Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль шинэчлэгдсэн хуулиар явагдахтай холбогдуулан энэ удаагийн сонгуулийн онцлог, давуу тал, хэрхэн явагдах талаар Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс тодрууллаа.

  • Нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулан өглөө. Энэ удаагийн сонгууль шинэчлэгдсэн хуулиар явагдах билүү?

 

 

 

        Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан хугацаандаа нэр дэвшигч нарт үнэмлэхийг нь гардууллаа. Өнөөдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэлж байна. Сурталчилгааны хугацаа санал авах өдрийн өмнөх өдрийн 00 цаг хүртэл явагдана. Сурталчилгааны явцад хууль зөрчихгүй, шударга, мөрийн хөтөлбөрөө сонгогч түмэндээ тайлбарлан таниулах ажиллагааг нэр дэвшигчид болон намууд хийх ёстой. Энэ удаагийн сонгууль хэд хэдэн шинэлэг зүйлийг агуулсан гэж хэлж болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль шинэчлэгдсэн. Өмнөх сонгуулиуд 1993 онд батлагдсан хуулиар 2012 он хүртэл явагдаж байсан. 1993 оны хуулиар 2009 оны сонгууль явагдсан. 2012 онд УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцээд баталсан.

        Энэ хууль хариуцлагыг чангатгасан, шинэлэг зүйл олонтой хууль батлагдсан. Энэ удаагийн сонгууль шинэ хуулийн орчинд явагдана. Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль өөрчлөгдсөн гэж ойлгох хэрэгтэй. Мөн энэ хуулиар Ерөнхийлөгчийн сонгуулиар хороодыг байгуулдаг журам өөрчлөгдсөн. Өмнө нь сонгуулийн хороодыг яаж байгуулдаг байсан гэхээр 1993 оны хуулинд намын төлөөллөөр байгуулна гэсэн заалт байсан. Мөн аль нэг нам давамгайлахыг хориглоно гэсэн заалт байсан. Харин 2012 онд батлагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид сонгуулийн хороодод орж ажиллахаар хуульчлагдсан.

  • СЕХ-нд орон нутгаас хэд хэдэн шаардлага ирсэн гэж сонссон?

        Аймгийн намуудаас СЕХ-нд шаардлага ирж байгаа. Манай намын төлөөлөл сонгуулийн хороонд ороогүй байна, оруулж өгнө үү гэсэн шаардлага ирсэн. Гэтэл хуучин хуулиар намын төлөөлөл ордог байсныг болиулж, шинэ хуулиар төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаар аймаг, нийслэлийн сонгуулийн хороог бүрдүүлж байгуулсан. Үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй.

  • Ерөнхийлөгчийн сонгууль автоматжуулсан системийн тухай хуулиар явагдана. Ингэснээр ямар давуу талтай вэ?

        Энэ удаагийн сонгууль, сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулиар явагдана. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль нь өөрчлөгдсөн, дээр нь нэмээд сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль гарсан. 2009 оноос өмнөх сонгуулиуд шинэ хууль байгаагүй, гараараа тоолдог байсан учраас автоматжуулсан системийн тухай хууль үйлчлээгүй. Харин энэ удаад автоматжуулсан системийн тухай хуулийг Сонгуулийн ерөнхий хороо хэрэгжүүлж ажиллана.

        Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг хэрэгжүүлэх УИХ-ын 69 дүгээр тогтоол гарсан. Энэ тогтоолдоо юу гэж заасан байгаа вэ гэхээр “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд “New image caste” автомат машиныг хэрэглэ сүгэй” гэсэн тогтоол гарч, СЕХ-нд үүрэг болгосон. Автоматжуулсан системийн тухай хуулийг УИХ гаргаж, хэрэгжүүлэх тогтоолыг нь гаргасан учраас СЕХ үүнийг хэрэгжүүлнэ. Нэгэнт хууль гарсан учраас бид хэрэгжүүлэх ёстой. Түүнээс биш Сонгуулийн Ерөнхий хороо сайн дураараа хар машин оруулж ирчээд санал авах гээд зүтгүүлээд байгаа юм биш.

  • Гадаад дахь сонгогчдын саналыг хэзээ авах вэ?

 Гадаадад байгаа иргэдийн саналыг 6 дугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдэд авна. Тэгэхээр ойрын хугацаанд саналын хуудасны загварыг батлах, хэвлүүлэх ажилдаа орохоор төлөвлөж байна.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг гадны улс орнууд маш хянамгай ажиглаж байна. Гадаадаас хичнээн ажиглагч ирэх вэ?

 Өнөөдрийн байдлаар 26 улсын 29 урт хугацааны ажиглагчид Монгол Улсад ирчихээд байна. Энэ удаагийн сонгуульд гадаадын 1000 орчим ажиглагч, дотоодын 7000 гаруй ажиглагч оролцохоор болоод байна.

 

Эх сурвалж: aravt.mn