Өгүүллийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөмжийг эргэн санах нь зүйтэй болов уу. Ерөнхийлөгч маань "Чингис" бонд борлогдсоны маргааш нь УИХ, Засгийн газарт хандан зөвлөмж гаргасан.

Зөвлөмжийнхээ эхэнд "Энэ бол улсаа барьцаалсан өр юм шүү" гэдгийг Монголын төр, ард түмэндээ хэлээд авсан. Тэгээд энэ бондын хууль эрх зүйн үндэслэлийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэхийг УИХ-д үүрэг болгосон билээ. Засгийн газарт онцгойлон заасан нэг заалт бол "Чингис" бондын ашиглалт зарцуулалтыг ил тод байлга гэсэн. Улсын Ерөнхийлөгчийн маань энэ зөвлөмж, үүрэг даалгавар хэрхэн биелж байгааг нь ард иргэд мэдэлгүйгээр хоёр сар өнгөрлөө. 1.5 тэрбум ам.доллар буюу хоёр их наяд төгрөг аваад банкиндаа хийчихсэн Засгийн газар огт дуугүй, "бонд" гэж хэлэхээс, сонсохоос айсан юм шиг хулмалзаад байгаа. Ард түмэн энэ их мөнгийг авчраад хаана байршуулж, юунд зарцуулж байгаа бол, бонд шаардсан өнөөх их бүтээн байгуулалтын ажил нь ямар шатандаа явдаг юм бол гэж байнга чих тавьж байна. Манай нэг залуу сэтгүүлч "Өртэй гэдгийг өглөө болгон сануулж бай" гэж их онож бичсэн. Бид бол "Бонд хаа явна, юунд зарцуулагдаж байна" гэдгийг өглөө болгон сануулахаас гадна асууж шаардах эрхтэй хүмүүс. Бондыг баталчихсан УИХын дарга гишүүд ч дүлий, хэлгүй юм шиг сууцгаах болж. Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг аргагүйн эрхэнд ам нээхээрээ "Засгийн газар Монголбанктай менежментийн гэрээгээр бондын хүүг төлбөргүй" болгож байгаа аятай юм яриад байх юм. Түүнийгээ ард түмэндээ тодорхой тайлбарлаж чаддаггүй. Миний мунхаг бодлоор Засгийн газар, Монголбанк хоёр менежментийн гэрээ байгуулаад л тэр их хүүг дарчихаж болдог юм бол хэчнээн ч хэмжээний бонд, зээлээс аймааргүй санагдаж байгаа. Монголдоо нэлээд дээгүүрт ордог зарим эдийн засагч, санхүү бүртгэлийн мэргэжилтэн, бас жирийн хүмүүстэй уулзаж ярилцаж явахад хэд хэдэн хүн "Алтан гадас"-ынхан Монголбанкинд байгаа жаахан алтныхаа нөөцөөр тоглож байгаа юм" гэх аж.
    Зарим нь "Н.Алтанхуягийн Засгийн газрын хэдэн сайд өөрсдийнхөө нэр дээр гадаадын банкуудад хүүг нь өсгөөд байршуулчихсан гэнэ лээ. Хүүнээс хүү унагааж баяждаг арга" гэж мэдэмхийрцгээнэ. Нэг хэсэг нь "Эд нар улс үндсээ хөгжүүлнэ, сайн сайхан болгоно гэж бонд гаргаагүй. Энэ их баялгаа, малаа зөв зохистой ашиглаж улс орноо хөгжүүлэхийн оронд дааж давшгүй өр зээлд унагааж байдаг "харанхуй толгойтнууд" гэж зэмлэх аж. Ихэнх нь миний өрөөсөн. "Бид ч яахав ингээд л хуурагдсаар өнгөрнө. Эд жаахан овоолсон шороо, ухсан нүх үлдээгээд хэдэн жилийн дараа зайлна. Хойч үеийнхэн минь л энэ их өрийг яана даа. Монгол ч сэхэхийн заяагүй ард түмэн юм даа" гэж харамсан сууна.
