Монголчууд бид шинэ он, хаврын тэргүүн сараа угтан Цагаан сарын баяраа тэмдэглэн угтдаг заншилтай билээ.

Өнөө жилийн сар шинэ хоёрдугаар сарын 18-ны өдөр битүүрч, шинийн нэгэн 19-ны өдөр тохиож буй. Баярын өдөр дөхсөн энэ өдрүүдэд дэлгүүр, захаар хөл хөдөлгөөн ихтэй байна. Уламжлалт баяраа тэмдэглэх гэж өөрсдийнхөө хүрээнд иргэд бэлтгэлээ базаадаг. Хөдөлмөрлөж олсон хэдэн төгрөгөөрөө хуурамч, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн авах явдал мэр сэр гардаг. Тэгвэл ийм хэрэг гаргахгүй нь тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас "Сар шинийн баяр" болох гэж байгаатай холбогдуулан аймаг, нийслэл, сум, дүүрэгт сүү, цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүн борлуулж байгаад хяналт тавьж, зөвлөмж өгч ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх үүрэг болгосон юм. 

Уг үүргийн дагуу хяналт шалгалт хийгдэж байгаа бөгөөд иргэддээ сэрэмжлүүлж зарим шалгалтын үр дүнг танилцуулъя.

1. Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтаар дүүргийн хүнсний захууд, хүнсний худалдаа эрхэлдэг 33 аж ахуй нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгч 162 иргэн хамрагдсан бөгөөд хүнсний бүтээгдэхүүнийг шинжилгээний бичиггүй худалдаалах, хүнсний ногоо, өндөг, мах, сүү, цагаан идээг мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй, жингийн баталгаажилтгүйгээр борлуулах зэрэг нийтлэг зөрчлүүд илэрлээ. Мөн цагаан будаа, элсэн чихэр, хадны чанамал, хүнсний ногоо, жимс, жимсгэнээс 8 дээж, цагаан идээ, мах махан бүтээгдэгдэхүүн, бууз баншны 23 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулан, хүнсний худалдаа эрхэлдэг 23 аж ахуйн нэгж, иргэдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар зөвлөмж хүргүүлсэн байна. 

Уг Шалгалтаар хадгалах хадгалалтын хугацаа дууссан 2 нэрийн 16 ширхэг,9 хайрцаг, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй, шинжилгээ баталгаажилтгүй, улсын байцаагчийн дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн 4 ширхэг зөгийн бал, тусгай зөвшөөрөлгүй худалдаалсан 5 төрлийн, 37 ширхэг архи, 11 төрлийн 82 хайрцаг тамхийг хураан авчээ.

2. Булган аймгийн Булган сумын 3-р багт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрт худалдаалж байсан хаяг, шошгогүй, долоон кг-аар савлагдсан хатаасан жимснээс өт илэрчээ. Иймд тус дэлгүүрт худалдаалагдаж байсан нийт 56 кг хатаасан жимсийг хураасан байна. Мөн Бугат, Булган сумдын зарим дэлгүүрүүдэд худалдаалагдаж байсан хэрэглэх болон хадгалах хугацаа нь дууссан, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон 72 нэрийн 870 гаруй мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан, устгажээ.

f00a03ccbbc768349b98f7161bec214d

3. Баянхонгор аймагт хийсэн хяналт шалгалтын үеэр хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгоны зөрчилтэй нийт 7,8 сая орчим төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг илрүүлэн хурааж, устгасан байна. Хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хугацаа дуусаагүй бүтээгдэхүүнтэй холин борлуулах зөрчил нийтлэг байгаа тул иргэд хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хугацаа, хаяг шошгыг нь сайтар шалгаж үзэхийг зөвлөж байна. 

4. Говь-Алтай аймагт хийсэн шалгалтын  үеэр Ховд аймгийн Ярантын боомтоор импортлогдсон алимнаас дээж авч, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэгдсэн лабораторид шинжлүүлэхэд "Жимсний улаан хачиг" илэрчээ. Иймд шавж илэрсэн бүтээгдэхүүнийг худалдаалж байсан газарт нь ариутгал шавжгүйтгэл хийлгэн, алимыг хурааж битүүмжлэн, устгахаар болсон байна.

Жимсний улаан хачиг нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй, хөнөөлт шавж бөгөөд энгийн нүдээр бараг харагддаггүй аж. Уг хачиг нь алимны ишний хонхор хэсэгт байрладаг тул сайтар шалгаж, харласан, аалзны шүлс шиг саарал торлог үүссэн байвал болгоомжлох, чанарын баталгаагүй, гарал үүсэл тодорхойгүй, ил задгай худалдаа, гудамж талбайгаас хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг зөвлөе.

 

Х.Даваа