Н.Алтанхуяг: Цаг хугацаатай уралдсан нь урагшилж, зууралдсан нь зутардаг
2015/02/17
Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд, Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн асан, УИХ-ын гишүүн Норовын Алтанхуягтай ярилцлаа. Тэрбээр Ерөнхий сайд, Ардчилсан намын даргын ажлаа өгснөөсөө хойш анх удаа хэвлэлд ярилцлага өгснийг манай сонин та бүхэнд хүргэж байна.
-Н.Алтанхуяг гэдэг хүн хэрхэх бол гэсэн хүлээлт нийгэмд их байна. Танаас асууж, өөрөөс тань сонсох зүйл ч цөөнгүй байна. Ерөнхий сайдаас намынхаа гишүүдийн гол оролцоотойгоор огцорсон, намын даргын ажлаа өөрийн хүсэлтээрээ өгсөн, гэнэтийн осол гэмтэл, танай нам доторхи хагарал, хамаг байдгаа зольж Ерөнхий сайд болгосон хүнээ шүүмжилж эхлэх болсон гээд олон асуултууд байна. Алинаас нь эхлэх үү?
-Ширүүн эхэлж байна шүү. Аль нь ч яахав ээ. Ярилцлага юм чинь чи асууж, би хариулах нь тодорхой шүү дээ. Би бол өнгөрснийг жаахан бага яримаар байна. Амьдрал үргэлжилж, үйл явдлууд өрнөж, цаг хугацаа зөв бурууг нь шүүж байхад би ингэсэн, тэр шийдвэр тийм учиртай байсан гэж ярих нь хүмүүст одоо сонирхолгүй байх болов уу. Цаг хугацаатай уралдсан нь урагшилж, зууралдсан нь зутардаг гэж үг байдаг даа.
-Гэвч юу болоод өнгөрснийг олон нийт мэдэхийг хүсч байгаа. Та ч гэсэн болж өнгөрсөнд тайлбар хийж, өөрийгөө өмөөрч ямар нэг юм хэлэхгүй гэж үү?
-Зөв зам тод мөртэй гэдэг. Хийсэн бүтээсэн маань нүдэнд харагдаж, гарт баригдаж байгаа. Хэн ч яаж ч хүсээд хүмүүсийн харж, барьж байгааг алга болгож чадахгүй шиг хэн ч, юу ч гэж өө хайсан бид Монголд хэрэгтэй зүйлсийг зоригтойгоор хийсэн, бүтээн байгуулсан. Аймгуудыг холбосон авто зам, өвөл болгон хөлдөж мэднэ гэж айлгадаг байсан цахилгаан дулааны асуудал, хотын түгжрэл, том хэмжээний шинэ бүтээн байгуулалтууд, үйлдвэржилт, орон сууцны найман хувийн зээл, төрийн албаны хүнд сурталгүй шуурхай байдал гээд иргэдийн бухимдлыг төрүүлдэг олон асуудлыг бодитоор шийдсэн. Харин энэ их ажлын хажуугаар ганц л зүйлийг амжуулж чадаагүй дээ.
-Тэр нь . . .?
-Хувийн эрх ашгийн хонжоо хайсан цөөхөн хүний миний болоод манай Засгийн газрын эсрэг хийж бүтээсэн ажлуудыг үгүйсгэж харлуулах гэж маш идэвхтэй явуулсан пи ар буюу тархи угаах үйл ажиллагаа. Би хувьдаа үг нь үнэн, үйл нь үнэн зөв байж, урдах ажилдаа эзэн нь болж чадвал, худлаа зүйл аяндаа хүчгүй болно гэж боддог байлаа. Мэдээллийн эрин үеийн давуу талуудыг ашиглан аливаа худал мэдээллийг олон нийтэд байнга хүргэх нь хүмүүст ховс шиг нөлөөлдөг гэдэг онол байдаг юм гэнэ.
Энийг л тэд маш сайн ашигласан. Гэвч худал мэдээлэл гүтгэлэг түгээгчдэдээ хэдийгээр богино хугацааны давуу тал авчирдаг ч урт хугацаандаа хүний заяагдмал ухамсарт нь бууж өгдөг юм. Хүн ёсны нийтлэг ухамсар, мэдээлэл шингээх чадамж нь нүүдэлчин монголчууд бидэнд маш сайн хөгжсөн. Илүү ойлгомжтойгоор тайлбарлавал нүүдэлчин ахуй маань биднийг маш сайн бие дааж шийдвэр гаргаж сургасан юм. Энэ нь биднийг илүү эрх чөлөөний мэдрэмжтэй, аливаад хөнгөн хуумгай хандалгүй ул суурьтай өөрийн дүгнэлттэй ханддаг үндэстний давуу талыг бий болгосон. Товчхондоо бол бид зөв бурууг шүүх маш нарийн мэдрэмжтэй ард түмэн.
-Таны хэлээд байгаа тархи угаалтаас болж танай Засгийн газрын хийсэн ажлууд огт хийгээгүй харагдах болсон гэж үү. Шинэ замуудаар явдаггүй, цахилгаан дулаан хэрэглэдэггүй, найман хувийн зээл, ТҮЦ машин ашиглах шаардлагагүй мэт яригдаж бичигдэж байсан л даа. Ер нь энэ намчирхаж хийрхсэн улс төр бидний сэтгэлгээг хэт хордуулж, тэр нь эдийн засагт ч таагүй үр дагавар авчирч байх шиг?
-Ажиллах хэцүү. Харин хот босгосныг харлуулахад амархан болчихсон цаг юм даа. Улс төрийн ашиг хонжоо хайсан явцуу үйлдлүүд гадны зарим нэг хүчин зүйлстэй огтлолцож, улс оронд маань хиймэл хямралыг бий болгоод байгааг эдийн засаг гадарладаг хүн бүр л ойлгож байгаа. Манай улсын гол нэрийн экспортын түүхий эдийн үнийн уналт бол түр зуурынх. Гэтэл манайх өсөлттэй үедээ эдийн засгаа эрсдлээс хамгаалах бодлогоо орхигдуулж хэт үрэлгэн загнаж, халамж их тарааснаас болж үнийн уналттай үед хүнд байдалд орж эхэлсэн. Энэ алдааг нь засахын тулд Шинэчлэлийн Засгийн газар тэлэлттэй эдийн засгаа хадгалах зорилгоор бонд гарган мөнгө босгож дэд бүтэц, бүтээн байгуулалтыг дэмжих замаар эдийн засгийн эргэлтээ хэвийн хадгалъя гэсэн шийдвэр гаргаж түүнийгээ ч амжилттай хэрэгжүүлсэн. Энэ шийдвэр үр ашгаа өгч Ардчилсан намын нэр хүнд өсч, иргэд ч сэтгэл хангалуун байж, Алтанхуяг гэдэг хүний нэр сонсогдох болсон нь зарим нэг хүмүүсийг сандарган хөдөлгөж эхэлсэн дээ. Үнэндээ өмнөх Засгийн газар “Чингис бонд"-оор босгосон нийт мөнгөтэй тэнцэх хэмжээний өр тавьж халамжинд тараасан байсныг манай Шинэчлэлийн Засгийн газар төлж барагдуулсныг хэн ч ярьдаггүй юм. Ерөнхийдөө гол зорилго нь эдийн засагт оруулсан бодит үр ашгийг ярих бус Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг харлуулж муучлан, улс төр, эрх ашгийн хонжоо олж авах гэсэн үйлдэл юм даа.
-Таны ярианаас харахад энэ бүхнээс хэн нэгэн хожсон юм бол, дагаад улсаараа, иргэдээрээ хохирч байх нь тэгээд зөв юм уу. Үнэндээ бол ямар ч хожигчгүй тоглоом юм биш үү. Та манай улс төрийн хүрээний нэг лидер нь атлаа энэ бүхнийг зүгээр яриад л сууж байгаа тань тэгээд зөв үү?
-Сэтгүүлч хүн энэ бүхнийг олж хараад надаас бухимдангуй шийдэл нэхэж байгаа нь өнөөдрийн амжилт юм. Би өнөөдөр тантай үүний талаар ярьж байгаа нь ч хэн ч ярьдаггүй үеэс нэг шат ахисных. Манай улс нэг намаас олон намын системтэй “Ардчилсан" улс болж өөрчлөгдөөд, намуудын өрсөлдөөн чөлөөт хэлбэрт шилжсэнээр олон давуу талууд бий болсон ч, нэг зүйл маш буруу замаар хөгжсөн. Энэ нь өрсөлдөөний буруу хэв маяг буюу дайсагнаж, үгүйсгэн гүтгэх хэлбэр. Энэ буруу хандлага улстөрч эзэдтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжин нийгэмд халдварлаж ужгирсаар өнөөдөр нийгмийн бүх давхаргын сэтгэлгээний хандлага болж төлөвшин бэхжиж байгаа нь үнэхээр сэтгэл эмзэглэмээр зүйл. Нэг л мэдэхэд бид нийгмээрээ юуг ч үл хүлээн зөвшөөрөгч, муучлагч, шүүмжлэгч, үл итгэгч олонлог болж хувирсан нь өнөөдрийн бодит үнэн. Бид бүтээгч, хөдөлмөрч, итгэгч зан чанараа бага багаар гээж, буруу болгоноо бусдаас эрж, нийтлэг үнэт зүйл зорилго гэх зүйлгүй болж буйгийн бодит шалтгаан бол бохир өрсөлдөөний үр дагавар гэж би харж байгаа. Аль ч өндөр хөгжилтэй нийгэмшилд аливаа алдаа дутагдал, сайн муу байж л байдаг. Гэвч зөвхөн тэр муу болгоныг л шүүрч аван нийгэмд түгээж байгаа нь маш их хортой. Үнэндээ өнөөдөр бидний олонхи нь эх орон өв соёлоо ярьдаг хүмүүсийг галзуу, хийе, бүтээе, хөгжье, урагшилъя гэснийгээ авлигач хулгайч, харин өөрөө юу ч бүтээдэггүй, өрөөлөөр ч юм бүтээлгэдэггүй хүмүүсийг баатар мэтээр харж хүлээн авч байгаа нь энэ том гажуудлын илрэл. Ер нь би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа зарим зүйлийг илүү мэдэрсний нэг нь энэ. Бидэнд нийгмийн эерэг сэтгэлгээний маш том өөрчлөлт хэрэгтэй байна.
-Сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй болсон гэдэг үнэн л дээ. Гэхдээ үүнийг нийгэмдээ бий болгох төр нь өөрөө бохир, буруу жишиг болоод байгаа тал байна уу. Төрд итгэх хүмүүсийн итгэл алдарч эхэлсэн нь нууц биш шүү дээ?
-Монгол төр өөрөө бохир тоглоно гэж логикийн хувьд байхгүй. Төр бол ард түмэн, тусгаар тогтнол, хууль, итгэл, ухамсар, ёс суртахуун, хариуцлага дээр оршин тогтнодог. Төрийн нэг эд эс болох хариуцлагатан буюу албан тушаалтны хариуцлагагүй үйл ажиллагааг төрийн буруу гэх нь маш том эндүүрэл. Үүнд бодитой хариулахын тулд хувь хүний мөн чанарыг заавал дурдах хэрэгтэй. Үеийн үед хүн төрөлхтөн засаглалын зөв хэлбэрийг хайсаар Ардчиллыг сул тал багатай гэж олонхи нь сонгосон. Аливаа засаглал нийтийн эрх ашгийн төлөөх цөөнхийн бодлого дээр суурилдаг буюу шийдвэр гаргах эрх мэдлийг хэн нэгэн болон хэсэг цөөнхөд албан ёсоор өгдөг. Харин тэр эрх мэдлийг авсан хүн асуудлыг шийдвэрлэхдээ нийтийн бус хувийн эрх ашиг талаасаа хараад байвал олонхийн эрх ашигт хүрсэн шийдвэр гаргаж чаддаггүй. Явцуу, айдастай, шуналтай, алсын хараагүй хүмүүс төрийн эрх мэдлийн хүчийг дутуу, явцуу үнэлж, өөрийн зөв гэж бодсон мунхаглалаараа хүн төрөлхтөнд маш их гай тарьдаг. Жишээ нь хүчний байгууллагууд урьд хожид байгаагүйгээр улс төржих болсон талаар дотор нь ажилладаг маш туршлагатай ажилтнууд санаа зовон ярьж байгаа. Хүний хувь заяа, язгуур үнэт зүйл эрх чөлөөнд нь улс төрийн болон ашиг сонирхлын зөрчлөөр хандан түрэмгийлээд байхаар иргэдийн итгэл алдарч, хүчний байгууллагуудын нэр хүнд унаад байна. Дарга, улс төр хоёр солигдоно. Харин үнэт зүйл, зарчим оршин тогтносоор байна гэдгийг ойлгож ажиллах хэрэгтэй. Бид хүний эрх, эрх чөлөөний төлөө 25 жил тэмцэж байна. Гэсэн ч одоо хүртэл шоронжсон тогтолцоо оршиж, бүр үйл ажиллагаа нь улам нарийсч улс төрийн нам дамжсан бүлэглэлүүдийн эрх ашигт үйлчилдэг болж нөхцөл байдал нь хүндэрч байна. Ардчилсан төр, ардчилсан Ерөнхийлөгчийн хамгийн эхэнд бэхжүүлэх үнэт зүйл бол хүний эрх, эрх чөлөө юм.
-Хүчний байгууллагууд урьд хожид байгаагүй улстөржих болсон талаар та хэллээ. Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юу?
