МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Багахангай дүүргийн иргэдтэй өчигдөр уулзлаа. Хотоос 80 километрийн зайд орших энэхүү буйдхан “өртөө”-нд Монгол Улсын 3800 орчим иргэн ажин түжин оршин сууж байна. Уг нь Багахангай Улаанбаатар хотын нэг дүүрэг гэсэн статустай. Гэхдээ төмөр замын өртөө дагаж үүссэн хот болохоор зам зуурын хүмүүс “Багахангай өртөө” хэмээн нэрийдэж заншжээ.

Нэр дэвшигч ирэх сургаар багахангайчууд жижиг хотын жишгээр цэвэр цэмцгэр байдлаа харуулахыг хичээн угтав. Эзэн Чингисийн найман шарга, төрийн сүлдэт хөшөөгөөр чимсэн төв талбайд нь МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг хүлээсэн хүмүүс цуглажээ. Ингээд нэр дэвшигч маань ч ирж, Багахангай дүүргийн иргэдтэй хийх уулзалтаа өглөөний 8 цагт эхлэв. Уулзалтын эхэнд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар “Өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн нэг намын харьяалалтай байгаа.

bagakhangai-2

 

Тийм учраас бие биедээ хяналт тавьж чадахгүй байна. Монголын төрд тэнцвэр хэрэгтэй байна. Төрд үгүйлэгдэж байгаа энэ тэнцвэрийг авчрах хүнээр бид УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Б.Бат-Эрдэнийг нэрлэлээ. Бид цөөн хүний хүрээнд хуралдаж, 100 хувийн саналаар нэр дэвшигчээ тодруулсангүй. Монгол орны өнцөг булан бүрд оршин суугаа иргэдээсээ авсан санал асуулгаар 187 мянган хүний санал авсан учраас итгэл хүлээлгэсэн юм. Учир нь, Монголын төр эгзэгтэй байгаа энэ үед зөв замд нь оруулж чадах аваргын ухаан хэрэгтэй байна” гэв.
Харин нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ “Би та нарын л адил эгэл жирийн борог амьдралаас гарч ирсэн. Миний аав жолооч, ээж минь малчин. Би багаасаа л эцэг, эхдээ нэмэр болох гэж ажлын төлөө зүтгэсээр өдийг хүрлээ. Өнөөдөр ч гэсэн би автобусанд сууж, таксины залуучуудтайгаа хөөрөлддөг. Заримдаа би алхдаг. Ингэж явахад түмэн олон минь надад олон зүйлийг захиж хэлдэг. Тийм учраас өнөөдрийг хүртэл миний хийсэн бүтээсэн бүхэн ард олны минь хэлсэн, захисан үг байсан.

bagakhangai-3

 

Сүүлийн үед би Монгол Улс маань нэг л өөдөлж дэвжиж өгөхгүй байгаа талаар их бодсон. Ингээд өнөөгийн Монголын нийгэмд оршиж байгаа намчирхаж, талцах үзэгдэл Монгол эх орны минь хөгжил, дэвшилд чөдөр тушаа болж байна гэж үзсэн. Би аль нэг бүлэглэл, фракцын харьяалалгүй. Хэн нэгний нөлөөнд автаагүй. Тийм учраас Монголын нийгэмд бугласан талцал, намчирхалыг арилгаж, эвийг эрхэмлэж, зөвийг дэмжиж явна” гэлээ. Дараа нь, тэрээр Багахангай дүүргийн иргэдийн санал бодлыг сонссон юм.
Тус дүүргийн иргэд нэг зүйл дээр санаа нэгтэй байв. Тэр нь багахангайчуудын эрүүл, аюулгүй амьдрах орчинг хангах асуудал. Учир нь, хэдхэн сарын өмнө “Тамбовын эмч нарын холбоо” ТББ-ынхан Магнийн исэл гэдэг 120 тонн химийн хорт бодисыг иргэдийнх нь ундны эх үүсвэрээс 600 метр зайд булшилж орхисон аж. Чингэхдээ хотын иргэдийн эсэргүүцлийг 50 гаруй цагдаагийн албан хаагчийн хүчээр даруулж, хүч түрэмгийлжээ. Хэдийгээр химийн хорт бодисыг нутагт нь авчирч булшлах талаар албан тушаалтнууд 2011 оноос л хөндөж, ярьж байсан авч нутгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас хийж зүрхэлдэггүй байж.

Гэтэл 2012 оны УИХ, аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дараа ийнхүү хүч түрэмгийлэн химийн хорт хаягдал булшилсан талаар Багахангай дүүргийн II хорооны иргэн Г.Дүү гуай гомдоллож байна. Тэрээр “Бид энэ асуудлаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд бүх шатны дарга нарт хандсан. Гэвч “Тамбовын эмч нарын холбоо” ТББ-ынхан энд химийн хорт хаягдал хадгалахыг ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцэж, зөвшөөрсөн гэдэг хариу өгдөг.
Сүүлд Ерөнхийлөгчид хандахад “Хүн ам оршин суугаа газрын ойролцоо химийн хортой бодис хадгалж болохгүй юм байна” гэсэн аман хариу өгсөн юм билээ. Үүнээс хойш хэдэн сар өнгөрлөө, таг чиг л байна. Сая Ерөнхийлөгчийг зүүн аймгуудаар сурталчилгаагаа хийж явахад нь үүгээр дайрч ирээд аман шийдвэрээ баталгаажуулах байх гэж горьдож суулаа. Харамсалтай нь ирсэнгүй. Энд бидний ирээдүй болсон 50 гаруй нярай хүүхэд өсч торниж байгаа шүү дээ” хэмээн гомдоллож байв.

bagakhangai-4

 

Энэ талаар I хорооны эмнэлгийн эмч О.Номиндалайгаас тодруулахад “Сүүлийн үед манай дүүрэгт төрөлт нэмэгдэх хандлагатай байна. Сард 14-15 хүүхэд тогтмол мэндэлдэг. Одоогийн байдлаар дүүргийн хэмжээнд 0-2 сартай 40 гаруй нярай хүүхэд эмчийн хяналтад байгаа. Эдгээр нярай болон дүүргийн иргэдэд Магнийн исэл хортой нөлөө үзүүлэхийг үгүйсгэхгүй. Химийн ном, товхимолоос харахад, Магнийн исэл агаараар тархдаг, хорт хавдар үүсгэх аюултай юм билээ. Хорт бодисыг чухам ямар саванд хадгалж байгааг очиж үзье гэхээр үзүүлдэггүй” гэсэн юм.
Тийм учраас энэ асуудлыг нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ гишүүн анхааралдаа авахаар болсон юм. Тэрээр “Баганхангайчууд та бүхэн энэ асуудал дээр эв нэгдэлтэй байж, ирээдүйнхээ төлөө тууштай тэмцэж байгаад баяр хүргэх ёстой. Ард түмэнтэйгээ хамт байсан тэмцэл бүхэн амжилт авчирдгийг би өөрийнхөө жишээгээр мэднэ. Иргэдийнхээ ундны усны эх үүсвэрээс хэдхэн зуун метрийн зайд химийн хорт бодис хаях шийдвэр гаргадаг төр байгаад харамсч байна” гэв.Мөн ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд дорвитой өөрчлөлт хийх ёстой. Энэ чиглэлээр УИХ-ын гишүүний хувьд ч идэвхтэй ажилласаар ирсэн. Хэрвээ төрийн тэргүүн болбол ажилгүйдлийг цэгцлэх тууштай цэгц бодлого баримтлан ажиллах болно гэдгээ нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ уулзалтын үеэр онцолж явлаа.

Үүнээс гадна иргэд ирээдүйнхээ талаар сэтгэл зовниж явдгаа нэр дэвшигчид хэлж байлаа. Учир нь, Багахангай дүүргийн эдийн засгийн гол хөдөлгөх хүч нь төмөр замчдын орлогоос бүрддэг гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, төмөр замчдын ажлын байр, авдаг цалин нь тус өртөөний худалдааны эдийн засгийг тэтгэж байдаг аж. Гэтэл төмөр замчид эзэмшсэн мэргэжлээ үр хүүхдүүддээ өвлүүлье гэхээр төмөр замын чиглэлээр сурч боловсрох боломж муу байдаг байна.

Ажиллах хүчний хүний нөөцийг УБТЗ-аас томилж ирүүлдэг нь уугуул оршин суугчдыг шахаж, ажилгүйдлийг нэмэгдүүлэх хөшүүрэг болдог ажээ. Тийм учраас Багахангай дүүргийн уугуул оршин суугчид болон төмөр замчдын хүүхдүүдийг төмөр замын чиглэлээр сурч боловсрох боломж олгох, Төмөр замын дээд сургуульд элсүүлэх квот тогтоож өгдөг болгохыг нэр дэвшигчээс хичээнгүйлэн хүсч байлаа. Учир нь, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ парламентад есөн жил суухдаа төмөр замчдын нийгмийн асуудлыг шийдсэн олон хуулийг Р.Раш гишүүнтэй хамтран санаачлан, батлуулсан, нэг үгээр хэлбэл төмөр замчдад ойр хүн юм байна.