2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хороо нийтдээ 23 удаа хуралдсан байна. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хяналтын чиглэлээр байгуулагдсан ажлын хэсгүүд 83 удаа тус тус хуралджээ.

 

Үүнд: Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулга түүний дагалдан өргөн мэдүүлсэн 18 хууль, төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай, төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай, эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай, монгол улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого болон гүйлгээний сангийн зарлагын тухай, 2015 оны төсвийн тухай зэрэг хуулийн тогтоолуудыг хэлэлцэн баталсан байна.

 

Энэ талаар Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь “Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтыг сайжруулах, уул уурхайн бүтээгдэхүүн урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулинд өөрчлөлт оруулсан байгаа. Үүгээрээ бид энэ уул уурхайн экспортыг сайжруулах, ард хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн томоохон арга хэмжээнүүдийг тусгасан байна. Ингэсний үр дүнд богино дунд хугацаанд эдийн засгийг хүндрэл бэрхшээлээс гаргах арга хэмжээнүүд нэлээд сайжирна гэж үзэж байгаа” гэлээ.

 

Эдийн засгийн хүндрэлийг даван гарах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг батлан гаргасан нь гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхөх хэмжээний хөрөнгө босгох, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, эдийн засагт үүссэн хүндрэлийг даван туулахад чиглэгдсэн чухал шийдвэрүүд хийсэн гэж тэд үзлээ.

 

Энэхүү тогтоолыг хэрэгжүүлснээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, хөрөнгө оруулалтын итгэл сэргэж олон тооны мега төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажил эрчимжинэ гэх мэдээллийг ч эдийн засгийн байнгын хорооныхон хэлж байгаа юм. Харин энэ шийдвэрүүдийн үнэн эсэх, тэдний ярьж байгаа биеллээ олох эсэхийг харах л үлдэж байгаа юм.

 

Г.Мягмарсүх