“Хан ресурс” ба манай улсын “луу унжилт”
2015/04/27
Нэг хоногийн настай хэлэлцээр хийсэн гэв үү?
Монгол улсын засгийн газрын зүгээс “Хан ресурс” компанийн эсрэг арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах, шаардлагатай бусад арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
“Хан ресурс” компанийн захирал Жим Доак манай улсад нас барсан эгзэгтэй үеэр хуульзүйн яамнаас хийгдсэн эл мэдэгдэл хэр зохимжтой юм бол? Уг мэдэгдэлд дурдсанаар бол манайх асуудлыг эв эеэр шийдвэрлэхээр хичээн, холбогдох төлөөлөгчидтэй хэлэлцээр хийсэн боловч нэг талын буюу “Хан ресурс” компанийн санаачлагаар өнөөх хэлэлцээр нь цуцлагдсан юм байх.
Хамгийн сонирхолтой нь хэлэлцээрийг энэ сарын 21-ний өдөр хийсэн мөртлөө маргааш нь буюу 22-нд цуцалж орхижээ. Тиймээс манай засгийн газрын эгдүү нь хөдөлж, хууль зүйн яамаараа өчигдөрхөн мэдэгдэл гаргуулж. Бууж өгдөггүй улс шүү.
Харин 23-ны өглөө юу боллоо, “Хан ресурс” компанийн захирал Жим Доак “Blue skу” зочид буудлын өрөөнөөс нас барсан байдалтайгаар олдсон. Хэн хүнд түүний үхэл сэжиг төрүүлж, Монголын талыг эвгүйдүүлж мэдэхээр байсан гэнэтийн нас баралтын шалтгааныг гэр бүлийнхэн нь “өвчний улмаас” хэмээн тайлбарласнаар, багахан санаа амраагаад байгаа.
Маргаан л бол маргаан. Тэд ялдаг.
Анх 2009 онд урт нэртэй хууль батлагдсантай холбогдуулан Монголын төрд тус компанийн Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж байсан ураны хайгуулын ордыг “төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн” гэх нэрийн дор эзэмшлийнх нь 58 хувийг 22 хувиар бууруулж, эзэмшлийн лицензийг нь шилжүүлснээс үүдэн маргаан дэгдэж байсан.
Маргаан Олон улсын арбитрын шүүхэд хандахад хүртлээ даамжирч, өнгөрсөн гуравдугаар сард эцэслэн шийдэгдэх хүртлээ Монгол улсын засгийн зүгээс үйл ажиллагаа саармагжуулсны улмаас үүссэн зардал нэрээр “Хан ресурс”-ийн нэхэмжилсэн мөнгөн дүн 200-350 сая ам.долларын хооронд өөрчлөгдөж байв. Гэтэл энэ хавар арбитрын шүүхийн шийдвэрээр “Хан ресурс” ялж, манайх 100 сая ам.доллар нөхөн төлөхөөр болсноор уг мөнгөний хүүгийн тоолуур 6.485 ам.доллараар өдөр бүр урагшилж байна.
Ер нь дэлхий дахинаа уул уурхайн асуудлаар Канадууд арбитрт хандсан тохиолдлуудынхаа ихэнхэд ялалт байгуулж, авах гэснээ салгаж байж санаа амардаг дадалтай улс. Тэр л уг үндсийн нэгэн үр соёо нь “Хан ресурс”.
Манайд боломж бий юу?
Манайд байгаа ганц боломж нь давж заалдах. Давж заалдах байсан ч нөхөн төлбөрийг манай талаас бүрэн барагдуулах үүрэг хүлээнэ. Гэтэл хямралын хахирган цагаар 200 орчим тэрбумыг халааснаасаа гаргаад өгчих бэнчин манайд байхгүй тул өдийг хүртэл “мэнчийсээр” суугаа.
Бид давж заалдаад юу хожихыг үнэндээ хэлэхэд бэрх. Хуульзүйн яамны төрийн бичгийн дарга Ж.Баярцэцэг уг шүүхийн асуудлыг ахлан ажиллагчийн хувиар саяхан л “Манайд ялах магадлал өндөр байгаа” хэмээн “томорч” байсан бол одоо эл асуудлаар тодруулга өгөхөөс ч зайлсхийж байна.
Нөгөө талд “Хан ресурс” манайхаас арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу өгөх ёстой мөнгөө нэхэж, тодорхой шийдэлд хүрэхээр захирлаа илгээсэн ч харамсалтай нь байдал өөрөөр эргэсэн. Ийм тохиолдолд асуудал саармагжина гэж үү? Үгүй л болов уу.
Мөн дээр өгүүлсэнчлэн засгийн газрын мэдэгдсэнээр бол “Хан ресурс”-ийнхан харилцан ойлголцлын хэлэлцээр хийснээ маргааш нь цуцалж. Өглөө нь ярьснаа орой нь үгүйсгэж мэдэх ааш эндээс үнэртэж байна. Хэрэвзээ “Хан ресурс” компанийн захирал Жим Доакийн ар гэрийнхэн түүний үхлийн шалтгааныг дахин өөрөөр нэрлэж, шүүхийн шинжилгээний дүгнэлт манай талд халтай гарвал яана.
Уг нь шатрын нүүдэллэх ухаанаар бол манай засгийн газар “Хан ресурс”-тай дахин зарга үүсгэж, луу унжиж эхэлнэ гэдгээ мэдэгдэхгүй хэд хоног дарсан нь дээр байсан мэт. Одоо хэн бүхэнд “Хан ресурс” компанийн захирал Жим Доакийн нас баралтын шалтгааныг тодорхойлсон эцсийн дүгнэлт чухал мэт. Гэсэн ч манай талаас нэгэнт сумаа тавижээ.
Ийнхүү “Өгөх хүний гар өвчүүн дээрээ, авах хүний гар алд дэлэм” гэдгийн үлгэрээр ажиллаж буй “Хан ресурс”, Монголын төр хоёрын харилцан үл ойлгоцлын үр дүнг эцэстээ ард түмэн нуруундаа үүрч, халаасаа тэмтрэх нь бараг л “мэдээжийн” болчихоод байна. Дээрээс нь нэмээд хөрөнгө оруулагчдаа “хөөж” явуулдаг хэмээх Монгол улсын сөрөг нэр хүнд дэлхий дахинаа бүр ч өснө.
Ж.Мядагбадам