Д.Баасанбат: Сайн төлөвлөлт гэдэг хийх ажлын тал хувь нь байдаг
2015/02/15
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баасанбаттай ярилцлаа.
-Нийслэлээс танай дүүргийн үйл ажиллагааг бүрэн хангалттай гэж дүгнэсэн. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
-Дүүргийн 50 жилийн ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтаж байгаадаа баяртай байна. Манай дүүрэгт нийтдээ 30-аад хэлтэс, албадад 1600 орчим албан хаагч төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Үүнээс Засаг даргын Тамгын газар, түүний харьяа хороодын Засаг даргын ажлын албадад 130 гаруй төрийн албан хаагч ажилладаг. Бидний 2014 онд хийсэн бүтээснийг маань дүгнээд бүрэн хангалттай буюу хамгийн дээд үнэлгээ өгсөн нь эдгээр нийт албан хаагчдын маань нөр их зүтгэл, хэлтэс албадын хамтын ажиллагааны үр дүн гэж бодож байна. Энэ дашрамд дүүргийнхээ хамт олонд баяр хүргэж ажлын амжилт хүсье.
-Өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар ярихгүй юу?
-2014 он олон ажил амжуулсан жил боллоо. Засаг даргын Тамгын газар бол дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудад захиалагчийн үүрэг гүйцэтгэдэг. Үүнийхээ хүрээнд 2014 онд нийт дүнгээрээ 23 тэрбум төгрөгийн ажилд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын ажил төлөвлөхөөс эхлээд хийж дуусгах хугацаанд бүх шатны хяналт тавьж ажиллалаа.
Сая нийслэлийн шалгалтаар энэ талаар дурдаж захиалагчийн хяналтыг сайн хийдэг юм байна гэсэн үнэлгээ авсан. Бид захиалагчийн хяналт тал дээр илүү анхаарч ажилласнаар төсвийн хөрөнгөөр хийж байгаа ажлуудын чанар, үр бүтээмж сайжирч үр дүнтэй байгаа. Өнгөрсөн жил 55 иргэдийн бүлгийн 500-гаад иргэд маань дүүргийнхээ бүтээн байгуулалтын ажилд биечлэн оролцлоо. Одоо эдгээр ажлын гүйцэтгэлийг хараад явж байхад иргэд өөрсдийн хийсэн ажлыг илүү хайрлаж, хамгаалж “Үүнийг манай орцны тэр маань хийсэн юм шүү дээ” гээд тухайн байршлын оршин суугчид бусад жирийн ажлаас илүүтэйгээр хайрлаж хамгаалдаг юм гэдэг нь харагдаж байна. Үүн дээр ч хамтарч ажилладаг сайн үйл ажиллагаатай СӨХ-д бий.
-Иргэдийн бүлгүүдээр хийлгэж байгаа ажлын гүйцэтгэл ямар байгаа вэ?
-Өнгөрсөн онд харьцангуй олон тооны ажлыг иргэдийн бүлгүүдэд хуваарилж өгсөн. Мэдээж холбогдох хууль журмынхаа дагуу сонгон шалгаруулалтаа хийгээд бүлгүүд маань гэрээгээ байгуулаад ажилласан. Иргэдийн бүлгүүдийг ажил хийж эхлэхээс эхлээд хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэхэд эхлэлээсээ дуусах хүртэл багагүй тооны журам, стандарт, нормыг хэрэгжүүлж ажиллах ёстой байдаг. Энэ тал дээр яах бол гэж бага зэрэг санаа зовж байлаа. Одоо эргээд харахад ажил харьцангуй сайн явж өнгөрсөн гэж дүгнэж байна. Ерөнхийдөө 2014 он бол иргэдийн оролцоог хөрөнгө оруулалтын ажилд нэлээд түлхүү оруулсан жил байлаа.
-Энэ онд хийх ажлынхаа талаар зөвлөлдөж байна уу?
