Түүх, соёлын дурсгалт зүйлийг гуравхан сарын өмнө нь хосгүй үнэт, үнэт, ердийн гэж ангилдаг байв. Манайхан л хосгүй болон үнэт үзмэр гэхээр уулга алдадгаас биш ердийн ангилалд байгаа одоогийн үзмэрүүд хэдэн жилийн дараа хосгүй үнэт үзмэрт тооцогдох цаг ирнэ.

Энэ утгаараа музейн сан хөмрөгийн дийлэнхийг бүрдүүлдэг ердийн үзмэрүүдийг эрхэмлэн хадгалж, хойч үедээ үлдээх чухал. Гэвч өнгөрсөн тавдугаар сард шинээр баталсан Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгад үзмэрийн зэрэглэлээс “ердийн” гэсэн ойлголтыг авч хаяжээ. Өөрөөр хэлбэл, ердийн ангилалд байгаа өчнөөн сая үзмэрийг үнэгүйдүүлэх, хулгайлах, мартуулах, зувчуулах эрсдэл гараад ирлээ. Ердийн үзмэрийг хуулиас хасах сургаар хэчнээн үзмэрийг ердийн зэрэглэлд шилжүүлж, зувчуулсан бол гэхээс айдас хүрч байна.

 

 

Бид дөрвөн жил тутам музей, хийдэд байгаа үзмэрээ тоолж, бүртгэлжүүлдэг. Гэвч сүүлд хийсэн музейн сан хөмрөгийн улсын тооллогын дүн одоо хүртэл гараагүй байна. Уг нь 2012 онд багтаан тооллогыг дуусгаж, дүн мэдээг нь Засгийн газарт 2013 оны долдугаар сарын 1-ний дотор, үнэлгээг нь есдүгээр сарын 30-нд танилцуулах үүрэгтэй байсан. Өмнөх жилүүдэд музейн үзмэрүүдийг тоолох ажлыг халтуурдсан, хариуцсан хүмүүс нь хулгайлсан, сольсон, зарсан. Одоо ажиллаж байгаа музейн захирал, яамны хурган дарга нар энэ бүхнийг нуун дарагдуулахыг хичээж байгаагаас тооллогын ажил явахгүй байгаа юм байна. Дээр нь загас толгойноосоо эхэлж мууддаг шиг улсын тооллогын комиссын бүрэлдэхүүнийг өөрчлөхгүй бол байдал улам л дордох нь. Энэ бүхнийг улсын хэмжээний бүх музейг мэргэжил, арга зүйгээр хангадаг Монголын үндэсний музей дээр болж байгаа процесс нотолно. Баримт дурдая.

 

Сайдад ховлолоо хэмээн цалингийн хувиар торгожээ

 

Монголын үндэсний музей 1924 онд байгуулагдсан бөгөөд түүх, угсаатны зүй, археологийн эд өлгийн нийлсэн 51 мянга гаруй үзмэртэй гэж үздэг. Тус музейд ээлжит улсын тооллого эхлээд 2013 оны сүүлээр дуусчээ. Гэтэл 2008 оны Ерөнхий бүртгэлийн дэвтэр дээр “тоолов” тэмдэг дарагдаагүй, хувийн дугаар авсан боловч 2008 оны Ерөнхий бүртгэлийн дэвтэрт бичигдээгүй биет үзмэрүүд хэдэн зуугаараа гарч ирсэн байна. Гэнэт олдсон маргаантай үзмэрүүд яагаад өмнөх тооллогод байхгүй байсан нь анхаарал татаж эхэлсэн тул музейн ажилтнууд 1986-1998 онуудын Ерөнхий бүртгэлийн дэвтрүүдийг шүүж эхэлсэн байна. Энэ тухайгаа ч салбарын сайддаа захидлаар мэдэгджээ. Учир нь, тэднийг ажлаа хийх явцад музейн удирдлага болон яамны хурган дарга нараас багагүй дарамт ирсэн байна. 2014 оны хоёрдугаар сард музейн захирал Д.Сүхбаатар хүртэл улсын тооллогын ажлыг удаашрууллаа, сайдад захидал бичлээ хэмээн нэр бүхий дөрвөн ажилтныхаа цалинг гурван сараар 18 хувь бууруулжээ. Түүнчлэн улсын тооллогын комиссыг удирдаж буй ССАЖЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн, “Та нар өмнөх юмаа ухаад хэрэггүй. Шууд дугаар өгөөд маргаантай үзмэрээ цэгцэл” хэмээн ашиг сонирхлын зөрчилтэй үүрэг өгчээ. Ц.Цэндсүрэн нь 2008 онд улсын тооллогын комиссын даргаар ажиллаж байсан бөгөөд Монголын үндэсний музейн ажилтнуудын хийж буй ажил “но”-г нь илрүүлээд эхэлсэн байна. Үүний дараа Д.Сүхбаатар захирал музейчдийг дарамталж байгаад маргаантай үзмэрүүдийн тоог тэглүүлж, хуурамч тайлан гаргуулж яам руу өгчээ. Энэ тухай мэдээлэл саяхан Авлигатай тэмцэх газарт хүрчээ. Уг нь Д.Сүхбаатар захирал 2008 оны улсын тооллогыг Ц.Цэндсүрэн удирдсан болохыг мэдсэн байлтай.

