2015 онд Монголын Засгийн газар өр зээлэнд 708 тэрбум төгрөг төлнө. Үүний 45.8 тэрбум буюу зургаа орчим хувь нь 1990 оноос авсан гадаадын хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөр. Үлдсэн 94 хувь болох 662 тэрбум нь шинэчлэлийн Засгийн газрын авсан өр зээлийн төлбөр гэсэн ерөнхий дүн гарчээ.


Монголчууд бэлгийн морины шүдийг үз хэмээцгээдэг ч сүүлийн үед “шүд үзэлгүй” их хэмжээний өр зээл тавьсан нь эргээд төсвийн даацдаа нөлөөлөх сэрэмжлүүлгийн дохио хангинаж эхэлснийг эрхгүй сануулж байна.

“Шүд үз” гэдэг нь ердөө л хол, ойрын үр ашиг хийгээд хожим тусах уршгийг тооцоолно гэсэн үг. Гэвч Засгийн газар гаднаас бонд босголоо, дотооддоо бас өр зээл тавилаа, ердөө хоёрхон жилийн дараа төсөвт хэт ачаалал нэмж байгаа нь сэрэмжлүүлэх аюул юм.

 

Өр зээлэнд өгөхөөс аргагүй учраас төсөвт заавал суулгах учиртай дээрх 708 тэрбум  ирэх оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардлаас даруй 80 тэрбумаар их байна.

 

Төсвийн хөрөнгө оруулалт буюу төсвийн хөрөнгөөр цэцэрлэг, сургууль зэрэг барихад энэ 2014 оныхоос 45 хувиар бага мөнгө тусгажээ, ирэх оны төсвийн төсөлд. 2014 оны төсвийг өнгөрсөн жилийн өдийд хэлэлцэхдээ нэг их  наяд илүү төгрөгөөр бүтээн байгуулалт хийнээ хэмээн баталж байв.

 

Харин ирэх жил “шүд үзээгүй” авсан өр зээлэндээ төсвөөс үлэмж их мөнгө төлөх тул цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэрэг төсвөөс ихэвчлэн барьдаг бүтээн байгуулалтад ердөө 627 тэрбумыг зарцуулахаар Засгийн газар төлөвлөв.

Гэтэл цаана нь нийгмийн эрх ашгийн үүднээс  цэцэрлэг, сургууль, эмнэлэг дутагдсан хэвээр байгааг бид мэднэ.

 

Өр зээлд өгөх мөнгө ингэж дарамт учруулж эхэлсэн байтал Засгийн газар дахин өр зээл тавихаар төсөвт төлөвлөж оруулж ирсэн нь сөрөг хүчний хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна.

 

Ирэх оны төсвийн төсөлтэй хамт Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өргөн барьсан бөгөөд үүгээр ДНБ-ий 40 хувьтай өрийн босгыг 70 хувьд хүргэхээр төлөвлөөд байна. Үүний дээр Засгийн газрын баталгааны 20 хувь нэмэгдэхээр даруй 90 хувь хүрэх ажээ.

 

Түүнчлэн дотоодын зах зээлд мөн л Засгийн газрын үнэт цаас гаргахаар төсөлд тусгасан байна. Ирэх онд дотоодын зах зээлд шинээр гаргахаар төлөвлөсөн 1.8 их наяд төгрөгийн Засгийн газрын үнэт цаас цаашид өрийн дарамтыг нэмэгдүүлэх бас л нэг хувилбар.

Гол нь өнгөрөн одож буй өнөө жил Засгийн газар хэд хэдэн удаа үнэт цаас гаргасан ч зарим тохиолдолд 100 хувь санал ирээгүй явдал ч гарчээ. Өөрөөр хэлбэл, эдийн засаг, санхүүгийн таагүй орчноос улбаалан Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах банк, санхүүгийн байгууллага ховорджээ.

 

Аргаа ядахдаа Засгийн газар Хөгжлийн банкинд үнэт цаасаа худалдан авах зөвшөөрөл олгосон гэж байгаа. Ирэх жил бүр Нийгмийн даатгалын сангийн 400 тэрбум төгрөгөөр Засгийн газар үнэт цаас худалдан авахыг зөвшөөрөх хуулийн төсөл оруулж ирсэн гэнэ.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар Засгийн газартаа өр тавих нь гэсэн үг.

Энэ бүхнээс сөрөг хүчин нэг дүгнэлт хийжээ. Энэ нь эрх баригчид ямар ч үнээр хамаагүй цалин, тэтгэвэр, тэтгэмжээ залгуулсаар сонгуулийн жил 2016 онтой золгохыг л зорилго болгож байгаа гэнэ. 

 

Их хэмжээний өр төлөхийн зэрэгцээ багагүй зээл авахаа төсвийн хуулиудаар баталгаажуулахаар зэхэж буйгаас харвал, эдийн засаг, санхүүгийн хувьд "бүсээ чангалах"-ыг тийм ч их хүсэхгүй байгаагаас үзвэл тийм л бололтой. 


Г.Гариг