Банкнаас зээл авч байгаа иргэдийн зээлсэн мөнгөний нэг хувийг  шимтгэл хэмээн банк авдаг.  Үүнийг иргэл эсэргүүцэн ШӨХТГ-т хандсан байдаг.  Улмаар  уг үйлдэл буруутай  тул  зээлийн нэг хувийг шимтгэл гэж авсан мөнгөө  иргэдэд эргүүлэн өгөх нь зүйтэй гэж ШӨХТГ дүгнэлт гаргасан.  Энэ нь арилжааны банкуудад таалагдаагүй бөгөөд  шүүхэд хандсан.  Улмаар анхан болон давж заалдах шатны шүүхээс  ШӨХТГ-ын зөв хэмээн үзсэн байдаг.  Энэ асуудлыг  өнөөдөр  Улсын дээд шүүх  хэлэлцэх юм байна.  Улмаар асуудлыг эцэслэх юм.

Шимтгэл нэрээр иргэдээс авсан мөнгө нь тэрбум тэрбумаар  хэмжигдэж байгаа бөгөөд  Монголбанк, Худалдаа хөгжлийн банкнаас бусад арилжааны  9 банк шүүхэд хандаад байгаа гэдгийг эх сурвалж мэдэгдээд байгаа.  

 Банкуудын одоо мөрдөж буй журамд зааснаар олгосон тухайн зээлийн нэг хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг авдаг. Жишээ нь, нэг тэрбум төгрөгийн зээл олговол нэг хувь буюу 10 сая төгрөгийн шимтгэл авна гэсэн үг. Харин хоёр тэрбум төгрөгийн зээл авбал хорин сая төгрөг болно. Үүнийгээ үйл ажиллагааны зардал хэмээн банкууд тайлбарладаг аж. Харин ШӨХТГ нэг тэрбум болон хоёр тэрбумын зээл өгөхөд үйл ажиллагааны зардал нь ийм ихээр зөрөх учиргүй, зээлийн шимтгэл харилцан адилгүй байх нь буруу. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10-т  заасан “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно” гэж заасныг  зөрчиж байгаа гэж ШӨХТГ-аас үзэж байгаа юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.  

 

А.Баярмаа