... Алтан наран үдлэх зүгт

Амьдарч өссөн нутаг минь бий

Амьдарч өссөн нутагт минь

Амь нэгтэй ихэр минь бий... 

 

               Цасан бүрхүүл эх орны минь 70 орчим хувийг бүрхсэн өвлийн эхэн сарын дундуур Баян-Өлгий, Ховд аймагт ажиллах томилолт өвөртөлсөн би вээр хоёр эрхэмийн хамт хөлгийн жолоог баруун зүг залж билээ. Хол замыг туулах учраас Улаанбаатар хотоос нар битүү хөдөлсөн бид Хархорин, Цэцэрлэг хотоор дайран Завхан аймгийн Тосонцэнгэл суманд хоног тааруулсан юм. Монголын хамгийн хүйтэн өвөл энэ л сумын нутагт болдгийг Монгол хүнийхээ хувьд хамгийн сайн мэдэх  учир цааш явж үл төвдсөнөөр сумын төвд байрлах нэгэн хувийн буудалд гал өрдүүлэн хоноод өглөө эртлэн хөдлөв.

        Увс аймгийн нутагт байрлах Төрийн тахилгат Хан Хөхийн нурууны араар давхисаар Хяргас нуурын хөвөөг орхин Булганхангай бригадад хүрэлцэн ирлээ. Булганхангай бригад бол миний төрж,  өссөн газар. Амьдралын арвин тоосыг хөдөлгөж, төрийн албыг залгуулж, эцгийн голомтыг бадраасан миний бие хүний хорвоод мэндлэхдээ энэ нутагт ихэр заяатай ирж, эрүүл саруул өсөн торнисоноороо бахархаж явдаг нэгэн.  Тэртээх 1980-аад онд сургуулийн сурагч болон ил баярлаж, далд түгшиж явсан бага нас, сумын дунд сургуулийн бага, дунд ангид төвөггүйхэн сурч, төгссөн жаргалтай үе маань энэ нутагт бий. Их дээд сургуулийн мөр хөөн нутгаасаа холдсон миний нүдэнд цас мөс, дэрс бут, нутгийн уулс хэзээний танил адил нүдэнд тусах нь таатай. Олон жилийг төв суурин газар бараадаж үдсэн, төрсөн нутгаасаа хол өнгөрүүлсэн надад хажууханд харагдах хошуу тойроход л хагас зууны тэртээ ижийнхээ хэвлийгээс хамтдаа “унасан” дүү минь байгаа болохоор сэтгэл яарах нь урьхан...

       Ихрийн өрөөсөн   маань өдгөөгөөс 30 жилийн өмнө хүний эмч мэргэжил эзэмшин, малчин залуутай гэр бүл болж нутагтаа суурьшсан юм. Энэ жил нутгийн маань намар сайхнаараа, урт үргэлжилжээ. Дулаахан өвөл болж байгаа болохоор намаржаанаасаа оройтож нүүдэллэсэн хүргэнийнх маань биднийг очиход өвөлжөөндөө  саявтархан буусан, бүрэн төвхнөж амжаагүй байлаа.

       Хотын хүмүүсийн ямбархаг зан надад суусныг хүргэнийхээ өвөлжөөний захад машинаас буугаад алхаж байхдаа өөрийн эрхгүй анзаарсан юм. Учир нь өвөлжөөний хажуугийн ганганд хунгарласан хөр цас, хацар хайран тачигнах хүйтэн жаврыг сөрөн алхах тэрхүү цөөхөн хоромд голдоо ортол даараагүй ч хувцас жиндэн хайрч байх юм.       

Үүдэн хойморын зайнд харагдах хүргэнийх рүүгээ хүйтэн жавар сөрөн алхах зуурхан энэ уулын бэлд хичнээн  өвлийг хэрхэн туулсан бол гэхээс ихрийн өрөөснөө өрөвдөх сэтгэл өөрийн эрхгүй төрж, зүрх зөөлхөн хөндүүрлэх. Харин намайг ингэж өрөвдөж байгааг үл анзаарах ихэр  минь  баярлан хөл алдан нүүр дүүрэн мишээсээр хоол ундыг цагийн зуурт бэлтгэн, намайг  даарчих вий гэсэн бололтой зуухныхаа хоёр бөөрийг час улаан болтол мод, хөрзөн чихэж галласнаар зай ихтэй таван ханат ханынхаа толгой хүртэл халсан байлаа.

     Эхийн хэвлийд хамтдаа бойжиж, нэгнийхээ зулайг гишгэн төрж, энэ л нутагт хөлд, хэлд орж өсөн торнисон бид хорвоогийн эргэлтэд нэг нэгнээсээ алсран холдсон ч хүйгээрээ үргэлж холбоотой байж, хүний амьдралын жамаар хорвоог  туулж яваа билээ.

      Олон жилийн дараа нутагтаа ирж байгаа болохоор дүү болон хүргэнтэйгээ ярих яриа дуусашгүй их. Нутаг орон, аавын гэрийн буурь, ах дүүс, мал сүрэг, цаг агаар, намаржаа, өвөлжөө зэрэг хол ойрын түмэн зүйлсийг хаман ярих зуур өвлийн богино өдөр дуусч, ирсэн зочдоо амрааж, гэрийн эзэд нь нойрсох болсноор нутгийнхаа тэнгэрийг ойрхоноос харж, өвлийн шөнийн агаарыг ханатлаа амьсгалахаар түр гадашласан надад од мичид битүү түгсэн тэнгэр, хотонд цайрах хонь голдуу сүрэг, хангитал сүүрс алдах мэт уугичиж, шир ширхийтэл хэвэх үхрийн чимээ ихээ тод дуулдах нь сайхан.

       Миний   “Ах, дүүгээ бараадан хот руу дөхвөл яасан юм бэ? Нэг хашаа байшин байна. Тэнд амьдарч болно шүү дээ. Үр хүүхдийнхээ ирээдүйг бодсон ч хот руу дөхсөн нь одоо зүгээр дээ...” хэмээхэд ихэр минь хэсэгхэн чимээгүй байснаа “Энэ хэдэн уулсын хормойд үлдсэн өвгөдийн даралтыг  хэн үзэх юм бэ? Энэ голын хөл хүндтэй бүсгүйчүүдийг хэн эх барьж авах юм. Би эндээс  явахгүй” гэж эрсхэн хариулсан. Санчигт нь хаа нэг хяруу сууж, өтлөх тусмаа ижийтэй маань улам л адилхан болж буй дүүгийн маань эрсхэн өгүүлсэн энэ л хариултыг сонссон миний дотогш өөрийн эрхгүй огшиж, аньсага минь далдуур норох тэр л агшинд гаансаа шожигнотол сорж, галын хөвөөнд хуучны мөнгөн аяганд цай хийн хааяа нэг оочлох ханхар биетэй, тархиндаа бодол тээсэн  хөх өвгөд маань нүдэнд минь харагдаж билээ.

      Тийм дээ. Ээжийн төрхтэй аавын араншинтай дүүг минь“хариуцлага”хэмээх “хад чулуу” төрж өссөн нутагт минь  ийнхүү хадаж орхиж. Харин үүнийг нь анзаараагүй би дүүдээ буруу үг хэлж, өдий олон жил аав, ээжийн минь алтан шарилыг хэвлийдээ хадгалсан нутгаас нь авч явах гэж оролдсон байна. Миний буруу байж. Би буруу үг хэлсэн байна. Төрсөн нутаг, төрүүлсэн аав ээжийнхээ дэргэдээс ихрийн өрөөсөн   минь явахгүй гэсэн нь зөв... Бид хоёрыг ихэр одонд төрүүлсэн бурхан чамд баярлалаа. Ийм ихэрийнхээ хамт хүний амьдралын жаргал зовлон хосолсон он жилүүдийг туулж амьдрана даа би” хэмээн дотроо шивнэн сууж билээ.

       Нутгийн өглөө цэлмэг, дүүрэн нар манхайтлаа ургалаа. Ургах нартай уралдан боссон бид  хоол унд гэсээр бага үдэд хөдөлж,   даваа уруудан  асга, сайр бүхий замаар орж, гаран явах зуур   арьс, үс нь гүйцсэн гурван бүдүүн чонотой тааралдсан. Монголчууд чоныг илүү тэнгэртэйд нь харагдаж, ижил тэнгэртэйд нь алагддаг гэдэг. Нутгийн маань сахиус болсон хийморлиг  эдгээр амьтад уул хангайдаа  зөнгөөрөө амьдраг гэсэндээ цэц сайтай буу, хурдан машинтай явж байсан  ч  тэдгээр тэнгэрлэг амьтад руу  буу шагайж  төвдсөнгүй.

   ... Хотод ирээд хэд хоносны дараа ихрийн өрөөснийхөө гар утас руу залгалаа. Холбогдох боломжгүй байна. Дүү минь даралт нь өсч чилээрхсэн  нутгийн буурал хөгшнийг үзэхээр чагнуураа өвөрлөн гэрээсээ гарсан бололтой. Төрсөн, өссөн, өдий олон жил амьдарч байгаа тэр л нутагтаа, өөрийг нь итгэн хүлээж байгаа нутгийнхандаа туслахаар цаст уулсынхаа дунд  миний дүү  шогшиж л яваа.                                        

        Мандаж жаргах наран хүүшлэн эргэсэн өтгөсийн минь нутаг, насан багын чулуун тоглоомоо үлдээсэн мөндөр цайрсан дэнж, аавын минь гэрийн буурь сахиж үлдсэн аарцны чулуутай хамт   гэрийнхээ тулганы галыг бадраасаар нутагтаа  дахиад л үлдлээ. Тийм ээ, дүү минь нутгаасаа явахгүй нь ...

                                                                                             

                                                      ХАРЧУД ОВОГТ ГОМБЫН БАЯРСАЙХАН