     Ер нь Засгийн газрын бондыг чинь зүгээр л тэнгэр ширтэж суугаад гаргачихдаг, баталчихдаг зүйл биш гэнэ. Хамгийн тулгамдсан, манайхны яриагаар бол "амь дүйсэн" ажил, хойшлуулшгүй бүтээн байгуулалтдаа зориулж, шууд ашгаа өгөөд эхлэх зүйлд зориулдаг юм байна. Зарим улс орон их хэмжээний бонд гаргахдаа ард түмнээсээ санал авсан, төрийн эрх барих дээд байгууллагаараа тал талаас нь олон дахин тунгаан хэлэлцсэн байх юм. Гэтэл манайхан гэнэт бонд гаргасан, эзэн богд Чингисийнхээ нэрийг барьсан өрийн бичиг үйлдсэн, бараг л маргааш нь асар их хэмжээний валют оруулаад ирсэн. Тэгсэн чинь манай Засгийн газар 1.5 тэрбум ам.доллараар хаана юу барьж байгуулахаа урьдчилж төлөвлөөгүй, хүүхдүүдийн яриагаар "харанхуй" оруулаад ирчихсэн. Валют гар дээр ороод ирсний дараа юунд зарцуулах вэ хэмээн хэлэлцэж суух юм. Гүйцэтгэх засаглалын тэргүүн маань валют авч сейфэндээ хийчихээд яамд, төв орон нутгийн удирдлагуудаасаа бондоос хувь хүртмээр ямар бүтээн байгуулалтын ажил байна гэж асуусан бололтой юм. Мэдээж баахан л санал тавина! Түүнээс гучийг нь шилж авч гэнэ. Зургаан аймгийг холбосон хар зам, өмнийг дорнотой холбосон 1800 км төмөр зам, Төв аймаг дахь олон улсын нисэх онгоцны буудал, ТЭЦ-5-ыг шинээр барих, ТЭЦ-4-ийн өргөтгөл, Дарханд баригдах газрын тосны үйлдвэр, Сайншандын үйлдвэрлэлийн парк, арьс шир, ноосны үйлдвэрүүдийг дэмжих, Оюутолгойн цахилгаан станц, нийслэлийн 18 км метро... өнөөх л олон жил ярьсан "үлгэр"-үүд бүгд багтсан юм байх. Үүнд зураг төсөл нь бэлэн болчихсон, техник эдийн засгийн үндэслэлээ бүрэн шийдсэн, хөрөнгө оруулагчтайгаа гэрээ хэлцэл хийчихсэн төсөл бараг байхгүй юм гэнэ лээ. Тэр битгий хэл өнөөдрийн амин чухал хэрэгцээ болоод байгаа ТЭЦ-5-ыг барих газраа шийдээгүй байгаа. Энэ эрхэм дээдэс зүгээр л хуруу гараа үзээд сууж байхын оронд мэргэжлийн хүмүүс, туршлагатай ажилтнуудаа аваад хотыг хэд тойрч, газар үзсэн ч болох л байсан.

Зөвлөж ярилцаж, хүний үг сонсох нь яав даа. Очиж очиж ТЭЦ-5-ыг Богдхан уулынхаа ар хормой Чулуут, Хүрхрээгийн амнуудын доод биед алга дарамхан газарт барих юм гэнэ. Хэний тооцоо судалгаа вэ? ТЭЦ-5 гэдэг чинь нүсэр том байгууламж. Олон салаа төмөр зам орж очих хэрэгтэй болно. Усыг бол ууна. Утаа нь Богдхан уулын хэдэн амыг байтугай Улаанбаатарыг бүхэлд нь хучина. Нүүрсний нөөц, үнс нь гэхэд л хэдэн га талбай эзэлнэ. Өөрөө ямар том талбай эзлэх байгууламж билээ. Тэгэхэд л тэрүүхэн алга дарам газар ТЭЦ- 5-ыг барина гэж зүтгээд байх юм даа. Мэргэжлийн хүмүүс байтугай жирийн иргэд "энд болохгүй" гэж байхад Н.Алтанхуяг, М.Сономпил хоёр тэр нэг өвөлжөөний чинээ газар уруу зүтгээд байгаагийн учрыг сайн олохгүй л байна. Нэг хэсэг нь хотын утаа тоосыг бууруулъя гээд байдаг, нөгөө хэсэг нь ТЭЦ-5-ыг хот дотроо барьж утаа тоосыг нь 2-3 дахин ихэсгэе гээд байдаг сонин л юм. Улс үндэстнийхээ хувь заяаны төлөө санаа зовж явдаг, мэргэжлийн өндөр төвшинд бэлтгэгдсэн инженер, өндөр настан Д.Рэнцэндорж хотыг гурван удаа тойрч ТЭЦ-5-ыг барьчих газар сонгож үзээд Сонгинохайрхан уулын баруун талаас Туул-Овоотын гүүр хүртэл 60 км хөндийг сонгож, цахилгаан станцыг 20 хорооллын хамт барих том төсөл боловсруулаад явж байгаа. Ядаж л түүнийг харчихгүй юм даа.
