2015 оны төсвийн тодотголыг ирэх жилд хэлэлцэхээр боллоо
2014/12/30
Н.Алтанхуягийн засгийн газар байх үед 2015 оны төсвийг тухай хуулийг өргөн барьсан билээ. Төслийг өргөн бариад удаагүй байхад Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсан байгаа. Тиймээс Монгол улс анх түүхэндээ анх удаа Засгийн газрын оролцоогүйгээр 2015 оны төсвийн төслийг баталж орхисон. Тэгвэл өчигдөр 14 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж улмаар ирэх оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Үнэндээ Монгол Улсын 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1.0 их наяд гаруй төгрөгөөр буурахаар байгаа бөгөөд ирэх 2015 онд ч эдийн засгийн нөхцөл байдал энэ оныхоос сайжрах төлөв байдал ажиглагдахгүй байгаа тул ирэх 2015 оны төсвийн орлогыг бодитойгоор тооцох, батлагдсан хэмжээг бууруулах зайлшгүй шаардлага бий болоод байна. 2015 оны батлагдсан төсвийн орлогыг бодитойгоор дахин төлөвлөх, урсгал болон хөрөнгийн зардлыг орлоготойгоо уялдуулан дахин тооцож, төсөвт тусгах зорилгоор 2015 оны төсвийн тодотголыг боловсруулжээ.
Энэ талаар Засгийн газраас: Дэлхийн эдийн засагт гарч буй өөрчлөлтийн улмаас манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ буурч байгаагийн зэрэгцээ Оюутолгой ордын үйлдвэрлэл багассан тул энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрэхээргүй байна. Энэ өөрчлөлт ирэх онд ч үргэлжилнэ. Учир нь Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах үед тооцсон эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, хэмжээ, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд буурахаар байна.Дээрх нөхцөл байдалд үндэслэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан үзүүлэлтүүдийг өөрчлөхөөр Засгийн газар шийдвэрлэж, үүнтэй уялдуулж холбогдох хуулиудад оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийслэл хотын албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Бууны албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслүүд энд багтаж байна.Ийм өөрчлөлт хийснээр макро эдийн засгийн суурь үзүүлэлт, түүний дотор Монгол Улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбараас төвлөрүүлэх орлогыг зөв тооцож, улсын төсвийг үр нөлөөтэй зөв төлөвлөх, хуваарилах асуудал бодитой болно” гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байгаа.
Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 7,159.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.8 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 7,599.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 439.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 1.8 хувь байхаар баталсан юм. Тэгэхээр энэ тоо өөрчлөгдөх магадлал өндөр байгаа юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа