Цагдааг хэн “цагдах” вэ
2015/01/16
Цагдаагийн алба хаагч бол Монгол Улсын жирийн нэг иргэн биш, харин дүрэмт хувцас өмссөн төрийн жинхэнэ алба хаагч, хууль сахиулагч, төрөөс илгээсэн ард түмнээ хамгаалах элч. Гэтэл үүнд сүүлийн үед иргэд ихээхэн эргэлзэх боллоо. Энд хачирхалтай жишээг дурдъя.
БАРИМТ1:
Арванхоёрдугаар сарын сүүлчээр ЦЕГ-ын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн байгууллагад хэрэгт шалгуулж буй хулгайч нэвтэрчээ. Тухайн үед цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байж. Хулгайч тус байгууллагын цонхоор нь дамжин орж, ахлах мөрдөн байцаагч болон мөрдөн байцаагчийн өрөөнд орж, 22 хавтаст хэрэг авч байрных нь хажууд шатаасан байна. Үүнийхээ дараа мөрдөн байцаагчийн утас руу залгаж “Хавтаст хэргээ шатаачихсан шүү” гэж тохуурхжээ. Байцаагч үүнд төдийлэн үнэмшээгүй ч ажилдаа ирснийхээ дараа үнэн болохыг нь мэдэж, хулгайчийг баривчлан, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ. Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байхад цагдаагийн байгууллага руу хулгай орж байна гэхэд хэн ч итгэхгүй. Учир нь, цагдаагийн байгууллага жижүүрийн цагдаа, офицер24 цагаар үүрэг гүйцэтгэдэг. Тэгээд ч зүгээр энгийн нэг албан байгууллага бус, Монгол Улсын цагдаагийн байгууллага шүү дээ. “Ард иргэдийн аюулгүй, амар амгалан амьдралын төлөө хичээнгүйлэн зүтгэнэ” хэмээн тангараг өргөсөн албан хаагчдын байранд хулгайч нэвтрэх нь хэр зүй зохистой бол. Нэг талаараа тэдний харуул хамгаалалт, нөгөө талаараа ажлаа хэр хариуцлагатай хийж байгааг илтгэж байх шиг. Өөрсдийн ажлын байрыг эрсдэлгүй хамгаалж чадахгүй байгаа цагдаагийн алба хаагчид ард түмнийхээ аюулгүй байдлыг хамгаалж чадах нь юу л бол.
БАРИМТ2
Цагдаагийн алба хаагчийн хувцсыг өмсч залилан хийдэг Говь-Алтай аймгийн харьяат 25 настай Д.Хонгорзулыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард үйлдэл дээр нь баривчилсан байдаг. Тэрбээр 2014 оны наймдугаар сараас эхлэн цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцсыг өмсч залилан хийдэг байсан гэнэ. Түүнийг иргэн Б-ээс“Цагдаагийн байгууллагад ажилд оруулна” хэмээн залилж нэг сая төгрөг авсныг хэргийг мөрдөн шалгах явцад илрүүлсэн байна. Гадны улс оронд иргэн нь цагдаагаасаа“Та бичиг баримтаа шалгуулчихаад шаардлага тавина уу” гэж хэлэх эрхтэй. Тэр эрхээч эдэлдэг. Харин манайд бол ингэж хэлснийхээ төлөө цагдаагийн заналхийлэлд өртдөг нь нууц биш. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн эрхээ эдлэхийг хүссэнийхээ төлөө цагдаагийн дарамтад ордог гэсэн үг. Тухайлбал, “Та миний эрхийг уншаад өгчих, эрхээ сонсчихоод гавлуулъя” гэж хэлсэн нэгэн залууг“Яасан том...вэ” хэмээн хараан зүхэж, эрүүдэн тамлаж байгаа бичлэгийг интернэтээр цацсаныг олж үзээгүй хүн ховор биз ээ. Энэ бол цагдаагийн алба хаагчийн үнэн дүр төрх. Тиймээс иргэд цагдаагийн өмнөөс шаардлага тавьж чаддаггүй байна. Ингээд л зөв ч бай, буруу ч бай цагдаагийн хэлсэн шаардлагыг үг дуугүй биелүүлэхэд хүрдэг. Төрийн цагдаагийн дүрэмт хувцсыг өмсч, нэрийг нь барьж гурав, дөрвөн сар залилан хийж байхад тангараг өргөсөн жинхэнэ алба хаагчид хаана, юу хийж байв.
БАРИМТ3:
Энэ сарын 11-ний 23.40 цагт БНХАУ-ын хоёр иргэний аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан. Хэргийг үйлдсэн этгээдүүд хэргийн газраас 210 сая төгрөгийг авч зугтсан байдаг. Тэднийг хэрэг үйлдсэнээс хойш зургаан цагийн дотор Улаанбаатар хотын цагдаагийн газар, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Дархан, Сэлэнгийн цагдаагийн 700 гаруй алба хаагч мэргэжлийн ур чадвар гарган шуурхай илрүүлэн баривчилсан тухай ЦЕГ-аас олонтаа мэдээлсэн Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хэргийг үйлдсэн этгээд цагдаагийн байгууллагад өөрийн биеэр ирж, хэргээ хүлээсэн гэнэ. Яг үнэндээ цагдаа нар ур чадвар гаргаж барьсан ч хэрэг биш аж. Бусдын тусламж дэмжлэгээр хэрэг илрүүлсэн гэдгээ тэд олонд дэлгэдэггүй. Зөвхөн цагдаагийн байгууллага өөрсдийн хүчээр хэргийг илрүүлсэн мэт сүр дуулиантай ярьдаг байна. Гэтэл өнгөрсөн оны есдүгээр сард Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байсан сэжигтэн Э.Вантөмөр, Б.Амарбаясгалан нар оргосон. Тэднийг 23 хоног орон даяар эрэн сурвалжилсны эцэст Б.Амарбаясгаланг “Бөмбөгөр” худалдааны төв орчимд явж байхад нь баривчилсан бол Э.Вантөмөрийг “Саппоро” орчмоос баривчилж байсан удаатай. Энэ олон хоногийн хугацаанд ард иргэд айдас дунд амьдарч байлаа. “Монгол Улсын цагдаагийн байгууллага хүчтэй, ажлаа хийж чаддаг бол хоригдлуудыг хоёр хоногийн дотор л барих байсан даа” гэж ярих хүн ч байв. Энэ үйлдлээрээ цагдаа нар ажлаа хэрхэн, яаж хийдгээ дахин нотолж байх шиг.
БАРИМТ4:
Сүхбаатар дүүргийн XII хороо буюу Таван буудлын зам дээр өнгөрсөн оны есдүгээр сарын 10-нд зам тээврийн ноцтой осол гарсан. Тодруулбал, СЭҮ 00-23 дугаартай цагдаагийн автомашин урсгал сөрж орж ирэн зам хөндлөн гарч явсан12 настай С охиныг мөргөж, амийг нь хөнөөсөн.
-Сонгинохайрхан дүүргийн XXI хо-роонд зам хөндлөн гарч байсан 20-25 насны нэгэн эмэгтэй замын цагдаагийн машинд мөргүүлсэн хэрэг мөн онд гарсан. Тухайн үед нэгэн “Цагдаа хүн мөргөөгүй, хар машинтай жолооч мөргөөд явсны дараа замын цагдаа нар таарч, тусламж үзүүлсэн” гэх мэдээллийг Замын цагдаагийн газраас өгч байв.
-Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн хэв журмын байцаагч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргажээ. Тэрбээр УБХ62-19 дугаартай “Аксент” маркийн машин жолоодож явсан бөгөөд Чингэлтэй дүүргийн XI хорооны нутагт “Хүчит шонхор” захын ойролцоо автомашинтай мөргөлдсөн байна.
Сүүлийн үед цагдаатай холбоотой янз бүрийн аксиом олон нийтийн дунд гарах болжээ. Тухайлбал, “Цагдаагийн хийсэн гэмт хэргийг бусдад тохоод дуусдаг”, “Нохойтой тэрсэлдвэл хормойгүй, цагдаатай тэрсэлдвэл ажилгүй” гэх зэргээр үргэлжилнэ. Ийм үгийн цаана хүмүүсийн амьдрал, нус нулимс, өнчрөл хагацал байдаг учраас үүнд анхаарал хандуулахгүй байхын аргагүй. Ард түмэндээ үлгэр дууриалал үзүүлж, зааж зөвлөн шаардлага тавих ёстой атал өөрсдөө ийм хэрэг үйлдэж байгааг юу гэж ойлгох вэ. Дэндүү эмгэнэлтэй. Баримт 4-ийн хамгийн эхэнд дурдсан хэргийг үйлдсэн цагдаагийн алба хаагчийн нэрийн өмнөөс хохирогчийн ар гэрийнхнээс тухайн үед ЦЕГ-ын зүгээс уучлалт гуйж, тус газрын вэб хуудаст байршуулсан байдаг. Тодруулбал, “2014 оны09 дүгээр сарын 10-ны өдөр цагдаагийн алба хаагч албаны тээврийн хэрэгсэлтэй Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцох явцдаа зам тээврийн осол гарган 12 настай “С”-ийн амь насыг хохироосон явдалд хохирогчийн ар гэрийнхнээс уучлалт хүсч, гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ. Үүний коммент хэсэгт “Наад уучлалаар чинь яах юм. Хүн дайрч, амь насыг нь хохироочихоод уучлалт гуйгаад л болно гэж бодоо юу” гэх зэргээр иргэд сэтгэгдлээ бичжээ. Нээрээ л “Ниргэсэн хойно нь хашгирав” гэдэг шиг зүйл болох юм.
Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэг бүхий хууль сахиулах байгууллага байх юм. Гэтэл үндсэн чиг үүргээсээ хазайхад хүрчээ. Гэхдээ “Олон хүн сайнтай, муутай” гэдэг өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ажил үүргээ сайн биелүүлж буй нь байгаа. Цагдаа нартай холбоотой олон зөрчил гарч байгаагийн шалтгаан нь тэдэнд хэтэрхий их эрх мэдэл олгож, түүнийгээ хуулиар баталгаажуулж өгсөнд хамаг учир бий. Зөрчил гаргасан иргэнд хариуцлага ногдуулахдаа шийтгэлийг хэтэрхий хол ялгаатай тогтоож өгсөн байдаг. Тухайлбал, “Торгох буюу баривчлах ял шийтгэнэ” гэдэг заалт бол цагдааг хэтэрхий дөвийлгөсөн заалт. Цагдаа зөрчил гаргасан иргэнийг торгосон ч болно, хорьсон ч болно. Хэрвээ цагдаатай аятайхан харилцахгүй бол шүүхэд шилжүүлнэ. Ийм л дүрэм тэдний дунд үйлчилж байна. Х.Тэмүүжин Хууль зүйн сайд асан “Цагдаагийн байгууллага бол үйлчилгээний байгууллага” гэж хэлэхэд гайхсан хүн олон байсан. Магадгүй, энэ гайхалт Монголын цагдаа иргэндээ үйлчилж чадахгүй байна гэдгийн хамгийн эхний илэрхийлэл байв.
