Байгууллага хамт олны шинэ жилийн баярууд эд өрнөж байна. Үүнтэй зэрэгцээд таагүй мэдээллүүд ч их гарах болжээ. Баяр ёслолоор архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас осгож нас барсан хүмүүсийн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ. Өсвөр насны хүүхдүүд бааранд үнсэлцэж байгаа зураг нь цахим ертөнцийг шуугиулаад авав. Шинэ жилийн баяргүй, баар ресторангүй байсан бол Монгол Улс диваажин болчих байж гэнэ.

Хүүхдүүд дийлэнхи цагаа гэртээ, сургууль дээрээ өнгөрөөдөг тэндээс олж авсан хүмүүжил, хандлага л бааранд өнгөрүүлсэн хоёр цагт илэрсэн болохоос баар байсны улмаас хүүхдүүд үнсэлцээд байгаа юм биш.

“Баар баба” гэсэн нийгмийн давалгаанд хууль хяналтынхан 71 байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Ер нь манай хууль хяналтын байгууллагын архидалтай тэмцэх ажиллагаа баар хааж л өрнөдөг. Гэр хорооллын харанхуй гудамжинд бүлэг хэсгээр бөөгнөрөн ууж байгаа нөхдөд хяналт тавихгүй харин харуул хамгаалалттай бааранд очиж сүрийг үзүүлэхээ архитай тэмцэх журамт үүрэг гэж сурталчилна. 

Угтаа бол баар ресторанууд гэхээсээ илүүтэй ахуйн хүрээний гэмт хэргийн гаралт их байдаг гэдгийг хууль хяналтынхан хэлдэг. Ийм төрлийн гэмт хэргийг таслан сэргийлэх, хяналт тавих боломжгүй байдаг ба үйлдэл нь сэтгэл өвтгөсөн харгис төгсгөлтэй байх нь элбэг. Нийт гэмт хэргийн 80  хувь нь архидалтаас үүдэлтэй боловч мөн л 80 хувь нь ахуйн хүрээнд гардаг. 

Баасан ахын төрсөн өдөр баар, ресторанууд хамгийн их ачаалалтай ажилладаг. Харин ажлын долоо хоног эхэлсэн даваа гарагт ууж идэх нь бага. Гэтэл хот даяараа гуйвдаг баасан гарагт 2900 орчим гэмт хэрэг бүртгэгдсэн бол ажил хэрэгч даваа гарагт 3400 орчим гэмт хэрэг  нэг жилд гарсныг Цагдаагийн Ерөнхий газрын статистикаас харж болно. Баар гэмт хэргийн уурхай мөн байна уу?

447Өнгөрөгч хавар нарны гүүрний зэргэлдээ алхаж явсан залууг үл таних хоёр этгээд дээрэмдэн зугтажээ. Мөнөөх залуу цагдаад дуудлага өгч өөрөө гэмт этгээдүүдийг алдахгүй мөшгисөн боловч аврагчид нь таг. “Яав ийв” гээд утас цохитол “баар хаагаад завгүй байна” гэсэн хариу өгчээ.  Гудамжинд хүн хутгалуулсан байхад очих цагдаагүй болсон хэрнээ баар хаах болохоор уухайн тас бөөн бөөнөөрөө дохио хангинуулан очих дуртай. Ашигтай орлоготой дуудлага юм гэнэ. Арай дөмгүүрүүд нь бензиний мөнгө нэрийдлээр баар сааж амьдардаг бол арчаагүй нэг нь тамхи ширхэглэгчдийг тоншиж явдаг гэх яриа гудамжаар нэг тарсан байдаг. Олны үг ортой. “Ахдаа 5-г тушаах уу? засагтаа 50-г тушаах уу?” гэсэн хэлц үгийг тамхины хяналтын хууль бий болгосон гэх. 

Арван нас хүрээгүй хүүхдээ архинд гүйлгэж байгаа эцэг эхийг буруутгахгүй атлаа арван хоёроос хойш нас биед хүрсэн хүнд архи өглөө гэж  баарны эзэн,  дэлгүүрийн худалдагчийг шоронд хорьдог манайхаас өөр улс байдаг ч юм уу даа? Коммунист Куба, Хятад, Вьетнам ч шөнийн цэнгээний газар шөнө ажилладаг. Харин манайд шөнийн үйлчилгээ шөнө хаах хуультай. 

