Амидай амидайгаа дэмжинэ, ард түмэн аваргаа дэмжинэ
2013/05/28
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Ховд, Баян-Өлгий аймагт ажиллалаа-
Ажнай хүлгийн амгай дээр бид саналаа нэгтгэж таныг сонгоно
Тухайн цаг үеийнхээ баатраар үр хүүхдээ нэрлэх нь бий. “Бээжин-2008″ зуны олимпийн наадмын дараа залуус хүүхдээ Түвшинбаяр, Бадар-Ууган гэж нэрлэх нь олширсон гэдэг. Энэ бол үр хүүхдээ хайртай аваргууд шигээ хүн болгохыг бэлгэшээж нэрийг нь өгсөн хэрэг л дээ. Үүн шиг УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнийг үндэснийхээ их баяр наадамд завсаргүй түрүүлж байх тэр цагт Бат-Эрдэнүүд олноороо мэндэлсэн гэдэг юм билээ. Магадгүй энэ нь Монголын хамгийн түгээмэл нэрээр “Бат-Эрдэнэ” тодроход ч тодорхой хувь нэмэр оруулсан байх.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр Монголд 17 мянга гаруй Бат-Эрдэнэ байдаг аж. Энэ олон Бат-Эрдэнэ дундаас УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж байгаа. Тэгвэл түүнийг амидай нар нь дэмжинэ гэдгээ Ховд аймгийн Булган суманд иргэдтэй уулзах үеэр нь мэдэгдсэн юм.
Хоролсүрэнгийн Бат-Эрдэнэ, Бадралын Бат-Эрдэнэ, Равдангийн Бат-Эрдэнэ, Цэрэнгийн Бат-Эрдэнэ гээд олон олон Бат-Эрдэнүүд “Амидай амидайгаа дэмжинэ ээ, ард түмэн аваргаа дэмжинэ” хэмээн нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд амлаж байсан юм. МАН-аас нэр дэвшигчийн Ховд аймгийн Булган сумынхантай хийсэн энэ уулзалтад ойр орчмын сумдаас ч иргэд иржээ. Цэцэг, Алтай, Үенч гээд зэргэлдээ сумаас аваргаа дэмжихээр ирсэн иргэд, амидайгаа дэмжинэ гэдгээ илэрхийлэх гэсэн Бат-Эрдэнүүд цугласан байв.
Төрийн алба төрлийн алба болж буйд бухимдсан, ардчилал дарангуйлал болж буйг буруутгасан, эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд наалдахгүй байгааг шүүмжилсэн иргэд Булган сумын уулзалт дээр үгээ хэлцгээж байлаа. Бас нэр дэвшигчээ дэмжсэн, урмын уг хайрласан хөгшчүүл, Б.Бат-Эрдэнийг дэмжсэн залуус, эмэгтэйчүүд уриалга гаргаснаа ч дуулгасан.
Улсын хил дагуу орших 10 гаруй мянган хүн амтай энэ сумынхан хамгийн гол нь хэлдэг биш, хийдэг хүнийг Ерөнхийлөгчөөр сонгоно гэцгээсэн. Харин Ховд аймгаас Баян-Өлгий рүү нисэхийн өмнө нэгэн буурай нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд хазаар бэлэглэсэн юм. Тэрээр “Ажнай хүлгийн амгай дээр бид саналаа нэгтгэж таныг Ерөнхийлөгчөөр сонгоно оо. Төрийнхөө жолоог тэгш залж яваарай гэж энэ хазаарыг бэлэглэж байгаа юм шүү. Ханилъя гэвэл хазаар, холдъё гэвэл ташуур өгдөг гэсэн хуучцуулын маань үг бий” хэмээлээ.
Ерөнхийлөгчийн дэргэд үндэсний цөөнхийн асуудал хариуцсан бүтэц бий болгоно
Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг Баян-Өлгий аймагт дөрөө мултлахад нутгийн иргэд өөрсдийн уламжлалаараа угтан авсан юм. Домбор хөгжмийн аянд нэр дэвшигчээ дэмжсэн дуу уянгалуулж, тавагтай идээгээрээ цацал өргөн тосон авлаа.