     Монгол Улс гаднын хараат байдлаас гарах гол хоёр зүйл бий. Нэг нь эрчим хүч, нөгөө нь газрын тосны үйлдвэр. Эрчим хүчний гол зангилаа асуудал ингээд шийдэгдэхгүй үлгэр хэвээрээ байхад газрын тосны үйлдвэрийг хар даа. Нөгөөх олборлож байгаа түүхий эдээс нь холдуулаад Дарханд барина гэж бас хэний санаанд буув аа?! Хоёр сая түүхий нефть оруулж ирж Дарханы газрын тосны үйлдвэртээ боловсруулж бид бензин шатахуунтай болох юм гэнэ. Түүхий нефтиэ экспортолдог, тэгсэн мөртлөө манайхан шиг хараа хяналтгүй хямдхан өгчихдөг улс орон манайхаас өөр бараг байдаггүй юм гэнэ. Тамсаг, Зүүнбаянгийн түүхий нефтиэ Хятад уруу сул чөлөөтэй гаргаад, Дарханы газрын тосны үйлдвэртээ Оросын түүхий нефть оруулж ирэх юм гэнэ. Ийм тэнэг бодол хэний толгойд төрөөд байгаа юм бэ?
       Оросууд өнөөдөр Монголд зориулсан бензинийхээ үнийг бараг л цаг тутамд нэмж байгаа. Түүхий нефтийнхээ үнийг бас л нэмнэ, дургүй нь хүрвэл хаана. Энэ чинь хараат хэвээрээ үлдэнэ гэсэн үг биз дээ. Хүмүүс газрын тосныхоо үйлдвэрийг түүхий эдийг нь түшиглүүлэн Тамсаг, Зүүнбаянд барьж яагаад болоогүй юм гэж байнга асуудаг. Зүүнбаян чинь газрын тосны үйлдвэрийн туршлагатай газар. 1950-иад оны үед бид нефтиэ дотооддоо боловсруулан хэрэгцээт бензин түлшнийхээ 20 хувийг хангаж байлаа. Тэр үйлдвэрт дэлбэрэлт болоод хаагдсан. Нефтийнх нь нөөц бол хангалттай байгаа. Үүнийг түшиглэн газрын тосны үйлдвэрээ Сайншандад байгуулъя гээд хоёр жилийн өмнө гадаад, дотоодын олон хүн очиж шав тавьж байхыг би нүдээр харсан. Сураг сонсвол Монгол талынх нь хөрөнгө оруулагчид МАНын хүмүүс гэдгээр шалтаглан орхиж байгаа сураг байна. Уул нь нэгэнт авчихсан 1.5 тэрбум ам.доллараа үр ашигтай зарцуулж эрчим хүч, түлш шатахууныхаа хараат байдлаас гарах нь чухал билээ.
      Ашгаа хамгийн богино хугацаанд өгөхийг нь бодвол хөдөө аж ахуй уруугаа хандах нь зөв байсан гэж би боддог. Эдийн засгийн маань үндэс мал, газар тариалан хэвээрээ л байгаа. Бондын хөрөнгөөр хөдөө аж ахуйг дэмжиж байгаа нь энэ гээд өнөөдөр эрх мэдлийн туйлд хүрээд байгаа мах, арьс шир, ноос ноолуурын хэдэн монопольд жаал валютаа шахвал хамгийн том алдаа болно. Арьс шир, ноос ноолуурын дэлхийн жишигт хүрсэн эцсийн бүтээгдэхүүн гаргах, орчин үеийн хамгийн төгс төгөлдөр үйлдвэрлэлийн цогцолборыг баруун аймгууд, төвийн бүс, говийн аймгууд, зүүн бүс, Улаанбаатар гэсэн таван газар байгуулаад түүхий эдээ дотооддоо боловсруулж, олон улсын зах зээлд дээд зэргийн чанартай арьс шир, ноос ноолууран эдлэл гаргавал хэчнээн аятай билээ. Үйлдвэрлэлийн нэг цогцолбор л гэхэд олон мянган ажилчинтай, өндөр цалин хангамжтай байвал манайхан юу л гэж гадаадад тэнүүчилж, ажилгүйдэл дөч тавин хувьд хүрч байх билээ. Засгийн газрын бондын сураг анх гарч байхад миний хувьд бодож байсан, бичиж байсан зүйл энэ. Эрхэм дээдэс, биднийхээ үгийг нэг чихээрээ сонсож нөгөө чихээрээ гаргадаг, нэг нүдээрээ уншиж, нөгөө нүдээрээ хаадаг л даа.