-Сайн төлөвлөлт гэдэг бол хийх ажлын тал нь гэж ярилцдаг. Бид зураг төсөв дээрээ сайн ажиллаж, ажлаа маш сайн төлөвлөж хэрэгжүүлээд хэвшсэн. Жишээ нь, 2014 онд орон нутгийн хөгжлийн сангаар хийх ажлуудыг өрх бүрээсээ саналын хуудсаар дамжуулан авч хэрэгжүүлсэн. Иргэдийнхээ өгсөн саналын эрэмбийн дагуу зураг төсвүүдийг бэлтгэн ажлаа гүйцэтгэсэн. Энэ оны хөрөнгө оруулалтын ажлуудын хувьд өмнөх онд иргэдээс авсан саналын эрэмбийн дагуу зураг төсвөө бэлэн болгож, худалдан авах үйл ажиллагааны бэлтгэл ажлууд хангагдаад байна. Өнөөдрийн байдлаар бүх зураг төсвүүд бэлэн болж эдгээр ажилтай холбогдох зөвшөөрөл, техникийн нөхцөлүүдийг аваад байгаа нь энэ оны хөрөнгө оруулалтын ажлууд өмнө жилүүдийг бодвол төлөвлөгөөний дагуу харьцангуй эрт дуусах төлөвтэй байна. Нийслэлээс эрх шилжин ирж байгаа ажлууд ч одоогоор тодорхой болсон байгаа нь бидний хувьд цаг нь тулсан, зохих хугацаанд давчуу байдал үүсэхгүй, өөрөөр хэлбэл чанар хугацааны хувьд доголдол гаргахгүй байх боломж өгч байна.
Саяхан Засаг дарга сургуулийн захирлууд, цэцэрлэгийн эрхлэгч нар, хороодын өрхийн эрүүл мэндийн төвийн дарга эмч нарыг хүлээж авч уулзсан. 2014 онд бид ийм юм хийлээ, үүний үр дүнд та нарын ажилд ямар үр өгөөж гарч, иргэдэд тэр нь яаж хүрч байна гэдэг талаар ярилцлаа. Мөн 2015 онд ямар чиглэлд хөрөнгө оруулалт хийвэл иргэдэд хүрч байгаа үр өгөөжийг нэмэгдүүлэх, сургуульд сурч байгаа хүүхдүүдийн сурах хэрэглэгдэхүүн, сурч хүмүүжиж байгаа орчин сайжрах вэ. Түүнчлэн хорооны өрхийн эрүүл мэндийн төвөөс үйлчилгээ авч байгаа иргэдийн маань дараагийн шатны эмнэлэгээс авдаг байсан үйлчилгээнээс алийг нь бид иргэндээ илүү ойрхон газар үзүүлж чадах вэ гэдэг талаар санал солилцоод явж байна. Өөрөөр хэлбэл, ажлын төлөвлөлтөд тухайн салбарын үйл ажиллагааг гардан гүйцэтгэж байгаа мэргэжилтнүүдийн саналыг тусгах нь төлөвлөлт амьдралд ойрхон бодитой байх нөхцөл бололцоог бүрдүүлнэ гэсэн зарчмаар төлөвлөж байна.
-Энэ жил танай дүүргийн 50 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөж байна?
-Анх 1965 онд Сүхбаатар Чингэлтэй дүүрэг Сүхбаатарын район нэртэй байгуулагдаж, 1992 онд Чингэлтэй дүүрэг өрх тусгаарласан. Түүнээс хойш 50 жил өнгөрөхөд бид хотын төвийн оюунлаг, боловсролтой гэдэг дүр төрхийг бий болгож өнөөг хүрсэн байна. Өнөөдрийн байдлаар дүүрэгт маань олон тооны их дээд сургуулиуд, Элчин сайдын яамд, төрийн захиргааны төв байгууллагууд, харьцангуй олон тооны аж ахуйн нэгж, соёл урлагийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. Бид 2014 оны гуравдугаар улирлаас эхлээд ерөнхийдөө 50 жилийн ойн хүрээнд хийх ажил бүтээлийнхээ бэлтгэл хангах ажлын хэсэг байгуулан төлөвлөгөөгөө боловсруулаад Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээд явж байна. Бид зөвхөн баярын хурал хийгээд ойг өнгөрөөхгүй. Иргэдийг оролцуулсан, тэдэнд хүрсэн ажил зохион байгуулахаар төлөвлөж, Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс, албадаас ойтой холбоотой бүтээлч, шинэ, үлдэцтэй ажлуудын санал авч, нэгтгэж, зарим чухал ажлын төлөвлөгөөг гаргаад байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэр гарсны дараа ажлууд маань хэрэгжээд эхэлнэ.
