Тэнгэрийн хувь заяа хэн бүхэнд тохиодоггүй 
Тэнгэрлэг үйлстэн хүн бүхэн болдоггүй... 

    Бага насны амьдрал болоод хувьсгалын үйлстэй нэр холбосон нь: 
   Монголын эмэгтэйчүүд 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, ардын журамт цэргийн хоол хүнс, хувцас хунар, агт морь, буу зэвсэг, сум залгуулах, мэдээ баримт, хэл хүргэх, хувьсгалчдын нууц хурал цуглаанд оролцох, шархадсан партизан цэргүүдийг сувилах зэрэг үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд С.Янжмаа, Г.Хувсан, Долгор, Цэрмаа, Даш, Гаралцоо, Очирцоо, Дарь, Г.Цэнд- Аюуш, Мядагмаа зэрэг эмэгтэй хувьсгалт тэмцэлд идэвхтэйгээр бусдаа оройлон оролцсон байдаг. Нийгмийн дарлалын эсрэг зэвсэг барин боссон Монголын ард түмний хувьсгалт хөдөлгөөний салшгүй нэг хэсэг болсон монгол эмэгтэйчүүд, феодалын дарлалаас ангижирч эрх чөлөөг байлдан олох үйлсэд эрэгтэйчүүдтэй эн зэрэгцэн тэмцсэн бөгөөд оройлон оролцсон энэхүү тэмцэгчдийн нэг бол Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагчдын нэг жанжин Сүхбаатарын үнэнч гэргий, халамжит хань С.Янжмаа юм. Тэрбээр таван нас хүртлээ хойд эцгийн гар дээр бойжин торниж 10 нас хүртлээ хойд эхийн гар дээр өссөн гэдэг бөгөөд түүнээс хойно хойд эцэг нь нас барснаар өөрийн төрсөн эх болох Сэрээнэнтэйгээ хамт амьдрах болсон ажээ. Түүний багадаа үзэж туулсан амьдрал төдийлөн сайхан сэтгэл хангалуун байхааргүй нь хэн бүхэнд ойлгогдохуйц биз ээ. Энэ л хүнд хэцүү байдалд өссөн нь түүнийг ирлэн, хурцалж, цаашдын амьдралдаа эргэж буцахгүй тууштай байж халамжит сайн хань, монгол эмэгтэйчүүдийн дуу хоолой болоход бага ч болтугай нөлөөлсөн нь лавтай юм. С.Янжмаа 1919 он хүртэл эхийн гар дээр амьдарч байгаад 17, 18 орчим настай байхдаа Амгаланбаатарт Сүхбаатартай танилцаж айл гэр болсон тэр үеэс эхлэн Монголын хувьсгалын үйлстэй өөрийнхөө амьдралыг холбосон ажээ.

    Харамгүй сэтгэлтэй нэгэн байв: 
   С.Янжмаа нь нөхөр Сүхбаатараа хувьсгалт тэмцэлд оролцоход сэтгэл санаа, эд материалын асар их дэмжлэг үзүүлж байжээ. Үүний нэгэн баримт бол “1920 оны ЗХУ-аас тусламж гуйхаар явахад замын зардал болгож өөрийн гэр орноо худалдаж зардал хийхэд татгалзаагүйгээр үл барам өөрөө нялх хүүхдийнхээ хамт айлын үүдний пүнзэнд ядуу зүдүү амьдарч байсан” хэмээн манай ахмадууд болоод түүхчид нэг бус удаа бахархан хүүрнэсэн байдаг. Энэ утгаараа Сүхбаатар жанжны ээж болох Ханд гуай “Сүх Янжингаас өөр хүнтэй суусан бол жанжин болохгүй байсан” /1/ хэмээн нэг бус удаа хэлдэг байсан талаар дурссан байдаг. Түүний зан аашийн талаар “Номхон дөлгөөн, уур уцааргүй, ажилсаг эмэгтэй байсан. Бүсгүй хүнийхээ хийх үйлийн хувьд оёж шидэх, засаж сэлбэх, эсгэж хийх үйлд сүрхий. Нэг их гоёж гоодохгүй. Дэлхийн эмэгтэйчүүдийн их хуралд явах болоход гоёчих хувцасгүй хэрэндээ сандарсан санагддаг” хэмээгээд мөн “...ээж хөдөө орон нутгаар их явж малчидтай уулзаж ярилцдаг байсан. Хөдөөгийн хөгшчүүл “Сүхбаатарын тухай Сүхбаатарын Янжмаагаас сонссон түүнийг сайн мэднэ” гэж хотоос очсон хүмүүст ярьдаг байсан гэнэ лээ. Ээж аавын адил илүү дутуу харах, баяжих, эдэд шунах сувдаг сэтгэл огт байгаагүй. Олсноо олонтойгоо хувааж иддэг монгол ёсыг эцэг, эх, эмээ, өвөөгөөс өвлөж авсан. Өвлийн идшээ ирэхээр айл саахалтындаа заавал амсуулна. Цагаан сараар ахмад буурлууд настнуудад хадаг 100 төгрөгийн хамт барина. Илүү дутуу хувцас хунараа амьдрал дорой хэн нэгэнд өгчихнө...” хэмээн төрсөн хүү Галсан гуай хуучилжээ. Энэхэн ярилцлага бүхий жишээн дээрээс л түүний хэн болох, ямар хүн байсныг бодоод үзэхэд ухаан саруул л бол хэн бүхэнд тодорхой ойлгогдох биз ээ.

   Хашиж явсан алба, төгссөн сургууль: 
   С.Янжмаа нөхрийнхөө хувьсгалт үйл ажиллагааг дэмжээд зогсоогүй өөрийн гар биеэр оролцохын тулд 1921 онд Хиагтад хүрэлцэн очиж ажилд нь тусалж байжээ. Хувьсгал ялсны дараа С.Янжмаа шинээр байгуулагдсан МХЗЭ-д элсэж өөрийн оронд ардчилсан хувьсгалыг батжуулахад оролцсон бөгөөд Д.Сүхбаатар жанжинтай хамт хүчин зүтгэж, чадах тэнцэх ажлаа л шударга үнэнчээр хийж явсан нэгэн юм. 
1923 оны МАХН-ын гишүүн, 
1921 оны Ардын хувьсгалын партизан 
1921 онд Баяр гүний цэргийг бут цохих тулалдаанд оролцож партизануудын хамт түүнийг зохих газарт хүргэх гэж явсан. 
1927 онд Дорно дахины хувьсгалчдын сургууль КУТВ-д явж суралцан 1930 онд төгсч ирсэн. 
   Эх орондоо буцаж ирснийхээ дараа хотын хоршооны орлогч, жинхэнэ дарга, Бумцэнд гуайн орлогч МАХН-ын төв хорооны нарийн бичгийн дарга, Улстөрийн товчооны гишүүн, Намын Төв Хорооны эмэгтэйчүүдийн хэлтсийн дарга, партизаны комиссын даргаар идэвх зүтгэлтэй хичээнгүйгээр ажиллаж байжээ. 
   1962 оны нэгдүгээр сарын “Үнэн” сонины нэгэн дугаарт “С.Янжмаа нь Сүхбаатарыг Хужирбуланд байхад танилцаж 1919 оноос Сүхбаатарын зохион байгуулсан анхны хувьсгалт бүлгэмийн ажиллагааг талархан дэмжиж өөрийн ухамсарт амьдралаа манай эх орны эрх чөлөө, тусгаар тогтнол, ард түмний аз жаргалын төлөө тэмцэлд зориулсан хүн юм” гэж үнэлэн дүгнэж бичсэн байна. 
   Тэрбээр ямар ч ажлыг хичээнгүй зүтгэлтэйгээр хийдэг байсан бөгөөд хотын хоршооны даргын ажлыг сайн хийсэн гэж түүнийг Намын Төв Хороонд ажилтнаар шилжүүлэхэд нь хоршооны холбооны төв зөвлөл “Американ-8” цоо шинэ лимузин машинаар сайшаан урамшуулсан байдаг. Мөн түүнийг хүндэтгэх, халамжлах үүднээс Х.Чойбалсангийн үед “ЭМ” гэдэг албаны машинтай байсныг Ю.Цэдэнбал цоо шинэ хөнгөн тэргээр сольж албанд нь хөл залгуулдаг байсан гэдэг. Энэ нь хувь хүн болоод ажил үйлийнхээ хувьд хэр зэрэг байж, бусдын хүндэтгэлийг хэрхэн олж чаддаг, ямархуу ажилтай нэгэн байсныг бага ч атугай илтгэн харуулж байгаа юм.

   Тэрбээр эмэгтэйчүүдийн дуу хоолой байсан: 
   С.Янжмаа нь тухайн үеийн нам төрийн үйл ажиллагаанд оролцож байсан эмэгтэйчүүдийн нүүр царай төдийгүй олон улсын эмэгтэйчүүдийн хөдөлгөөний томоохон зүтгэлтний нэг юм. Тэрбээр “...Алив дарлагдсан ард бүхнийг эр, эм хэмээн ялгаварлахгүй адил тэгшээр эрх чөлөөг эдлүүлэхийг эрхэмлэсэн Ардын нам ба Ардын засаг байгуулсан энэ сайхан чөлөө бүхий цагт эцэс хойчийн үндсээ бататган бадруулах ба улстөрийн элдэв хэрэгт эрэгтэйчүүдийн нэгэн адилаар оролцохыг идэвхийлбээс зохих болов уу...”/2/ хэмээн тухайн үедээ нам засгийн хайр халамжаар эрх чөлөөгөө эдэлж, өмнөх үеэ бодвол санал өгөх, сурах эрх бүхий болсон эмэгтэйчүүдийг улстөрийн хэрэгт идэвхтэй оролцохыг уриалсан байна. 
   Хувьсгалын анхны жилүүдээс С.Янжмаа Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдан манай эмэгтэйчүүдийг аж ахуй, соёл шинжлэх ухааны бүх салбарт тэгш эрхтэй оролцож нийгмийн гишүүнийхээ эрхэм үүргийг биелүүлэх тэмцэлд зохион байгуулан удирдаж байхдаа Дэлхийн эмэгтэйчүүдийн холбооноос зохион явуулж байсан хурал зөвлөгөөн семинаруудад удаа дараа оролцож өөрийн орны эмэгтэйчүүдийн амьдралыг дэлхий дахинд сурталчлан энх тайван, тэгш эрх, шударга ёсны төлөө тэмцэж байгаа Монголын эмэгтэйчүүдийн хүсэл эрмэлзлийг илэрхийлэн таниулахыг чармайн ажиллаж байсныг нь тухайн үеийн он цаг, түүх болоод Монголын эмэгтэйчүүд мартах учиргүй. 
   МАХН-ын гадаад бодлогыг хэрэгжүүлэх дэлхийн дэвшлийг бэхжүүлэх улс түмэнтэй найрамдалтай харилцахыг батжуулах үйлсэд оруулсан хувь нэмэр идэвх зүтгэлийнхээ үр дүнд Дэлхийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны зөвлөлийн гишүүнээр сонгогдож байжээ. Монгол түмэн их жанжин хэмээн хүндэтгэн дээдэлж ирсэн Сүхбаатарын үнэнч хань төрийн ахмад зүтгэлтэн С.Янжмаа бол ухаан, ухамсар энэ л амьдрал, нэгэн биеэ ард олны тусын тулд ухарч цуцалтгүйгээр тууштай зориулж явсан эгэл хэрнээ, эгэл бус хүмүүн юм. Түүний ажилч хичээнгүй үнэнч шударга зан чанар, энэрэнгүй сэтгэл, хамтач үзэл санаа нь, өнөөгийн манай эмэгтэйчүүдийн эрх чөлөөний биелэл юм гэхэд төдий л хилсдэхгүй. Эх орны дайны үед тэрбээр фронтод бэлэг илгээх комиссын дарга байсан гэх мэдээ баримтууд байх бөгөөд Монголын ард түмнээс зөвлөлтийн ард түмэн, улаан армид илгээх бэлгийн асуудлыг хариуцаж, биечлэн зохион байгуулж явсан байна. Манай ард түмэн энэ хөдөлгөөнд Оросын ард түмний 1921 онд монголчуудад үзүүлсэн ач тусыг санаж чин сэтгэлээсээ хөдлөн байгаа бүхнээ гар таталгүй ЗХУ-д тусалсныг оройлон оролцсон хүн юм. 
   Монгол бүсгүйчүүдийн оёж, шидсэн дулаан дээл, хувцас, авдар авдраараа, цуваа цуваагаараа холбоот Орос Улсад очсон монгол бүсгүйчүүд алтан бөгж, ээмэг, толгойныхоо мөнгөн боолтыг тайлаад л өгч байсан хэмээн түүх хүүрнэдэг билээ. Энэ үйл ажиллагаанд тухайн үедээ түүний толгойлж байсан Монголын эмэгтэйчүүдийн байгууллага асар их ажил санаачилж зохион байгуулсан гэдэг. 
   Түүний ажилч хичээнгүй аливаа зүйлд санаачлагатай хандахын илрэл болсон нэгэн том үйл ажиллагаа нь бэлэг хүргэх цуваанд оролцож явсан энэ туршлагадаа тулгуурлан хотын хоршооны дарга байхдаа салбарынхаа үйлдвэр албан байгууллага, ажилтан, ажилчдыг уриалан дуудаж, Халх голын дайчдад бэлэг цуглуулах хөдөлгөөн өрнүүлж фронтод илгээж байсан ажээ.

   Хийж бүтээснээ төр засагт үнэлүүлсэн нэгэн: 
Эх орны их дайны үеэр фронтод бэлгийн комиссын ажлыг сайн зохион байгуулсны учир: 
-Тухайн үеийн нам засгаас өндөр үнэлж түүнийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”- ийн одонгоор шагнасан. 
-Энэ мэтээр төр засгийн ажилд идэвхтэй оролцож явсны улмаас Сүхбаатарын одонгоор хоёр удаа “Алтан гадас” одон, Улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан байна. Мөн 60 насны ойгоор нь “Сүхбаатар” одонгоор шагнаж Х.Чойлбалсан өөрөө 50 лангийн ембүү барьж байжээ. Нарт ертөнцийн жам, хүний амьдралын ёсоор энэхэн биеийг элж одоход С.Янжмаа гуайн дурсгалыг хүндэтгээд тухайн үедээ нийслэлийн 19 дүгээр цэцэрлэг /анх цэцэрлэгийн эрхлэгчийн алба хашиж байсан, / цэргийн оёдлын үйлдвэрийг С.Янжмаагийн нэрэмжит болгож байсан гэх бөгөөд энэ нь түүний хувьд хүн болоод хийж бүтээсэн ажил үйлийг үнэлж хүндэтгэсний тод илрэл юм. 
1-Амарсайхан.У, хүү Галсантай нь хийсэн ярилцлага 
2-Бүсгүйчүүдийн санал, 1925 он №1 
3-Болдбаатар.Ж, Нэг хүнийг тахин шүтэх үзэл, хичээлийн лекц 
 
МУИС-ийн Нийгмийн Шинжлэх ухааны сургуулийн 
Нийгэм соёлын антрапологийн магистрант 

Доржсүрэнгийн Шинэбаатар