Сүүлийн үед автомашины дугуй хулгайлах, дээрэм, залилан хийх нь их болсон. Тиймээс хэрэг үйлдэгчийг илрүүлэх, баривчлах нь цагдаагийн алба хаагчдын үндсэн үүрэгт ажил. Тэд хийх ёстой үүрэгт ажлаа гүйцэтгэснийхээ төлөө өөрсдийгөө дөвийлгөж, олон нийтэд таалагдах гэж оролдоно. Тэнд тийм хэргийг үйлдэл дээр нь илрүүллээ. Энд ч ийм хэргийг шуурхай илрүүлж хэрэгтнийг баривчиллаа хэмээн өөрсдийгөө рекламдах боллоо. Эх баригч эмч хүүхэд өлгийдөж авсан талаараа, мэс заслын эмч хагалгаа хийснээ олонд дэлгэж яриад байдаггүй. Гэтэл цагдаагийн алба хаагчид иргэдэд сэрэмжлүүлэх бус өөрсдийгөө л ажил хийсэн болж харагдуулах, нийгэмд таалагдах гэж хэт хичээх болсон нь нэр хүндийг нь улам л унагах шиг.
С.Юмсүрэн
Үнэн үг · 2015/07/27
Яг үнэн. Цагдаа хэцүү хэцүү...Цагдаа бол үйлчлэгч байх ёстой болохоос дарангуйлагч байж болохгүй.....................Боловсрол муутай, хуулиа ойлгодоггүй байж зарим нэг нь мангар пээдгэрээ.
Зочин · 2015/01/20
тэмүүжин л ийм болгосон шдэээ
Зочин · 2015/01/19
С.Юмсүрэн гэх сэтгүүлч юугаа яриад 1000 гучингийн үлгэр яриад байгаан болдоо ганц нэг нийтлэл гаргаж хэдэн төгрөгөө салта******** гэж Бүхэл бүтэн Монгол улсын цагдааг тэр чигт нь ажилгүй хулгайч дээрэмчин мэтээр олон нийтийн ситед нийтлэх юмдаа.Монгол улсыг цагдаагүй ганц нэг хоног байлгавал Монгол улсад иргэний дайн гарна биз дээ Тэр цагт С.Юмсүрэн гээх сэтгүүлч амандаа маань мэгзэмээ ун******д Цагдаа надад туслаарай гэх байхдаа. Та нарын хийхгүй хамгийн балайр заваан юмыг цагдаа нар л хийдэг, Цагдаагийн гэр бүл хэзээч гэр бүлээрэй баяр тэмдэглэж суудаггүй Төсөвийн бага цалинтай ч төрд босож гомдол мэдүүлж цалингаа нэм гэж ********ддаггүй, гар дээр ирэх 500.600 мянган төгрөгөөр л гэр бүлээ тэжээдэг шүү дээ. амралтын өдөр цайны цаг гэж байхгүй хэрэгтэн барьсан ч өөрийн бензин хувийн машинаар л барьдаг. Ард иргэдийг тухай баярлуулж тайван амруулах гэж өдөр шөнөгүй хоолтой хоолгүй ажиллдагл байхгүй юу Би цагдаагийн байгууллагад ороод 3 жил гаран болж байхад бүх нийтийн амралтын өдрөөр амарч үзсэнгүй шинэ оноо гэртэй гаргаж үзсэн гүй цагаан сараар гэр бүл хамаатан садантайгаа шинийн нэгэнд золгож үзсэнгүй , гэртэй нойр бүтэн унтаж үзсэнгүй яагаад гэвэл цагдаа хүн бхий л үед бэлэн байдалд байх ёстой ард иргэдийн амар тайван байлгахын тулд. С.Юмсүрэн сайн судалгааны үр дүнд нийтлэл бичнэ шүү Төрийн цагдааг хэн нь мэдэгдэхгүй нэг сэтгүүлч ажилгүй хулгайч нтрээр дуудах болооогүй шүү
Зочин · 2015/01/18
нээрээ ур чадвараараа үхлийн ирмэгнээс өвчтөнг буцааж аварч буй эмч түүнийгээ яриад байдаггүй
balt · 2015/01/17
tsagdaa bol ondor uhamsartai zaluu tangarag orgoson er zorigtoi shildgiin shildeg zaluus baih estoi