-Өнгөрсөн жил танай дүүрэг тохижилтын ажилд нэлээд анхаарал хандуулсан. Энэ жил 90 байршилд ногоон байгууламж хийхээр төлөвлөсөн гэсэн?
-Ер нь, дүүргийн маань хувьд газрын асуудал нэлээд түвэгтэй. Гэхдээ бидний хувьд болохгүй, бүтэхгүй гээд зугтах биш болж бүтэхээр нь даваад шийдэх зорилттой ажилладаг. Таны хэлж байгаа 90 байршлын хувьд манай дүүрэг нийтдээ 260 гаруй орон сууцтай. Орон сууцны гадаа нэг хэсэг нийтийн эзэмшлийн, зарим нь СӨХ-ыхоо мэдлийн болчихсон талбай байдаг. Талбайнуудыг бид энэ жил хөрөнгө оруулалтын ажилд оруулаад мэдээж иргэдийн бүлгүүдээрээ дамжуулан хийхээр болоод байна. Тэднийг нэг стандартаар хашлагатай болгоод, дотор нь байгаа ногоон байгууламжийг үргэлж ногооноор нь байлгая гэж байгаа. Ногоон байгууламж нэмэгдсэнээр агаарт байгаа тоос шороо багасч,чийгшлийн хэмжээ нэмэгдэнэ.
-Сүхбаатар дүүргийн нэг онцлог нь боловсрол хүүхдүүдэд хандсан ажил их хийдэг. Тэгэхээр энэ онд ямар ажлыг хийх вэ?
-Бид саяхан 45 дугаар сургууль дээр дөрөвдүгээр хорооны ахмадууддаа Цагаан сарын баярыг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд оролцсон. Хүндэтгэлийн үйл ажиллагааны дараа тус сургуулийн эрэгтэй, эмэгтэй сурагчдын технологийн хичээлийн танхимуудаар орж өнгөрсөн онд шийдвэрлэсэн тоног төхөөрөмжүүд хэрхэн үр дүнгээ өгч байгаатай танилцлаа. Тэнд байгаа багш сурган хүмүүжүүлэгчид ялангуяа суралцаж байгаа охид, хөвгүүд маань шинээр бий болсон хөдөлмөрийн кабинетийн хичээлийн хэрэглэгдэхүүн, хэрэгслийн хувьд маш өндөр сэтгэгдэлтэйгээр хичээлээ хийгээд, сураад, авьяасаа нээгээд хөгжүүлээд явж байна.
-Цомхотгол, хэмнэлтийн талаар их ярьж байна. Тэгэхээр дүүргийн үйл ажиллагаа өмнөх жилээсээ хумигдах хандлага бий юу. Хэрвээ хумигдах бол аль чиглэлийн ажил багасахаар байна?
-2014 онд батлагдаж бидний гүйцэтгэсэн төсвийн хүрээг бодвол энэ оны төсөв маань нэлээд багассан байгаа. Манай дүүрэг нийслэлийн бусад дүүргээс хамгийн их хөрөнгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Энэ утгаараа бидний орлогын төлөвлөгөө өнгөрсөн оныхоос хоёр тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна. Төсвийг хэмнэх үүднээс төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлэх боломжтой үйл ажиллагаануудыг байгууллагын бүтцээс гаргах, тэвчиж болох зардлуудыг хэмнэх үүднээс нэлээд ажлууд хийж байгаа. Гэхдээ бидний ажил хөрөнгө оруулалт, төсөв багассан гэдэг шалтгаанаар үйл ажиллагааны процесс сулрахгүй.
-Шинэ байранд нүүж орсноор иргэдэд үйлчлэхэд ямар давуу талууд бий болов?
