images  Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжингийн дэлгэсэн 2 сая.ам долларын авлигын хэрэг жинхэнэ дуулиан болж байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол томчуудын авлигын дөнгөж зах зух нь гэнэ. Тэгэхээр цаана нь ил болоогүй олон сая долларын авлигын хэрэг байгаа бололтой. Ийм их хэмжээний авлигыг жирийн төрийн албан хаагчид, хурган дарга нар авахгүй нь тодорхой. Тэгэхээр аварга том халим авлигын гох дэгээнд орсон нь гарцаагүй юм. 

    Өчигдөр төрийн ордноор нэг яриа эрчимтэй тарлаа. Х.Тэмүүжин гэх шударга зүйл ярьсан залуу тийм л шударга юм бол Хууль зүйн сайд байхдаа энэ хэргээ илчлэхгүй яасан юм бэ? Х.Тэмүүжингийн задлаад байгаа баримтаар бол 2012 оны 11 сарын 26 өдөр мөнгө шилжүүлсэн нь харагдах аж. Энэ үед хуулийг яс биелүүлж, шударга ёсыг тогтоож, авлига хээл хахуультай тэмцэнэ гэж гал цогтой мэдэгдэж байсан Х.Тэмүүжин Хууль зүйн сайд дөнгөж болоод байлаа. Тэгэхээр энэ том авлигын хэрэг авлигатай тэмцэнэ гэж мэдэгдэж байсан Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд болсны дараа болж өнгөрчээ. Тэгэхээр Х.Тэмүүжин та ажлаа яаж хийж байв? Таны үед авлига цэцэглэж шүү дээ? гэдэг асуултанд хариулах хэрэгтэй боллоо.

    Мөн Х.Тэмүүжин энэ том авлигын хэргийг яг хэзээ мэдсэн бэ? Зарим хүмүүсийн яриагаар бол Хууль зүйн сайд байхдаа мэдэж байсан бололтой. Тэгээд ч эдгээр ноцтой баримтууд сайд байхад гарт нь орсон байх магадлалтай. Ийм байхад Хууль зүйн сайдын хувьд асуудлыг яагаад шалгуулсангүй вэ? гэдэг асуултанд Х.Тэмүүжин хариулах ёстой болно. Эсвэл шалгуулаад ард түмнээс нуугаад байсан уу? Магадгүй ямар нэгэн дарамтад ороод чадахгүй байсан уу? Хэрэв шалгуулж чадахгүй дарамтлуулж байсан бол тэрийгээ хэлээд огцрох ёстой байсан шүү дээ? Ийм ноцтой баримтыг Хууль зүйн сайд байсан хүн нь үүрэг гүйцэтгэгч болсныхоо дараа олон нийтэд ил болгосон нь ард түмний анхаарлыг ихээхэн татах боллоо. 

    Х.Тэмүүжин яагаад заавал үүрэг гүйцэтгэгч болсныхоо дараа баримтуудыг ил болгов. Тэгсэн мөртлөө аж ахуйн нэгжийн нэрийг дарчихсан. Эсвэл хэн нэгнийг дарамтлан сануулах гэсэн арга уу? Хэрэв ийм арга сонгож байгаа бол Хууль зүйн сайд байсан хүнд, Х.Тэмүүжин шиг ёс суртахуун, шударга ёс ярьдаг хүнд зохихгүй л дээ. Тиймээс энэ компанийн нэр, эзэд, өгсөн авсан хүнийг олон түмэнд зарлах нь Х.Тэмүүжингийн үүрэг. Хир зэрэг шударга улс төрч болохын бас нэг шалгуур. Тэгж чадахгүй бол Х.Тэмүүжийн зарим нэгний адил бусдыг сүрдүүлэгч болж хувирна.  Шударга, зарчимч гэх мэт олон сайхан имижүүд нь салхинд хийсч одно. Х.Тэмүүжингийн өмнө ийм хоёр сонголт ирлээ. Х.Тэмүүжингийн чихэр долоолгож байгаа юм шиг харуулсан энэ баримтын дагуу АТГ болоод хууль хүчнийхэн хэзээнээс шалгаж аварга том халимыг барих вэ гэдэг өөр нэгэн асуултын хариуг ард түмэн харж, хүлээж байна. 

1
2