Зорчигч тээврийн нэгтгэлийн жолооч, кондукторын ажил хаялт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тэд ажил хаялаа гээд өглөөнөөс үдшийн бүрий хүрэх их хотын амьдрал хөвөрдгөөрөө хөвөрсөөр...

Эдгээр ажилтнуудын гол шаардлага нь тарифын хэлэлцээрийг хэрэгжүүлэх асуудлыг холбогдох албаныханд тавиад байгаа юм. Энэ дагуу Зорчигч тээврийн нэгтгэл болон нийслэлийн удирдлагуудын зүгээс тус хэлэлцээрт оролцсон тал болох Зам тээврийн яаманд албан тоот явуулж, цалин нэмэх асуудлыг төсөвт суулгах хүсэлт тавьсан байна. Ингэснээр улсын болон нийслэлийн төсвөөр эдгээр ажилтны цалинг нэмэх боломжтой гэж үзжээ. Хэрвээ энэ асуудал нааштай шийдэгдвэл ажилчид ажил хаялтаа зогсоох гэнэ

Өнөөдрийн байдлаар жолооч нар сард 445.000, кондуктор 350.000 төгрөгийн үндсэн цалин авдаг. Өөрөөр хэлбэл, цалингийн систем нь 40:60 юм. Харин тэдний шаардаж буй цалин бол 70:30 буюу жолооч 880.000, кондуктор 704.000 төгрөгийн үндсэн цалинтай болох явдал.

Тэгэхээр тус нэгтгэлийн жолооч, кондуктор нар сард дундажаар 3-4 сая төгрөгийн орлого оруулах төлөвлөгөөтэй ажилладаг. Тиймээс л нийтийн тээврийн том оврын автобуснуудын жолооч нар урд, хойноо гүйцэд түрүүлэн уралдаж, аваар осол гаргах нь хүртэл энүүхэнд. Өөрөөр хэлбэл, ажил олгогчид ийнхүү эрсдэл үүсгэх бас нэгэн чимээгүй шалтгаан болдог байна. Зүй нь тус нэгтгэл нь төсвөөс санхүүжилт авдаггүй учраас урамшууллын системээр ажилчдаа торгоон ажиллуулж, орлогоо төвлөрүүлдэг нь түүгээр яваа гайг үүгээр дууддаг байх нь. Нэг үгээр хэлбэл, энэхүү систем нь осол аваарын эх үндэс хэмээн буруутгаж болно. Үүнийг холбогдох байгууллагууд ч хэлж, сануулсаар ирсэн.   

Нөгөөтэйгүүр жолооч, кондукторын шаардлагыг биелүүлж, үндсэн цалинг нь нэмчихвэл “Үндсэн цалин нь өндөр учраас орлого хийхийг ажилчид төдийлөн хичээхгүй. Энэ нь тус нэгтгэлийн эдийн засгийн байдалд хохирол учруулна” гэсэн асуудлыг Зорчигч тээврийн нэгтгэлийн боссууд учирлаж сууна. Үнэндээ тус байгууллага ажилчдаа урамшууллын системээр “тэжээсээр” ирсэн. Тиймээс энэ бүх учир зовлонг олон улсын жишгээс харж, шийдвэрлэх цаг нь хэдийнэ болжээ. Тодруулбал, нийтийн тээврийн төлбөрийн системийг бүхэлд нь өөрчлөх шаардлагатай болсон гэсэн үг. Гэхдээ энэхүү шинэчлэл нь ямар системтэй байх талаар шат шатандаа удтал ярилаа. Гэвч барьж аваад ажил хэрэг болгох зориг зүрх, чадвар чансаа нэг л дутсаар ийнхүү тус салбарын байдал ороо бусгаа байдалтай болчихлоо.

Олон улсын жишигт цахим төлбөрийн системийг нэвтрүүлж ажилласаар байна. Хэрвээ манайд тус системээр ажиллаж эхэлвэл жолооч, кондукторын хүсээд буй 70:30 гэсэн харьцааг жинхэнэ баримталж болно. Энэ нь хэн хэндээ ашигтай, тэгш эрхтэй ч ажиллах механизм бүрдэнэ гэсэн үг.

Ингэж хэлж буйн учир нь нэг кондуктор өдөрт багадаа л 30 мянган төгрөгийн цавчаа хийдэг гэнэ. Тэгээд бодохоор сард цалингаасаа гадна чамгүй орлоготой байдаг байх нь. Тиймээс л кондуктор шууд бэлэн мөнгөтэй харьцдаг энэ системийг өөрчилж, ажил олгогч нар орлогоо хүнд “идүүлэхгүй” жолооч нарынхаа хүссэн цалинг өгч ажиллавал хэн хэндээ дэмтэй, дарамтгүй баймаарсан. Хамгийн гол нь энэхүү системийг нэвтрүүлснээр улсын буюу нийслэлийн төсвөөр ажилтнуудын цалинг нэмэх шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл, тус байгууллага өөрсдийнхөө амийг өлхөөн дөнгөх хэмжээний эх үүсвэр энэ бүхнээс харагдаж байгаа юм. Тэгээд ч цаасан тасалбар тасалж, тэндээсээ үүдсэн мөнгөний асуудлаар хэрэлддэг системтэй нийтийн тээвэр манайхаас өөр газар алга. Хэдэн жил ярьсаар өнөөг хүрсэн цахим систем л энэ салбарт ус, агаар мэт үгүйлэгдэж байна.

Р.Пунцаг