагаар бол 1800 хүрэх юм биш үү гэв.

Ингээд хажуугийнх нь банк бус санхүүгийн байгууллагаар оров. Тавь орчим насны хижээл эр үг хэлэхийн  завдал өгөлгүй   “Юу байгаа юм. Ам.доллар уу, гайгүй авна шүү” гэж шавдуулав.  “Долларын ханш өдөр өдрөөр суларч байна. Цаашдаа унасаар байх болов уу. Та юу гэж бодож байна” гэж сонирхоход “Би яаж мэдэх юм. Монгол банкнаас очиж асуухгүй юу” гэж уцаарлав. Уулзсан ченж болгон л бухимдалтай байсан нь цаанаа шалтгаантай аж. “Ханш өсөөд байхаар нь хэдэн ногоон дарчихсан чинь шатчихлаа” гэж ярих хүн цөөнгүй таарсан юм. Ченжүүдийн дунд “Монголбанк  ямар зохицуулалт хийгээд байнаа” гэсэн яриа ч гарч байна. Хадгалсан хэдэн төгрөгөө ам.доллараар солилуулсан иргэд ханш дахин унахаас өмнө төгрөг болгох сонирхолтой байгаа гэнэ. Валют солиулж байсан 40 орчим насны эрэгтэй 4500 ам.доллартай иржээ. “Хүнд мөнгө зээлүүлсэн байсан юм. Тэгээд хэд хоногийн өмнө ам.доллараар бодож авсан чинь ханш уначихаж. Би бүр алдагдалд орчихоод байна.  Хэд хоног ханш харвал нэмэгдэх болов уу, яах бол гээд эргэлзээд хугацаа алдчихлаа” гэж ярив.   “Найман шарга” захын гадуур явуулын ченжүүд гэж байдаг.  Тэд ам.долларыг  зах доторхоос 10-20 төгрөгийн зөрүүтэй авч, зарж байлаа.  

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Б.Алтанцэцэгээс ам.доллар ямар шалтгаанаар суларсныг сонирхоход “Долларын ханшаар өмнө нь улсын хэмжээнд судалгаа явуулсан юм. Тэр судалгаагаар ханш 1800 дээр очих болов уу гэсэн хүлээлт байгаа нь ажиглагдсан. Хүлээлтийн түвшин рүү ойртож яваа юм болов уу гэсэн таамаглал байна. Монгол банк мөнгөний хатуу бодлого явуулж байгаа. Хатуу бодлого явуулахаар төгрөгийн нийлүүлэлт буурна. Тэр утгаараа ханшид нөлөө үзүүлэх учиртай. Гэхдээ ийм бодлого хэрэгжүүлэнгүүт ханшид шууд нөлөөлөөд эхэллээ гэж хэлэхэд эрт. Яваандаа бол нөлөө үзүүлэх бодлого. Оны эцсээр бодит нөлөөлөл нь гарах байх. Экспорт өсч, импорт хумигдсан нь валютын ханш буурах нэг шалтгаан болсон гэж бодож байна. Долларын эрэлт багассан гэсэн үг л дээ” гэсэн хариу өгөв. “БНХАУ-ын дарга айлчилж төгрөг юань харилцан солилцох своп хэлцэл хийсэн. Энэ шийдвэр нөлөөлсөн тал байж болох уу” гэж тодруулахад “Нөлөөлсөн байж болох талтай. Мөн Хятадаас их хэмжээний хөрөнгө оруулах байх гэсэн хүлээлт үүссэн байж болох юм” гэж хариуллаа. Б.Алтанцэцэг доктор валютын ханш алсдаа тогтворжино гэж үзэж байна. Монгол банкнаас явуулж буй мөнгөний хатуу бодлого оны сүүлээр валютын ханшид  бодитой эерэг нөлөө үзүүлж магадгүй гэсэн үгийг хэд хэдэн эдийн засагчид онцолж байв.

“Мандал ассет менежмент”-ийн  зүгээс эдийн засгийн шинэчилсэн таамаглал гаргажээ. Тэд гэхэд л “Мөнгөний бодлогыг чангаруулах шийдвэр долдугаар сарын сүүлээр гарсан. Үүний нөлөө эдийн засагт, тодруулж хэлбэл инфляци, валютын ханшид тодорхой хугацааны хоцролттойгоор илэрнэ. Тодруулж хэлбэл энэ шийдвэрийн үр дүн оны сүүл рүү мэдрэгдэнэ” гэж байна. Тэд шинэчилсэн таамаглалдаа “Экспортын бүтээгдэхүүний эргэлт сайжраагүй, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэхгүй байгаа тул ам.долларын дотогш чиглэсэн урсгал тоймтой байдлаар нэмэгдэж өсч чадахгүй. Ийм шалтгаанаар ам.долларын ханш үргэлжлүүлэн чангарах төлөвтэй байна. Гэхдээ БНХАУ-ын Төв банктай своп хэлцэл амжилттай хийгдвэл тренд өөрчлөгдөх боломжтой” гэж онцолсон байсан юм.  Сая Хятадын дарга айлчлах үеэр хоёр улсын төв банкны хооронд 15 тэрбум төгрөг юань харилцан солилцох своп хэлцэл хийсэн. “Мандал ассет менежмент”-ийн  Л.Бямбаа “Юаниар хийсэн учраас долларын эрэлтийг багасгаж байгаа гэсэн үг. Гадаад валютын нийлүүлэлт нэмэгдсэн гэж ойлгож болно. Тэр утгаараа валютын захад эерэг мэдээ авчирсан байх” гэж ярив. Тэрээр  импорт буурсан нь долларын эрэлтэд нөлөөлснийг ч онцолж байлаа. “Мандал ассет менежмент”-ийнхэн ч ам.долларыг 1800 хүртлээ уруудаад цаашдаа тогтворжино гэсэн өөдрөг таамаг хэлэв.

  Бид Статистикийн хорооноос гадаад худалдааны тоон мэдээлэл авсан юм. Энэ оны эхний долоон сарын байдлаар гадаад худалдааны алдагдал 208 сая ам.доллар болжээ.  Өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.4 дахин, 2012 оны мөн үеэс 6.9 дахин тус тус буурсан үзүүлэлт гэнэ.  Гадаад худалдааны алдагдал ингэж  огцом буурсан нь валютын эрэлтийг бууруулах нэг суурь хүчин зүйл болсон гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Валютын ханшид шууд нөлөөлдөг нэг зүйл бол импорт, экспорт. Энэ оны эхний долоон сарын байдлаар экспорт өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиар өсчээ. Харин импорт 15 хувиар буурсан байна. Доллараар авдаг нь багасч, доллар олдог нь ихэссэн гэсэн үг. Ногоон валютийн ханш суларсны нэг том шалтгааныг эдийн засагчид үүгээр тайлбарлаж байлаа.

Хөрөнгө оруулалт нэмэгдвэл ам.долларын ханш сулрах бодитой нэг шалтгаан болно гэж эдийн засагчид онцолж байна. Нэмэгдэхгүй өнөөг хүрсэний гол шалтгаан нь Оюу толгой төсөл гэж тэд ам нийлүүлцгээв. “Мандал ассет менежмент”-ийнхэн ч “Оюу толгойн далд уурхайн санхүүжилт шийдэгдэхгүй байгаа нь бодит эдийн засагт шууд утгаар нөлөөлөхгүй. Гэхдээ гадаад хөрөнгө оруулагчдын итгэл сэргэхэд гол тээглүүр болж байгаа учир сөрөг нөлөө үзүүлэх гол шалтгаан хэвээр байна. Хууль эрх зүйн орчин, татварын дэглэм зэрэг олон нааштай өөрчлөлт гарч байгаа ч гадаадын хөрөнгө оруулагчид Оюу толгойн шийдвэрийг хүлээж хөрөнгө оруулахаар яарахгүй байна. Энэ онд хамгийн их нөлөө үзүүлэх байсан Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн хэлцэл зургадугаар сард хийгдэх байсан ч дахин хойшилсон нь Монголын эдийн засаг дахь эмзэг байдлыг даамжруулж, макро эдийн засгийн үзүүлэлтүүд оын сүүл гэхэд төдийлөн сайн гарч чадахгүйд хүрлээ” гэж байна. Тэд шинэчилсэн таамаглалдаа “2014 оны ДНБ-ий өсөлт бидний өнгөрсөн оны сүүлээр таамаглаж байснаас бага байна. Тодруулж хэлбэл 6.3 хувь руу уруудахаар байна. Инфляцийг өсөлтийг зогсоож ханшийг тогтворжуулах зорилгоор Монгол банкнаас мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлээд эхэлсэн. Гэхдээ инцфляцийн бүтцээс харахад нийлүүлэлт талын буюу долларын ханшаар дамжсан инфляци давамгайлж байгаа. Тийм учраас хүчтэй үр нөлөө үзүүлж чадахгүй байх магадлалтай. Харин эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг бууруулбал зээлийн олдоц буурах, зээлийн хүү нэмэгдэх сөрөг тал гарах магадлалтай. Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийн хүрээнд нэлээд олон арга хэмжээ авагдаж, татвар, хуулийн орчинд өөрчлөлт орж байгаа ч нөлөөлөл нь энэ оны хоёрдугаар хагаст бодит бизнесийн секторт мэдрэгдэж амжихааргүй байна” хэмээн онцолжээ.

Засгийн газрын зүгээс Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийг ирэх сардаа багтаж эхлүүлэх сонирхолтой байгаа гэсэн мэдэгдлийг удаа дараа хийж байгаа. Тэдний яриад байгаа ажил болвол хөрөнгө оруулалт нэмэгдэж  ам.долларын ханш  одоогийнхоос ч сулрах боломжтой гэсэн таамгийг эдийн засагчид хэлж байна. Бидний уулзсан эдийн засагчид далд уурхайн санхүүжилт шийдэгдэхгүй байлаа ч ам.долларын ханш оны сүүлээр 1800 дээр тогтворжино гэж онцолж байсан юм.

Ц.БААСАНСҮРЭН

Д.ДАВААСҮРЭН

logo