 Гэр бүл үр хүүхэддээ агсам согтуу тавьж байгаа хүнээс илүү бааранд агсам тавьсан хүн анхаарлын төвд ордог.  Угтаа бол хүмүүс Архийг гэртээ уухгүйн тулд баарыг бий болгосон. Араатанлаг араншинг нь дарахын тулд элдэв дуу хуур, бүжиг бий болжээ. “Сайхан зодоон хийе дээ, хүн хутгалья даа” гэж бааранд ордог хүн нэг ч байхгүй. Тийм ч учраас соёлт хүн төрөлхтөн ийм төрлийн үйлчилгээг хүлээн зөвшөрсөн бас үйлчлүүлэх дуртай байдаг. Сайхан цэнгэхэд яагаад болохгүй гэж. 

Сүүлийн үед сүүтэй Ёлканы мода ихэд дэлгэрч байна. Саяхан нэг аймгийн мэргэжлийн хяналтынхан сүүтэй шинэ жилээ хийж зураг хөргөө интэрнэтэд тавьж үлгэж жишээ үзүүлжээ. Харин сүүтэй үзүүлбэр тарсаны дараа жинхэнээсээ ёлкадаж караокеоны микрафоноо булаалдан зодолдож, хавийн юмыг эвдэн, цөөнгүй хэд нь эрүүлжүүлэхэд хоносон сурагтай. Архины хууль ийм л гурил гэдгийг бид арван жил мэдэх хэрнээ “архи баба” хэмээн ам нэгтэй орилдог улс. 

Баар буруутай байсан бол одоо ёлка буруутай. Оргилуун дарсны оронд сүү залахыг төр зарлигдсан. Сүүнээс нь миламан гарч хүн хордвол сүү ч бас буруутах биз.

Нэгэнт орчлон ертөнцийг хоосон гэж огоорон винайн ёсыг сахиж чадахгүйгээс хойш хэдүүлээ Ёлкаа зүгээр л тэмдэглье л дээ...


Жич: Дөхөмдүүлэх үүднээс зарим нийтлэлийн холбогдолтой ишлэлийг тайлбаргүй хүргэж байна. 

баабар    “Шууд хорио анх ярьж сурталчилсаны эсрэг үр дүн өгөх нь өөрөө нийгмийн хууль. УИХ сая үдэш архи зарах түгээхийг хуулиар чандалчихлаа. Гэвч хэн ч шөнийн хоёр цагт бааранд коко кола уух гэж ордоггүй учраас эрсэнээ олж л таарна. Энэ үйлдэл нь хууль бус учраас өөр үнэ, өөр ёс суртахууны төвшинд явагдана. Хууль зөрчсөн хэрэгт эцэст нь нийгэмд хэзээ ч гай болдоггүй хүмүүс өртөнө, харин гэмт үйлдэлтнүүд орлогын шинэ сайхан үүсвэртэй болж улам хөлжинө. Иймээс спирт архи үйлдвэрлэгчид, борлуулагчдад хориглосон хууль илүү сайхан бололцоо олгодог. Нэгэнт ядуурал лавширч байгаа учраас нийгмийн архидан согтууралт улам л гүнзгийрэнэ, харин эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал гэх мэтийн амин чухал асуудал нь хяналтаас гараад явчихана.”-  Баабар - Архи уух сайхан 2003 он

batbayar1    Нэгэнт “цагдаатайгаа л тохирчихвол” болдог хойно ойрын хэдэн жилд хана, таазаа будсан газар ганц ч таарсангүй. Энэ бизнес хахууль гэдэг ганцхан шалгууртай болохоор дунджаас доогуур зэрэглэлийн газрууд үйлчилгээний соёл, стандарт, хэрэглэгчийн эрх ашиг, аюулгүй байдал, хөгжил дэвшил зэрэг бизнесийн өрсөлдөөний гол шалгууруудыг огт хэрэгсэхээ больжээ.- “ Д.Батбаяр-Бүжиглэх эрхгүй улс 2014 он


батсайхан    Улаанбаатарт сая жуулчин ирээсэй гэх мөртлөө жуулчны бүх хүслийг хясах журам гаргаад байдгийг би таашаадаггүй... Архи no, тамхи no, бүжгийн талбай no... бүх юманд no гээд байхад энд хэн ирж, амарч зугаацах юм бэ? Эсрэгээр аялал жуулчлалын бүх том төвд бүхнийг чөлөөтэй байлгаж байж л хүн очиж байгаа шүү дээ”- Р.Батсайхан- Би ардчилалд хайртай 2014 он