-Би АТГ-ын үйл ажиллагааг эртнээс хатуухан шүүмжилж байсан. Шалгаж байгаа нэрийдлээр хүмүүсийг улаймцайм гүтгэн доромжилдог, нийгмийн нэр хүндээр нь ялладаг газар болж байгааг олон хүн хэлж ярьж байсан. Би ч түүнийг нь шүүмжилж, удаа дараа ярьж, энэ байгууллагыг улс төр, эрх ашигт үйлчилдэг ийм ёс суртахуунгүй газар болгож болохгүй. Ардчиллынхан бид төрийн гурван өндөрлөг болсон энэ үед хуулийн нэрээр дээрэм тонуул хийж, гүтгэлэг доромжлол, айдас хүйдсийг нийгэмд тараадаг төрийн байгууллагатай байж болохгүй гэж ч хэлж байсан. Ажил хийж байхад элдэв яриа гарч л байдаг, гүтгэлэг хов живийн чанартай гээд орхиод ажлыг үргэлжлүүлж болдог. Хүмүүс үнэн мөнийг аяндаа хараад ойлгож байдаг. Харин төрийн байгууллагаас зориулж мэдээлэл хийгээд эсвэл шалгаж байна гээд эхлэхээр хүмүүс шууд итгэдэг юм байна. Монгол төрийн нэр хүндийг ийм явуургүй жижиг улс төр, нам дамжсан бүлэглэлүүдийн шуналд ашиглуулж байгаатай би хувьдаа эвлэрэхгүй. Шаардлагатай бол харин ч хатуу тэмцэнэ. АТГ бол Монгол төрийн сүлдтэй байгууллага. Асуудлыг зөвхөн энэ байгууллагын алдаа мэтээр харвал дэндүү өрөөсгөл зүйл болно. Эрх мэдэлтнүүд л өөрсдийн ашиг сонирхолдоо нийцүүлж ашиглах сонирхлоороо энэ байгууллагын нэр хүндийг унагаж байгаа. Жишээ нь АТГ, Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг дэргэдээ авснаар дийлдэшгүй эрх мэдэлтэй газар болсон. Хууль зөрчиж байна гэж маш олон хуульчид эсэргүүцсээр байтал хажуудаа авсан. Одоо шүүх, прокурорынхон хүртэл АТГ-ын хараат шахуу болчихлоо. Тэгээд эндээс гарч байгаа хэрэг хараат бус байх ямар ч боломжгүй болно. Энэ мэт нам дамжсан бүлэглэлүүдийн зорилготой үйл ажиллагаа нь өнөөдөр ямар үр дүнд хүргээд байгааг урьдчилж хараад шүүмжлэлтэй хандахаар намайг ч гэсэн эргэн тойрныхноор нь дамжуулаад л машиндчихаж байгаа юм. Энэ машин эр бяраа үзүүлж биднийг, бизнес эрхлэгч нараа машиндаад дараа нь нийгэмд айдас хүйдсээс өөр ямар үр дүн бий болгов. Бид чинь ямар гучин долоон оны ногоон малгайтнууд биш дээ. Энэ байгууллагын үйл ажиллагааг л зөв болгох хэрэгтэй. Зөв юм шиг гоё ярьдаг зорилгын чинь цаана буруу үйлдлүүд нь нуугдаж багтахааргүй болчихоод байгааг хэн нэгэн нь ухаараасай. Сайнд саад үгүй, саард зам үгүй гэж үг байдаг даа.
-Нам дамжсан бүлэглэл гэж та хэд хэдэн удаа хэллээ. Үнэхээр тийм бүлэглэл үйл ажиллагаа явуулж байна уу. Та шууд нэрлэж чадах уу?
-Шуудхан хэлэхэд хүмүүс намайг ямар ч үнээр хамаагүй албан тушаалд үлдэх хүсэлтэй хүн байна гэж харж байсан байх. Үнэндээ бол өмнө сөрөг хүчин маань, эх орон ярьж бидэнтэй АН МАН үзэлцээд байгаа харагдавч цаагуураа эрх ашгаараа нэвт сүлбэлдсэн нэг хоёрхон хүний том эрх ашиг, том мөнгөний тоглолт байсныг өнөөдөр та бүхэн нүдээ жаахан томсгоод харвал ив ил байна шүү дээ. Үүнийг ганц би хэлээд байгаа юм биш. Ер нь энэ улс төрийн зохиомол айдас хүйдсийн цаана нам дамжсан бүлэглэлүүдийн маш олон ашиг хонжоо бий. Үүнийг нь ингээд ярьчихаж мэдэх хүн учраас, өдийг хүртэл тэдэнтэй бохир ажлууд дээр нь хамтарч нэгдээгүй учраас намайг золиослох ажиллагааг зохион байгуулсан. Одоо бол хууль шүүх хүчний байгууллагууд, сөрөг хүчин, банк санхүү, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олонхи, том бизнесийнхэн гээд бүхий л бодит хүч чадал нэг бүлэглэлийн гарт байгаа нь гашуун ч гэсэн үнэн. Тэдэнд зөвхөн бүлэглэлийн эрх ашиг чухал учраас нийгэмд өөр зарчимтай, үнэт зүйлтэй хүн гарахаас үхтлээ айж, ямар ч үнээр хамаагүй тэр хүний нэр хүндэд халдах, дарах болсон. Манай Х.Тэмүүжингээс эхлээд олон хүн энэ бүхний золиос болсныг хүмүүс эхнээсээ ойлгож эхэлж байгаа нь сайн хэрэг. Үүнийг л эсэргүүцэж эцсээ хүртэл би бууж өгөөгүйг журмын нөхөд маань маш сайн ойлгож дэмжиж байсан. Энэ буруу хандлага, арга барилтай хүмүүс цааш энэ маягаараа хүчирхэгжээд байвал гарах үр дүнг тооцож байгаа учраас би тэмцсэн. Би хэм хэмжээнээс давсан олон зохион байгуулалттай үйлдлийг, ард түмнийхээ хүлээлгэсэн итгэл, намынхаа эв нэгдлийг эрхэмлэн тэвчиж, олон удаа дуугүй өнгөрүүлсэн. Монгол төрийн төлөө зүтгэсэн зөвлөхөө, хамтран туслагчдаа хүмүүсийн төлөө хийж, иргэд олон түмэн үр шимийг нь хүртсэн тийм үр дүнтэй ажлаар нь улайм цайм шалтаглаж шоронд хорьчихоод байгааг, ааваар нь овоглож байгаад орой бүр төрийн мөрдэстэй хүн охиныг нь гүтгэж зурагтаар гарахыг харах хэнд ч сайхан байхгүй нь ойлгомжтой. Нүдэн дээр 200 мянган төгрөгийн үнэтэй байсан нүүрсийг 80 мянган төгрөг болгочихоод байгаа буянтай ажлыг хийсэн компанийн захирлыг нягтлантай нь цуг шоронд хорьчихоод Л.Гансүхтэй холбох гэж тулган шаардах нь арай л хэтэрсэн үйлдэл биз дээ. Хүмүүс хоорондоо өрсөлдөлгүй л яахав. Гэхдээ ямар ч юманд хэм хэмжээ гэдэг юм байх ёстойг мартаж болохгүй. Төрсөн үр хүүхэд, найз нөхөрлөлөөр нь барьцаалж ялладаг түүх надаар дуусаг гэсэндээ би энэ бүхнийг ярилаа шүү. Энэ талаарх яриаг ингээд цэглэхгүй бол өширхөж бухимдсандаа ярьсан мэт болгоод л мушгина. Цаг хугацаа бүгдийг шүүж, зөв бурууг ил болгоно. Үнэн их хүчтэй.
