Сонгуулиас сонгуулийн хооронд өдөр хоногууд хөвөрсөөр удахгүй Ерөнхийлөгчийн сонгуультай золгох нь ээ, монголчууд бид. Сонгуульгүй жил үгүй боллоо хэмээн бухимдах нь цөөнгүй. Нийгмийн сэтгэл зүйд хуралдсан иймэрхүү таагүй нөхцөлийг хуулиар зохицуулах л хэрэгтэй байгаа юм. Гэвч одоогоор энэ тухай даацтай бодож, дорвитойхон дуугарч буй хүн бараг үгүй.  

Улс төрөөр “бөөлждөг” хэсэг нь бүгдээрээ одоо Ерөнхийлөгчийн сонгуулиар өвчилж, сэт сэвээгүй чалчиж байна. Хэд хоногийн дараа намууд энэ сонгуульд хэнийгээ сойхоо шийдэж нийтэд зарлана. Урьд нь  Ерөнхиийлөгчид нэр дэвших хүний тухай дор хаяж хоёр жилийн өмнөөс шуугилддаг байсан бол энэ жил бүр ажин түжин чимээгүй байгаа нь тун сонирхолтой.

Улс төр судлаач  нөхдийн хэлж байгаагаар бол одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой өрсөлдөх хэмжээний улс төрч үнэндээ байхгүй ажээ. Тиймээс парламентад суудалтай, суудалгүй намууд дэмий горьдохын  гарз гэсэн аятай өнөөдрийг хүртэл өөр аль нэг улс төрчийг “Энэ л манай дараагийн Ерөнхийлөгч болох хүн мөн” энээ тэрээ гэж цуурахгүй байгаа аж. Гэхдээ бас ор тас дуугүй байсангүй ээ, хэдэн намууд нь. МАН-ын Удирдах зөвлөлөөс “Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болох хүнээ ард түмнийнхээ саналаар шийднэ” гээд хот хөдөөгүй давхицгаав. Тэгээд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин гэх мэтээс аль нэг нь байж болох юм уу даа гэсэн ерөнхий багцаа олж харав. Гэсэн ч тэд Ц.Элбэгдоржийн зиндаанд хүрэх яагаа ч үгүй  товаришууд  бололтой.

Ц.Элбэгдоржийг Ардчилсан намынхан нь  дахин нэр дэвшүүлэхээс өөр сонголтгүйг ийнхүү онцолж  буй хүн замаар дүүрэн болж. Тэр ер нь Монголд тэргүүлэх үүрэгтэй лидер гэдгээ өнгөрсөн хугацаанд хангалттай харуулжээ. Түүний чансааг гадаад, дотоодгүй олон хүчин зүйлээр тодорхойлж байна. Америкийн Ерөнхийлөгч Барак Обама Элбэгээг  шинэ цагийн шилдэгч удирдагчдын нэг хэмээн хүлээн зөвшөөрлөө. Ардчилал хөгжиж буй улс орнуудыг Монгол тэргүүлэх боллоо. Европын холбоотой харилцаагаа улам зузаатгах шинэлэг алхамуудыг  хийлээ. Ердийн ухамсарын түвшинд хамгийн товчоор хэлэхэд гадаад бодлогодоо тэр томоохон амжилт олжээ. Дэлхийн хандлага Монгол руу тун эерэгээр чиглэж байна. Энэ бүхэн бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн том зангараг яалт ч үгүй мөн.

Ер нь магтахаас аргагүй хүн гэж бий. Ийм хүний нэг нь тэр ажээ. 1990 оны ардчилсан хувьсгалыг удирдалцсан тэрбээр өдгөө хат суусан мэргэжлийн  улс төрч болжээ.

Алт ухаж, нийтийн өмчөөс завшиж  баяжсан тэрбумтангуудыг бодвол Элбэгээ жинхэнэ хүнлэг нигүүлсэнгүй сэтгэлтэн гэдгээ ч бас харуулсан юм. Түүн шиг олон арван өнчин ядуу хүүхдүүдийг өөрийн гэр бүлийн гишүүнээр бүртгүүлж,  хүний зэрэгт хүргэж яваа тэрбумтан өнөөдөр Монгол хэд бий билээ. Үнэндээ хэн ч алга. Харин ч эсрэгээрээ мань хүнтэй өрсөлдөх гэсэн шиг гадаадын халамжийн байгууллагууд манай өнчин ядууст анхаарал хандуулж байна. Монголын баячууд дэргэдүүр нь ярвайгаад өнгөрдөг нь ч нууц биш ээ.   

Удирдан манлайлагч хүн ерөөсөө  нийгмийнхээ аль нэг доголдож буй хэсэг, буруу дадал хэвшил бүхэнд  эерэг сайн нөлөө үзүүлж чаддаг  юм байна. Ц.Элбэгдоржийн сүү өргөж баяр ёслол тэмдэглэх уриаг архин далайд живж буй монголчууд талархалтай хүлээн авч, архидалтын эсрэг аянуудыг хаа сайгүй зохион байгуулдаг болов. Архидалт цаашдаа алхам алхмаар буурах хандлага ажиглагдлаа хэмээн судлаачид өгүүлж байна.

Их бүтээн байгуулалт, үйлдвэржилт, хотжилт, ардчиллын дархлаа, иргэний шууд ардчиллыг төлөөллийн ардчилалтай зөв хослуулах, улс төрийн намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгох замаар  үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, нийслэл хотдоо дэлхийн олимпын наадмыг зохион байгуулах  зэрэг Элбэгээгийн санаачлагууд үндсэндээ цөм хэрэгжиж  эхэлжээ.  Тэр хөгжил өөд хөтгөлч “мотор”-ын үүргээ өөрийн багийнхны хамтаар тууштай биелүүлж явна.

УИХ-ын танхимд хэлсэн үг бүрийнх нь агуулгад хүнд суртал, явцуурал, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг буюу авлигыг таслан зогсооход чиглэсэн шинэ санаа тусч, популистууд, олигархижсан улс төрчдөд хатуу сануулга болж байв. Хамгийн сүүлд УИХ-ын энэ хаврын чуулган дээр түүнийг үгээ хэлж байхад МАН-ынхан хаяж гарсан нь нэг талаар хашрууд урьд өмнөх хийгээд өдгөөгийн муу үйлдээ ичсэн, сэтгэл зовиносон явдал байсан болов уу. Авлигачид ийнхүү ичдэг болж буй нь бас л нэг дэвшил юм даа.

Шүүхийн шинэтгэлийн тухай тэр анх ярьж, томоохон хэлэлцүүлэг хийх үеэр Хууль зүйн яамыг олон жил толгойлсон Ц.Нямдорж “Үгүй ээ, шинэтгэл чинь манай салбарт нэгэнт хийгдчихсэн шүү дээ” гэж байлаа. Гэвч шүүхийн шинэтгэл Монголд амин чухал хэрэгцээ болоод байсан юм. Тэгвэл Элбэгээгийн багийнхан энэхүү шинэтгэлийг  дэлхийн жижигт хүргэж хийхээр зорьсон нь амжилттай болж байна. Бид өнөөдөр хараат бус шүүхээр үйлчлүүлэх бүрэн боломжтой боллоо. Энэ мэтээр түүний зангарагийг илэрхийлэх олон баримт хэлж болно. Тиймээс тэр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд  “өрсөлдөгчгүйгээр” ялалт байгуулах ажээ.

                                                                                                                Б.Отгонбаяр