    Тэгээд "Чингис" бондоо юунд зарах гэж байна гээч! Саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуяг бонд зарцуулах гурван төсөл бэлэн болчихоод байгаа гэж зарлалаа. Дөнгөж төсөл л дөө. Хэзээ ч ажил болж эхлэх юм. Хавар урь унаж мөс гэсэхээр л ханцуй шамлаад дайрна гээд байх юм. Миний хувьд итгэл муутай л байгаа. Дэндүү олон хуурсан даа.
     Бонд хүртэхээр бэлэн болчихсон төслийн нэг нь зургаан аймгийг төв замуудтай холбосон засмал замууд гэнэ. Инээдтэй л юм даа. Ийм шальдар бульдар юманд олон улсын хэмжээний бонд гаргадаггүй юм гэнэ лээ. Төв замд хамгийн ойрхон холбогдох зургаан аймгийг сонгож авсан байна билээ. Ийм замуудыг чинь улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, гадаад улсуудын шеф газруудын хөрөнгө оруулалтаар л барьж байгуулчихдаг шүү дээ. Бас юу гэнэ вэ? Оюутолгойд цахилгаан станц барих, арьс шир ноос ноолуурын үйлдвэрүүдийг дэмжихэд гэв үү, аар саархан зүйлд бондын хэдэн ам.доллараа хувааж байгаа бололтой юм. Эзэн Чингисийнхээ нэрийг барьж авсан тэр их өртэй мөнгийг Ардчилсан намын хэдэн тэрбумтан сайд ингэж гарын салаагаараа савируулаад дуусгавал харамсалтай л юм.
     Хүмүүстэй ярилцаж байхад санал болгосон зарим зүйлийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг танд дамжуулмаар. "Ийм их өндөр хүүтэй валютыг дахин битгий аваач. 1.5 тэрбум ам.доллараараа зогсвол яасан юм" гэж байна лээ. Урьдчилан бэлтгэсэн, төлөвлөсөн зүйлгүй асар их ам.доллар авчихаад ангайгаад сууж байгаад харамсаж байна. Орчин үеийн, дааж давшгүй энэ их өр чинь монголчуудынхаа үр хойчийг сүйрүүлэх юм биш биз, эцэстээ бид улс орноо, хамаг эд баялгаа барьцаанд тавьчихаад, хүний эрхшээлийн ард түмэн болбол яанаа хэмээн халаглаж суух хүмүүс ч таарсан.
    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөсөнчлөн бондын хөрөнгийг хэрхэн юунд, хэд хэчнээнээр нь зарцуулах гэж байгааг ард түмэндээ ил тод болгооч гэж хүмүүс их шаардах юм. Ялангуяа "Засгийн газар Монголбанктай менежментийн гэрээ" хийгээд, бондын хүүгийн төлбөрийг арилгаж байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш нарийн тайлбарлаач хэмээн гуйж байна билээ. Бондын 1.5 тэрбум ам.доллар авснаас хойш хоёр сар өнгөрлөө. Зөвхөн хүү нь 1.2 сая ам.доллар буюу бэсрэгхэн 60 цэцэрлэг барих мөнгө урсаад өнгөрлөө гэж бодож байна. Эрхэм дээдэс минь ингээд л худал ярьчихаад, гэмгүй царайлаад суугаад байх уу? Болгоотугай.

Г.ЖАМЪЯН
(Монгол Улсын соёлын
гавьяат зүтгэлтэн)