 

Шоронд байгаа Б.Энхбатын хэрэг задарч мэдэхээр болов

 

Анхаарал татсан өөр нэг зүйл гэвэл, Монголын үндэсний музейн ажилтнууд тооллого хийх явцдаа музейгээсээ 2387 үзмэр “шинээр” олжээ. Дээр үзмэрүүдийг 2008 оны тооллогод бүртгээгүй, заримыг нь давхардуулж бүртгэсэн байжээ. Эдний дунд Б.Энхбатын хулгайлж зарсан гэх үзмэрүүд ч олдсон байна. Монголын үндэсний музейн Сан хөмрөгийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Энхбат нь 1054 үзмэр музейгээсээ хулгайлж зарсан хэргээр одоо ч шоронд сууж байгаа. Тухайн үед алга болсон бүх үзмэрийг Б.Энхбатыг хулгайлсан хэмээн ял шийтгэсэн. Өөрөө ч хулгайлахдаа тоолж байгаагүй учраас 9.8 тэрбумын хохиролтой хэргийг хүлээсэн байдаг. Гэтэл алдагдсан гээд байгаа үзмэрүүд нь музей дотроо бүртгэлгүй хэвтэж байсан нь ингээд илэрчихлээ. Шинээр илэрсэн дээрх нөхцөл байдал Б.Энхбатыг хэргийг задалж мэдэхээр болгожээ. Хэрвээ тухайн үед музейн үзмэрүүдийг бүгдийг бүртгэлжүүлж, тоог нь ном ёсоор гаргасан бол Б.Энхбат одоогийнхоосоо арай бага ял авах байсан бололтой.

            Эх сурвалжийн хэлж буйгаар, тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам 2008 оны тооллогын дараа тоо нэхэн яаруулснаас музейн ажилтнууд дугаартай байсан үзмэрүүдэд шинээр дугаар тавьж явуулжээ. Ингэснээр зарим үзмэр 1-3 дугаартай болж, зарим нь огт бүртгэлгүй чигээрээ үлдсэн байдаг аж. Энэ байдал 2012 оны буюу энэ удаагийн тооллогод давтагдаж мэдэхээр байна. Учир нь, дарга нар музейн тооллогоос чанар, бүтээмж биш тоо л нэхэж суугаа гэнэ. Уг нь музейн тооллогоор бүртгэлгүй байгаа үзмэрийг бүртгэж, дугаар олгож, маргааныг нь арилгаж, ирээдүй хойчдоо зөвхөн үнэнийг үлдээх ёстой. Үүнд хугацаа хэрэгтэй. Гэтэл Д.Сүхбаатар болон яамны хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн нарт тооллогыг хугацаанд нь дуусгаж “сайн дарга” болж харагдах чухал байгаа юм байна.

 

Хуурамч тайлангийн захын жишээ

 

Одоо ССАЖЯ-нд Монголын үндэсний музей 52840 үзмэртэй гэсэн тоо явж байгаа. Энэ бол Д.Сүхбаатар захирлын хуурамч тайлангаас үндэслэсэн тоо. Уг нь, музейн ажилтнууд 51664 үзмэр тоолсон бөгөөд нэмж 2387 үзмэр маргаантай байгааг тодорхойлжээ. Мөн 2008 оны тооллогоор бүртгээгүй 2329, бусдын эзэмшилд байгаа 236, дутагдсан гурван үзмэр байгааг дурдсан байна. Гэтэл маргаантай болон бүртгэлгүй үзмэрүүдийг яам руу явуулсан тайланд бичилгүй нуусан байна. Эдгээр үзмэрийн заримаас нь өгүүлье. Үндэсний музейн 2008 оны Ерөнхий бүртгэлийн дэвтэрт хоёр ширхэг “Хүрэл толь” үзмэрийг “55-3-3” хувийн дугаараар бүртгэж авсан байна. Саяын тооллогоор нэг ширхэг хүрэл толь гарч, нөгөөх нь олдохгүй байжээ. Музейчид 1998 оны Ерөнхий бүртгэлийн дэвтрийг шүүж үзэхэд нэг ширхэг нь гипс хуулбар, гипс хуулбараа акталсан гэсэн мэдээлэл байсан байна.

            “91ш-6-10” дугаартай “Казах хар хилэн дээл” гэсэн үзмэрийг 2008 оны Ерөнхий бүртгэлийн дэвтэрт бүртгэжээ. Музейн ажилтнууд сан хөмрөгөөсөө ийм дээл хайгаад олоогүй байна. Эцэст нь, 1998 оны ЕБД-ийг шүүн нягтлахад “Казах дээл” дугуй хээтэй, хүрэн торгон дээл, хүрэн атласан дотортой гэсэн байжээ. Казахын ард түмнээс Ю.Цэдэнбалд хийж дурсгасан уг дээлийг ийнхүү 2008 онд энгийн кахах дээл болгон тэмдэглэсэн байжээ. Мөн үзмэрийн материал зөрсөн 45 ширхэг үзмэрийн жишээг музейн ажилтнууд тайландаа гаргаж явуулсан нь дарга нарын дургүйцлийг хүргэжээ. “Хэрэггүй тоо гаргаж явууллаа, ажил удлаа, ингэж яршиг төвөг удахгүй байж болох байсан” гэж тэднийг загнасан байна.