УИХ-ын гишүүн М.Зоригт болон түүний туслахыг өнгөрсөн бямба гаригт Тагнуулын ерөнхий газрынхан дууджээ. Ингэхдээ гишүүний туслахыг дуудаж, зарим зүйлийг асууж, тодруулсан байна.

Харин энэ талаар гишүүн хэлэхдээ “Тагнуулынханд өнөөдөр /хагас сайн өдөр/ тийм эрх байхгүй, нөгөөдөр” гэж бичжээ. Харин үүний дараагаар Тагнуулын ерөнхий газрын дарга өөр рүү нь удаа дараа залгасан аж. Тэрбээр энэ талаар өөрийн твиттер хуудаснаа “Тагнуулын ерөнхий газрын дарга дахин дахин залгаад байх. Дуудагдмааргүй байна. Амралтын өдөр та нарт эрх үгүйг мэдмээр дээ. Тагнуулын ерөнхий газар Н.Алтанхуягийн хувийн хамгаалалтын алба биш л дээ. Дургүй улсаа дуудуулж, дарамталж, сүрдүүлдэг газар бүр ч биш” хэмээжээ. Түүнчлэн ийнхүү амралтын өдрөөр тагнуулынхан дуудсан явдлыг тэрбээр Н.Алтанхуяг сайдыг огцруулахаар АН-ын 15 гишүүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл гарсантай холбон тайлбарлажээ. Тодруулбал, хотын дарга Э.Бат-Үүл намын дарга Н.Алтанхуягийг дур мэдэн МАХН-тай урт хугацаанд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсныг эрс буруутгаж байгаа юм. Энэ утгаараа тэрбээр намын гишүүддээ хандан уриалга гаргаж, Н.Алтанхуяг сайдыг огцруулахыг уриалсныг намынх нь цөөнгүй гишүүн дэмжиж байгаа. Өнөөдрийн байдлаар АН-ын 15 гишүүн намынхаа дарга Н.Алтанхуягийг огцруулахаар гарын үсэг зурсан гэх мэдээлэл бий.

 

М.ӨЛЗИЙ