-Манай дүүрэг 140000 орчим хүн амтай, 13000 орчим аж ахуйн нэгжтэй. Дүүргийн Засаг даргын Тамгын газар 2014 онд 747 иргэд, ААНБ-аас өргөдөл санал гомдол хүлээн авч шийдвэрлэсэн. Мөн бусад төр захиргааны байгууллагуудаас 5619 албан тоот хүлээн авч 3782 албан тоот явуулсан байна. Дүүргийн удирдлага 815 иргэнтэй биечлэн уулзсан байгаа. Дүүргийн байранд жилдээ давхардсан тоогоор нийт 234904 орчим иргэн, аж ахуйн нэгж биеэр ирж төрийн үйлчилгээг авсан. Энэ тооноос харахад энэ байрны иргэдэд үйлчилж байгаа ачаалал бага биш, ажиллаж байгаа албан хаагчдын ажлын ачаалал бас харагдаж байгаа байхаа. Шинэ байрны хувьд 300 орчим төрийн албан хаагчид 2438,3 ам.метр талбай бүхий ажлын байранд албан үүргээ урам зоригтойгоор гүйцэтгэж байна. Шинэ байранд зөвхөн иргэдэд зориулж нэгдүгээр давхарт байрлаж байгаа нэг цонхны үйлчилгээний заалыг бид бүрэн утгаар нь ажиллуулж эхлээд байна. Нэг цонхны үйлчилгээгээр үзүүлж болох бүх үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн. Ингэснээр иргэдэд чирэгдэлгүйгээр үйлчлэх боломж бүрдсэн.
-Эмнэлэг хүрэлцээгүй байхад том байранд орлоо гэж нэг хэсэг хэл ам гарсан?
-Түлэнхийн төв, хүүхдийн эмнэлэг байхгүй гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэг бэлтгээд цацаж байгааг харсан. Дүүргийн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төв, хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүд, дүүргийн нэгдсэн эмнэлэг харьяалагдан үйл ажиллагаа явуулдаг. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх эрүүл мэндийн байгууллага дүүргийн харьяанд байдаггүй гэдгийг иргэд олон нийт тэр тусмаа буруу ташаа мэдээлэл тарааж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд ойлгох ёстой. Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар нийт 12 төрлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллага байхаар заагдсан, эдгээрээс дүүргийн харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг сая дурдлаа. Уг асуудлыг тавьж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд асуудалд ул суурьтай хандахын оронд аливаа хийж бүтээж буй бүхнийг болохгүй байгаа салбартай холбон нийгэмд мэдээлэл түгээх нь буруу юм. Хүүхдийн эмнэлэг, түлэнхийн төв гэх мэт асуудлаа тухайн салбарыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллагадаа тавих нь зүйтэй бөгөөд асуудал ч шийдэгдэхэд дөхөмтэй гэж бодож байна.
Дүүргийн хувьд өөрийн харьяаны эрүүл мэндийн байгууллагуудын асуудлуудыг шат дараатайгаар цэгцэлж, шийдэж байна. Дүүрэг эрүүл мэндийн салбарт 2013 онд 804,8сая төгрөгийн 2014 онд 629,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэн эрүүл мэндийн төв, салбар амбулаторийн техникийн чадамжийг сайжруулж, тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, өрхийн эмнэлэгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган үйлчилгээний төрөл, чанарыг сайжрууллаа. Мөн 2013 онд хоёр хүүхдийн түргэн тусламжийн машин, 2014 онд бас бүрэн тоноглогдсон хоёр автомашин хүлээлгэн өглөө. Дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг маань 2014 оны нийслэлийн шилдэг байгууллагаар тодорсон нь иргэдийн авч байгаа эрүүл мэндийн үйлчилгээ чанаржсаны баталгаа болж байгаа юм.
-Уламжлалт сар шинийн баярыг угтан ахмадуудаа хүлээн авч байгаа гэсэн, энэ талаар?
-Жил бүр Цагаан сарын өмнө дүүргийнхээ ахмадуудыг хороо бүрт нь хүлээн авч, урлагийн тоглолт сонирхуулан гарын бэлэг гардуулдаг юм. Өнгөрсөн жил бид 12051 ахмадуудыг хүлээн авч байсан бол энэ жил 12700 ахмадуудаа хүлээн авч хүндэтгэж байна.
Ингээд дүүргийнхээ иргэд, аж ахуй нэгж байгууллага, хамт олондоо айлчлан золгож буй XYII жарны модон хонин жилийн сар шинийн мэндийг хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхэн минь сайхан шинэлээрэй
Зочин · 2015/02/16
Мундаг дарга шүү! Амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэж, Ажилд нь өндрөөс өндөр амжилтыг өөд өөд нь өргөн баръя!! Сар шинэдээ сайхан шинээлээрэй ../D.z/
Зочин · 2015/02/16
amjilt husey ee. Manai duureg mundag shuu