Зам тээврийн сайд асан, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх өөрийг нь олон нийтийн сүлжээ сайтаар гүтгэсэн гэж үзэн, иргэн Ц.Бат, И.Даваапил нарыг шүүхэд өгсөн билээ.

Сайд асан А.Гансүх нэгэнтээ дээрх иргэдийг шүүхэд өгч буй шалтгаанаа “Төрийн дархлааг тогтоож байна. Намайг гүтгэсэн нь миний нэр хүндэд гэхээсээ илүүтэй Монгол төрийг гутааж буй хэрэг.Учир нь гүтгэж буй асуудлууд нь намайг төрийн алба хашиж байх үеийнх” хэмээн тайлбарласан нь бий.


Тэгвэл сайд асан А.Гансүх өөрийнх нь тухай мөн л илт шүүмжлэлттэй асуудлыг жиргэсэн нийтлэлч Баабарыг шүүхэд өгөхгүй байгаагийн шалтгаан нь юу юм бол?
Мөнөөх төрийн дархлааны асуудал нь хөндөгдөж буй хэрэг биш үү?
Эсвэл Баабарын бичсэн жиргээ баримттай , бодитой гэж үзэв үү?
Дахин сануулахад нийтлэлч Баабар Зам тээврийн сайд асан А.Гансүхийн тухай:
“Жапан тауны хөрөнгө оруулагч өвгөнийг буудалд байхад нь өрөөнөөс нь хар тамхи оллоо гэж цагдаагаар бариулдаг нь наад шаар чинь”, “Твиттерээр цуурсан Ц.Бат инженер биш иймэрхүү хулгайч луйварчин шоронд очих ёстой юм л даа”, “Одоо Жапан таунаас луйвардаж авсан хэдэн байртай. Гүтгэсэн гээд намайг шоронд хийг л дээ”,“Твиттерт юм бичлээ гээд нэг нь гомдол гаргадаг, нөгөө нь шоронд хийдэг. Арай дэндэж байгаа юм биш үү”, “Ядахдаа тэр Ц.Бат нь хүн аймаар доромжлол бичээгүй л юм байна лээ. Харин би хэлий, ГАНСҮХ БОЛ ХҮНИЙ АДАГ” гэж жиргэсэн юм.
Нийтлэлч Баабар өнөөдөр бичсэн нийтлэлдээ мөн л уг асуудлыг хөндөн, "Бусдын, ялангуяа гадаад хөрөнгө оруулагч болон оруулахаар зориглогч нарыг дээрэмддэг хэрэг арваад жилийн өмнөөс үзэгдэх болсон ба одоо үүгээр мэргэшсэн бүлэглэлүүд олон болсон. Мэдээж зиндаа зиндаандаа. Хамгийн дуулиантай нь барилгын хөрөнгө оруулагч япон иргэнийг зочид буудалд өрөөнөөс нь хар тамхи олсон болгож шууд шоронд хийж байсан. Хятадын жижиг хөрөнгө оруулагчдыг дээрэмдэх үйлдэл бүр хавтгай болсон. Гэнэт баривчлан шоронд хатааж байгаад ядраад бууж өгөхийн үед нь холбогдолгүй болохыг нь “тогтоох” ба дахиж Монголд орж ирэх эрхийг нь хасан паспорт дээр нь хар тамга дараад элдэн хөөдөг. Ийм тохиолдол Солонгосын нэлээд том хөрөнгө оруулагчид ч тохиолдож байлаа. Мэдэж энэ бол бүр сурцтай болсон сүлжээ." хэмээн бичжээ.

Э.Мягмардорж