-Би Л.Гансүх зөвлөх, бас охин Н.Саранзаяагийн тань талаар асуухаар бэлдсэн байсан юм. Гэвч та үүгээр хэлчихэж байна гэж ойлголоо. Дараагийн асуулт таныг огцорсны дараагаас явуулах пи ар ажиллагааны талаарх жагсаалт олон нийтийн сүлжээгээр тарсан байсан л даа. Та Ерөнхий сайдаасаа огцорсон, намын даргын суудлаа өгсөн. Алтангадас чинь хүртэл хоёр хуваагдлаа. Танаас өөр авчих юм юу байна, таны юу тэгтэл бусдыг айлгаад байгаа юм бэ?
-Юу тэгтлээ айлгаад байгааг тэд өөрсдөө л мэдэж байгаа байх. Би бол үнэн ил болохоос айж байна гэж харж байгаа. Өөрсдийн зохион байгуулсан бүх муу зүйлсээ надтай цуг далд оруулах хүсэл байгаа нь ойлгомжтой. Бүх муу муухай болохгүй бүтэхгүйгээр ард түмэнд айдас төрүүлж байгаад доогуур нь халаасыг нь тэмтрэх зорилготой байгаа. Нэг сумаар хоёр туулай юм уу даа. Ер нь тэдний арга барил нь тун ойлгомжтой. Нэг муу хүн зохиож бий болгоод зургийг нь өндөрт өргөн ард түмнээр чулуу шидүүлж байгаад доогуур нь ард түмнийхээ халаасыг онгичдог. Энэ технологийг нь ямар ч байсан нийгмийн нэг хэсэг нь сайн анзаарч хараад байдаг болсон нь сайн хэрэг. Удахгүй бүх нийтээрээ мэддэг болох нь цаг хугацааны л асуудал юм даа.
-Энэ бүхэн Ардчилсан нам засаглаж байхад ингэж идэвхжиж байгаа нь учиртай л байх. Фракциудын ашиг сонирхол дээр тогтож байдаг нам учраас танай намын энэ ужиг өвчин бусдад тоглох боломжийг амархан олгодог байх л даа...
-Манай намд ужиг өвчин гэж байхгүй. Монголд ардчиллыг нутагшуулж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж ирсэн нам. Ардчилсан намын гишүүд итгэл үнэмшлээрээ фракцид хуваагдах, үзэл бодлоо намын аль ч шатанд чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэх мэт олон давуу талтай. Олон хүн дотор зөв буруу, төөрч будилсан цөөнгүй хүн байдгийг ч үгүйсгэхгүй. Тэд Ардчилсан намыг дотор нь хагалаад хожчихлоо гэж өнгөц ялалтандаа эрдэж байж магадгүй. Үнэндээ бол Ардчилсан нам улам л илүү бэхжиж, нягтарч, цэвэрлэгдэж байна. Хэн нь зорилго үнэт зүйл зарчмаа баримталж, хэн нь зөвхөн хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж байгааг үйл явдлууд маш тодоор харуулж байна. Аль нь зөвийг цаг хугацаа харуулна. Улс төрийн намууд хоорондоо өрсөлдөж эх орноо хөгжүүлэх ёстой бол, гишүүд нь нам дотроо зорилгоо нэгтгэж, зорилгынхоо төлөө хамтдаа зангидсан гар шиг зүтгэх ёстой. Нэг зорилгын төлөө зүтгэж байгаа хамт олон дотроо нөхөрлөл, эв нэгдэл, итгэлцлийг эрхэм үнэт зүйлээ болговол зангидсан гар шиг байж чадна. Үүнийгл би өнгөрсөн зургаан жил Ардчилсан намын даргаар ажиллахдаа тууштай баримталж, хамт олонтойгоо хамтдаа зангидсан гар шиг зүтгэж олон ялалтад хүрсэн. Цаашид ч АН хагаран бутрах биш эвлэлдэн нэгдэх ажлыг өөрийн чадах хэмжээгээр хийх болно.
-Та намаа олон жил удирдсан учир намдаа хир халдаахыг хүсэхгүй байгаа бололтой. Гэхдээ танай Засгийн газрыг сөрөг хүчин биш танайхан л унагасан. Нөгөө Ардчилсан нам засаглаж чаддаггүй гэдэг имижээ овоо удаан тэссэн Засгийн газраа өөрсдийн гараар унаган байж батлах шиг болсон. Өнөөх л фракциудын чинь тэмцлээс болсон хэрэг биш үү?
-Бүхэл бүтэн намыг татан оролцуулаад яллаж болохгүй. Нэг хоёрхон л хүний явуулга шүү дээ. Түүнээс фракциудынх байсан бол тоглоомын дүрэм нь тодорхой илүү амар байх байсан биз. Намайг унагах ажил бол эртнээс эхэлсэн л дээ. Давхар дээл гээд л... Огцруулах хөрс сууриа далд хэлбэрт эртнээс маш нарийн төлөвлөсөн байсан. Огцруулах кнопыг заримыг нь эсрэг даруулж, заримыг нь гаргаад явуулж байгаа хүчийг нь тодорхойлох хэрэгтэй байх.
-Өөрсдийнхөө дарсан кнопоор намын дарга нь Ерөнхий сайдаасаа огцрох амаргүй л байсан байх. Эс үйлдлээрээ гэгчээр гараад явсан хүмүүст ч гомдолтой байсан биз. Тэр дунд таны кабинетийн хүмүүс ч байсан байх аа?
-Миний кабинетэд надтай ажиллаж байсан Д.Ганхуяг, С.Эрдэнэ нарыг та хэлж байх шиг байна. Үнэндээ би УИХ-ын гишүүдэд юм санаагүй л дээ.Огцруулах кнопыг заримыг нь эсрэг даруулж, заримыг нь гаргаад явуулж байгаа цаад хүчийг нь л тодорхойлох хэрэгтэй байх.
-Таны эргэн тойронд ажиллаж байгаа хүмүүс танд гай болох нь их байдаг юм шиг санагддаг. Г.Дэнзэн гэж яг ямар хүн байна аа?
-Би анх цуг багшилж байсан найзаасаа бүр 2006 онд тооцоо тоонд сайн хүүхэд олж өгөөч гэхэд, Дэнзэнг надад улсын математикийн олимпиадад гуравдугаар байр эзэлж байсан хүү гэж санал болгосон. Тэгээд миний туслахаас зөвлөх хүртэл хийж байхдаа манай бага дүүгийн охинтой дотносож гэр бүл зохиосон энгийн л залуу. Гэтэл манай хэрэг эрхлэхийн дэд дарга болоод төрийн хяналт шалгалтын тал дээр, залуу хүүхэд зоригтой ажиллаж олон хүний булхайг илчилж чангатгасан нь золиослогдох нэг шалтгаан нь болсон байх. Хоёрт хамгийн бодит шалтгаан бол өнөөх л том улс төрийн золиос. Том тоотой авлигын канондсон цаас болгон дээр Дэнзэнгийн зургийг тавьж МАН-ын хөрөнгө чинээтэй амьдрал мэдэхгүй залуус бүр гүтгэж дайрсан. Үнэндээ бол Дэнзэн манай өнөөгийн нийгмийн золиос болсон залуу. Өнөөгийн нийгэм, бохир улс төр ингэж л залуу хүний амьдралаар тоглосон. Тэр залуугийн хүсэл мөрөөдөл битгий унтраасай гэж хүсэх юм. Би үнэндээ өмнө нь буруутай мэт санагдаад уулзахаар эвгүй байдаг. Харамсмаар...
-Танай нам сонгуульд ялж, зоримог шинэчлэлүүдийг хийж, бүтээн байгуулалт өрнөж иргэд ч итгэл үнэмшилтэй байсан санагддаг. Гэвч 2013 оны сонгуулийг дуусгаад л гэдсэндээ хөлөө жийлцээд эхэлсэн. Үүнийг 2017 оны сонгуулийн буухиа гэж тайлбарлах хүмүүс ч байна?
-Би бол үгүй гэж хэлнэ. Гэхдээ үгүй гэдэг нь үгүйсгэж байна гэсэн үг биш шүү. Үйл явдлууд шалтгаангүйгээр өрнөдөггүй. Өнөөдрийн төлөөх өгөөш гэж тайлбарламаар ч юм уу даа. Яг одоо, өнөөдөр эргэн тойрноо сайн анзаараад харвал бид тархигүй мэт ойлгомжгүй нөхцөл байдал дунд амьдарч байна. Шунал, шүүмжлэл хоёрт таг хүлүүлчихээд хоорондоо тархигүй хэрүүл хийгээд хөдөлгөөнгүй суугаад байна. Шоолж, шүүмжилж, огцруулж, хамтраад юуг яаж өөрчлөв. Доллар улам өсч, халаа сэлгээ, хэрүүл тэмцэл идэвхжиж, хуулийн шинэчлэл мухардаж, дотоод гадаадын хөрөнгө оруулагчдаа барьж хориод, хүүхэд эхчүүдийн мөнгөө хүртэл хасч таная, албан хаагчдаа цомхотгоё гээд сууж байгаа нь бидний хожил уу. Стратегийн ордууд дахь хувь, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлье гэж ярилцах нь бүү хэл бүр эсрэгээрээ бүгдийг нь зарж үрвэл эдийн засгаа аварна гээд сууж байгаа нь зөв шийдэл үү. Ер нь цаг хугацаагаар тайлбарлагдах олон зүйлс бидний нүдэн дээр далд хэлбэрээр ил өрнөж байна. Сайн ажиглаж харвал бүх зүйлс ил байна. Зарим нэг хүмүүс өөрийн хувийн эрх ашгийн ялалтын төлөө ялж байна гэж итгэсэн байхад цаана нь бүр илүү том эрх ашгийн хожил аваад сууж байгаа талууд ч бий.
-Маш хүнд хариулт байна. Геополитик, бизнесийн гигантуудын хувьд манайх маш чухал байршил л даа. Үүнтэй холбосон хариулт гэж ойлгож болох уу?
-Аливаа асуудал том жижиг олон янзын тайлбартай. Томоор нь харвал дэлхийн улс төр, эдийн засагт маш том хувьсгалын үйл явц өрнөж байна. Эрх мэдэл, эдийн засгийн ноёрхол тив алгасан нүүдэллэж байна. Энэ шинэ ноёрхлыг айл гэрээр авч үзвэл шинэ гэрийн тулгуур хоёр баганынх нь голд Монгол Улс маань тулга нь болон оршиж байгаа нь маш том хариуцлага. Тулгандаа гал бадамлуулж гэрээ дулаахан байлгах уу, эсвэл галаа өрдсөөр түймэр тавьж гэрээ шатаах уу гэх мэт олон асуудал холын хүмүүст маш чухал цаг үе. Дунд түвшинд харвал өөрийн чинь асуусанчлан бизнесийн гигантуудын эрх ашиг яваад байна уу гэвэл бас үгүйсгэхгүй. Ганц л жишээ дурдъя. Намайг огцроход “Рио Тинто"-гийн захирал Сэм Уолшийн хийсэн мэдэгдлийн талаар манай хэвлэлийнхэн бичиж байсан. Монгол Улсын Ерөнхий сайд огцроход, хамтрагч компанийн захирал нь баярлангуй мэдэгдэл хийж байгаа нь ямар ч учиртай вэ гэж. Би монгол хүний хувьд нэг л зүйлийг баттай хэлнэ. Манай Засгийн газар Оюу толгойтой ойлголцох гэж хоёр жил ажилласан. Дээрдээ ч үгүй, дордоо ч үгүй. Харин тэдний талаас дордуулах бүх шахалтыг хийж байсан. Бид зөвшөөрөөгүй. Хариуд нь тэд Монгол бол найдваргүй улс гэдгийг олон улсад хангалттай сурталчилсан.
-Шахалт нь юу байсан юм бэ?
-Анхны хөрөнгө оруулалт хоёр тэрбум гаруй ам.доллараар нэмэгдсэнийг бид хүлээн зөвшөөрөөгүй.Ер нь бол Оюутолгойгоос бидний олох ашиг тун бага.
-Бид аливаа асуудлыг явуулах гэхээр өөр хоорондоо ойлголцож чадахгүй гацчихдаг. Эхлээд ямар нэг байдлаар дотооддоо ойлголцож чадахгүй бол тэгээд том улсуудын тоглоом болоод дуусна биз дээ?
-Жижиг түвшинд харвал дотоодын улс төрийн үл ойлголцол, бүлэг, хувь хүмүүсийн эрх ашиг сонирхлын төлөөх тэмцэл мэт. Харамсалтай нь бидэнд хамгийн ихээр гай болж байгаа нь хамгийн жижиг асуудал болох дотоодын улс төрийн асуудлууд. Уг нь бид дотооддоо нэгдэж байж дээрх том асуудлуудтай нүүр тулгарч зөв шийдлийг олох учиртай. Энэ цаг үе бол маш чухал цаг үе. Бид эдийн засгийн хувьд ч бас шинэ бодлогоо тодорхойлж, дэлхийтэй хөл нийлэн алхах хэрэгтэй цаг үедээ тулж ирээд байна. Хүнд үйлдвэрлэл, эрчим хүч, байгалийн баялгаар тодорхойлогддог байсан дэлхийн эдийн засаг, нано технологи оюуны өндөр түвшний бизнес дээр суурилдаг болж өөрчлөгдөж байна. Том гүрнүүд үүнтэй зохицож, эдийн засгаа сууриар нь өөрчлөх алхмуудыг аль хэдийнэ хийж эхлээд байна. Тэр ч бүү хэл дэлхийн хүн амын өсөлт аюулын харанга дэлдэж байгаа талаар энд тэндгүй зоригтой дуугарч эхлээд байгаа нь өнөөдрийн том гүрнүүдийн хагарлын үндсэн цаад шалтгаан гэж тайлбарлаж байгаа нь ч оргүй хоосон таамаг биш байх. Ухаалаг ард түмэн, удирдагч нар өөрийн улс орон, иргэдийнхээ ирээдүйн оршихуйд санаа зовж тэмцэж байхад бид энд популизм, улс төржилтдөө хүлэгдэн хөдөлгөөнгүй сууж байгаа нь тун харамсалтай.
-Та ер нь Таван толгойн асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Өнгөрсөн хоёр жилд Таван толгой маш сайн ажилласан. Энэ ордын олборлолт гурав дахин, борлуулалт хоёр дахин өссөн. Гагцхүү зах зээл дэх үнэ л тааруу байгаагаас ашиг бага харагдаж байгаа. Гэхдээ орд маань өөр эзэнтэй болсноор түүхий эдийнх нь үнэ дэлхий даяар өснө гэж байхгүй шүү дээ. Монгол хүн гэдгээ ухамсарлаж эх орондоо ашигтай шийдлийг олоосой гэж хүсч байна.
-Та дээр Чингис бондын хэмжээтэй дүйцэх хэмжээний хөрөнгийг өмнөх Засгийн газрынхаа амласан халамж тэтгэлэгт өгсөн гэж хэлэв үү. Энэ үнэн үү?
-Тэгсэн. Өмнө нь өгөхөөр амласан 500 мянгаас эхлээд нэг сая төгрөгийг өгөхөд тийм хэмжээний хөрөнгө гаргасан юм.
-Ардчилсан нам дотроо хагаралтай байгаа дуулдах юм. Саяхан болж өнгөрсөн ҮЗХ-ны хурлын үеэр ар араасаа нэгийгээ үгүйсгэж хэвлэлийн бага хурал хийгээд л. Та өмнө нь намын дарга байхдаа ҮЗХ-гоо хуралдуулаад өөрсдийнхөө хүмүүсээ байршуулаад асуудлыг шийдчихэж болоогүй байсан юм уу?
-Зарим нэг хүмүүс намайг тэр үед эрх мэдэл нь өөрт чинь байхад асуудлыг шийдэж чадаагүй гээд буруутгаж л байна лээ. Гэхдээ надад тийм зарчим байхгүй. Өөрөө эрх мэдлээрээ дулдуйдаж хүчээр асуудлыг шийдэх нь буруу. Саяын болж өнгөрсөн манай хурлаар юм, юм л болсон дуулдсан. Би чоно борооноор гэдэг шиг асуудалд хандах дургүй. Манай зарим гишүүд орон нутгаас хүртэл утасдаж ийм заваан зүйл болоод байна гэж арга нь барагдаад ярьж байсан. Магадгүй би иймдээ ч буруутаад байдаг байж болох юм. (инээв)
Харамсалтай нь бизнесийнхэн, улс төрийнхнийг АТГ-аар шалгуулдаг байдал одоо бүр нам руу ороод ирлээ. ҮЗХ-ны хуралд өрсөлдөж байгаа хүмүүсийг хүртэл шалгуулахдаа тулж, асуудал түүгээр нь шийдэгдээд явж байна. Хүн хүний арга барил өөр байдаг юм байна. Ийм зүйлсийг яриад сууж байгаадаа би жаахан ичиж байгаа ч энэ бол бидний нүүрэн дээрх ил яр шарх учраас ярихаас өөр арга алга.
-Та намын даргын суудлаа өгөхдөө шинэ даргадаа эв нэгдлийг эрхэмлэхийг захиж байсан санагдаж байна?
-Тийм ээ. Би намын даргын ажлаа өгөхдөө З.Энхболдод зургаан үг хэлсэн. Эв эеийг хичээж, ялалтын буухиаг үргэлжлүүлээрэй гэж. Хүн ер нь хүлээцтэй, аливаа асуудалд жаахан уужуу хандах хэрэгтэй. Хамт олон удирдана гэдэг их том хариуцлага. Ялангуяа бид Ардчилсан нам гэдгээ мартах ёсгүй.
-Ярилцлагаа шууд эхлээд таны бие тэнхээг ч асуусангүй, уучлаарай. Гэмтэл эдгэсэн үү. Ажлаа өгөөд хэдхэн ч хонолгүй осолд орчихсон. Тэр юунаас болсон юм бэ?
-Гайгүй дээ. Ажлаа хийгээд л явж байна. Би яахав, хааяа дөрвөн дугуйт унаж давхидаг юм. Тэр өдөр Туул голын эхээд явж байгаад унаж гэмтсэн. Уначихаад босч ирээд эгэм хугарчихсан байгаагаа мэдсэн.
-Та БНСУ-д нэлээд удаан хэвтэж эмчлүүлсэн. Таныг Н.Энхбаяр гуай эргэж очоод “Найзуудаа таньсанд тань баяр хүргэе" гэж хэлсэн тухай сонссон. Тан дээр очсон юм уу, нууц биш бол та хоёр юу ярив даа?
-Нууцлаад байх юм юу байхав. Монгол хүний сэтгэл биз дээ. Жимс бариад нэг удаа эргэж ирсэн. Бид хоёр нэг их нарийн ширийн улс төр яриад байдаггүй хүмүүс. Харин хөгжлийн бодлого, улс орны хөгжлийн тухай ярилцсан. Ер нь аливаа улс бодлогоо тодорхойлж чадвал ямар ч нөхцөлд урагшлах боломжтой байдаг. Харин мянга яриад бодлого байхгүй бол юу ч хийж чадахгүй. Харин тэр нөхдөө таньсангүй гэдэг үгийг олон хүнээc сонссон. Би хүн бүрийн дотор сайн, муу зэрэгцэн оршдог буддын үзэлтэй санал нийлдэг. Аль болох хүний сайн талыг харахыг хичээдэг. Хүүхдүүддээ ч тэгж сургадаг. Хүний сайн талтай нь нөхөрлөхийг хичээдэг ч муу талаа үзүүлээд байвал бас хариу үзүүлчих чадалтай хүн шүү би. (инээв)
-Таныг огцруулах болсон нэг шалтгааныг Н.Энхбаяртай хийсэн гэрээг гэдэг. Н.Энхбаяр гуай надаас болоод огцорчихлоо гэж ярьж байна уу?
-Тиймэрхүү зүйл шалтаг өгсөн байх аа л гэж байсан. Буруу болчихов уу, яав гэж байна лээ. Би “Та бид хоёр наймаа хийсэн биш, хуучин хийсэн хоёр намын хамтын ажиллагааг тогтвортой болгох асуудлыг л хөндсөн" гэдгийг хэлсэн. Манай нам 2012 оны сонгуулийн дараа “Шударга ёс" эвсэлтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Тэр гэрээ одоо ч хүчинтэй байгаа. Зарим зүйл заалтыг тодорхой болгоод гэрээгээ сунгая гэж тэдний талаас санал тавьсныг нь тогтвортой байдалд хэрэгтэй гэдэг үүднээс болохгүй зүйлгүй гэж үзсэн. Харин нөгөө талд гарын үсэг зурсан хүн нь Н.Энхбаяр байсан нь манай зарим нэг хорслоороо хооллодог хүмүүст шалтаг болсон байх.
-Гэхдээ тэднийхэн илүү шуналтсанаасаа болоод Хамтарсан Засгийн газар унаж, одоо МАХН-ынхан МАН-тай эрх мэдлээ хуваагаад бүр дэмий болсон юм биш үү?
-Тэд шунаад байсан зүйл юу байхав дээ. Бүх зүйлээ тодорхой болгоод явъя гэсэн тэдний саналыг буруу гэх нь хаашаа юм. Зүгээр Н.Энхбаяр гарч ирээд гарын үсэг зурахад МАН айж сандарсан, манайхан сонгуулийн ялалт баталгаажлаа гэж баярласан. Ийм л зүйл болсон. Тэгээд АН, МАХН-ын гэрээ биш. ХаринН.Алтанхуяг, Н.Энхбаяр гэдэг хоёр хүний гэрээ юм шиг тайлбарлаж эхэлсэн. Манай зарим найзууд “Хаалгаараа оруулж ирчихээд аан чи, хашаа даваад ороод ирэв үү гэсэн шиг хар цагаан хоёр нохойгоороо хонгонд чинь ноцууллаа даа" гэж егөөдөж байсан. (инээв)
-Та ер нь яагаад МАН-тай хамтарч болоогүй юм бэ. Өмнө нь та, танай нам тэдний Засагт хамтраад явж байсан шүү дээ?
-Надаас маш олон хүн та МАН-тай хамтраад ч гэсэн Засгаа тогтвортой аваад явж болдоггүй юм уу гэж асууж байсан. Хамгийн амархан шийдэл бол мэдээж энэ мөн. Гэхдээ энэ сонголтыг яагаад ч хийж болохгүй хоёр шалтгаан байсан. Нэгдүгээртхэт хөшүүн, хүнд сурталтай, авлигад идэгдсэн, төрийн албыг өөрсдийгөө санхүүжүүлэх систем болгож эвдсэн МАН-ыг сольж шинэ салхи, шинэ бодлого, шинэ арга барил хүсч АН-ыг сонгосон ард иргэдийн сонголтыг хүндлэх хэрэгтэй биз дээ. Мөн 20 гаруй жил монгол хүн байж монгол хүндээ үзэл бодлоосоо болж хавчигдан гадуурхагдаж байсан АН-ын мянга мянган гишүүдийн итгэлийг яах вэ гэдэг асуудал байсан. Дээрх асуудлуудыг шийдэх гарц бол хэцүү ч гэсэн төрийн албыг хувалз сэтгэхүйтэй хүмүүсээс цэвэрлэж, сэтгэл болоод зүтгэл байвал хурдтайгаар бүтээн байгуулж, хөгжиж, хүнд сурталгүй, авлигагүй, албан тушаалыг наймаалцдаггүй, үзэл бодлоосоо болж хоёр монгол хүн хоорондоо талцдаггүй нийгмийг бүтээхийг чухалчилсан. Гэвч сайтар бэхжсэн тогтолцооны дархлаа их хүчтэй хариу үйлдэл үзүүлдгийг бид хамтдаа харлаа. Тэгээд л зарим чухал мэдээллийг золиос гарган байж иргэддээ ойлгуулъя гэж шийдсэн. Хэдийгээр Шинэчлэлийн Засгийн газар буруу зөрүү нэрийг зүүгээд огцорсон ч бидэнд бүх бурууг нялзаах гэж зүтгэж байгаа жинхэнэ шалтгаанууд одоо ил болж эхэлж байна. Нийгмийн тодорхой хэсэг буруу зөвийг ялгаж харж эхэллээ. Өнөөдрийн томилгоонууд, эрх мэдлийн тэнцвэр, том төслүүдийн яригдаж буй шийдэл, улс төр дэх тогтворгүй байдал зэрэг бол бидний болохгүйгээ олж харах эх сурвалж болж байна. Ер нь бид дээр дооргүй аливаа асуудлыг маш соргогоор, өргөн хүрээнд харж байх хэрэгтэй.
-Та анхнаасаа л МАН-тай эвсэхгүй гэдгээ хэлсэн. Харин таны баруун гар болон ажиллаж байсан Ч.Сайханбилэг сайд УИХ-д суудалтай бүх намуудад эвсэх санал тавьсан нь МАН-д ч хамаарагдсан?
-Би бол МАН-ыг үзэн яддаг хүн биш. МАН-д төрийн тулх ноён нуруутай олон бэлтгэгдсэн боловсон хүчин бий нь үнэн. Гэхдээ сая яагаад хамтарсан Засгийн газарт орж ажиллах болов, яагаад намдаа бодит шинэчлэл хийж чадахгүй байна,намын удирдлагууд нь өөрийн гэсэн бодлого явуулж чадаж байна уу үгүй юу гэдэгт би эргэлздэг. МАН хэдийгээр манай намын гол өрсөлдөгч ч гэсэн Монгол Улсын хувьд маш их үүрэг хариуцлага хүлээсэн хоёр намын нэг яах аргагүй мөн. Энэ намын эрүүл шинэчлэл биднийг зөв өрсөлдөөнд оруулж, хожигч нь Монгол Улс байх учраас би энэ асуудлыг ярьж байна. Өмнө нь бид засагт хамтраад ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ бүх зүйл хэмжээтэй байх ёстой. Бид эрүүл зөв өрсөлдөөнөөр улс орноо хөгжүүлэх үүрэг хүлээсэн ардчилсан Үндсэн хууль, УИХ, Засгийн газартай улс болохоос биш Ерөнхийлөгчийн засаглалтай орон биш.
-Таныг одоогийн Ерөнхий сайдыг залгамжлагчаараа томилох гэж намын даргын суудлаа өгсөн гэж ярьдаг шүү дээ. Шинэ Ерөнхий сайдыг том биетэй Алтанхуяг ч гэж нэрлэж байсан. Та Ерөнхий сайдын үйлдлүүдэд үнэхээр сэтгэл дундуур байгаа учраас шүүмжилж байна уу, эсвэл дүр үзүүлээд байна уу?
-Байнгын хорооны хурал дээр миний Ерөнхий сайдад хандаж хэлсэн үгийг хүмүүс хэлбэр талаас нь л хүлээж авсан юм шиг байгаа юм. Уг нь агуулгын хувьд ерөөсөө дайрч давшлаагүй, зүгээр л асуудалд бодитоор нь хандана уу гэж сануулж хэлсэн төдий. Гэхдээ би шүүмжлэлтэй хандах зүйл гарвал хэлэх л болно. Өнгөрсөн хоёр жил хэцүү байсан уу гэвэл тийм. Нүүрсний үнэ дэлхийн зах зээлд унасан. Чингэс бондын хэмжээтэй дүйх хэмжээний хөрөнгийг өмнөх халамжийн амлалтад гаргасан гээд. Бид яаж ч хүнд хэцүү байдалд орлоо гэхэд хүний халаас руу хүүхэд, эхчүүдийн халаас руу орох болоогүй. Тэгж орохооргүй хэмжээний нөөцтэй улс орон. Манай Сайханаа бүтэн хоёр жил надтай хамтраад ачааны хүндийг үүрч зүтгэсэн хүн шүү дээ. Тэгсэн атлаа бүх зүйлийг хэт хүндрүүлж яриад санаа алдаад хөмсөг зангидаад яриад байгааг нь шүүмжилсэн. Бүр болохоо байчихсан байна гэж харуулах гээд байгаа юм уу, эсвэл ингэж харагдуулж байж Оюутолгой, Таван толгойгоо зүтгүүлэх гээд байгаа юм уу. Ер нь бид төрд ажил хийх шийдвэр гаргах эрхийн төлөө л ирдэг. Шийдвэрээ шийдэмгий гаргаад зүтгэх нь төрийн хүний үүрэг. Хувь хүнийх нь хувьд бол би Сайханаагаа үнэлдэг, өөрийнхөөрөө бай гэж зөвлөдөг.
