Монгол улсын хүн ам 3 саяд хүрч "олуулаа" боллоо хэмээн хөөрцөглөж байгаа энэ цаг үед олон үйл явдал өрнөсөөр байгаа билээ. Үндэсний статистикийн хороо "өссөн, нэмэгдлээ" гэх мэдээг долоо хоног бүр дуулгадаг. Тэгвэл энэ удаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өслөө биш "амьжиргааны доод түвшин" нэмэгдлээ гэв. Үгүй аштай юу байхав.

Гэхдээ л энэ тоог хараад 160800 төгрөгөөр бүтэн 30 хоногийг яаж шуухан залгуулдаг юм бол доо гэсэн бодол эргэлдэв. Өмнөх онд 144500 төгрөгөөр амьжиргаагаа залгуулдаг байж. Харин энэ онд 16300 төгрөгөөр нэмэгдсэн бололтой. Бүүр тодруулбал, “Хүн амын амьжиргааны доод түвшин”-г бүс нутгаар шинэчлэн тооцжээ. Үүнд, Баруун бүс 164200 төгрөг, Хангайн бүс 167200 төгрөг , Төвийн бүс 164300 төгрөг, Зүүн бүс 160800 төгрөг, Улаанбаатар хотод 185400 төгрөг байна. Амьжиргааны доод түвшинг өмнөх онтой харьцуулахад Баруун бүсэд 12 хувь, Хангайн бүсэд 11.8 хувь, Зүүн бүсэд 11.3 хувь, Төвийн бүсэд 9.8 хувь, Улаанбаатар хотод 9.7 хувиар нэмэгджээ. 

Чамлахаар чанга атга гэж үг бий. Нэмэгдэж байгаа нь их юм гэж уурсах хүн олон гарах биз. Тэгвэл бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнс, мах, ногооны үнэ сар болгон л нэмэгдэж өсч байдаг гэдгийг санах нь зөв биз. Махны үнэ л гэхэд нэг долоо хоногт 30 төгрөгөөр өсч байх жишээтэй. Хонины ястай нэг килограмм мах дунджаар 5840 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7410 төгрөгийн үнэтэй байв. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.4 хувиар буюу 30 төгрөгөөр, үхрийн цул мах 0.3 хувиар буюу 30 төгрөгөөр өсчээ. Өнгөрсөн долоо хоногт үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7200 төгрөг, “Номин”, “Меркури” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөгөөр худалдаалагдаж байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.0 хувиар буюу 60 төгрөг, хонины цул мах 0.4 хувиар буюу 30 төгрөгөөр тус тус өсчээ. Ийнхүү "өссөн" гэх дүн цааш үргэлжилэх түр  ингээд зогсооё. 

 

Х.Даваа