Баян-Өлгий бол өөрийн гэсэн онцлогтой аймаг. Туурга тусгаар Монгол Улсын нэгээхэн хэсэг нь болсон энэ л нутгийн иргэдэд эв нэгдлийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч юу, юунаас илүү хэрэгтэй байгааг хэлж байлаа. Зуу гаруй мянган хүн амтай уг аймагт бусдын л адил тулгамдаж буй асуудал “овоолоостой”. Магадгүй асуудал нь бусад аймгаас бүр ч илүү байх талтай юм билээ.
Хэдий өөр хэлээр ярьдаг, өөр соёлтой үндэстэн ч энэ нутгийнхан элэг зүрхээрээ монголчууд. Гэтэл төрсөн нутаг, бүр холдож ч үзээгүй энэ газар нутгаасаа “хөөгдсөн” хүн олон байдаг юм байна. Аль ч улсын иргэний харьяат биш 5000 гаруй хүн байгаа гэсэн судалгаа гаргажээ. Өөрөөр хэлбэл, ах дүү, төрөл төрөгсөд нь Казахстан улс руу нүүхэд л ар гэрт нь үлдсэн хүн төрийн албаны алдаатай бодлого, ажлын хариуцлагагүй байдал, бас бус хүчин зүйлээс болоод Монгол Улсын иргэний харьяатаас хасагдчихдаг тохиолдол байдаг аж. Хатуухан хэлэхэд, Казахстан руу нүүх нь битгий хэлж, хөдөлж ч чадахаа больтлоо хөгширсөн зарим хүн төрийн буруугаас болж иргэний харьяатаас хасагдаж, төрийн үйлчилгээг хүртэж чадахаа байжээ. Авдаг тэтгэвэр, үзүүлэх эмнэлэг, асрах төргүй болсон ийм хүн Баян-Өлгийд нэгээр тогтохгүй нэлээд хэдэн мянга байна.
Казах түмэнд тулгамдаж байгаа бас нэгэн асуудал нь хүүхдийн сургалтын чанар. Зах зээлийн эдийн засагт шилжсэн тэр ороо бусгаа цагт боловсролын салбарт ч доголдол үүссэний хохирогч нь Баян-Өлгийн багачууд болжээ. Тэдний сурах орчныг сайжруулах, сургалтын чанарт ахиц гаргах зайлшгүй шаардлага байгаа юм. Мэдээж эрүүл мэндийн оношлогоо үйлчилгээг иргэдэд ойртуулах, алслагдсан бүсийн нэмэгдэл, эсвэл тээврийн зардлын зөрүү олгох гээд баруун хязгаарыг сахин суугаа энэ л ард түмэнд төрөөр шийдүүлэх асуудал олон байна. Хамгийн гол нь төрийн тэргүүний хайр халамжаас холуур байдагтаа казах түмэн гомдож явдаг бололтой. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн мөрийн хөтөлбөрт суусан “Ерөнхийлөгчийн дэргэд үндэсний цөөнхийн асуудлаар бүтэц байгуулах” заалт тэдний анхаарлыг яах аргагүй татаж байв. Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч ядаж л үндэсний цөөнхөө харсан бүтэц дэргэдээ байгуулах ёстой шүү дээ гэцгээх нь сонсогдсон. Тиймээс ч нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэтэй хийсэн уулзалт бүр дээрээ уг асуудлыг хөндөж, өөрсдөд нь тулгамдсан бэрхшээлийг тоочиж байсан юм.
МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Б.Бат-Эрдэнийн хувьд мөрийн хөтөлбөртөө энэ бүхнийг зохицуулах заалт оруулсан, түүнийгээ хэрэгжүүлэх тооцоо, судалгааг нь ч хийсэн болохоор казах түмэн талархан хүлээн авсан. Хууль хүчний байгууллагынхан, зах дээр худалдаа эрхэлж буй иргэд, нэр дэвшигчийн уулзалтад хүрэлцсэн ирсэн хүмүүс, гудамжинд зүгээр л явж байсан иргэд гээд бүгд л нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж чадах, ардаа алагчлахгүй аваад явчих, үндэсний цөөнхөө бодлогоор дэмжих, эв нэгдлийг илэрхийлэгч байж чадах хүн гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн.