Тахарын алба татан буугдах уу
2015/05/18
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд “Би харамсаж байна” хэмээн хэлсэн нь өнгөрсөн өдрүүдэд сошиал ертөнцөөр хамгийн их түгээгдсэн мэдээлэл болов. Учир нь энэ өдөр нэгдсэн чуулганаар Тахарын албыг татан буулгах асуудал дэмжигдсэн нь зөвхөн хууль санаачлагч нь дангаараа харуусаад өнгөрөхөд хангалтгүй нөхцөл байдалтай байлаа л даа.
2012 оны сонгуулиар Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт багтсан “Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог бий болгох, Тахарын албыг байгуулах” амлалтыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар жил шахам ажиллаж байж 2013 оны долоодугаар сард Тахарын албаны тухай хуулийг баталсан юм. УИХ-д өргөн барьснаас хойш багагүй хугацаанд мэтгэлцсэний эцэст манай хууль тогтоогчид “Маршалын албаны тухай” хуулийн нэрийг өөрчилж, “Тахарын албаны тухай” нэртэйгээр баталсан билээ. Тахарын албаны тухай хуулийг Засгийн газар 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж, гэрч хохирогчийг хамгаалах, шүүх, прокурорын байгууллагын аюулгүй байдлыг хангах, шүүхээр таслагдсан ялтан хоригдлыг хуяглан хүргэх, шүүн таслах үйл ажиллагаанд саад учруулсан яллагдагчийг албадан авчрах, хорихоос оргон зайлсан ялтан хоригдлыг эрэн сурвалжлах чиг үүрэг бүхий Тахарын албыг ХЗЯ-ны харьяанд байгуулаад жил хагасын нүүр үзэж байна.
Өнөөдөр татан буугдах дээрээ тулаад байгаа Тахарын албаны хамгийн гол чиг үүрэг нь гэрч хохирогчийг хамгаалах, шүүх, прокурорын байгууллагын аюулгүй байдлыг хангах явдал. Аливаа гэмт хэргийг шударгаар шийдвэрлэхэд гэрч, хохирогч нарын үнэн зөв мэдээлэл чухал үүрэгтэй. Гэвч манайд тэдний аюулгүй байдлыг хамгаалсан хууль, хамгааллын тогтолцоо байгаагүйн улмаас гэрч, хохирогчдыг дарамтлах, айлган сүрдүүлэх, худалдаж авах замаар хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд саад учруулж, гэм буруутай этгээдүүд ял завших явдал цөөнгүй. 2014 онд гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй гэмт хэрэг өмнөх оныхоос 2.6 дахин, хүчирхийлэлд өртсөн хохирогчдын тоо 3.5 дахин өсөж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн шалтгаанаар таван гэр бүл тутмын нэг нь гэрлэлтээ цуцлуулжээ.
Сүүлийн таван жилийн дотор гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй 3048 хэрэг гарч, хүчирхийллийн улмаас хүнийг санаатай алсан гэмт хэрэг 66, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг 2727 гарсан байна Энэ бүх тохиолдолд хэдийгээр хуулиар үүрэг хүлээгээгүй ч гэлээ хүний эрхийн төлөө тэмцдэг ТББ-ууд л ачааны хүндийг үүрч, ихэвчлэн гадаадын тусламжийн байгууллагуудаас гуйсан багахан санхүүжилтээрээ хүчирхийллийн улмаас хохирогчдыг хамгаалалтдаа авч ирсэн.
Гэсэн хэдий ч төсөв хөрөнгө, байр савгүйн улмаас хохирогчдыг дээд тал нь 14 хоног байрлуулаад ар гэрт буцаахаас өөр аргагүйд хүрдэг, хохирогч нар эргээд хүчирхийлэгчтэйгээ, хүчирхийллийн орчиндоо амьдрахад хүрч, үүнээс болоод санаанд багтамгүй хэрцгий хэргүүд гардаг. Харин Тахрын алба батлагдсанаасаа хойш ТББ-уудтайгаа хамтарч ажиллаж, харуул хамгаалалт, хөрөнгө төсвөөр дэмжээд, харин хохирогчдод үзүүлэх бусад тусламж, үйлчилгээг ТББ-уудаараа гүйцэтгүүлэх болсноор байдал харьцангуй дээрдээд байсан юм.
Монголын төр хүнээ, иргэнээ хамгаалахын төлөө гаргасан цорын ганц хууль нь энэ. Өмнө нь бол малыг л төрийн хамгаалалтад авч байснаас хүнээ хамгаалах талаар бодож ч байгаагүй л болов уу. Ялангуяа нийгмээс далд нууцаар, гэр бүлийн орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн хохирогчид нь ихэвчлэн бага насны хүүхэд, хүч буурай эмэгтэйчүүд байдаг. Гэтэл одоо Тахарын албыг ШШГЕГ-тай нэгтгэчихээр тэд шоронгийн хоригдлуудтай яг адилхан нөхцөлөөр “хамгаалуулах” болчхоод байна л даа. Шоронгийн хянагчийн ажил муу муухай гэдэг утгаар нь хэлж байгаа юм биш. Угаасаа ажиллах нөхцөл, дадал соёл нь өөр гэдгийг хэлж байна. Шүүхээр шийтгүүлсэн ялтан, хоригдлуудтай өөрсдийн арга барилаар харьцаад сурчихсан хүмүүс тэр дадлаараа хүчирхийллийн золиос болсон сэтгэлийн шархтай хүүхэд, эмэгтэйчүүдтэй харьцвал юу болох вэ.
Г.Мягмарсүх