-Таны тэргүүлдэг Алтан гадас фракц Соёмбо болж салж байгаа, МоАХ фракцынхан ч МоАН фракц болж хуваагдлаа гэж байна. Танай нам дотор бүлэглэл фракц хоорондын дахин хуваарилалт явагдаад байна уу даа?
-Наад таамаг дээр чинь би ганц зүйл л хэлье. Манай улс төр болон сэтгүүлзүй цаашилбал нийгэмдээ эерэг хандлага үзүүлж байх ёстой тодорхой хүрээнийхэн асуудалд маш өнгөц ханддагийн илэрхийлэл юм. Бид ихэнх асуудлын учгийг хэдхэн хүний өрсөлдөөн тэмцлээс хайгаад байдаг. Зүй нь бол бид аливааг маш жижигрүүлж харж байж том асуудлуудын шийдлийг олж харна. Нөгөө тэмцэгч шоргоолжны бужигнасан бослоготой кино төгсөөд камер нь холдоход нэг айлын хашааны буланд жижигхээн шоргоолжны үүр байдаг даа. Олон хүндрэлтэй асуудлын шийдэл ч юм билүү, илүү өргөн харсан нүүдэл л хожилд хүргэдэг.
-Хамгийн сүүлд нэг юм сонирхоход хэн нэгнийг эрх мэдэлтэй байхад дагаж гүйж, харин хэн ч биш болохоор хаяж явдаг хүний муухай зан бий. Та тэр байдлыг одоо ид мэдэрч байгаа байх даа?
-Уг нь тэгж л ярьдаг. Гэхдээ би тэрнээс чинь эсрэг байдлыг л мэдрээд байгаа шүү. Над дээр маш олон хүн ирж, уулзаж олуулаа байгаа. (инээв)
-Танаас асуухыг хүлээж байсан олон асуулт байгааг орхигдуулсан л байх гэж айж байна.Сүүлийн хариултыг танд үлдээе.
-Хувь хүний хийж чадах зүйлс, хамтын хүчээр хийж чадах зүйлс хоёрын цар хүрээ харьцуулшгүй өөр гэдгийг бага наснаас ээж минь сургаж мэдрүүлсээр амьдралын маань утга учир болгож хүмүүжүүлсэн. Би бол баг хамт олны нэг нь. Хамтдаа 25 жил Монгол Улсынхаа хөгжил дэвшил, хүний эрх, эрх чөлөөг бэхжүүлэхийн төлөөзүтгэсээр байгаа журмын нөхдөдөө талархаж явдгаа илэрхийлмээр байна. Мөн хамтдаа сэтгэл зорилгоо нэгтгэн зүтгэж хоёрхон жилийн дотор сүүлийн 20,30 жилд хоосон ярьж хойш суусан хүмүүсийн эхлүүлээгүй ажлыг бодитоор барьж, бүтээж, эхлүүлж, шийдвэрлэн зүтгэхэд хамтран зүтгэсэн журмын олон нөхөд, “Шударга ёс эвсэл", бие даагчид, ИЗНН, бүх хот аймаг, сум дүүргийн удирдлагууд болон төрийн бүх шатны албан хаагчдадаа талархал илэрхийлье. Монголчууд бид сэтгэл, зорилго, зүтгэл гурваа нэгтгэвэл хөгжил дэвшил хажууханд байна. Харин цэцэрхэл, хийрхэлд автан үгүйсгэн гутаасаар суувал улам гүн шаварт шигдсээр байхыг цаг хугацааны явцад олон үзэгдэл нотоллоо. Монголын минь хувь заяа их. Хамтдаа урагшилъя.Шинэчлэл гэдэг бол сэтгэл гаргах хийх ажил юм.
-Цаг гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.
Ярилцсан Э.ЭНЭРЭЛ
Зочин · 2015/02/27
Enhbayartaigaa hotloltsood dald or, neeh lag tsarailj gene, ils orniig orond oruulj, otond iduulsen muu ***** chamaig shuuhed yagaad ogohgui baigaad gaihaj baina, doloon uuliin tsaaguur dalr or, tui tui.
Жинхэнэ нүүр нь · 2015/02/18
Алтанхуяг бол арын хаалга, танил тал, хээл хахууль, улс төрөөр амьдралаа дээшлүүлнэ гэж боддог хүн. Үүнийг мэдэхгүй хүн мэдэхгүй. Жирийн иргэд бол бүр ч мэдэхгүй. Ер нь хүн их ******тай хүн. Увс хүн. 20гаран жил ханилсан эхнэр, хүүхдээ хаяад Солонгос явсан хүний залуу эхнэрийг аваад суучихаж байгаа юм. За энэ яахав, хувийн асуудал гэж бодъё. Гэтэл дандаа гарынхаа хүмүүсээр улсын мөнгийг зувчуулж байсан хүн. Тоочьё: тэдний хүргэн Дэнзэн гэгч бол Алтанхуягийн өөгшүүлгээр хэт галзуурч, мөнгө идээд хэрэгт орсон. Зөвлөх Гансүх нь нүүрснээс бас мөнгө зувчуулаад бас л хэрэгт орсон. Энэ хоёрын хэргээс Алтанхуяг маш их айж байгаа, өөр рүү шууд ойртоно гэсэн үг. Хэдэн жимлийн өмнө Тарийн сангийн захирал байгаад мөнгөний хэрэгт орсон Пүрэвсүрэн чинь энэний шавь шүү дээ. Цэвэр сангийн мөнгө идээд шоронд орсон Хүрэлсүх гэгч бас л энэний намын нөхөр. Ер нь дандаа иймэрхүү мөнгө идэх хүмүүсийг дэвшүүлдэг. Ажлыэ чадваргүй, хуйвалдах, хор **********х дуртай хүмүүсийг өөрийнх нь үгээр явна гэдгийг мэддэг хүн. Зөвлөх ухаантай сумоч Батбаяр, Сонгуулийн**************************гч Содном хэн билээ, өвгөн Ламбаа гээд төрийн хутгуурууд бол бүгд Алтанхуягитйн гарын аяар хөдөлдөг хүмүүс. Алтанхуяг энэ бүх албан ту******лын хэрэг, мөнгө төгрөгийн хэрэгтээ хэзээ хариуцлага хүлээх юм бол доо. Багадаа их гэртээ олуулаа тарчиг өссөн юм гэсэн, дээр ньувс хүн, тэгээд ийм шуналтачаалтай болчихдог аж. Психологи нь ойлгогдоод байгаа юм л даа. Энэ хүн одоогийн хямралын эхийгтавьсан хүн шүү дээ. Ард түмэндээ маш их гай болсон, тэгээдгэмгүй царайлж чаддаг хүн дээ. Олон юм бий дээ, яаж энд багтаахав.