Нийслэл хотын иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийн талаар сүүлийн хэдэн жил амнаас ам уралдан хэлэлцэж ярилцах болсон. Өвөлдөө "Утаа"-ндаа хахаж цацах гэр хорооллын иргэдийг орон сууцтай болговол эл утаа намжин хэмээн бодсон нь зөв шийдэл. Гэвч энэхүү орон сууцтай болгох асуудал харин хөрсөн дээр буухдаа иргэдэд хүндрэл учруулж байгаа юм. "Залуу гэр бүлд" зориулсан орон сууц гэх гоё нэртэй хөтөлбөр хэрэгжүүлж буй гэтэл үүнд нь нөгөө залуучууд нь хамрагдаж чадаж байна уу гэдэг нь тун эргэлзээтэй. Мөн найман хувийн хүүтэй байр олгох гээд ард түмнийг уяруулсан нэртэй хөтөлбөр бий. Гэхдээ энэ нь бас л нэр шигээ хямдхан байгаагүй гэдгийг хэн хүнгүй мэднэ. 

2006-2010 онд нийслэлийн гэр хорооллын өрхийн тоо жилд 10.0 гаруй мянган өрхөөр нэмэгдсэн байдаг. Харин сүүлийн жилүүдэд 5.0-7.0 мянга болж буух хандлага ажиглагджээ. Орон сууцны хорооллын өрхийн тоо 2004-2008 онд 1.0-5.0 өрхөөр нэмэгдэж байсан бол сүүлийн жилүүдэд жилд 5.0-10.0 мянга орчим өрхөөр нэмэгдэж өсөх хандлага ажиглагдаж байгаа гэх судалгаа гарсан байх юм. Гэр хорооллоос орон сууц руу шилжих өрхийн тоо нэмэгдэж байгаа хэдий ч Улаанбаатар хотын хүн амын 40 гаруй хувийг нийслэлд хөдөөгөөс шилжин ирэгсэд эзэлдэг. Ийнхүү шилжин ирэгсэд эргээд л гэр хороололд амьдарна. Ингэхлээр "утаа" буурна гэж байхгүй. 

Залуу гэр бүлд зориулсан гэх тодотголтой мөн найман хувийн хүүтэй орон сууц нь бодит амьдрал дээр үлгэр болон хувирсан. Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 30 хувиар тогтоосон. Уг нь энэхүү урьдчилгааг залуу гэр бүлээ дэмжиж Засгийн газраас 10, 15, эсвэл 20 хувийн урьдчилгаатай орон сууцны зээлийг тодорхой бодлогынхоо дагуу гаргаад, тусад нь хэрэгжүүлэх боломжтой гэсэн. Гэвч энэ нь биелэлээ олж зориулагдсан хүмүүстээ хүрээгүй. 

Жил ирэх тусам үнэ нь нэмэгдэж буй орон сууцыг залуучууд яаж худалдаж авах вэ? гэдгийг бодитоор судалж үзэхгүй байна. Агаарын үнэтэй байрыг авахын тулд 15-20 жилийн хугацаатай толгой өндийх завгүй ажиллах хэрэгтэй дээр нь идэх хоол, ундаа багасгах шаардлага тулгарсан албан бус судалгааг гаргасан байдаг. Мэдээж хүн ам өсгөх, удам угсаа залгуулах үр хүүхдээ өсгөх гээд залууст үүрэг бий. Харин байртай болчихвол ажлаасаа чөлөө ч авах боломжгүй. Учир нь цалингүй гэрт хүүхдээ хараад суугаад байвал өнөөх зээлээ яаж төлөх үү гээд эргээд дарамт учруулна.

Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар, Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт орон сууцны үнийн индекс 2014 оны 3 дугаар улиралд 2010 оны эцсийнхээс 2.2 дахин, өмнөх оны мөн үеийнхээс 10.2 хувь, өмнөх оны эцсийнхээс 2.8 хувиар өсч, өмнөх улирлынхаас өөрчлөлтгүй байна гэж үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Байр худалдан авах гэж байгаа иргэд хамгийн түрүүнд м.кв-ийн үнийг судалдаг. Тэгвэл м.кв-ийн дундаж үнэ 2.336.2 мянган төгрөг болжээ. Үүнийг өнгөрсөн сартай харьцуулахад тогтвортой байна. Харин өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.9%-иар буюу245.8 мянган төгрөгөөр өсчээ. 

Ашиглалтад 1970 оноос өмнө оруулсан орон сууцны үнэ 2014 оны 3 дугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс 1.6-12.1 хувь, 1970- 2001 оны орон сууцных 7.8-14.5 хувь, 2002 оноос хойш ашиглалтад оруулсан орон сууцны үнэ 10.9-15.4 хувиар нэмэгдсэн байна.

Мөн дээрх хуучны байр Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар дүүрэгт 0.2-2.0 хувиар буурч, Хан-Уул дүүрэгт 2.0 хувиар өсч, 1970-2001 оны орон сууцных Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт 0.1-1.4 хувиар буурч, Баянгол, Хан-Уул дүүрэгт 0.7-1.5 хувиар өсч, Сүхбаатар дүүрэгт өөрчлөлтгүй, 2002 оноос хойших орон сууцны үнэ Баянгол дүүрэгт өөрчлөлтгүй, бусад дүүрэгт 0.2-2.8 хувиар өсчээ.

Ийнхүү жилээс жилд шинэ хуучны байр гэлтгүй үнэ нь нэмэгдэж байхад залуучууд бид яаж орон сууцтай болох вэ? гэдэг нь "толгойны өвчин" болоод байгаа гэхэд хилсдэхгүй.

Өнөөх л гурван үеэрээ нэг гэртээ амьдарсаар л...Залуу гэр бүл аав ээж, ах эгч, хүргэн, бэр гээд эдийн засгийн бэрхшээлтэй л бол бүгдээрээ цугтаа нэг гэрт амьдарч яваа нь нууц биш. Тэднээс хэн нэг нь 2-3 өрөө байртай бол тэндээ л амьдарна. Аргагүй ш дээ авдаг хэдэн төгрөг нь байрны урьдчилгаанд хүрэхгүй.

Айлын хажуу өрөө хөлслөн амьдарч байгаа олон гэр бүл бий. Тэд амьдралаа хүнээс гуйчихгүйхэн шиг залгуулж яваа. Гэхдээ хураах хэдэн төгрөгөө өрөөл бусдын халаасанд хийж байгаа нь өрөвдөлтэй. Ажлаад л байдаг цалин авна тэр нь "байрны эзэн" гэх хүний халаасанд. Эцэст сүүлд нь залуучууд гэр оронгүй л үлдэнэ. Төр засаг ядаж залуусаа бодитоор дэмжих хэрэгтэй юмсан. 

 

 

Х.Даваа